| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0232/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/657 |
| Огноо | 2024-08-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Т.Баянмөнх |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/657
2024 08 19 2024/ШЦТ/657
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн,
улсын яллагч Т.Баянмөнх,
шүүгдэгч Т.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос З овогт Т-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ** хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, З овогтой Т-н Н- /РД:***/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Н- 2023 оны 09 дүгээр сарын 30-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 01 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар сургуулийн орчмоос таксинд сууж, Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийгмийн даатгалын хэлтсийн урд талын зогсоолд хүргүүлэхдээ таксины жолооч болох хохирогч Т.Г-г "манай гэрийнхэнд миний архи уусныг хэллээ" гэж хэлэн уурлан улмаар нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн тухайн цаг хугацаанд хохирогч Т. Г-н гарт байсан утсыг булаан авч, улмаар шидэж дэлгэцийг нь хагалж гэмтээн бага хэмжээнээс дээш буюу 650,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Т.Н- Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Н-н өгсөн “...Би мөрдөн шалгах ажиллагаанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй, цохисноо хүлээн зөвшөөрч байна. Харин утас шидэж эвдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хохирол төлбөрт 1.000.000 төгрөг өгөхөөр хохирогчтой тохиролцсон. Үүнийг бүрэн төлсөн...” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:
Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Г-ий хохирогчоор өгсөн: “...Би 2023 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө 01 цаг 30 минутын орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар сургуулийн тэнд хоёр хүн такси барих гээд гараа өргөөд зогсож байхаар нь аваад Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийгмийн даатгалын хэлтсийн хажууд байрлах байранд ирсэн. Тухайн иргэн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, гэрийн хаягаа зааж өгч чадахгүй, хаана хүргүүлэхээ мэдэхгүй, машин дотор орилж хашхираад явсан. Гэрийн хаягаа зааж өгч чадахгүй байхаар нь өөрөөс нь сайн асуухад *** гэсэн дугаар өгөхөөр нь холбогдоход тухайн таксигаар үйлчлүүлж байсан хүний эхнэр байсан бөгөөд гэрийн хаягаа зааж өгсөн. Хүргэж өгөх үед манай эхнэрт яах гэж хэлсэн юм гэж уурлаад миний хамар хэсэг рүү цохисон болохоор цагдаагийн байгууллагад хандсан. Намайг автомашинаас буух үед миний гар утсыг булааж авч шидээд нүүр хэсэг рүү цохисон. Миний гар утас эвдэрсэн байна. Би тухайн хүнийг зааж өгсөн газарт хүргэж өгөөд за ахаа таксины мөнгө 10,000 төгрөг боллоо гэхэд надад чамд өгөх мөнгө байхгүй гэж хэлсэн. 99189177 дугаар руу залгаад болсон үйл явдлыг тайлбарлаж хэлтэл чи намайг манай гэрийнхэнд архи уусныг хэллээ гээд машины араас гар нь орж ирээд миний хамар руу цохихоор нь би буугаад хамраа бариад байж байтал миний гар утсыг булааж аваад нилээн хол шидсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд А.А-н гэрчээр өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 30-ний шөнө намайг унтаж байхад Т.Г-г хэдэн цагт ирснийг нь санахгүй байна. Г- гэрт нь хүргэж өгсөн настай хүн хамар руу цохиод, утас авч шидсэн гэж хэлсэн ба утас нь асахгүй, дэлгэц хагарсан байсан. Г- ах толгой өвдөөд байна гэж хэлэхээр нь би халуун буулгах эм өгөөд унтуулсан. Г- ах удалгүй хөдөө яваад ирэхээр нь та утсаа яасан гэж асуухад дэлгэцийг нь янзлуулаад зарсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 31 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн **** дугаартай шинжээчийн “....Т.Г-ий биед хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,
- “Ашид билгүүн” ХХК хөрөнгө, даатгалын хохирлын “...I phone 12 Promax” гар утас 650.000 төгрөг...” гэх үнэлгээ /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,
Хохирол төлбөрийн “...шүүгдэгч Т.Н-гээс хохирогч Т.Г-ий данс руу 250.000 төгрөг, 300.000 төгрөг буюу нийт 550.000 төгрөг шилжүүлсэн...” гэх баримт /хавтаст хэргийн 96 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Н-н яллагдагчаар өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Бэлхэд байх **** дүгээр сургууль Ахмадын баяр гээд хүлээж авч байгаа гээд сургууль дээр ахмадуудтай ууж байгаад орой харих гээд такси барьсан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас таксинд суугаад юу болсон талаар сайн санахгүй байна. Би тухайн таксины жолооч гэх залуутай маргалдсан юм шиг байгаа юм. Тэгээд цагдаагийн байгууллагад хүргэгдсэн. Би хүнтэй маргалдаж байсан шиг санагдаж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн тухайд:
