| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2021/02962/И |
| Дугаар | 102/ШШ2022/00039 |
| Огноо | 2021-12-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2022/00039
| 2021 оны 12 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2022/00039 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, дугаар байр, тоот хаягт оршин суух, Х Б Б /РД:/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Б 6 дугаар гудамж, 94 тоот хаягт оршин суух, Б овогт Д Д /РД:/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Баруун Ард Аюушийн дугаар гудамж, тоот хаягт оршин суух, Боржигон овогт Р Л /РД:/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, 7 дугаар хэсэг, С дугаар байр, тоот хаягт оршин суух, Тугчин овогт Э Д /РД:/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 20,250,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Бямбасүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ дэмжиж гаргасан тайлбартаа: Зуучлагч н.Ш утас тэр газар дээр байхаар нь утасдаад асуухад 4 газар 28,000,000 төгрөг гэж хэлсэн. Тухайн 4 газрыг 28,000,000 төгрөгөөр авахаар ярилцаад, хоёулаа уулзахад та 20,000,000 төгрөг эхлээд өг гэсэн. 2021 оны 5 сарын 29-ны өдөр 20,000,000 төгрөгийг надаас аваад дараа нь Д.Д, Э.Д, Р.Л нарыг ирсэн чинь өөр утгатай юм ярьсан. 2021 оны 5 сарын 31-ний өдөр энэ залуу, нэг бүсгүйтэй ирж гарын үсэг зураад явсан. 2021 оны 5 сарын 31-ний өдрөөс 6 сарын 10-ны өдөр хүртэл явагдсан процесс харагдаж байгаа. н.О дээр Америкийн нэгдсэн улсаас итгэмжлэл ирээд, байртай байсан учир тэр газар нь 10,000,000 төгрөг гэдэг дээр нэхэмжлэл гаргаагүй. Газрын хэмжээ харилцан адилгүй, өөр өөр байгаа юм. Энэ газар нь хоосон газар учир буцаахаас илүүтэй зөрүү үнээ авах байр суурьтай байгаа. 315 м.кв газрыг 10,000,000 төгрөгөөр авна гэдэг зах зээлийн үнээс өндөр авч байгаа юм. Би хариуцагч Д.Д 5,350,000 төгрөг, Р.Лхагвадоржоос 4,930,000, Э.Д 5,970,000 төгрөг авах хүсэлттэй байна. Иргэд хоорондын гэрээ байгуулсан нөхцөл байдлаас харахад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан Худалдах, худалдан авах гэрээний дагуу үнэ тохирох, үнэ төлөх үйл явцаар явсан байна. Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1-т зааснаар гэрээний үнийг тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохирч болно гэж заасан. 2019 оны 9 сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу газар нь үл хөдлөх хөрөнгөд хамаарагдаж байгаа. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-т үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлого 2 хувийг төлсөн гэдгээ нотолж орж ирсэн. Нэг хариуцагчийг татгалзаж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар оролцогчоор татаагүй хүнээс нэхэмжилсэн дүнг багасгах байр суурьтай байгаа. 3,000,000 төгрөгийг 3 хариуцагч нараас гаргуулах хүсэлтэй байна. Хариуцагч талаас энэ тал дээр зөвшилцсөн гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч тал гаргасан хариу тайлбартаа: Уг 4 газар нь 1 сантиметрийн ч зайгүй, зэрэгцээ, нэг бүхэл газар. Миний ээж болон миний 2 үеэл, миний гэсэн 4 хүний эзэмшлийн газар юм. Бид нар манай эмээгийн байсан газар учир худалдан борлуулахаар шийдсэн. Ерээд оноос мал маллаж байсан үеийн газар юм.Зуулчлагч н.Ш нь миний үеэл лам Ц.Б гэж хүний эхнэр нь юм. 3 хүүхэдтэй. н.Ш та энэ газрыг худалдан борлуулчих гэдэг саналыг бид нар тавьсан, н.Шинэбаяр утсаа тавьсан. Түүний дагуу хүмүүс холбогдож байсан, түүнээс н.Ш дур мэдэн 28,000,000 төгрөгийн үнийг тэр газар дээр тавиагүй, бид нараас зайлшгүй зөвшөөрөл авах байсан. 5 сарын 31-ний өдөр Б.Б анх удаа Сүхбаатар дүүргийн шүүхийн эсрэг талд уулзаад, гэрээ байгуулаад гээд гарын үсэг зураад явсан. Гэтэл 6 сарын 02-ны өдөр Үнэлгээний төв ХХК-д хандсан байсан. Зах зээлийн үнээс өндөр үнээр авсан байна гэж 6 сарын 4-ний өдөр тэр компанийн дүгнэлтийг гардуулсан байсан. Гадаа суугаад байгаа н.О гэдэг нь миний нагац эгч, ээжийн төрсөн дүү юм. Түүний хүү Америкийн нэгдсэн улсад амьдарч байгаа. Д.