| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0014/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/664 |
| Огноо | 2024-08-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 23.1.1, |
| Улсын яллагч | Т.Баянмөнх |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/664
2024 08 21 2024/ШЦТ/664
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн хөтлөн,
улсын яллагч Т.Баянмөнх,
шүүгдэгч Ө.Н-, түүний өмгөлөөгч Ц.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос И овогт Ө-н Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн ** дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ** оны *** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, **, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “****” ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, *** дүгээр орцны ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, И овогт Ө-н Н- /регистрийн дугаар ***/.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Ө.Н- 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хороо, “**” худалдааны төвөөс Нарны гүүр явах чиглэлд BMW маркийн *** УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 27 дахь заалтад заасан эгнээ байр эзлэх дүрмийн заалтыг зөрчсөний улмаас тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан Нийслэлийн хөдөлгөөн зохицуулах хэлтсийн зохицуулагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.А-н хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, маргалдаж, улмаар түүний биед халдаж нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Н-ийн өгсөн “...Тухайн өдөр амралтын өдөр байсан тул хүүхдээ салхинд гаргахаар Зайсан руу явах гэж байсан. Вокзалын замын уулзвар дээр 200 гаруй метр орчим газар 1 цаг явсан. Уулзвар дээр иртэл 3 дугаар эгнээг цагдаа зогсоосон байсан. Би гарц дээр гараагүй байсан тул гуйж байна гэх үйлдлээр алгаа хавсарч үзүүлээд ийшээ эргэчихье гэтэл үгүй, та чигээрээ яв гэж хэлсэн. Тэр үед эхнэр маань намайг цохьчихлоо гэж бодсон. Замын голд цагдаа дээр очоод яаж байгаа юм бэ гэхэд чам шиг хөгшин бандийг яасан ч яадаг юм гэж хэлээд энгэрийн камераа асаасан. Намайг түлхсээр байгаад машин дээр ирсэн. Би ч зүгээр байгаагүй, хэл үгээр доромжилсон. Тэр цагдаа баруун гараараа миний хацар руу цохьсон. Тэр хооронд биеэ хамгаалаад буцаагаад цохисон. Цагдаа намайг 2 удаа цохилоо шүү гэж хэлсэн. Гэмгүй мултрах юм бол байгаа газар чинь амьтан болгоно гэж хэлсэн. Чи гомдол өгөх юм бол наад хүүхэд чинь хоолгүй болно гэж хэлэхээр нь гомдолгүй гэж хэлсэн. Миний машиныг 15 хоног журамласан. 3-4 хоногийн дараа машинаа авахаар очтол машинд чинь хар хайрцаг байна уу гэж асууж байсан бөгөөд бүх нотлох баримтуудыг устгасан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байгаа. Маргаашнаас нь яаж байна, зүгээр үү гэж ярьж байсан. Мөнгө ч хийж байсан. Би уучлалт гуйсан, тэр ч уучилсан. Харилцаа зүгээр болоод салсан. Би зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:
Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 1 дэх тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-8 дахь тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /хавтаст хэргийн 9-11 дэх тал/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /хавтаст хэргийн 26-28 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.