| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 101/2024/07185/И |
| Дугаар | 001/ХТ2025/00115 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2025/00115
Д.Б-гийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/00742 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 210/МА2025/00541 дүгээр магадлалтай,
А.А, Б.Б нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 150,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч А.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, түүний өмгөөлөгч Х.Ч, хариуцагч Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, хариуцагч Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч А.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, түүний өмгөөлөгч Х.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Б хариуцагч А.А, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 100,000,000 төгрөг, алданги 50,000,000 төгрөг, нийт 150,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/00742 дугаар шийдвэрээр; Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б-гээс 150,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлээс хариуцагч А.А-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 907,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 210/МА2025/00541 дүгээр магадлалаар; Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2025/00742 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б, А.А нараас 150,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.” гэж,
Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “ ... хариуцагчаас” гэснийг “хариуцагч Б.Б, А.А нараас” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Б.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 908,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Хариуцагч А.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, түүний өмгөөлөгч Х.Ч нар давж заалдах шатны шүүхийн магадлалын А.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3-т заасан үндэслэлээр гаргасан гомдолдоо;
4.1.Анхан болон давж заалдах шатны шүүх зөрүүтэй дүгнэснээс хамтран гүйцэтгэгчийн ойлголтыг өөрөөр тайлбарлаж, өөр, өөр үр дагавар үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн. Тодруулбал, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг өөрөөр тайлбарласан. Учир нь; анхан шатны шүүх зээлдэгч мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн авснаас хойш хэрхэн зарцуулах нь зээлдүүлэгчид хамааралгүй гэх агуулгаар тайлбарласан бол давж заалдах шатны шүүх зээлийг хэн ашигласан нь ач холбогдолтой гэж үзсэн. Үүнээс гадна иргэний эрх зүйн харилцаанд оролцогчийн хувьд тодорхойгүй, эргэлзээтэй нөхцөл байдал үүсэх үр дагавартай буюу хэн нэгэнтэй зээлийн гэрээ байгуулснаар зээлийн гэрээг бодитоор байгуулаагүй гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээх боломжтой болох байдлаар давж заалдах шатны шүүх тайлбарласан. Үүний үр дагавар нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний нөхцөлийн талаар мэдээгүй этгээд үр дагаврыг хариуцах шаардлагатай болох юм.
Зээлдүүлэгч зээлийн төлбөрийг зээлдэгч төлөх чадвартайг тогтоосны үндсэн дээр мөнгөн хөрөнгийг шилжүүлэх шаардлага үүснэ. Гэтэл бодит байдалд үүнийг тогтоох боломжгүй. Давж заалдах шатны шүүх А.А нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ зээлийн гэрээг байгуулсан эсэх нь чухал биш, харин тухайн зээлийг хэн ашигласан нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж А.А-гаас 150,000,000 төгрөг гаргуулсан. Зээлийн гэрээний хувьд хэн ашигласан нь ач холбогдолтой бол зөвхөн зээлийг ашигласан этгээдээс төлбөрийг гаргуулна. Гэрээ байгуулсан этгээдээс давхар гаргуулж хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулж хуулийг буруу тайлбарласан.
4.2.Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх тул хариуцагч А.А, Б.Б нараас зээлийн гэрээний үүргийг гаргуулна гэж дүгнэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.11.22-ны өдрийн 02036 дугаар магадлалд “... анзын гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхгүй.” гэж дүгнэсэн. Гэтэл Д.Б-тэй бичгээр гэрээ байгуулаагүй А.А-гаас алданги 50,000,000 төгрөг гаргуулахаар зөрүүтэй дүгнэж, хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн. Давж заалдах шатны шүүх хамтран хариуцагчийг тодорхойлохдоо хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас зөрүүтэй хэрэглэсэн.