Шүүгдэгч Т.Н- 2023 оны 09 дүгээр сарын 30-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 01 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийгмийн даатгалын хэлтсийн урд талын зогсоолд хүргүүлэхдээ Т.Г-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсныг хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан хөнгөн гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Т.Н- өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэргийн тухайд:
Шүүгдэгч Т.Н- 2023 оны 09 дүгээр сарын 30-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 01 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар сургуулийн орчмоос таксинд сууж, Баянгол дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийгмийн даатгалын хэлтсийн урд талын зогсоолд хүргүүлэхдээ хохирогч Т.Г-ий “I phone 12 Promax” маркийн гар утсыг шидэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байна.
Энэ үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн хохирогч Т.Г-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...машинаасаа буухад миний гар утсыг булааж аваад шидэж эвдсэн...” гэх мэдүүлэг, гэрч А.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 09 дүгээр сарын 30-ний шөнө намайг унтаж байхад Т.Г- ирсэн, хэдэн цагт ирснийг нь санахгүй байна. Г- гэрт хүргэж өгсөн настай хүн хамар руу цохиод, утас авч шидсэн гэж хэлсэн ба утас нь асахгүй, дэлгэц хагарсан байсан...” гэх мэдүүлгээр болон “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын “...I phone 12 Promax” гар утас 650.000 төгрөг...” гэх үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.Н-н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын хэмжээг “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээгээр нийт 650.000 төгрөгөөр тогтоосон тул түүний үйлдлээс бусдад учирсан хохирол 300.000 төгрөгөөс дээш хэмжээнд хамаарч байх тул шүүгдэгчийн үйлдэл бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Т.Н- өөрийн дээрх үйлдлүүдийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Т.Н- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Т.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах...” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт эдлэх ялыг 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоох санал гаргав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Н-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Т.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нийт эдлэх ялыг 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоов.
Гурав. Бусад асуудлын талаар:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Т.Г-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1.1-т гэмт хэргийн улмаас хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр тус зүйл ангийг тусгасан байна.
Мөн тушаалын 2 дахь хэсгийн 2.3-т “Энэ журмын 2.1-т заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэрэгт хавсаргана гэж заасан байх ба энэ талаарх баримт хавтаст хэргийн 31 дэх талд авагдсан байна.
Хавтаст хэрэгт хохирогч Т.Г-ий “...сэтгэцэд учирсан нөхөн төлбөр гэж нэхэмжлэхгүй, харин 1.000.000 төгрөг авахаар тохиролцсон, тухайн мөнгөө өгсөн тохилдолд нэхэмжлэх зүйл байхгүй”...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 40 дэх тал/, хохирол төлбөрийн “...шүүгдэгч Т.Н-гээс хохирогч Т.Г-ий данс руу 250.000 төгрөг, 300.000 төгрөгийг буюу нийт 550.000 төгрөг шилжүүлсэн...” талаарх баримт /хавтаст хэргийн 96 дахь тал/-д авагдсан байх ба эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Н- “...хохирогч Т.Г-д 450.000 төгрөг шилжүүлсэн...” талаарх баримтыг шинээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Т.Н- бусдад төлөх төлбөргүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Н- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч З овогт Т-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял дээр
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Т.Н-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан нийт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Т.Н- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