М газрыг 6 сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөгийг шилжүүлснээр 4 дэх газраа худалдан авсан. Бид нар яаж ч бодсон тус бүртээ 200, 300, 400 м.кв, 4 улирал амьдрах боломжтой, тоосгон байшинтай газрыг тус бүр 10,000,000 төгрөгөөр зарвал инээдтэй. Гадуур хувцас, дотуур хувцас зэргийг бүхэлд нь зарж байгаа мэт зарсан. Түүнээс оймс нь 10,000 төгрөг, тэр нь хэдэн төгрөг гэж салгаж, үнэлж зараагүй. Газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой гэрээгээр тус бүрт нь 10,000,000 төгрөгөөр үнэлсэн нь тухайн үедээ за болчихсон л гэж бодсон. Мэдээж хууль зүйн мэдлэггүйгээс 4,000,000 төгрөгийг Хувь хүний орлогын албан татварын тухай хуулинд зааснаар орлого олсон тал 10 хувийн татвар төлөх ёстой байсан талаар мэдээгүй. Түүнийг шууд хүлээн зөвшөөрч байна. Харин 4,000,000 төгрөгийг нэхэмжлэхдээ 3 газрыг нэхэмжилж орж ирж байгаа нь 4 дэх газрыг санаатайгаар орхигдуулсан, мөн 4 дэх газрыг Д.М шилжүүлэн авсан газрыг хүлээн зөвшөөрч байна гэсэн бол өөр хэрэг. Гэтэл 6 сарын 4-ний өдөр Үнэлгээний төв ХХК-иар үнэлүүлчихээд 6 хоногийн дараа шилжүүлж авахдаа ямар ч тайлбар, санал, гомдол хэлээгүй. Гэтэл 8 сарын дундуур газар эзэмших эрхийг Засаг даргын захирамжаар шилжүүлж аваад, 9 сар гарсны дараа ийм нэхэмжлэл барьж орж ирж байгаад миний хувьд анхнаасаа тийм төлөвлөгөөтэй байсан гэж хардаж байгаа гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д.Д, Р.Л, Э.Д нарт холбогдуулан зах зээлийн үнийн зөрүүнд Д.Д 5,350,000 төгрөг, Р.Лхагвадоржоос 4,930,000 төгрөг, Э.Д 5,970,000 төгрөг, татварт төлсөн 4,000,000 төгрөг, нийт 20,250,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нар нь газрыг багцалж зарсан тул үнийн зөрүү төлөхгүй гэж маргаж, татварт төлсөн 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргаж байна
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үнийн зөрүүнд 16,250,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д.Д 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн дугаар хороо, Шаргаморьтын зусланд байрлах 316 м.кв газрын эзэмших эрхийг 10,000,000 төгрөгөөр, хариуцагч Р.Лхагвадоржтой 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шаргаморьтын зусланд байрлах 345 м.кв газрын эзэмших эрхийг 10,000,000 төгрөгөөр, хариуцагч Э.Д 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шаргаморьтын зусланд байрлах 274 м.кв газрын эзэмших эрхийг 10,000,000 төгрөгөөр тус тус шилжүүлэн авах гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээний төлбөрийг 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 10,000,000 төгрөгөөр Ш гэх хүний Хаан банкны тоот дансанд шилжүүлсэн байх бөгөөд зохигчид мөнгө хүлээн авсан, шилжүүлсэн талаар маргаагүй болно.
Хариуцагч нь газар эзэмших эрх нь хүн тус бүр дээр байсан ч дундаа хашаагаар хуваагдаагүй, хоорондоо см-ийн зөрүүгүй, зай байхгүй, 4 айлын газар боловч бүхэлд нь нийлүүлж 40,000,000 төгрөгөөр үнэлсэн болохоос хэмжээ нь өөр байхад хүн тус бүр газраа 10,00й0,000 төгрөгөөр худалдаагүй гэж маргалаа.
Талуудын хооронд байгуулсан гэрээ, тайлбараар тэдний дунд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэв.
Иргэний хуулийн 244 дүгээг зүйлийн 244.1-д Худалдах-худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно гэж заасан бөгөөд талуудын байгуулсан гэрээнд үнийг тус бүр 10,000,000 төгрөг байхаар тохиролцсон байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иас хийлгэсэн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хөрөнгө үнэлсэн тайланг үндэслэжээ. Уг үнэлгээний тайлангаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьтын зусланд байрлах 316 м.кв газрын эзэмших эрхийн зах зээлийн үнэ цэнийг 4,650,000 төгрөг, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьтын зусланд байрлах 345 м.кв газрын эзэмших эрхийн зах зээлийн үнэ цэнийг 5,070,000 төгрөг, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьтын зусланд байрлах 274 м.кв газрын эзэмших эрхийн зах зээлийн үнэ цэнийг 4,030,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.