А.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн үндсэн зээлийг төлөхөө илэрхийлж байсныг шүүх түүнийг гуйвуулж өөрөө зөвшөөрсөн тул үндсэн төлбөрийг хариуцах үүрэгтэй гэж дүгнэсэн. Тухайн зээлийн гэрээг байгуулаагүй нь хамтран хариуцагч биш гэж үзэх үндэслэл болох тухай Улсын дээд шүүхийн 2017.01.26-ны өдрийн 00096 дугаар тогтоолд тайлбарласан. Мөн давж заалдах шатны шүүх А.А-г ямар үндэслэлээр хамтран хариуцагч гэж тодорхойлсноо тайлбарлаагүй буюу анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрхэн үгүйсгэсэн талаар магадлалд дурдаагүй. Улсын дээд шүүхийн 2022.04.14-ний өдрийн 00467 дугаар тогтоолд хэргийн оролцогчийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэж байгаа тохиолдолд шүүх энэ талаарх дүгнэлтээ тодорхой хийх шаардлагатай талаар тайлбарласан.
А.А зээлийн гэрээний үүргийг хариуцах үүрэгтэй гэж үзвэл Б.Б болон Д.Б нарын байгуулсан гэрээ дүр үзүүлсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэдгийг зөвшөөрсөн гэж үзнэ. Б.Б зээлийн гэрээг байгуулсан үзвэл А.А зээлийн гэрээний үүргийг хариуцах талаар тайлбарлаагүй.
4.3.А.А зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй байхад алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбарыг зөрчсөн. Улсын дээд шүүхийн 2022.02.17-ны өдрийн 00168 дугаар, 2024.11.28-ны өдрийн 00288 дугаар тогтоолуудад “... зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул зээлдэгч хүү, алданги шаардах эрхгүй. Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж дүгнэсэн. Гэтэл А.А-гаас бичгээр байгуулаагүй гэрээний үүрэгт 50,000,000 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.4.Давж заалдах шатны шүүх талуудын гомдол гаргаагүй асуудлаар дүгнэлт хийж хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр тайлбарласан. Нэхэмжлэгч нь А.А-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдол гаргаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гомдол гаргаагүй асуудлаар дүгнэлт хийж хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулж талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчсөн. Улсын дээд шүүхийн 2022.02.15-ны өдрийн 00154 дүгээр тогтоолд “Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцсэн атлаа түүний эрх зүйн байдлыг дордуулж хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээг шүүх дутуу тооцсон гэж дүгнэсэн нь талуудын буюу диспотизив зарчимд нийцээгүй” гэж үзсэн.
4.5.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн алдааг залруулаагүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрөлгүй тогтмол зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргасан. Энэ үндэслэлээ нотлох зорилгоор нэхэмжлэгчийн дансны хуулгыг гаргуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хангаагүй бөгөөд давж заалдах шатны шүүх шийдлийг үндэслэлтэй гэх үзэхдээ тухайн баримт нь хэрэгт хамааралгүй талаар тайлбарлаагүй. Гэтэл Улсын дээд шүүхийн 2024.11.29-ний өдрийн 00274 дүгээр тогтоолоос үзвэл зээлийн гэрээ байгуулж буй зээлдүүлэгч нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээл олгох үйл ажиллагаа явуулж байгаа эсэх нь маргааны зүйл болсон тохиолдолд түүнд дүгнэлт хийх шаардлагатай. Давж заалдах шатны шүүх талууд тухайн асуудлаар маргасан нь ач холбогдолгүй гэж нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил биш гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэжээ.
