Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2022/00027

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2022/00027

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2021/01355/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн Утиарт 2 дугаар гудамжны 214 тоотод оршин суух, регистрийн дугаар РМ99071805, Хонин онход П.Н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багт оршин суух, регистрийн дугаар РМ00231815, Тэмээнийхэн М.Ч  холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр, нэхэмжлэгч П.Нямцэцэг, хариуцагч М.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Нямцэцэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Нямцэцэг би М.Чинзоригтой үерхэж нөхөрлөж яваад бидний дундаас 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр охин Чинзоригийн Амин-Эрдэнэ төрсөн. Хурим найраа хийгээгүй байсан учир гэрлэлтээ батлуулаагүй байсан. Гэхдээ хүүхдээ төрсөн эцгээр нь овоглож төрсний гэрчилгээ авсан. Хүүхдээ 5 сартай байхад буюу 2020 оны 10 дугаар сард хурим найраа хийж нэг гэрт орсон. Хамт амьдраад удаагүй, 1 сар болоход зодоод байхаар нь хүүхдээ аваад өөрийн гэртээ ирсэн. Одоо охин маань 1 нас гарантай, хөлд орсон. Бага насны хүүхдэд эцгийн тусламж, дэмжлэг хэрэгтэй байгаа учир хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна.

Иймд М.Чинзоригоос охин Ч.Амин-Эрдэнэд хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч М.Чинзориг нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Чинзориг нь Нямцэцэгтэй танилцаж нөхөрлөөд удсан. Улмаар 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр охинтой болсон. Охин Амин-Эрдэнийг миний хүүхэд гэдэгтэй маргах зүйлгүй. Хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Нямцэцэг нь хариуцагч М.Чинзоригт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч П.Нямцэцэг нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр охин Ч.Амин-Эрдэнийг төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эрүүл бойжиж буй тодорхойлолт зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.

Шүүх дараах нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Охин Ч.Амин-Эрдэнийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эрүүл бойжиж буй тодорхойлолт, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 21670100262, 216701002623 дугаар Гэрлэлт бүртгэлгүй лавлагаа зэргээр нэхэмжлэгч П.Нямцэцэг, хариуцагч М.Чинзориг нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй бөгөөд дотно харилцаатай байсан, тэдний дундаас охин Ч.Амин-Эрдэнэ төрж, эцгээрээ овоглогдсон болох нь тогтоогдож байх ба зохигчид охин Ч.Амин-Эрдэнийн төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж, мөн хуулийн 40 дүгээр 40.1 дэх хэсэгт: Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно: гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт: 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт: 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гэж тус тус заасан тул регистрийн дугаар РМ20251500, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, охин Тэмээнийхэн Чинзоригийн Амин-Эрдэнэд эцэг М.Чинзоригоос сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт: тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг,... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр, гэж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт: Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, ... нөхөн төлүүлнэ. гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт: эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх ((650.001-1.300.000 төгрөг (20.150 төгрөг дээр 650.000 төгрөгнөөс давсан үнийн дүнгийн 2.4 хувийг нэмнэ.)) гэж тус тус заасан тул нэхэмжлэгч П.Нямцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Чинзоригоос 35,337 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Нямцэцэгт олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар регистрийн дугаар РМ20251500, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, охин Тэмээнийхэн Чинзоригийн Амин-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.Чинзоригоос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч П.Нямцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Чинзоригоос 35,337 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Нямцэцэгт олгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.3 дахь хэсгүүдэд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хүлээдэг, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглодог болохыг тус тус мэдэгдсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад явуулахыг шүүгчийн туслах О.Өлзийбуянд даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА