Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/650

 

 

 

 

 

 

  

 

   2024          08           16                                    2024/ШЦТ/650

 

 

                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн хөтлөн,

улсын яллагч А.Марал /цахимаар/,  

шүүгдэгч  О.Н-, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

 

Тээврийн Прокурорын газрын прокуророос Б овогт О-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын **-ны өдөр ** хотод төрсөн, 19 настай, **, тусгай дунд боловсролтой, нэхмэлийн үйлдвэрийн технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, *** дугаар гудамжны ** тоотод оршин суух хаягтай, Б овогт О-н Н- /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч О.Н- “Б”-ийн мэргэжлийн сургалтын байгууллагад “Зорчигчийн вагоны үйлчлэгч” мэргэжлээр төгсөөгүй атлаа “Зорчигчийн вагоны үйлчлэгч үнэмлэхийг бусдаас авч улмаар 2023 оноос Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “У”-д зорчигчийн вагоны үйлчлэгчээр ажиллаж хуурамч үнэмлэх ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Н- албаны үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч О.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хэзээ гэдгийг сайн санахгүй байна, тухайн сургалтын төвийн мэргэжлийн үнэмлэхийг хүнээр дамжуулан худалдан авч байсан, үнэмлэхээ 2023 оны 05 дугаар сард авч байсан. Тухайн оныхоо 6 дугаар сард Улаанбаатар төмөр замын вагон депогийн хүний нөөцийн тасагт анкетаа өгч мөн шалгалт өгч тэнцээд 2023 оны 06 сард вагоны үйлчилэгчээр дагалдангаар 8 хоног ажиллаад жинхэлсэн. Би 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас болон гэр шилжиж байгаа тул ажлаас өөрийн хүсэлтээр гарах өргөдлөө өгч гарсан... Би сургалтанд нь суугаагүй болохоор хуурамчаар худалдаж авсан гэдгээ мэдэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 161-162 дахь тал/,

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ө-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр **** тоот тушаалаар О.Н- Төмөр замын вагоны үйлчлэгч албан тушаалаар ажилд орсон. Найман сарын хугацаанд ажиллахдаа тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээд цалингаа аваад явж байсан. Ажил хүлээлцэх актаар өр төлбөргүй болоод ажлаа хүлээлгэж өгсөн. Нэхэмжилж байгаа болон учруулсан хохирол төлбөр байхгүй...” гэх мэдүүлэг,

 

         Хохирогч хууль ёсны төлөөлөгч Д.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...У-н  вагон депод вагоны үйлчлэгч мэргэжилтэй иргэдийн дунд ажлын байрны сонгон шалгаруулалт явуулахдаа А/*** дугаартай тушаалыг үндэслэж вагоны үйлчлэгчээр ажиллах зар байршуулж, ажиллах хүсэлтэй ажил горилогчид ажилд орохыг хүссэн өргөдөл, 2 хувь цээж зураг, анкет, иргэний үнэмлэхийн хуулбар, мэргэжлийн үнэмлэх болон дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар зэргийг авч ажлын байранд сонгон оруулж, шалгалтад тэнцсэн иргэдийг төмөр замын ажилтнаар ажилд авдаг. Сонгон шалгаруулалтад тэнцсэн боловч эрүүл мэндээр тэнцээгүй бол ажилд авдаггүй. Хүний нөөцийн тасаг нь ажил горлогчидын мэргэжлийн үнэмлэх болон дипломын эх хувийг хүлээн авдаггүй, зөвхөн нотариатаар  баталгаажуулсан хуулбарыг авч хүний нөөцийн сонгон шалгаруулалтад оруулдаг...” гэсэн мэдүүлэг /хэргийн 147 дахь тал/

 

        Эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 7-8, 45-52 дахь тал/,

 

