Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2320

 

 

 

Ө.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/01798 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ө.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.О-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 5 140 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч Ө.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.О 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр надаас 4.000.000 төгрөг бэлнээр 1 сарын хугацаатай зээлж авахдаа сарын хүүг 6 хувиар бодож зээлийн гэрээг байгуулан нотариатаар баталгаажуулсан. 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний 4.000.000 төгрөгийг хариуцагч Д.О нь бэлнээр 1 сарын хугацаатай зээлээд 2014 оны 02 дугаар сарын 16-ны өдөр эргүүлж төлсөн. Зээлийг аваад эргүүлж төлж байсан болохоор итгээд дараа нь 2014 оны 03 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулахгүйгээр 5.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай 1 сарын хүүг 6 хувь байхаар зээлдүүлсэн юм. Зээл авсан өдрөөс хойш 1 сарын хүү болох 300.000 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 4 сарын хугацаанд тогтмол төлж байсан. Ингээд 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс хойш нэг ч төгрөг төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Ө.Б 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Д.О-той тааран зээлдүүлсэн мөнгөө нэхтэл ямар ч байсан би таниас авсан мөнгөө баталгаажуулаад тодорхойлолт бичиж өгье гээд 5.000.000 төгрөг зээлж авсан нь үнэн гэсэн тодорхойлолт бичиж өгсөн. Гэтэл зээлээ төлөхгүй байсан учраас  2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шүүхээс Д.О-ыг эрэн сурвалжлуулахаар шийдвэр гарсан. Хариуцагч удаа дараа нэхэмжлэлийг хүлээн аваагүй болохоос биш тус хаягтаа оршин суудаг болох нь тодорхой болсон. Иймд хариуцагчаас зээлийн үндсэн мөнгө 5.000.000 төгрөг, эрэн сурвалжлуулсны төлбөр 140.400 төгрөг нийт 5.140.400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.О шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 1 сарын хугацаатай 4.000.000 төгрөгийг аваад буцаагаад 1 сарын дотор төлсөн гэсэн. Мөн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 5.000.000 төгрөг зээлж авсан нь үнэн гэсэн тодорхойлолт бичиж өгсөн. Үүнээс үзэхэд нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь зээлийн гэрээний дагуу байснаа одоо болохоор зээлийн гэрээний дагуу мөнгө төлсөн зөвхөн бичиж өгсөн зүйлийн дагуу нэхэмжилж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бичиж өгсөн зүйл нь Ө.Б нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт тааралдаж эгч нь хүнд байдалд ороод байна. Хадам эгчээс авсан мөнгөө хүнд өгөөд алдчихсан. Манай хадам эгч гадаадаас ирсэн чи надад тус болоод 5.000.000 төгрөг авсан нь үнэн гэсэн юм бичээд өгөөч гэж гуйсан. Өөрөө хэлж бичүүлсэн. Энэ бичсэн зүйлийг чиний эсрэг ашиглахгүй тул надад итгэж болно гээд гарын үсэг зуруулж авсан. Энд бичсэний дагуу мөнгө аваагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Бишрэлт овогт Дашдондогийн Орших /РД:СМ80040307/-оос 5,000,000 төгрөгийг гаргуулж Совд овогт Ө.Б /РД:ЧЖ69052763/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О-оос 94,950 төгрөгийг гаргуулж Ө.Б-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш 2 сарын дараа нэхэмжлэлийн шаардлагын тодруулахдаа Д.О 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зээлж авсан 4.000.000 төгрөгөө 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр эргүүлж төлсөн. Үүний дараа итгээд 5.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 6% хүүтэй байхаар тохиролцон зээлдүүлсэн сарын 300.000 тогрөгийн хүүг 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл бүрэн тогтмол төлж байсан гэсэн. Хэрвээ хүүтэй мөнгө зээлдэг өмнөх гэрээгээ бичгээр хийгээд нотариатаар батлуулж байсан хүн нэг сарын дараа 5.000.000 төгрөгийг ямар ч өгсөн авсан баримтгүйгээр өөрөө хүүтэй мөнгө зээлж мөнгө хүүлдэг хүн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй нөхцөлд хүү авч чадахгүй гэдгээ мэдсээр байж хүүтэй зээл өгөөд байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Ө.Б нь Д.О-ыг 2015, 2016 онуудад эрэн сурвалжлуулсан энэ хоёр нэхэмжлэлдээ 2014 оны 01 дүгээр сарын       16-ны өдөр нэг сарын хугацаатай 6% хүүтэй 4.000.000 төгрөг зээлж авсан гэсэн. Д.О 2014 оныг дуустал Ө.Б-тэй хамт ажиллаж байсан. Хэрвээ 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хүүгээ төлөөгүй бол үүргээ биелүүлэхгүй байгаад ыь эрсдэл гарч болзошгүй гэж үзэж ямар ч баримтгүй бэлэн өгсөн гэх 5.000.000 төгрөгт нөхөж зээлийн гэрээ хийх бүрэн боломж байсан. Ө.Б дээрх аргаа дахин хэрэглэж шүүхэд юу ч гэж нэхэмжлэл гаргаж хүн гүтгэж шунал хүслээ биелүүлж энэ байдалд нь шүүх хэтэрхий нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ө.Б нь хариуцагч Д.О-од холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 6 380 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба  хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ  өөрчилж 5 140 400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 4 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон зээлийн гэрээ бичгээр хийгдсэн байх боловч нэхэмжлэгч уг гэрээг  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгоогүй байна.

Харин хариуцагч Д.О-ын гарын үсэг бүхий 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үйлдэгдсэн “Д.О миний бие Ө.Б-т эгчид 5 000 000 төгрөгийг өгөх нь үнэн бөгөөд 2014 оны 03 дугаар сард авсан нь үнэн болно...” гэсэн бичгийн баримтаар шүүх талуудын хооронд 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлтэй байна. /хх-ийн 18, 20/

Хариуцагч нь уг баримтад гарын үсэг зурсан талаар маргаагүй, нэхэмжлэгчийн гуйлтаар бичсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарлаж байгаа  боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар тайлбар, татгалзлын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлж нотолж чадаагүй.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч Ө.Б нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч Д.О нь  шаардах эрхтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Харин шүүх хариуцагчийг эрэн сурвалжлахад улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 140 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар үндэслэлтэй дүгнэж чадаагүй боловч энэ талаар нэхэмжлэгч хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг гэсэн нь томъёололын хувьд буруу байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 140 400 төгрөгийг   шүүхийн шийдвэрт тусгаж  өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан зөвтгөж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/01798 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтын  “үлдэх хэсгийг” гэснийг “140 400 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Э.ЗОЛЗАЯА

                               ШҮҮГЧИД                                       Д.ЦОГТСАЙХАН

                                                                                       Н.БАТЗОРИГ