5.Хариуцагч Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах шатны шүүхийн магадлалын Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр гаргасан гомдолдоо;
5.1Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ А.А-г зээлийн төлбөрийг хариуцах этгээд гэж дүгнэсэн атлаа Б.Б-гээс зээлийн гэрээний төлбөрийг давхар гаргуулахаар анхан болон давж заалдах шатны шүүх өөр өөр дүгнэлт хийсэн. Давж заалдах шатны шүүх А.А-г дансаараа тухайн зээлийг хүлээж авсан учир зээлийн гэрээний нэг тал гэж дүгнэсэн боловч түүнийг ямар учраас зээлийн төлбөрийг хариуцах үүрэгтэй талаар дутуу дүгнэсэн. А.А нь зөвхөн дансаар зээлийг хүлээж авсныхаа хувьд хариуцагч болохгүй бөгөөд зээлийн гэрээг нэхэмжлэгчтэй бодитоор байгуулсан учраас тухайн хэргийн хариуцагч болох үндэслэлтэй. А.А нь хүсэл зоригоо илэрхийлэн Д.Б-тэй зээлийн гэрээ байгуулсан үйл баримтаар тогтоогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн гаргасан тайлбар, баримтаас үзвэл Б.Б нь Д.Б-г танихгүй, харин А.А нь Д.Б-тэй хэд хэдэн удаа зээлийн харилцаанд орж байсан, мөн ажил хэргийн харилцаатай талаар талууд маргаагүй. 100,000,000 төгрөгийг Б.Б биш А.А Д.Б-гээс зээлж, талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн. ... Мөн Хил хамгаалах газрын лавлагаагаар А.А нь зээлийн гэрээ байгуулагдах өдөр БНХАУ-д зорчиж байсан нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч талын тайлбараас дүгнэхэд А.А нь Д.Б-гээс зээл авах хүсэл зоригоо илэрхийлснийг зээлдүүлэгч зөвшөөрснөөр зээлийн гэрээ тэдгээрийн хооронд байгуулагдсан тул зээлийн төлбөрийг А.А хариуцах үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх түүнийг зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээгээгүй гэж, давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний зүйлийг дансаараа хүлээн авсан учир зээлийн төлбөрийг хариуцах үүрэгтэй гэж зөрүүтэй дүгнэсэн.
5.2.Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуульд заасан хамтран үүрэг гүйцэтгэгч болон зээлийн гэрээний холбогдох зохицуулалтыг өөр, өөрөөр тайлбарласан. Давж заалдах шатны шүүх А.А-г зээлийн төлбөрийг хариуцах үүрэгтэй гэж дүгнэсэн атлаа Б.Б-г зээлийн үүргээс чөлөөлөөгүй нь үндэслэлгүй. Б.Б нь Д.Б-тэй зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй. ... шүүх Д.Б-гийн хүсэл зоригийн илэрхийллийг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар тайлбарлах боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, Д.Б нь 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хэнээс шаардахаар гэрээ байгуулах хүсэл зоригтой байсныг тайлбарлах шаардлагатай. Д.Б-гийн хувьд ажил эрхэлдэггүй, 8 сартай жирэмсэн эмэгтэйд 100,000,000 төгрөгийг зээлж, түүнийг буцаан төлүүлэх сонирхол байгаагүй. Харин түүний нөхөр А.А-гаас зээлийн гэрээний үүргийг шаардах зорилготой байсан. А.А-г тухайн хэргийн хариуцагч гэж тодорхойлж байгаагаас гадна Б.Б нь тухайн зээлийг Д.Б-гээс авч А.А-д өгсөн гэдгийг зөвшөөрсөн бол Б.Б-г зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх учиртай.
5.3.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасныг баримталж гэрээнд гарын үсэг зурсан тул тухайн хэлцэл хүчин төгөлдөр гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь учир дутагдалтай байна. Учир нь; Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлүүдийн шинж нь тухайн хэлцлүүд хууль зүйн хэлбэрийн шаардлагыг зөрчсөн байхаас гадна агуулгын хувьд хүчин төгөлдөр бус байх тухай ойлголт юм. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн хооронд үүссэн үйл баримтад дүгнэлт хийгээгүй. А.А нь Д.Б-гээс зээл авах, Д.Б нь түүнд зээл олгох хүсэл зоригтой байсан. Харин Б.Б уг зээлийг бататгах зорилгоор дүр үзүүлсэн хэлцэл хийсэн тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5.4.Зээлийн гэрээний зүйлийг дансаараа авсан нь гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл болохгүй талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн. Тодруулбал; давж заалдах шатны шүүх хариуцагч А.А нь 100,000,000 төгрөгийг эхнэр Б.Б-ээр дамжуулан хүлээн авсан гэж дүгнэсэн. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.02.19-ны өдрийн 00021 дугаар магадлалд “... зээлийн гэрээний зүйлийг дансаараа авсныг зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.” гэж дүгнэсэн.