       Гэрч Ч.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад харуулсан 2022/*** дугаартай мэргэжлийн үнэмлэх нь манай сургалтын төвөөс гаргаж байсан мэргэжлийн үнэмлэх мөн байна. Анх манай сургалтын төв 2018 онд Хөдөлмөрийн яамны харьяа байгууллагад бүртгүүлж байсан. Түүнээс хойш явуулсан сургалтыг төгссөн суралцагч, иргэдийн мэдээллийг хүргүүлэн бүртгэлд оруулж байгаагүй. Энэ нь миний алдаа юм. Бүртгэлд суралцагч, төгсөгчдийн мэдээлэл ороогүй мэргэжлийн үнэмлэхийг хуурамч гэж ойлгож болно. Дээрх нэр бүхий иргэдийн мэргэжлийн үнэмлэх нь манай сургалтын төвд элсэн суралцаж төгсөөгүй. Улаанбаатар төмөр замын байгууллагад ажиллаж байгаад мэргэжлийн үнэмлэх шаардлагатай ажлын байранд томилогдох гэж байгаа иргэдээс танил, тал, миний таньдаг хүмүүсийн гуйлгаар бичиж, гаргуулан авсан мэргэжлийн үнэмлэх байна. Дээрх нэр бүхий 47 иргэнийг манай сургалтын төвийг суралцан төгссөн гэх нотлох баримт байхгүй. Бүгд суралцаагүй болон худалдан авсан мөн танил талаараа гуйлган авсан мэргэжлийн үнэмлэхүүд байна. Төмөр замын байгууллагын ажилтан ажлын байр өөрчлөх эсвэл засварчин, туслах машинч болох ажлын байрны шалгуур, шаардлагыг хангахаар авдаг байсан. Танил, талаар гуйлган авсан иргэдэд миний зүгээс асуудалд орох талаар хэлдэг байсан. Тухайн мэргэжлийн үнэмлэх гаргуулан авсан төмөр замын байгууллагын ажилтан, иргэд асуудлаа өөрсдөө хариуцана гэж хэлээд гаргуулан авч байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-17 дахь тал/,

           

Гэрч С.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Боловсролын баримт бичиг гэдэг нь тухайн боловсролын түвшиний мэдлэг, судлагдахууныг эзэмшсэнийг нотлох баримт бичиг гэж хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болно. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын түвшинд 9 дүгээр анги төгссөн болон 12 дугаар анги төгссөн суралцагчид элсэн суралцдаг. Мэргэжлийн үнэмлэхэд жилээр мэргэжил эзэмшсэн бол хамаарна. Төгсөлтийн баримт бичгийг баталгаажуулсны дараа тэтгэлэг олгодог учраас бүртгэл мэдээлэл маш нарийн байдаг болно. Аливаа хуурамч баримт бичиг олгох боломжгүй, “Үндэсний үнэт цаас” ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу олон төрлийн нууцлал бүхий үнэт цаас олгох ажлууд өндөр хяналтын дор явагддаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-28 дахь тал/,

 

            Гэрч М.Х-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөнMergejil.mn” буюу цахим бүртгэлийн нэгдсэн системд мэргэжлийн сургалтын төвүүд маань анх манай институтаас нэвтрэх нэр, нууц үгээ үүсгүүлэн авч сургалтын байгууллагынхаа дэлгэрэнгүй мэдээллийг оруулдаг. Үүнд сургалтанд хамрагдсан суралцагчдын мэдээлэл, төгсөгчийн мэдээлэл бас оруулдаг. Өөрөөр хэлбэл төгсөлтийн үнэлгээгээ манай байгууллагаар хийлгээд төгсөлтийн гэрчилгээ буюу чадамжийн гэрчилгээ дээрх нэгдсэн бүртгэлийн сиситемээр дамжин бүртгэл үүсгэгдэж авдаг...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23 дахь тал/,

 

           Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 35 36 дахь тал/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 165 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 167 дахь тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч О.Н- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгчид танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч О.Н-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “албаны үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2022/164 дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт О-н Н-г  “албаны үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч О.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.Н-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2022/164 дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хавсарган үлдээсүгэй.

                                                             

6. Хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