А-н хохирогчоор өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр *** дугаартай пост буюу Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний уулзвар дээр 9 цагаас эхлэн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 12 цаг 30 минутын үед “BMW” загварын хар хөх өнгөтэй *** улсын дугаартай автомашин Барсаас Нарны гүүр явах чиглэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 27 дахь заалтад заасан эгнээ байр эзлэх дүрмийг зөрчин уулзвар руу нэвтрэн явган хүний гарцыг таглаад зогсохоор нь би тухайн машин руу явж очоод жолооч талын нээлттэй цонхоор жолоочтой харьцсан. Өөрийгөө танилцуулан та дүрэм зөрчөөд байна, чигээрээ яв гэсэн шаардлага тавихад тухайн жолооч би энд чинь бараг 20-30 минут түгжирлээ, чигээрээ явж чадахгүй, зүүн эргэнэ гэж хэлсэн. Би тухайн хүний бичиг баримтыг шалгах гээд та бичиг баримтаа шалгуулна уу гэхэд тухайн жолооч надад бичиг баримт байхгүй, би чамд бичиг баримтаа шалгуулахгүй гэж хэлсэн. Энэ үед зүүн эргэх дохио асаад жолооч тээврийн хэрэгслийг хөдөлгөсөн. Тэгэхэд би дохиураар зогс гэсэн дохио өгөн тээврийн хэрэгслийн багажийн хаалгыг цохисон. Гэтэл тухайн жолооч тээврийн хэрэгсэлтэйгээ зогсож байсан газраасаа хойд зүгт 10-15м зайд яваад тээврийн хэрэгслээ зогсоогоод машинаасаа бууж ирээд чи миний машиныг цохьлоо гээд хараагаад хэл үгээр доромжлоод байсан. Яг юу гэснийг сайн санахгүй байна. Би та замаас гар гээд тухайн хүнийг түлхээд замын уулзвараас зүүн хойд зүгт чиглэн замын хажуу руу гаргасан. Замаас дөнгөж гарангуут тухайн жолооч над руу давшлаад хараагаад хэл үгээр доромжилж эхэлсэн. Би цаашаа бай гээд дохиураараа гэдэс рүү нь хатгасан маягтай түлхэхэд жолооч миний модыг булааж аваад 2 гараараа барьж байгаад голоор нь хугалсан. Би та яахаараа миний дохиурыг хугалдаг юм бэ гэтэл чи өөрөө эхэлж намайг цохисон биз дээ гэж хэлээд бид хоорондоо маргалдсан. Маргалдаж байхад тухайн жолооч өөдөөс тулаад ирэхээр нь би 2 гараас нь 2 гараараа шуу хэсгээс нь барьж автал миний гарыг тавиулах гээд тухайн эрэгтэй гараа угзарсан. Энэ үед би тухайн эрэгтэйн шуунаас барихаа болиод өөрийнхөө дохиурын 2 хуваагдсан хэсгээс 2 гараараа барьж аваад дохиураа булааж автал тухайн жолооч миний зүүн нүдний ухархай болон хамрын дээд хэсэгт аль гараараа юм мэдэхгүй ямар ч байсан гараараа 1 удаа цохисон. Би тухайн хүнд цохиулахад хамраас цус гараад доош тонгойсон. Энэ үед хажуугаар явж байсан иргэн надад нойтон салфетка өгөөд хажуунаас хоёр эмэгтэй боль гээд орилоод байсан. Бас хажууд манай олон нийтийн цагдаа Э ирчихсэн тухайн хүнийг надаас холдуулж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-39 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Б-н гэрчээр өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 12 цаг 30 минутын үед Нарны гүүр даваад зам гарах гээд гэрлэн дохио дээр эгч Б-н хамт алхаж ирэхэд замын хөдөлгөөн зохицуулж байсан цагдаа залуу **** гэсэн улсын дугаартай хар өнгийн жижиг суудлын машин зогсоочихсон, жолоочид нь шаардлага тавьж байсан. Би машины марк, сери дугаарыг нь анзаарч хараагүй. Тухайн үед цагдаа жолоочид ямар шаардлага тавьж байгааг бол би сонсож чадаагүй. Ингээд тухайн машины жолооч бууж ирээд замын цагдаагийн өөдөөс чи надад шаардлага тавьдаг хэн бэ гээд орилоод дайрч давшилсан. Замын цагдаа залуу өөрийгөө хамгаалж хойшоо 2-3 алхам ухарсан. Гэтэл машины жолооч Замын цагдаагийн зүүн шанаа хэсэгт гараараа 1 удаа цохисон. Замын цагдаа тухайн этгээдийн дараагийн дайралтаас өөрийгөө хамгаалах гэж жолоочийн 2 гараас барихад нөгөө жолооч цагдаагийн гарт байсан улаан өнгийн дохиурыг давхар барьж байхдаа хугалсан. Цагдаа жолоочийн гарыг барьсан байхад жолооч хүчтэй доош угзарч гараа тавиулах гэж байхдаа нөгөө хугалсан дохирын ирмэг хэсгээр зүүн шанаа хэсгээ эсгэж зурж бага зэрэг цус гарсан. Гэтэл жолооч улам уурлаж замын цагдаа залуугийн хамар тус газарт 2 удаа гараараа маш хүчтэй цохисон. Так гээд хүчтэй яс нь дуугарч байгаа нь надад сонсогдсон. Тэр даруй цагдаагийн хамраас ус садарч байгаа мэт маш их хэмжээний