Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 0140

 

                               

 

 

 

 

 

 

 

                                     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.Бүжинлхам

Шүүгдэгч Д.Чинбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Чинбатад холбогдох 201714000086 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1970 оны 07 сарын 19-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 4-02 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Тахьчин овогт Даваагийн Чинбат /РД: ФБ70071966/

 

Шүүгдэгч Д.Чинбат нь 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүлэг худалдааны төвийн орчим байлдааны галт хэрэгсэл буюу 1978 онд ОХУ-ын Тулагийг зэвсгийн үйлдвэрт байлдааны зориулалтаар үйлдвэрлэсэн 5.6*39 мм калибртай 14 ширхэг сум, 1975 онд ОХУ-ын Фрунзе /Киргиз улс Бишкект/ зэвсгийн үйлдвэрт байлдааны зориулалтаар үйлдвэрлэгдсэн 7.62*39 мм калибртай буунд зориулагдсан 35 ширхэг сум, 1937 онд ОХУ-ын Фрунзе /Киргиз улс Бишкек хот/ зэвсгийн үйлдвэрт байлдааны зориулалтаар үйлдвэрлэгдсэн 7.62*54R мм калибртай 16 ширхэг нийт 65 ширхэг сумыг борлуулах зорилгоор хууль бусаар хадгалсан, авч явсан, 5 ширхэг сумыг зарж борлуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Д.Чинбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Хүлэг хүнсний зах дээр 2017 оны 02 дугаар сарын 02-нд сум зарж байгаад баригдсан. Сум зарж байгаа үйлдлээ хууль бус гэдгийг мэдэж байсан. Би уг нь зах дээр ажлын хувцас, самар зэргийг зардаг. Тэгээд хажуугаар нь сум авч зарсан. 2 хүүхэд суралцдаг. Мөнгөний хэрэг маш их байдаг болохоор сум зарсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч Ж.Эрдэнэ-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би он сар өдрийг нь сайн санахгүй байна. Орхон аймагт Хүлэг зах дээр явж байгаад сум зардаг хүн байна гэхээр нь “сайга” бууны сум байна уу гэсэн чинь байна нэг нь 3500 төгрөг гэхээр нь 5 ширхэг сум худалдаж аваад байж байтал энгийн хувцастай хүн хүрч ирээд та сая хүнээс авсан сумаа үзүүлдээ гэхээр нь үзүүлсэн юм. Тэгсэн чинь тэр цагдаа худалдаж авсан сумыг шалгах хэрэгтэй байна. Цагдаагийн газар дээр ирээд тайлбар авсан. Надад сум зарсан хүн 40 гаран насны эмэгтэй хүн байсан гэсэн мэдүүлэг /хх 18 ху/,

 

