Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 128/шш2022/0674

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч Л***** ТББ;

Хариуцагч:Нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар,

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн **/**** тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, Л***** төв ******-ын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ******* тоот мэдэгдлийг хүлээн авахыг даалгуулах-ыг шаардсан маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У******  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжтлэгч Л***** ТББ /цаашид Л***** ТББТөв НҮТББ гэх/ шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.Л****төв НҮТББ нь Монгол Улс дахь бэлгийн болон хүйсийн цөөнх болох лесбиян, гей, бисексуал, трансжендер, интерсекс (*******+) хүмүүсийн иргэний болон улс төрийн эрх, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн асуудлаар 2009 оноос хойш ажиллаж байна.

3. Л**** төв нь Тэгш эрх, бахархлын өдрүүд-ийг 10 дахь жилдээ зохион байгуулахаар ажиллаж байна. Үүнд Тэгш эрхийн төлөө алхалт, ******* Цэнхэр тэнгэрийн цаанаа ******* наадам гэх мэт олон нийтэд нээлттэй үйл ажиллагаанууд багтдаг.

4.Тэгш эрхийн төлөө алхалт тайван жагсаал нь Тэгш эрх, бахархлын өдрүүд-ийн нэг хэсэг бөгөөд хүний эрхийг хүндэтгэх соёлыг бэхжүүлэх, хөхиүлэн дэмжих, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийн талаар нийгэмд зонхилсоор байгаа ташаа мэдээлэл, ойлголтыг бууруулах, олон нийтэд үнэн зөв, бодит мэдээллийг өгөх зорилготой.

5. Л**** төв НҮТББ-ын зүгээс Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Жагсаал, цуглааныг Монгол Улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй хэмээн заасны дагуу 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр, 11:00 цагаас 13:30 цагийн хооронд Сүхбаатарын талбайн баруун урдаас Чингисийн өргөн чөлөөний зүүн талын явган хүний замаар Залуучуудын өргөн чөлөөний явган хүний зам руу орон Их сургуулийн гудамжны баруун талын явган хүний замаар үргэлжилж Энхтайваны өргөн чөлөөний явган хүний зам дагуу тойрог хэлбэрээр алхаж, 13:30 минутад Сүхбаатарын талбайн зүүн урд дуусах байдлаар, тойрон алхах, жагсаал цуглаан хийх талаар Нийслэлийн Засаг даргад бүртгүүлэхээр хүсэлт гаргасан.

6.Гэтэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ******* тоот албан бичгээр Бүгд Найрамдах Солонгос Улсын аялал жуулчлалын өдрүүд арга хэмжээг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 04-ний өдрийн хооронд Жанжин Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар бүртгэсэн тул эдгээр арга хэмжээг давхцуулан бүртгэх боломжгүй хэмээн үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзсан.

7.Түүнчлэн Л**** Төв-ийн зүгээс дахин 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар албан бичгээр тус арга хэмжээг зохион байгуулахаар бүртгүүлэх хүсэлт явуулсан боловч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс удаа дараа үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзсан.

8.Дээрх татгалзсан шийдвэрт Бүгд Найрамдах Солонгос Улсын аялал жуулчлалын өдрүүд арга хэмжээ нь Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар бүртгэсэн тул давхцуулан бүртгэх боломжгүй гэж мэдэгддэг боловч манай байгууллагын зохион байгуулах гэж буй тус арга хэмжээ нь тойрог алхалт хэлбэрээр буюу алхах тул давхцах асуудал гарахгүй байсан.

9.Л**** Төв НҮТББ-ын зохион байгуулж байгаа Тэгш эрхийн төлөө алхалт тайван жагсаал нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд заасан хориглосон талбайд, хориглосон зорилгоор төлөвлөгдөөгүй бөгөөд тус төв нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдаж, албан ёсны үйл ажиллагаагаа явуулж байгаагийнхаа хүрээнд энэ хууль болон Үндсэн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд тус арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн.

10.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаа дугаар зүйлийн 16 дахь хэсэгт Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно гэж, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж тус тус заасан байдаг.

11.Монгол Улсын иргэн бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаанаас үл хамааран үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, тайван замаар жагсаал цуглаан хийх бүрэн эрхтэй бөгөөд тус эрхийг хязгаарлах хууль зүйн үндэслэлгүй.