цус олгойдон гарсан. Цагдаа гарцны хажууд тонгойж суухад жолооч цагдаа руу орилж дайрсан хэвээрээ байсан. Чи намайг зоддог хэн бэ, чи надад шаардлага тавьдаг хэн бэ, түрүүлж чи намайг цохисон шүү гэх мэтээр орилоод байсан. Эгч бид хоёр тэр жолоочид болиоч гэхэд та нар төрийн цагдаагаа хамгааллаа, эд нарыг хамгааллаа, эд нар хүн зодож болох юм уу гэж дайраад байсан. Энэ үед цаанаас цагаан малгайтай жижиг биетэй замын цагдаа ирээд тухайн жолоочийг зодуулсан цагдаагаас холдуулан дахин дайрах боломжийг зогсоож тайвшруулах, ярилцах оролдлого хийж байсан. Манай эгч Б өөрийн *** дугаарын утсаар цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-44 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.П-н гэрчээр өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 12 цаг 49 минутын үед манай бүсийн офицер цагдаагийн ахмад Ч.Ө миний *** дугаарт *** дугаараас залгаад 306 дугаар постонд гарч байгаа цагдаа зохицуулагч цагдаагийн дэд ахлагч Б.А нэг жолоочид зодуулсан байна, та яаралтай хүрээд ирэх үү гэж хэлэхээр нь би 5 минутын дараа Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 306 дугаар постон дээр яваад очтол Ч.Ө ахмадын машины ард талын суудал дээр ногоон хүрэмтэй, хар өнгийн юүдэнтэй цамцтай, хар өнгийн нарны нүдний шилтэй, 45 орчим насны эрэгтэй сууж байсан. Урд талын жолоочийн суудалд Ө ахмад хажуугийн зорчигчийн суудалд манай цагдаа хамраа дараад хамраас нь цус гараад, цус нь тогтохгүй байж байсан. Би тухайн хүний царайг нь харах гээд хойд талын жолоочийн зүүн арын хаалгыг онгойлготол баруун ард талд тухайн цагдааг зодсон хүн сууж байсан бөгөөд би тухайн хүнийг зугтааж магадгүй гэж бодоод А-с баяраас бугуйн гав аваад тухайн хүний гарыг урд нь гавлаад хажууд нь суугаад юу болсон талаар асуухад танай цагдаа намайг цохихоор нь би зөрүүлээд цохисон гэж хэлсэн. Би тухайн хүнийг нүдний шилээ ав, би харъя гэхэд зүүн шанааны шонтгор хэсэгт саран хэлбэртэй 2-3 см урттай зүсэгдсэн шинэ гэмтэл байсан. Би наадах чинь цохисон бол ингэж гэмтэхгүй гэж хэлтэл А хажуунаас ахлахаа би наад хүнийг чинь зодож цохисон зүйл байхгүй, наад хүн чинь миний дохиурыг булаах гээд ноцолдож байхад дохиур хугарсан, тэгэхэд нүүр нь зүсэгдсэн байх гэж хэлсэн. Би та 2 юунаас болж ингэсэн юм бэ гэж асуухад А тухайн хүн эгнээ байр буруу эзлэн давхар зүүн гар тийш эргэх гээд байхаар нь шулуун яв гээд дохиход тухайн жолооч шууд хөдөлгөөнөө үргэлжлүүлээд зүүн эргээд явган хүний гарц дээр зогсоод машинаасаа буугаад замын голд ирээд хэл үгээр доромжлоод байсан. Би энэ хүнийг замаас гаргатал намайг зодсон гэж хэлсэн. Энэ үед уулзварын баруун хойд талд манай бүсийн офицер цагдаагийн ахлах дэслэгч Н.М 2 эмэгтэйтэй уулзаад зогсож байхаар нь тухайн 2 эмэгтэйг юун хүн болох талаар нь асуухад болсон асуудлыг нүдээрээ харсан 2 гэрч байна, бичлэг бас байна гэж надад хэлсэн. Тухайн 2 эмэгтэй надад танай цагдаа тухайн хүнийг зодож цохисон зүйл байхгүй, жолооч нь замын гол руу машинаа цаана хаячихаад ууртай хүрч ирээд цээжээрээ мөрлөөд байсан, бид 2 хажуунаас нь болиоч гэж орилсон, нэг хартал тас тас гээд 2 удаа сээр цохиж байгаа юм шиг чанга чимээ гарахаар нь яваад очтол цагдаагийн хамраас цус гарч байсан. Тэгээд бичлэг хийгээд цагдаад дуудлага өгсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-48 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Ө-н гэрчээр өгсөн “...Би 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өглөө 9 цагаас оройн 21 цагийн хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр баруун 4 зам дээр Зэгст 13 пролтой бүсийн офицерийн үүрэг гүйцэтгэж байсан. Өдөр 12 цагийн үед Барс захын зүүн хойд талын гэрлэн дохион дээр үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч А-н пост руу автомашины хөдөлгөөн удаашраад нөгөө постууд А-г дуудаад байхад хариу өгөхгүй байсан. Гэтэл удалгүй олон нийтийн цагдаагийн ажилтан У.