-Гэрч Г.Батгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Галт зэвсэг гэдэг ойлголтыг 2001 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Галт зэвсгийн тухай хуулийн нэгдүгээр бүлгийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д галт зэвсэг гэж дарины шаталтын хийн даралтаар сумны хошуу буюу үрлийг гол төмрөөс их хурдтай гаргасанаар сумны хошуу нь хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учруулах, ан агнах, бусад зүйлийг хөнөөх чадвар бүхий хэрэгслийг хэлнэ гэсэн нэр томъёотой байдаг. Мөн Галт зэвсгийн тухай хуулийн нэгдүгээр бүлгийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т байлдааны зориулалттай галт зэвсэг гэж зэвсэгт хүчин, бусад цэрэг, цагдаа, тагнуул, хорих байгууллага хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор ашиглаж байгаа галт зэвсгийг хэлнэ гэсэн байдаг. Иймд 7,62*39 мм-ийн калибртай бууны сум нь галт зэвсэг юм. Байлдааны сумны хошуу нь ган зүрхэвчтэй мөн хонгионы доор бүлгийн дугаартай байдаг нь бусад сумнаас ялгагдах нэг онцлогтой байдаг. Харин галт хэрэглэл гэдэг ойлголт бол Зэвсэгт хүчний жанжин штабын 2011 онд гаргасан цэргийн зэвсэглэлийн албаны гарын авлагт Зэвсэгт хүний жанжин штабын даргын 2009 оны 06 сарын 15-ны өдрийн №403 тоот тушаалаар батлагдсан зааварт галт хэрэглэл гэж буудлагын зэвсгийн сум, пиротехникийн хэрэгсэл, динамик хамгаалалтын хэрэгслийг ойлгоно гэсэн байдаг. Галт хэрэглэл нь нэг удаа ашиглагддаг, целийг устгах, устгах нөхцлийг бүрдүүлэх, дайсны үйл ажиллагааг тасалдуулах, саад учруулах, сургууль байлдааны буудлага үйлдэх зориулалттай, тэслэх цэнэг, шидэх цэнэг, хөөх цэнэг болон пиротехникийн элемент, эдгээрийг хослуулсан цэнэг бүхий цэргийн техникийн хэрэгсэл юм. Цагдаагийн байгууллагад хураагдсан сумыг харлаа, эдгээр сум нь Зэвсэгт хүчин, Цагдаа, Тагнуул, Шүүхийн шийдвэрт хэрэглэгддэг ган зүрхэвчтэй мөн бүлгийн дугаартай байлдааны сум байна гэсэн мэдүүлэг /хх 19-20 ху/,

 

-Шинжээч Ч.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Шинжээч томилсон тогтоолын хамт ирүүлсэн 8 ширхэг сум нь буудлага үйлдэх боломжтой байсан...Шинжээчийн дүгнэлт хэсгийн гэрэл зураг дээр 2 гэж дугаарласан сум нь 1978 онд ОХУ-ын Тулагийг зэвсгийн үйлдвэрт байлдааны зориулалтаар үйлдвэрлэгдсэн 5,6*39 мм калибртай сум, 3 гэж дугаарлагдсан сум нь 1975 онд ОХУ-ын Фрунзе /Киргизийн Бишкек хот/ зэвсгийн үйлдвэрт байлдааны зориулалтаар үйлдвэрлэгдсэн 7,62*39 мм калибртай сум, 5 дугаарласан сум нь 1937 онд ОХУ-ын Фрунзе /Киргиз улс Бишкек хот/ зэвсгийн үйлдвэрт байлдааны зориулалтаар үйлдвэрлэгдсэн 7,32*54Р мм калибртай сум байсан бөгөөд бусад сум ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн сум гэж дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл байлдааны сум болон ангийн сум үйлдвэрлэхдээ өөр өөр хошууны бүтэцтэй байдаг. Байлдааны сум нь ган зүрхэвчтэй байдаг бол ан агнуурын зориулалттай сум нь тугалган бүтэцтэй байдаг гэсэн мэдүүлэг /хх 30 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 147 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн 8 сум нь буудлага үйлдэх боломжтой.

2. Шинжлэгдэж буй 1 гэж дугаарласан сум нь ОХУ-ын VOSTOK зэвсгийн үйлдвэрт ан тагнуур, спорт, сургалтын зориулалттай үйлдвэрлэсэн, 5.6x15R мм-ийн калибртай сум, 2 гэж дугаарласан сум 1978 онд ОХУ-ын Тулагийн зэвсгийн үйлдвэрт байлдааны зориулалтаар үйлдвэрлэгдсэн 5,6*39 мм калибртай сум, 3 гэж дугаарлагдсан сум нь 1975 онд ОХУ-ын Фрунзе /Киргиз улсын Бишкект хот/ зэвсгийн үйлдвэрт байлдааны зориулалтаар үйлдвэрлэгдсэн 7,62*39 мм калибртай сум, 4 гэж дугаарласан сум нь ОХУ-ын Барнаулын зэвсгийн үйлдвэрт ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн 7,62x51 мм буюу 308WIN калибртай сум, 5 гэж дугаарласан сум нь 1937 онд ОХУ-ын Фрунзе /Киргиз улс Бишкек хот/ зэвсгийн үйлдвэрт байлдааны зориулалтаар үйлдвэрлэгдсэн 7,62*54R мм калибртай сум, 6 гэж дугаарласан сум нь Чех улсад ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн 7x64 мм калибртай сум, 7 гэж дугаарласан сум нь ОХУ-д ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн 16x70 мм калибртай сум, 8 гэж дугаарласан сум ОХУ-д ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн 12x70 мм калибртай сум байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн сумнуудад гар аргаар хийсэн шинж тэмдэг илрэхгүй байна гэсэн дүгнэлт /хх 25-26 ху/,