12.Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан үндэслэл байвал түүнийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргах эрх нь Нийслэлийн Засаг даргад олгогдсон. Гэтэл дээрх хуульд заасан татгалзах үндэслэл тогтоогдоогүй атал үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзаж, мөн татгалзах эрх бүхий этгээд бус Тамгын газрын зүгээс тухайн арга хэмжээг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан зэрэг нь үндэслэлгүй.

13.Иймд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ******* тоот шийдвэрийг хүчингүй болгож, Тэгш эрхийн төлөө алхалт тойрог алхалт, жагсаал, цуглаан хийх мэдэгдлийг хүлээн авч бүртгэхийг даалгаж өгнө үү гэв.

14.Хариуцагч Нийслэлийн засаг дарга, түүний Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

15.Нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна.

16.Нэхэмжлэгч нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар албан бичгээр Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийх мэдэгдлийг ирүүлсэн боловч хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан сурагчид, эцэг эхчүүдэд хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцсыг нэг дороос худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилготой үзэсгэлэн худалдааг 2022 оны 08 дугаар сарын 23-аас 30-ны өдрийн хооронд зохион байгуулахаар тогтсон байсан тул Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар албан бичгээр мэдэгдлийг нь үндэслэлээр бүртгэхээс татгалзсан.

17.Үүний дараа Нийслэлийн аялал жуулчлалын газрын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар албан бичгээр 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 04-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын аялал жуулчлалын өдрүүдийг Жанжин Сүхбаатарын талбайд зохион байгуулах хүсэлт ирүүлсэнтэй холбогдуулан 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн албан бичгээр уг үйл ажиллагааг бүртгэж, дээрх арга хэмжээг зохион байгуулсан.

18.Л**** Төв ТББ-н 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар албан бичгээр 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр, 11:00 цагаас 13:30 цагийн хооронд Жанжин Сүхбаатарын талбай, хөшөөний урд 350-400 хүн цуглан жагсаал хийх хүсэлт ирүүлснийг 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар албан бичгээр дээрх үйл ажиллагаа давхацсаны улмаас бүртгэх боломжгүй тухай хариуг өгсөн.

19.Дээрх арга хэмжээнүүд давхацсан, олон хүнийг хамарсан арга хэмжээ давхцахад нийгмийн хэв журам, эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлэх зорилгоор энэ байгууллагын мэдэгдлийг бүртгээгүй бөгөөд ямар нэг байдлаар ялгаварлан гадуурхсан явдал байхгүй.

20.Тайван жагсаал, цуглаан хийх иргэдийн Үндсэн хуулийн эрх чөлөөг баталгаажуулах, жагсаал цуглаан хийх журмыг тогтоох, уул арга хэмжээний үед нийгмийн дэг журам, иргэдийн аюулгүй байдлыг хангах, бүртгэх, гомдол гаргахтай холбогдсон нарийвчилсан харилцааг хуулиар зохицуулдаг.

21.Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-т Засаг дарга жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор түүнийг бүртгэсэн эсэхээ бичгээр мэдэгдэнэ гэж, 10 дугаар зүйлийн 2-т Жагсаал, цуглаан хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр хүлээн авсан зохион байгуулагч түүнийг хуульд нийцэхгүй байна гэж үзвэл гомдлоо уг шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын З өдрийн дотор шүүхэд гаргана гэж заасан.

22.Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, шүүхийн шийдвэр гарснаар 09 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулахыг хүссэн жагсаалд холбогдох мэдэгдлийг хүлээн авахыг даалгаж шийдвэрлүүлэх гэж байгаа нь ойлгомжгүй, тус байгууллага одоо хүсэлтээ гаргавал шийдвэрлэх боломжтой, нэхэмжлэл нь өнгөрчихсөн хугацааны асуудлыг сэргээхийг зүйл шаардаж байгаа нь өөрөө ойлгомжгүй байна.

23.Хариуцагчийн зүгээс хуульд заасан хугацаанд буюу нэхэмжлэгчээс ирүүлсэн мэдэгдлийг хүлээн авснаас хойш 2 хоногийн дараа 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хариу өгсөн байхад нэхэмжлэгч 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, ... шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйлийн талаар:

1.1.Энэ хэргийн маргааны зүйл нь жагсаал цуглаан хийх эрх чөлөөг хязгаарласан эсэх үйл баримт болно.