Э 306 постны цагдаа дэд ахлагч А-г жолооч цохьчихсон байна, яаралтай хүрээд ирээрэй гээд миний пролоор станцаар дуудахаар нь шууд яваад очтол дэд ахлагч А доошоо суучихсан нилээн олон хүн тойроод зогсчихсон, А-н хамраас цус гойжоод цусаа арчаад байж байсан. Би А-с юу болсон талаар асуухад нэг жолооч нүүр рүү цохиж, зодсон гэж хажууд нь байсан хүмүүс хэлсэн. Тэр жолоочийн бичиг баримтыг шалгаад дэд ахлагч А болон жолооч хоёрыг машиндаа суулгаад бүрэлдэхүүн болон эмнэлэг ирэхийг хүлээж бүсийнхээ ахлах зохицуулагч цагдаагийн хошууч С.П-т мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.М-н гэрчээр өгсөн “...Би хэрэг явдал болох үед “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар дээр үүрэг гүйцэтгээд явж байсан. Станцын 25 дугаар сувгаар ерөнхий жижүүр надад “Нарны гүүрний баруун доод уулзварт цагдаагийн алба хаагчийн биед халдсан зөрчил гарлаа, яаралтай яваад оч” гэсний дагуу явж очиход тухайн уулзвар дээр үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Б.А хамраа дарсан байдалтай Баянгол дүүргийн бүс хариуцсан зохицуулагч цагдаагийн ахмад Ө-н машины урд сууж байсан. Цохисон гэх хүн нь машины хойд суудал дээр сууж байсан. Би юу болсон талаар тодруулж асуухад Б.А хэлэхдээ “энэ жолооч намайг 3 удаа нүүр рүү цохисон” гэж хэлсэн. Тэр үед машины ойролцоо зогсож байсан эмэгтэй “би явган хүний гарцаар гарахаар зогсож байсан. Тэр үед танай цагдаа замын голд замын хөдөлгөөн зохицуулаад зогсож байхад жижиг хөх өнгийн суудлын машин уулзварын хойд талын явган хүний гарцан дээр зогсоод жолооч нь гарч ирээд уулзварын голд зогсож байсан цагдаа дээр явж очоод хоорондоо маргалдаж байгаад цагдаа жолоочийг дагуулаад хөх өнгийн машин дээр ирээд маргаан нь үргэлжлээд байх шиг байсан. Гэтэл нөгөө машины жолооч халзан цэнхэр өнгийн хувцастай жолооч цагдаагийн нүүр рүү нэг удаа цохисон. Тэр үед цагдаа зуураад авахад нөгөө жолооч зууралдаж байгаад улаан дохиур модыг нь хугалсан. Тэр үед дохиур модны хугархай хэсэг нөгөө халзан жолоочийн нүүрэнд хүрэхэд нөгөө жолооч “чи муу яаж байна аа” гээд дахиад нүүр рүү нь 2 удаа цохиход цагдаагийн хамраас цус гарсан, цус нь олгойдож гарч байсан” гэж ярьсан. Хэсэг хугацааны дараа түргэн тусламжийн машин ирээд үзлэг хийгээд эмч “үзүүлэгчийн хамар хугарсан байна, гэмтлийн эмнэлэг рүү авч явна” гэж хэлээд цагдаа Анхбаярыг 103-ын машиндаа суулгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд У.Э-н гэрчээр өгсөн: “...Нарны замаар явж байгаад Нарны гүүрэн доор байрлах 306 постны хажуугаар хойшоо эргэх гэж байтал замын уулзвар дээр буюу Барс захын зүүн уулзвар дээр нэг машин аваараа татаад зогсчихсон, машиных нь хажуугаар хүмүүс бужигналдсан байдалтай байхаар нь би тус машины ард нь машинаа зогсоогоод буугаад хартал дэд ахлагч А хамраас нь цус гарчихсан, хамраа дараад замын хажууд сууж байсан бөгөөд яг хажууд нь улаан өнгийн дохиур мод нь голоороо хугарсан байдалтай байсан. Урд нь 30-40 орчим насны, цэнхэр өнгийн малгайтай цамцтай, хар шил зүүсэн эрэгтэй дэд ахлагч А руу чамд сануулсан шүү, зүгээр байгаарай гэсэн байдалтай орилоод дайраад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Б-н гэрчээр өгсөн “...