Энэхүү хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн нэхэмжлэгч нь зах зээлийн үнээс илүү үнээр худалдаж, 16,250,000 төгрөгөөр хохироосон гэж шаардлагаа тодорхойлжээ.
Дээрх хөрөнгийн үнэлгээний тайланд хавсаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Б.Б нэр дээр газар эзэмших эрх 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр, 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр тус тус шилжсэн байх баримт хавсаргасан байх бөгөөд хөрөнгийн байдалтай 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр газар дээр нь очиж үзлэг хийсэн гэж тэмдэглэсэн байна. 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр газар дээр үзлэг хийсэн атлаа хөрөнгийн үнэлгээний тайланг 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гаргасан гэж дүгнэсэн нь зөрчилдөөнтэй байна.
Хариуцагч талаас гэрээний үнийг тохиролцохдоо газар тус бүрээр бүс 4 айлын газар багцаараа 40,000,000 төгрөгийн үнэтэй бөгөөд гэрээнд нотариатч нь тус бүр 10,000,000 төгрөг гэж бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан ба нэхэмжлэгч нь 4 айлын газрыг анх 28,000,000 төгрөгөөр зарна гэсэн боловч гэрээ хийхэд 40,000,000 төгрөг болсон байсан ч уг мөнгөн дүнгээр худалдан авсан талаар маргаагүй. Харин нэг айлын газрын хувьд дээрээ жижиг байшинтай байсан тул 10,000,000 төгрөгөөр худалдан авснаа зөвшөөрч байгаа гэж тайлбарлав.
Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч буюу худалдан авагч нь төлбөрийг төлж, газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан үйл баримтаар хүсэл зоригоо бүрэн илэрхийлж хийсэн гэрээг шүүхээс хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
Харин гэрээний гол нөхцөлийн нэг болох үнийн талаар гэрээ байгуулах үед талуудын хооронд маргаан байгаагүй, нэхэмжлэгчээс газрыг буцаан өгч, төлбөрөө буцаан авах хүсэлгүй байгаа байдлаас худалдан авагч нь гэрээнээс учирсан хохирлоо арилгуулахаар шаардаж байна гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.
Үүрэг гүйцэтгэгч буюу худалдагч нь нэхэмжлэгч талд биет байдлыг болон эрхийн доголдолгүй газар эзэмших эрхийг шилжүүлсэн байх тул худалдагч талыг гэрээгээр хүлээсэн аливаа үүргээ зөрчсөн гэж үзэхгүй.
Иймд учраас гэрээний үүрэг зөрчснөөс хохирол учирсан гэж үзэхгүй.
Гэрээний үнийг талууд сайн дурын үндсэн дээр тохиролцсон, нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч төлбөрийг бүрэн төлсөн, түүнчлэн энэхүү төлбөрт ногдох орлогын албан татварыг хүртэл төлсөн байдлаас Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар 16,250,000 төгрөгийн эд хөрөнгийн бодит хохирол учруулсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан хариуцагч Д.Д, Р.Л, Э.Д нарт холбогдуулан зах зээлийн үнийн зөрүүнд Д.Д 5,350,000 төгрөг, Р.Л 4,930,000 төгрөг, Э.Д 5,970,000 төгрөг, нийт 16,250,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ..
Татварт төлсөн 4,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Б.Бнь хариуцагч Д.Д, Р.Л, Э.Д нараас газар эзэмших эрхийг шилжүүлэн авахдаа тэдний өмнөөс татварт 4,000,000 төгрөг төлсөн тул хариуцагч нараас гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд 1,000,000 төгрөгөөс татгалзаж, харуицагч тус бүрээс 1,000,000 төгрөг гаргуулахыг хүсч, хариуцагч нар нь хууль мэдээгүйн улмаас татварыг нэхэмжлэгчээр төлүүлсэн тул нэхэмжлэгчид 3,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч маргаагүй болно.
Иймд хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагын зөвшөөрсөн хэсэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Д.Дулмаагаас 5,350,000 төгрөг, хариуцагч Р.Л 4,930,000 төгрөг, хариуцагч Э.Д 5,970,000 төгрөг, буюу нийт 16,250,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч татварт төлсөн 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 1,000,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нар нь үлдэх 3,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасныг баримтлан тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 304,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөгийг хуваан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