5.5.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг залруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлийг бүрдүүлсэн. Хариуцагч нь хүсэлтдээ Д.Б нь зээлийн үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулсан талаар дурдсан бөгөөд хэрэв зөвшөөрөлгүйгээр явуулсан бол зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох талаар тодорхой тайлбарласан. Иймд нэхэмжлэгчийн дансны хуулгыг гаргуулах хүсэлт нь хариуцагчийн татгалзлыг нотлох чухал ач холбогдолтой. Улсын дээд шүүхийн 2018.12.28-ны өдрийн 02 дугаар зөвлөмжид зээлийн гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэхдээ талууд гэрээний хүчин төгөлдөр нөхцөл байдлын талаар маргаж байгаа тохиолдолд зээлдүүлэгчийн тусгай зөвшөөрөлтэй эсэхэд дүгнэлт хийх, энэ талаар баримтыг бүрдүүлэх талаар зөвлөмж болгосон байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04 05-ны өдрийн 01095 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй тохиолдолд тус зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хүү болон алданги гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
5.6.Д.Б болон Б.Б нарын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус. Д.Б нь зээлийн гэрээг байгуулснаас хойш зээлийн эргэн төлөлтийг шаардаж байгаагүй атлаа алдангийн хэмжээ Иргэний хуульд заасны дагуу дээд хэмжээнд хүрсний маргааш шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд тус зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нөхцөлд алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар багасгаж өгнө үү гэжээ.
6.Хариуцагч А.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, түүний өмгөөлөгч Х.Ч, хариуцагч Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.05.22-ны өдрийн 001/ШХТ2025/00533 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
7.Хариуцагч А.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, түүний өмгөөлөгч Х.Ч нарын гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
8.Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч А.А, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 100,000,000 төгрөг, алданги 50,000,000 төгрөг, нийт 150,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ, “... А.А нь 100,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлэх хүсэлтийг хэд хэдэн удаа гаргасан боловч зөвшөөрөөгүй. Гэтэл эхнэр Б.Б-гийн нэр дээр зээлийн гэрээ байгуулъя гэхэд нь 2023.10.09-ний өдөр Б.Б-тэй гэрээ байгуулсан. Зээлийн төлбөрийг 2023.12.09-ний өдөр төлөхөөр тохирсон боловч төлөөгүй тул үндсэн зээл 100,000,000 төгрөг, алданги 50 хувиас хэтэрсэн тул 50,000,000 төгрөг, нийт 150,000,000 төгрөг гаргуулна.” гэж тайлбарласан.
9.Хариуцагч А.А “...хүнд даацын автомашин худалдан авахаар БНХАУ-д явж байхдаа Д.Б-тэй холбогдож 100,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон. Миний бие БНХАУ-д явж байсан тул Д.Б нь Б.Б-тэй гэрээ байгуулж мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн. Д.Б, Б.Б-тэй гэрээ байгуулахдаа амаар тохиролцсоны дагуу байгуулаагүй, алданги төлөх заалт нэмж их хэмжээний төлбөр нэхсэн. Үндсэн зээл 100,000,000 төгрөгийг төлнө, алданги 50,000,000 төгрөгийг төлөхгүй....” гэж;
хариуцагч Б.Б “... зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг бодитоор аваагүй. Д.Б-г танихгүй. А.А нь Д.Б-тэй утсаар холбогдож гэрээний нөхцөлөө тохиролцож зээл авахаар болсон. Б.Б зээлийн гэрээг байгуулсан боловч А.А 100,000,000 төгрөгийг авч байгааг Д.Б мэдэж байсан. Д.Б зээлийн гэрээг бататгах зорилгоор дүр үзүүлж гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүргийг хариуцахгүй.” гэж маргасан.