Би 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэртээ буюу Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** **** тоотоос нөхөр Н- болон хүү Эрхэс нарын хамт Зайсан руу хүүхдээ агаарт гаргах санаатай, нөхөр миний нэр дээр байдаг *** улсын дугаартай “BMW Х1” загварын тээврийн хэрэгслийг Барс захын урд талаар яваад Нарны гүүрээр урагшаа давах зорилготой Барс захын урд талаар явж байгаад Нарны гүүр рүү эргэх гэсэн чинь эгнээнд байсан машинууд оруулахгүй байсаар байгаад эргэх ёстой байсан уулзвар дээр ирээд хэнд ч саад болохгүй хамгийн урд талд нь гараад зогссон, тэр үед замын голд зогсож байсан цагдаа ирээд эгнээ байр буруу эзэлсэн байна гэж хэлсэн. Тэр үед манай нөхөр энэ эгнээ ерөөсөө оруулахгүй байсаар байгаад энд яваад ирлээ, хойшоо эргэх гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхэд арын машинууд сигнал дараад байсан, тэр үед манай нөхөр зам чөлөөлье гээд хөдөлсөн чинь тэр ярьж байсан эрэгтэй, 30 гаруй насны туранхай бор царайтай цагдаа манай нөхрийг цонхоороо барьж байсан дохиураар нүүрэнд нь шууд цохисон, тэр үед манай нөхөр буугаад цагдаа хүрээд ирсэн, тэр үед би юу болсон талаар бол хараагүй, манай нөхөр чи яаж байна, цагдаа хүн зоддог юм уу гэх зэргээр хэлээд буусан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Б-н гэрчээр өгсөн “...Тэр цагдааг жолооч нь нэг удаа цохиод чи намайг зогсоодог хэн бэ, чи надад шаардлага тавьдаг хэн бэ гэж хэлж байсан, эхлээд цохих үед нь цагдаа хоёр гарыг нь өөрөөсөө холдуулах гээд гараа өргөх үед гарт нь байсан дохиур модыг жолооч улаан хэсгийг нь салгаж хугалсан, тэр үед цагдаа хоёр гараа авах гэж байх үедээ тухайн жолоочийн нүүрэнд санамсаргүй хүрч хацрыг нь эсгэсэн гэж би харсан. Жолооч цагдаагийн зүүн тал руу нь хоёр удаа баруун гараараа цохисон. Тэр үед цагдаагийн хамраас 10 гаруй минут орчим цус гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай шинжээчийн “...Б.А-н биед хамар ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 70-71 дэх тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн **** дугаартай шинжээчийн “...Ө.Н-ийн биед хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 78-79 дэх тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн **** дугаартай “...Б.А, Ө.Н- нараас авсан биологийн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн салфетканы уут, 19 ширхэг салфетка, дохиураас бэхжүүлж авсан гэх дээжүүд дээр цус илэрсэн. Дохиураас бэхжүүлж авсан гэх дээж дээр илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй. Б.А болон Ө.Н- нарын цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов. Хэргийн газраас хураан авсан салфетканы уут, 19 ширхэг салфетка дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Илэрсэн ДНХ-ийн тогтоц нь Б.А-н цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна“ гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 84-88 дахь тал/,
“Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн БГ1-23-245 дугаартай “Замын цагдаагийн алба хаагчийн албан үүргээ гүйцэтгэх үедээ хэрэглэж байсан улаан өнгийн хар иштэй, хар оосортой мод /хуванцар/ 16,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 97-99 тал/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /хавтаст хэргийн 103-108 дахь тал/, Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 109 дэх тал/, Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 201 дэх тал/, Шийтгэлийн хуудас /хавтаст хэргийн 160 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ө.Н-ийн яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр эмчилгээний зардлын урьдчилгаа гэж 1.500.000 төгрөг төлсөн ба нэмж мөнгө өгөхөөр тохирсон байгаа....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 125 дахь тал/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 128 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 130 дугаар хуудас/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” бол гэж үндсэн шинжийг тодорхойлжээ.