 

-Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх 8, 10 ху/

-Хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11 ху/

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12 ху/

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 13, 14, 27, 28 ху/

-Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах /хх 15 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 51 ху/        

-Д.Чинбатыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 56-60 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Чинбат нь 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүлэг худалдааны төвийн орчим байлдааны галт хэрэгсэл буюу 1978 онд ОХУ-д байлдааны зориулалтаар үйлдвэрлэсэн 5.6*39 мм калибртай 14 ширхэг сум, 1975 онд ОХУ-ын Фрунзед /Киргиз улс Бишкект/ зэвсгийн үйлдвэрт байлдааны зориулалтаар үйлдвэрлэгдсэн 7.62*39 мм калибртай буунд зориулагдсан 35 ширхэг сум, 1937 онд ОХУ-ын Фрунзед /Киргиз улс Бишкек хот/ зэвсгийн үйлдвэрт байлдааны зориулалтаар үйлдвэрлэгдсэн 7.62*54R мм калибртай 16 ширхэг нийт 65 ширхэг сумыг борлуулах зорилгоор хууль бусаар хадгалсан, авч явсан, 5 ширхэг сумыг зарж борлуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ж.Эрдэнэ-Очир /хх 18 ху/, Г.Батгэрэл /хх 19-20 ху/, шинжээч Ч.Ганзориг /хх 30 ху/ нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт /хх 25-26 ху/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Чинбатад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг байлдааны зориулалттай галт хэрэгсэл буюу сумыг хууль бусаар хадгалсан, авч явсан зарж борлуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Чинбатад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөргүй зэрэг байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж үзэв.

 

Энэ хэрэгт бусдад учирсан хохиролгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 7,62*39мм калибртай, сумны малгай хэсэгт 60/75 гэсэн дугаартай, ногоон өнгийн хонгиотой, улаан шаргал өнгийн хошуутай сум 35 ширхэг, 7,62*54 мм калибртай, сумны малгай хэсэгтээ 60/37 гэсэн дугаартай, улаан шаргал өнгийн хонгио, хошуутай шуутай 16 ширхэг сум, 5,6*39 мм калибртай, хонгионы малгай хэсэгт 78 гэсэн гурвалжин тэмдэг бүхий дугаартай 14 ширхэг нийт 65 ширхэг сумыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Орхон аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2., 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тахьчин овгийн Даваагийн Чинбатыг байлдааны зориулалттай галт хэрэгсэл буюу сумыг хууль бусаар хадгалсан, авч явсан, зарж борлуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1.д зааснаар шүүгдэгч Д.Чинбатыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар шүүгдэгч Д.Чинбатад оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2.д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 7,62*39мм калибртай, сумны малгай хэсэгт 60/75 гэсэн дугаартай, ногоон өнгийн хонгиотой, улаан шаргал өнгийн хошуутай сум 35 ширхэг, 7,62*54 мм калибртай, сумны малгай хэсэгтээ 60/37 гэсэн дугаартай, улаан шаргал өнгийн хонгио, хошуутай шуутай 16 ширхэг сум, 5,6*39 мм калибртай, хонгионы малгай хэсэгт 78 гэсэн гурвалжин тэмдэг бүхий дугаартай 14 ширхэг нийт 65 ширхэг сумыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Орхон аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4.т зааснаар шүүгдэгч Д.Чинбатад оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Чинбатад урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ж.БАЙГАЛМАА