10.Анхан шатны шүүх хариуцагч Б.Б-гээс зээлийн гэрээний үүрэгт 150,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч А.А-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...Зохигчийн тайлбараар А.А нь Д.Б-гээс 100,000,000 төгрөг зээлэх зорилготой байсан болох нь тогтоогдсон боловч Д.Б, Б.Б нарын хооронд 2023.10.09-ний өдрийн зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээний тал болох Б.Б нь өөрийн эзэмшлийн дансаар 100,000,000 төгрөгийг авснаа тайлбарласан, гэрээ хүчин төгөлдөр, хариуцагч Б.Б нь зээлийн гэрээг дүр үзүүлэн байгуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Зээлийн гэрээгээр хүлээн авсан мөнгөн хөрөнгийг зээлдэгч Б.Б нь хэрхэн зарцуулах, нөхөр А.А-гийн эд зүйл худалдах авах хэрэгцээ шаардлагад өгөх эсэх нь түүний эрхийн асуудал ба энэ нь зээлдүүлэгч Д.Б-д хамааралгүй, зээлийн гэрээний 3.7-д гэрээнд алданги төлнө гэж талууд тохирсон, зээлдэгч Б.Б нь гүйцэтгээгүй үүрэг 100,000,000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлөх үүргээ хэрэгжүүлээгүй, түүний гүйцэтгэвэл зохих үүрэг 100,000,000 төгрөгт ногдох алданги нь хуульд заасан хэмжээгээр хязгаарлагдаж 50,000,000 төгрөг төлөхөөр байна.” гэж үзжээ.
11.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ: “...Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Б-тэй бичгийн хэлбэрээр зээлийн гэрээ байгуулж, улмаар зээлийн мөнгөн хөрөнгийг Б.Б-гийн дансаар шилжүүлсэн ба хариуцагч Б.Б нь зээлийн мөнгөн хөрөнгийг цааш А.А-д шилжүүлсэн үйл баримт нь түүнийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Хариуцагч А.А нь дээрх зээлийг авсан болохыг хүлээн зөвшөөрсөн байхад анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргээс чөлөөлж шийдвэрлэсэн нь талуудын зарчимд нийцэхгүй, мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч А.А, Б.Б нараас зээлийн гэрээний үүргийг гаргуулах өөрчлөлт оруулна.” гэж дүгнэжээ.
13.Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Б-тэй 2023.10.09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Д.Б нь 100,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь уг мөнгөн хөрөнгийг гэрээний хугацаа дуусахад буцаан төлөх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тус тус тохиролцсон, 100,000,000 төгрөгийг Б.Б өөрийн дансаар хүлээн авсан, зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй үйл баримт тогтоогдсон байна.
Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан болон нэхэмжлэгч Д.Б-гээс 100,000,000 төгрөгийг хариуцагч Б.Б хүлээн авч, хариуцагч А.А-д шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй, харин дээрх зээлийн гэрээний үүргийг хэн хариуцах нь маргааны зүйл болжээ.
14.Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан.
Нэхэмжлэгч Д.Б “... А.А 100,000,000 төгрөг зээлээч, эхнэр Б.Б-гийн нэр дээр зээлийн гэрээ байгуулъя гэсэн тул зөвшөөрсөн...” гэж, хариуцагч А.А “... Д.Б-гээс 100,000,000 төгрөгийг 2 сарын хугацаанд 3 хувийн хүүтэй зээлэхээр амаар тохиролцсон, зээл авах үед БНХАУ-д байсан учраас зээлийн гэрээг Б.Б-тэй байгуулж мөнгийг шилжүүлсэн...” гэж, Б.Б “...Д.Б-тэй А.А бүх нөхцөлөө тохирчихсон... Д.Б шаардсан учраас гэрээг байгуулсан...зээл авах шаардлага байгаагүй...” гэж тус тус тайлбарласнаас үзэхэд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлавал нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч А.А-тай зээл авахаар тохиролцсон хүсэл зориг харилцан илэрхийлэгдсэн гэж үзэхээр байна.