Хууль зүйн ойлголтоор Эрүүгийн хуульд “хууль сахиулагч” гэж “...цагдаа”-г ойлгоно гэж заасан. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно” гэж заажээ.
Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд Ө.Н- 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Барс худалдааны төвөөс Нарны гүүр явах чиглэлд BMW маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцох үедээ Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 27 дахь заалтад заасан эгнээ байр эзлэх дүрмийн заалтыг зөрчсөний улмаас тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан Нийслэлийн хөдөлгөөн зохицуулах хэлтсийн зохицуулагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.А-н шаардлага тавихад маргаан үүсгэж улмаар шаардлагыг эсэргүүцэн хууль сахиулагчид хүч хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
“Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлжээ.
Шүүгдэгч Ө.Н- 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Барс худалдааны төвөөс Нарны гүүр явах чиглэлд BMW маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцох үедээ Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 27 дахь заалтад заасан эгнээ байр эзлэх дүрмийн заалтыг зөрчсөний улмаас тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан Нийслэлийн хөдөлгөөн зохицуулах хэлтсийн зохицуулагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.А-н шаардлага тавихад маргаан үүсгэж улмаар шаардлагыг эсэргүүцэн хууль сахиулагчид хүч хэрэглэн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Энэ үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн хохирогч Б.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...явган хүний гарцыг таглаад зогссон, тэгэхээр нь би тухайн машин руу явж очоод жолооч талын нээлттэй цонхоор жолоочтой харьцсан ба бичиг баримтаа шалгуулна уу гэхэд тухайн жолооч надад бичиг баримт байхгүй, би чамд бичиг баримтаа шалгуулахгүй гэж хэлсэн. Энэ үед зүүн эргэх дохио асаад жолооч тээврийн хэрэгслийг хөдөлгөсөн. Тэгэхэд би дохиураар зогс гэсэн дохио өгөн тээврийн хэрэгслийн багажийн хаалгыг цохисон. Гэтэл тээврийн хэрэгслээ зогсоогоод машинаасаа бууж ирээд чи миний машиныг цохилоо гээд над руу давшлаад хараагаад хэл үгээр доромжлоод байхаар нь би цаашаа бай гээд дохиураараа гэдэс рүү нь хатгасан маягтай түлхэхэд жолооч миний дохиур модыг булааж аваад 2 гараараа барьж байгаад голоор нь хугалсан. Бид хоёр хоорондоо маргалдсан. Жолооч миний зүүн нүдний ухархай болон хамрын дээд хэсэгт аль гараараа юм мэдэхгүй ямар ч байсан гараараа 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд Н.Б-н гэрчээр өгсөн: “...тухайн машины жолооч бууж ирээд замын цагдаагийн өөдөөс чи надад шаардлага тавьдаг хэн бэ гээд орилоод дайрч давшилсан. Замын цагдаа залуу өөрийгөө хамгаалж хойшоо 2-3 алхам ухарсан. Гэтэл машины жолооч Замын цагдаагийн зүүн шанаа хэсэгт гараараа 1 удаа цохисон. Замын цагдаа тухайн этгээдийн дараагийн дайралтаас өөрийгөө хамгаалах гэж жолоочийн 2 гараас барихад нөгөө жолооч цагдаагийн гарт байсан улаан өнгийн дохиурыг давхар барьж байхдаа хугалсан. Цагдаа жолоочийн гарыг барьсан байхад жолооч хүчтэй доош угзарч гараа тавиулах гэж байхдаа нөгөө хугалсан дохирын ирмэг хэсгээр зүүн шанаа хэсгээ эсгэж зурж, бага зэрэг цус гарсан. Гэтэл жолооч улам уурлаж замын цагдаа залуугийн хамар тус газарт 2 удаа гараараа маш хүчтэй цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-44 дэх тал/, мөрдөн шалгах ажиллагаанд Н.Б-н гэрчээр өгсөн “...Тэр цагдааг жолооч нь нэг удаа цохиод чи намайг зогсоодог хэн бэ, чи надад шаардлага тавьдаг хэн бэ гэж хэлж байсан, эхлээд цохих үед нь цагдаа хоёр гарыг нь өөрөөсөө холдуулах гээд гараа өргөх үед гарт нь байсан дохиур модыг жолооч улаан хэсгийг нь салгаж хугалсан, тэр үед цагдаа хоёр гараа авах гэж байх үедээ тухайн жолоочийн нүүрэнд санамсаргүй хүрч хацрыг нь эсгэсэн гэж би харсан. Жолооч цагдаагийн зүүн тал руу нь хоёр удаа баруун гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/, мөн гэрч С.П, Ч.Ө, Н.М, У.Э, Н.Б нарын мэдүүлгээр болон Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 70-71 дэх тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 78-79 дэх тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 5378 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 84-88 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ө.Н-ийн дээрх үйлдлүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн...”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Ө.Н- өөрийн дээрх үйлдлүүдийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Ө.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн...”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцов.