1.2.Энэхүү хэрэг нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн З дахь хэсэгт Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гомдлыг шүүгч ажлын 6 өдрийн дотор багтаан хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу шүүхийн тусгай ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэг маргаан болно.

Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

2.1.Нэхэмжлэгч Л**** Төв НҮТББ нь Нийслэлийн Засаг даргад хандан 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар албан бичгээр Тэгш эрхийн төлөө алхалтыг 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хийх-ийг мэдэгдсэн мэдэгдэл /ХХ-н 15-19 дэх тал/, үүний дараа мөн сарын 22-ны өдрийн ******* дугаар албан бичгээр 09 дүгээр сарын 03-ны өдөр уг алхалтыг хийх мэдэгдэл-ийг тус тус хүргүүлж, мэдэгдэлүүдийнхээ 2 дахь хавсралтаар жагсаалын алхах чиглэлийг тодорхойлсон /ХХ-н 21-25 дахь талд/ байжээ.

2.2. Л**** Төв НҮТББ-ын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар дугаар мэдэгдлийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар албан бичгээр Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан сурагчид, оюутнууд болоод эцэг эхчүүдэд хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцсыг нэг дороос өргөн сонголтоор худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилгоор үзэсгэлэн худалдааг 2022 оны 08 дугаар сарын 23-наас 30-ны өдрийн хооронд зохион байгуулах-тай давхацсан гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан /ХХ-н 20 дахь тал/ байна.

2.3. Л**** Төв НҮТББ-ын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн *******дугаар дугаар мэдэгдлийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар албан бичгээр Бүгд Найрамдах Солонгос Улсын аялал жуулчлалын өдрүүд арга хэмжээг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 04-ний өдрийн хооронд Жанжин Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар бүртгэсэн тул эдгээр арга хэмжээг давхцуулан бүртгэх боломжгүй гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан /ХХ-н 14 дэх тал/ байна.

2.4.Хариуцагчаас гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг урьдчилан арга хэмжээ төлөвлөсөн байсан тул нийгмийн хэв журам сахиулах, эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж арга хэмжээнүүдийг давхцуулах боломжгүй гэж үзсэн талаараа тайлбарласан боловч эдгээр арга хэмжээ давхацсанаараа нийгмийн хэв журам алдагдах, эмх замбараагүй байдал үүсэж болзошгүй байсан гэх бодитой нотлох баримт байхгүй, ийм баримтыг шүүх гаргаж ирүүлээгүй байна.

2.5.Нэхэмжлэгч талаас Солонгос улсын аялал жуулчлалын өдрүүд арга хэмжээ нь Сүхбаатарын талбайн өмнө хэсэгт болж, цөөн хүн оролцох байсан, маршрут давхцахгүй гэж маргасан ба энэ тайлбарыгаа нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул нотлогдсон гэж үзээгүй болно.

Гурав.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

3.1.Шүүх нь энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажлын 6 хоногийн хугацаа дууссан тул маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, талуудын гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг хэрхэн үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах ёстой болно.

Дөрөв.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

4.1.Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ. Жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн гудамж, талбай нь хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн хилийн цэст хамаарах газар нутгийг хамарч байгаа бол мэдэгдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад өгч бүртгүүлнэ гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэлд түүний зорилго, эхлэх, дуусах хугацаа, оролцогчдын баримжаа тоо, хэрэглэх техник хэрэгсэл, цуглах, жагсан явах гудамж, талбай зэргийг тодорхой заана гэжээ.

4.2. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлээр жагсаал цуглаан хийхийг хориглох газрыг, 8 дугаар зүйлээр жагсаал, цуглаан өлсгөлөн зохион байгуулах зорилгуудыг хориглон тус тус хуульчилсан байна.

4.3.Нэхэмжлэгч Л**** Төв НҮТББ-ийн Нийслэлийн Засаг даргад хандан 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар албан бичгээр, 08 дугаар сарын дараа 22-ны өдрийн *******дугаар албан бичгээр гаргасан Тэгш эрхийн төлөө алхалт хийх мэдэгдэл, жагсаалын зорилго, зохион байгуулах газар зэрэг нь дээрх хуулийн заалтад нийцсэн, хууль ёсны байна.

