Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2021/03448

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2021/03448

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, байр,  тоот хаягт оршин суух, Боржигон овогт Ч О /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамж, өөрийн байранд байрлах, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК /РД:2688352/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 3,550,400 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.О шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.О нь 1994 оны 4 сард Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-д төв насос станцын машинчаар ажилд орж, эрчим хүчний салбарт тасралтгүй 26 жил 7 сар ажиллаад, Монгол улсын Нийгэм хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан тэтгэвэрийг хөнгөлөлттэй тогтоох жагсаалтын 3 дугаар бүлгийн хөдөлмөрийн халуун нөхцөлийн 1 дэх нөхцөлд хамаардаг ажил мэргэжлийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. Ч.О өндөр насны тэтгэвэрт гарахад сүүлийн 36 сарын үндсэн цалингийн дунджаар тооцож 35,504,000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгохоор Дулаан дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ийн захиргаа шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу дээрх мөнгийг Ч.О харилцах дансанд шилжүүлэхдээ үнийн дүнгийн 10 хувийг суутган авсан байсан. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т заасны дагуу татвараас чөлөөлөгдөх орлогоос татвар авч Ч.О гэм хор учруулсан учир энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэв.

Хариуцагч Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Д.О нь Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-д 26 жил 5 сар ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2020 оны 10 сарын 14-ний өдрийн Б/ тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ажлаас гарах үед нь байгууллагын Хамтын гэрээний дагуу эрчим хүчний салбарт ажилласан буюу 26 жил 5 сард ногдох нэг удаагийн мөнгөн тэтгэмж 35,504,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэж, олгохдоо 10 хувийг суутган авч Баянгол дүүргийн татварын хэлтэс рүү шилжүүлсэн байдаг тул Баянгол дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК  холбогдуулан 3,550,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь 60 нас хүрээгүй учраас орлогын 10 хувийг суутган Баянгол дүүргийн Татварын хэлтэст шилжүүлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйл, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1, дэх заалтуудыг үндэслэн Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Б/ тоот тушаалаар Турбин цехийн төв насос станцын машинч Ч О өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, Ч.О Эрчим хүчний салбарт ажилласан 26 жил 5 сард ногдох 35,504,000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ.

Дээрх тушаалын дагуу 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ч.О Худалдаа хөгжлийн банк дахь 4 тоот дансанд 31,953,600 төгрөгийн тэтгэмжийг шилжүүлсэн байна.

Ийнхүү тэтгэмжийг олгохдоо 3,550,400 төгрөгийг дутуу олгосон байх бөгөөд тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувь суутгасан болох нь талуудын тайлбараар болон хариуцагч байгууллагын 2020 оны суутган татвар төлөгчийн хувь хүнд олгосон орлогод ногдуулан суутгасан татварын тайлангаар тогтоогдлоо.

Нэхэмжлэгч нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж-ийн орлогыг албан татвараас чөлөөлөхөөр заасан байхад суутган авч хохирол учруулсан гэж шаардаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хэлнэ гэж заасан.

Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д үндсэн цалингийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх, түүний хэлбэр, олгох хугацаа, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшил, нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, олговрын хэмжээ, хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох, өөрчлөх, Ажилтанд олгох хоол, унааны зардал болон бусад нөхөх олговорын хэмжээг тогтоох зэрэг асуудлыг хамтын гэрээгээр зохицуулахаар заасны дагуу Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1 дэх заалтын дагуу өндөр насны тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн хувь хэмжээг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан хэмжээ үндэслэл, хэмжээнээс илүү хэмжээгээр тогтоожээ.

Өөрөөр хэлбэл, хамтын гэрээгээр 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт гарахад зөвхөн тэтгэмж олгохоор бус хөнгөлөлттэй нөхцөлөөр мөн өндөр насны тэтгэвэрт гарахад тэтгэмж олгохоор зохицуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан заавал олгох тэтгэмжийг өргөжүүлсэн зохицуулалт байна.

Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон, энэ талаар талууд маргаагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болоогүй хэдий ч Хамтын гэрээний дагуу олгосон тэтгэмж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтын дагуу олгосон, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасан татвараас чөлөөлөгдөх орлого байна.

Гэтэл хуулиар чөлөөлөгдсөн орлогоос татвар суутган авч, нэхэмжлэгчид хохирол учруулсан байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар хохирлыг арилгах үүрэгтэй.

Хариуцагч байгууллага нь татвараас чөлөөлөгдөх орлогоос албан татвар суутган, татварын байгууллагад шилжүүлсэн байх тул түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт гарч, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс талуудын хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэг Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй, харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-иас 3,550,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Оюунчимэгт олгохоор шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                 ТОГТООХ нь

 

1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-иас 3,550,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.О олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 71,760 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.О олгосугай.

                                         

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.



 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