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Ө.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцуулах санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Ө.Н-ийн үйлдэл аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэж байна. Алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн гэж байгаа нь ойлгомжгүй байна...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Аргагүй хамгаалалт гэх хууль зүйн ойлголт нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлинй 1 дэх хэсэгт “өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй...” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “...Хуульд заасны дагуу галт зэвсэг, биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэх эрх бүхий хууль сахиулагч албан үүргээ гүйцэтгэх, хэрэг шалган шийдвэрлэх явцдаа, харуул хамгаалалтын албан хаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа галт зэвсэг, биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэж хуулийн дагуу хийсэн үйлдлийг эсэргүүцсэн хариу үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж тус тус зохицуулсан байна. Тодруулбал хэрэгт авагдсан нотлох баримтууд буюу хохирогч Б.А, гэрч Н.Б, Н.Б нарын дээрх мэдүүлгээс үзэхэд хохирогч Б.А-г шүүгдэгч Ө.Н-ийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Ө.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн”, Эрүүгийн хуулийн тусгй ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар уг ялуудыг нэмж нэгтгэн түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэх санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2,700 нэгжээр торгох ял оногдуулж, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчийн буруутай үйлдэл зэргийг харгалзаж үзнэ үү. Ө.Н- гэм буруугаа хүлээж байгаа...” гэх хүсэлт,
Шүүгдэгч Ө.Н- “...Би хийсэн үйлдэлдээ харамсаж байгаа гэдгээ хэлж ирсэн. Төлбөр мөнгийг нь өр зээл тавиад барагдуулаад явсан. Гэм буруугаа бол 100 хувь хүлээн зөвшөөрч байсан...” гэх мэдүүлэг тус тус гаргав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ө.Н-ид Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ө.Н-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ө.Н-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 1.000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.000 /таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нийт эдлэх ялыг 6.000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоов.
Гурав. Бусад асуудлын талаар:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Б.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Хавтаст хэрэгт хохирогч Б.А-н “...сэтгэцэд учирсан хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, өмнөх шийтгэх тогтоолоор гаргуулсан хохирол төлбөрийг хүлээн авсан...” гэх тэмдэглэл авагдсан байх тул шүүгдэгч Ө.Н- бусдад төлөх төлбөргүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ө.Н- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч И овогт Ө-н Н-ийг “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ө.Н-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.000 /таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Н-ид оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.000 /таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 6.000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ө.Н-ид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Н-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Ө.Н- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төболохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт ирүүлсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хадгалсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
Анхбаяр
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