4.4.Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйл 4 дэх хэсэгт Жагсаал, цуглаан хийх мэдэгдлийг бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэхийн тулд нэмж тодруулах буюу зохицуулбал зохих асуудал гарвал Засаг дарга энэ зүйлийн З дахь хэсэгт заасан хугацааны дотор зохион байгуулагчтай харилцаж зохицуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд жагсан явах чиглэлийг өөрчлөх эрхтэй гэж заажээ.

4.5.Хуульд зааснаар Л**** Төв НҮТББ-ийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар албан бичгээр болон 08 дугаар сарын дараа 22-ны өдрийн ******* дугаар албан бичгээр гаргасан Тэгш эрхийн төлөө алхалтыг Нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газраас өөр арга хэмжээтэй давхацсан бол жагсан явах чиглэлийг өөрчлөх, эсхүл нэмж тодруулаад жагсаал хийх гэж байгаа тухайн өдрийн хугацааг болон орон зайг өөрчлөх, харилцан ойлголцох боломжийг хуулиар олгосон байхад ийм зохицуулалтыг хийх арга хэмжээг аваагүй атлаа шууд энэ үндэслэлээр татгалзсан нь дээрх хуулийн заалтад нийцэхгүй хууль бус байна.

4.6.Дээрх хуулиар урьдчилан өөр арга хэмжээ төлөвлөсөн, эсхүл арга хэмжээнүүд давхацсан бол нийгмийн хэв журам сахиулах, эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж жагсаал цуглаан хийх мэдэгдлийг бүртгэхээс шууд татгалзах эрхийг аливаа Засаг даргад олгоогүй байгаа /энэ тохиолдолд байгууллага, албан тушаалтанд хуулиар эрх олгоогүй бол хориглоно гэдэг эрх зүйн зарчим үйлчилнэ/, нөгөө талаас Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйл 4 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Засаг дарга нь асуудлыг шийдвэрлэхийн тулд нэмж тодруулах буюу зохицуулбал зохих асуудал гарвал зохион байгуулагчтай харилцаж зохицуулах, шаардлагатай тохиолдолд жагсан явах чиглэлийг өөрчлөх эрхтэй байхад энэ ажиллагааг хийгээгүй байгаа тул арга хэмжээ давхацсан гэдэг үндэслэлээр жагсаалыг бүртгэхээс татгалзсан Нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын татгалзлыг зөвтгөх хууль зүйн үндэслэлгүй байна.

4.7.Нэхэмжлэгч нь шүүхэд хандан 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргасан байхад тус шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр гомдол учраас шүүх шийдвэрлэх боломжгүй, уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж буцааж хугацаа алдагдуулсан, үүний дараа 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасныг нэн даруй шийдвэрлэхгүй 6 хоногийн дараа буюу 09 дүгээр сарын 07-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн зэрэг шүүхийн буруутай ажиллагаанаас шалтгаалж Л**** Төв НҮТББ-ийн 09 дүгээр сарын 03-ны өдөр Тэгш эрхийн төлөө алхалт хийхээр төлөвлөсөн хугацаа нь хэтэрсэн байна.

4.8.Шүүхэд хэргийг шийдвэрлэх үед хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ******* тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Л**** Төв НҮТББ-ын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ******* тоот мэдэгдлийг хүлээн авахыг даалгаснаар 09 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулах ёстой байсан жагсаалыг мөн өдрөөр нь явуулах эрх сэргэхгүй, шүүхийн шийдвэрээс үүсэх эрх зүйн шууд үр нөлөөгүй болсон байна.

4.9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Нийслэлийн Засаг даргаас Л**** Төв НҮТББ-ыг санаатай, зориудаар жагсаал цуглаан хийхийг хориглосон зүйл байхгүй, тухайн үед арга хэмжээнүүд давхацсан учраас хүсэлтийг бүртгээгүй, шүүхийн шийдвэр гарснаар 09 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулахыг хүссэн жагсаалыг сэргээх боломжгүй, тус байгууллага одоо хүсэлтээ гаргавал шийдвэрлэх боломжтой, нэхэмжлэл нь өнгөрчихсөн хугацааны асуудлыг сэргээхийг зүйл шаардаж байгаа нь өөрөө ойлгомжгүй буюу үндэслэлгүй гэсэн агуулгатай тайлбаруудыг шүүх хуралдаанд гаргаж байна.

