Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2022/00112

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2021/01387/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 23 дугаар гудамжны 07 тоотод оршин суух, регистрийн дугаар РЭ.............., Б      А.У,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 1 дүгээр багт оршин суух, регистрийн дугаар РВ          , Д.А

Нэхэмжлэлийн шардлага: Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: А.У,

Хариуцагч: Д.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Д

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.У нь шүүхэд У.А  эцэг Д.Ач  мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргав.

Нэхэмжлэгч А.У нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсны улмаас охин маань надаар овоглосон. Д.А нь оюутан байсан, хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй байна гэсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байсан. Одоо сургуулиа төгссөн боловч охиноо харж хандаж, тусалж дэмждэггүй гэж тодорхойллоо.

Нэхэмжлэгч А.Уранбайгаль нь шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14/134 дугаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багийн Засаг даргын албан тоот, Далайн-Элбэрэлт ӨЭМТ-ийн эмчийн тодорхойлолт, охин У.Анарын төрсний гэрчилгээний хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 226701000473 дугаар Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа зэрэг нотлох баримтуудыг,

Хариуцагч Д.Ачитбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тухай хариу тайлбар, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 226701000480 дугаар Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа зэрэг нотлох баримтуудыг тус тус бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Охин У.Анарын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эрүүл бойжиж буй тодорхойлолт, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 226701000473, 226701000480 дугаар Гэрлэлт бүртгэлгүй лавлагаанууд зэргээр нэхэмжлэгч А.Уранбайгаль, хариуцагч Д.Ачитбаяр нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй бөгөөд дотно харилцаатай байж, тэдний дундаас охин У.Анар төрж, эхээрээ овоглогдсон болох нь тогтоогдож байх ба зохигчид охин У.Анарын төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй.

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д: Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх...хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно. гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д: Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д: эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж, мөн хуулийн 40 дүгээр 40.1-д: Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно: гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д: 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.2-д: 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гэж тус тус заасан тул регистрийн дугаар РЮ15280741, 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, охин Боржигон Уранбайгалийн Анарын эцэг нь Д.Ачитбаяр мөн болохыг тогтоож, сар бүр эцгээс нь тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3: Нэхэмжлэгч төлбөрийн чадваргүй болох нь түүний тайлбар, бусад нотлох баримтаар тогтоогдсон буюу хуульд заасан бусад үндэслэл байвал түүнийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлнө. гэж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д: тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг,... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр, гэж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д: Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, ... нөхөн төлүүлнэ. гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д: эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх ((650.001-1.300.000 төгрөг (20.150 төгрөг дээр 650.000 төгрөгнөөс давсан үнийн дүнгийн 2.4 хувийг нэмнэ.)) гэж, 7.1.2-д: эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70,200 төгрөг гэж тус тус заасан тул нэхэмжлэгч А.Уранбайгаль улсын тэмдэгтийн хураамж 105,537 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.Ачитбаяраас 105,537 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.  Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан регистрийн дугаар РЮ15280741, 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, охин Боржигон Уранбайгалийн Анарын эцэг нь регистрийн дугаар РВ93021433, Шарнууд Даваадэлгэрийн Ачитбаяр мөн болохыг тогтоосугай.

2.  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар регистрийн дугаар РЮ15280741, 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр төрсөн, охин Боржигон Уранбайгалийн Анарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Ачитбаяраас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 105,537 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д тус тус зааснаар хариуцагч Д.Ачитбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 105,537 төгрөгийг гаргуулж, улсын оролгод оруулсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад явуулахыг шүүгчийн туслах О.Өлзийбуянд даалгасугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.3-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хүлээдэг болохыг, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглодог болохыг тус тус мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА