Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2021/03451

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2021/03451

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Орчлон хороолол,  дугаар байр, 4тоот хаягт оршин суух, Б овогт П Б/РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамж, өөрийн байранд байрлах, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК /РД:2688352/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 3,379,200 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Б нь 1986 оны 12 дугаар сард Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-д засварчинаар ажилд орж тасралтгүй 33 жил ажиллаад, Монгол улсын Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын тушаалын хавсралтаар баталсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох нөхцөлийн жагсаалт-ын 3 дугаар бүлгийн хөдөлмөрийн халуун нөхцөлийн 1-д зааснаар 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. П.Б өндөр насны тэтгэвэрт гарахад эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 33,792,000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү тэтгэмж нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалтад заасны дагуу татвараас чөлөөлөгдөх орлого байсан тул хуулиар татвар авахыг хориглосон орлогоос татвар авсан тул нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

Хариуцагч Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  .Б нь Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-д 33 жил ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүсч, 2019 оны 12 сарын 17-ны өдрийн Б/ тушаалаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Манай байгууллагын Хамтын гэрээний дагуу эрчим хүчний салбарт ажилласан жилийг, эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр 33,792,000 олгохоор шийдвэрлэж, шилжүүлэхдээ 10 хувийг суутган авч Баянгол дүүргийн Татварын хэлтэс рүү шилжүүлсэн байдаг тул Баянгол дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэх эрх бүрдсэн гэж үзэж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК  холбогдуулан 3,379,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь 60 нас хүрээгүй учраас орлогын 10 хувийг суутган Баянгол дүүргийн Татварын хэлтэст шилжүүлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.10, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйл, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1 дэх заалтуудыг үндэслэн Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б/426 тоот тушаалаар Турбин цехийн арматур шугам хоолойн засварчин Пүрэвдоржийн Болдыг өндөр насны тэтгэвэр авах эрх үүсч, ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, П.Б Эрчим хүчний салбарт ажилласан 33 жилд ногдох 33,792,000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ.

Дээрх тушаалын дагуу 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдөр П.Б Төрийн банк дахь  тоот дансанд 30,412,800 төгрөгийн тэтгэмжийг шилжүүлсэн байна.

Ийнхүү тэтгэмжийг олгохдоо 3,379,200 төгрөгийг дутуу олгосон байх бөгөөд тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувь суутгасан болох нь талуудын тайлбараар болон хариуцагч байгууллагын 2020 оны суутган татвар төлөгчийн хувь хүнд олгосон орлогод ногдуулан суутгасан татварын тайлангаар тогтоогдлоо.

Нэхэмжлэгч нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж-ийн орлогыг албан татвараас чөлөөлөхөөр заасан байхад суутган авч хохирол учруулсан гэж шаардаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хэлнэ гэж заасан.

Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д үндсэн цалингийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх, түүний хэлбэр, олгох хугацаа, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшил, нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, олговрын хэмжээ, хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох, өөрчлөх, Ажилтанд олгох хоол, унааны зардал болон бусад нөхөх олговорын хэмжээг тогтоох зэрэг асуудлыг хамтын гэрээгээр зохицуулахаар заасны дагуу Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1 дэх заалтын дагуу өндөр насны тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн хувь хэмжээг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан хэмжээ үндэслэл, хэмжээнээс илүү хэмжээгээр тогтоожээ.

Өөрөөр хэлбэл, хамтын гэрээгээр 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт гарахад зөвхөн тэтгэмж олгохоор бус хөнгөлөлттэй нөхцөлөөр мөн өндөр насны тэтгэвэрт гарахад тэтгэмж олгохоор зохицуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан заавал олгох тэтгэмжийг өргөжүүлсэн зохицуулалт байна.

Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон, энэ талаар талууд маргаагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болоогүй хэдий ч Хамтын гэрээний дагуу олгосон тэтгэмж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтын дагуу олгосон, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасан татвараас чөлөөлөгдөх орлого байна.

Гэтэл хуулиар чөлөөлөгдсөн орлогоос татвар суутган авч, нэхэмжлэгчид хохирол учруулсан байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар хохирлыг арилгах үүрэгтэй.

Хариуцагч байгууллага нь татвараас чөлөөлөгдөх орлогоос албан татвар суутган, татварын байгууллагад шилжүүлсэн байх тул түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт гарч, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс талуудын хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэг Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй, харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-иас 3,379,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Болгохоор шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                 ТОГТООХ нь

 

1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-иас 3,379,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Болдод олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 69,020 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Б олгосугай.

                                         

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.



 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