4.10.Гэсэн хэдий ч нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхгүй, нэхэмжлэлээсээ татгалзахгүй, маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй, хойшид манай хүсэлтийг хүлээн авахгүй байж болзошгүй, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Шүүгч жагсаал, цуглаан хийхийг бүртгэхээс татгалзсан засаг даргын шийдвэрийг хүчингүй болгосон бол зохион байгуулагч нь шүүгчийн захирамжийг хүлээн авсны дараа энэ тухай тухайн Засаг даргад урьдчилан мэдэгдэж жагсаал, цуглаан хийх цаг, хугацааг тохиролцож төлөвлөсөн арга хэмжээгээ зохион байгуулж болно гэж заасны дагуу бид цаг хугацаагаа Засаг даргатай дахин тохирч өөрчлөх боломжтой гэж тайлбарласан болно.

4.11.Иймд анхан шатны шүүх нь нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлээ шүүхэд шийдвэрлүүлэх цаг хугацаа удаашруулсан буруутай ажиллагааг харгалзан, Нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын жагсаал цуглаан хийх мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан хууль бус татгалзлын улмаас нэхэмжлэгчийн жагсаал цуглаан хийх эрх чөлөө хөндөгдсөн бөгөөд жагсаал цуглаан хийх эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол байгаа болох нь тогтоогдож байгаа тул Үндсэн хуулийн Арван зургаа дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан нэхэмжлэгчийн шүүхэд гомдол гаргах, хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх эрхийг хангах нь зүйтэй байна.

4.12.Иймд анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлгээр шүүхээс юу хүсэж байгаа тодорхойлоход нэхэмжлэгч нь тайван замаар жагсаал хийх мэдүүлгээр бүртгүүлэх, жагсаалаа явуулахыг хүсэж байгаа тул энэхүү эрх, эрх чөлөөг нь хамгаалж, сэргээн эдлүүлэх шаардлагатай гэж үзсэн учраас нэхэмжлэлийн шаардлагаар шаардсан үйл баримтыг цаг хугацаа нь өнгөрсөн гэж үзэхгүйгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн акт ... , эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтооно гэж заасны дагуу нэхэмжлэлийг шийдвэрлэж, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нь зүйтэй гэж үзсэн болно.

4.13.Дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ******* тоот шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагыг нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ******* тоот шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

4.14.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ шаардлага хангагдсантай холбоотойгоор Л**** Төв НҮТББ-ын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ******* тоот мэдэгдлийг хүлээн авахыг даалгаж шийдвэрлэв.

4.15.Хариуцагч нь Л**** Төв НҮТББ-ын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2022/45 тоот мэдэгдлийг хүлээн авч шийдвэрлэхдээ ямар хууль зүйн үндэслэлээр шийдвэрлэх-ийг шүүх энэ шийдвэрээрээ заагаагүй бөгөөд хариуцагч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх бүрэн эрх нь түүнд хадгалагдаж байгаа болно.

4.16.Харин нэхэмжлэгч нь хариуцагчийн Л**** Төв НҮТББ дахин хүсэлтээ гаргавал шийдвэрлэх боломжтой гэх тайлбарын хүрээнд шүүхийн шийдвэрээс гадуур жагсаал, цуглаан хийх хүсэлтээ бүртгүүлэхээр шинээр мэдэгдлээ гаргаж шийдвэрлүүлбэл зохихыг тэмдэглэж байна.

4.17.Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас Л**** Төв НҮТББ-ийн Тэгш эрхийн төлөө тайван жагсаал /алхалт/ хийх хүсэлтийг цаг үеийн нөхцөл байдал, нийгмийн дэг журмыг сахиулах үүднээс жагсаалыг давхцуулан бүртгэх боломжгүй байсан гэсэн тайлбар нь хууль зүйн үндэслэл бүхий тайлбар биш байсан боловч энэ нь цаг үеийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ байсан тул иргэдийг ялгаварлан гадуурхсан үйлдэл биш байна гэж шүүх эцэст нь дүгнэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.4, 112 дугаар зүйлийн 112.4.3 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйл 4 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2,3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Л**** Төв НҮТББ-ын нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар албан бичгээр мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан нь хууль бус байсан болохыг тогтоож, Л**** Төв НҮТББ-ын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ******* тоот мэдэгдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Л**** Төв НҮТББ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