15.Гэтэл анхан шатны шүүх зээлийн гэрээний талууд, хүсэл зоригийн бодит байдлыг анхааралгүй “... нэхэмжлэгч Д.Б болон хариуцагч Б.Б нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан тул зээлийн гэрээний үүргийг Б.Б хариуцах үүрэгтэй.” гэж, давж заалдах шатны шүүх “... А.А зээлийг авсан болохоо зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч...” гэж тус тус дүгнэсэн нь эрх зүйн алдаатай болжээ.
16.Иргэний хуулийн 64 дугаар зүйлийн 64.1 дэх хэсэгт “Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно.” гэж заасан байх ба хариуцагч А.А нь нэхэмжлэгч Д.Б-тэй төлөөлж гэрээ байгуулах бүрэн эрхийг хариуцагч Б.Б-д олгосон үйл баримт тогтоогдсон байгааг шүүх анхаараагүй байна.
Зээлийн гэрээ нь зөвшилцөлд тулгуурласан гэрээ бөгөөд хоёр тал харилцан тохиролцсон саналын үндсэн дээр нэг тал нь мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх саналыг гаргаж, нөгөө тал нь үүнийг хүлээн зөвшөөрснөөр байгуулагддаг. Харин мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн нь гэрээний агуулгыг тодорхойлохгүй, энэ нь зээлийн гэрээний гүйцэтгэлийг нотлоход ач холбогдолтой. Иймээс хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Д.Б-тэй А.А-г төлөөлж гэрээ байгуулж мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсныг үндэслэн түүнд зээлийн гэрээний үүргийг хариуцуулах үндэслэлгүй байна.
17.Хариуцагч А.А нь нэхэмжлэгч Д.Б-тэй төлөөлөгч Б.Б-ээр дамжуулан зээлийн гэрээ бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно” гэж заасантай нийцсэн тул нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч А.А-гаас үндсэн зээл 100,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Энэ харилцаанд хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүрэг үүсээгүй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэг хэрэглэх хэм хэмжээ биш байжээ.
18.Талууд зээлийн гэрээний 3.7-д “Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө.” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн талаар хоёр шатны шүүх зөв дүгнэсэн. Хариуцагч А.А нь нэхэмжлэгч Д.Б-д 100,000,000 төгрөгийг 2023.12.09-ний өдрийн дотор буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагч А.А-гаас алданги 50,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
19.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч А.А-гаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 100,000,000 төгрөг, алданги 50,000,000 төгрөг, нийт 150,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгохоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, “...зээлийн төлбөрийг А.А хариуцах үүрэгтэй...” гэсэн агуулга бүхий хариуцагч Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-гийн гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.
20.Харин талуудын хооронд иргэд хоорондын зээлийн гэрээг хүүгүй байгуулснаас үзэхэд анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “... “ХААН банк” ХК дахь Д.Б-гийн дансны хуулгыг гаргуулах” хүсэлтийг эрх хэмжээнийхээ хүрээнд хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн нөхцөл байдалд нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлд хамаарахгүй тул тогтоолын 5.5-д заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийн хэмжээг багасгах эсэх талаар талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар, үндэслэл гаргаж мэтгэлцээгүй тул энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг мөн хүлээн авах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 210/МА2025/00541 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/00742 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч А.А-гаас 150,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож, хариуцагч Б.Б-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... хариуцагчаас...” гэснийг “... хариуцагч А.А-гаас...” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-гийн гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч А.А 2025.04.29-ний өдөр 908,000 төгрөг, хариуцагч Б.Б 2025.05.12-ны өдөр 907,960 төгрөг тус тус төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД