| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2021/03241/И |
| Дугаар | 102/ШШ2022/00077 |
| Огноо | 2021-12-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2022/00077
| 2021 оны 12 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2022/00077 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж, Метро бизнес төв, блок, 5 давхарт байрлах, Харилцаа холбооны зохицуулах хороо /РД: /-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарын хороолол, дугаар байр, тоот хаягт байрлах, Дөл судар ХХК /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 590,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д ХХК нь 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр дугаар албан бичгээр тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлт гаргасныг Харилцаа холбооны зохицуулах хороо хүлээн авч танилцаад 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаатай, 106915 тоот Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулан радио давтамж ашиглах эрх олгосон байдаг. Тус гэрээгээр хариуцагч нь радио зурвас ашиглалтын төлбөрт 90,000 төгрөг, радио нэвтрүүлэгчийн хүчин чадлын төлбөрт 450,000 төгрөг, мөн үйлчилгээний төрөл ангиллын төлбөрт 50,000 төгрөг, нийт дүнгээрээ 590,000 төгрөгийг жил бүрийн 12 дугаар сарын 17-ны өдөр багтаан төлөхөөр тохиролцсон байдаг. Хариуцагч 2015 оны төлбөрийг төлсөн боловч 2016 оны төлбөрийг төлөөгүй тул гэрээг цуцалж, тусгай зөвшөөрлиййг хүчингүй болгосон. Иймд хариуцагчаас Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн төлбөр 590,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн цагдаагийн газраас харуул хамгаалалтын компани ажиллуулахын тулд Харилцаа холбооны зохицуулах хорооноос заавал тусгай зөвшөөрөл ав гэсэн заалт байдаг. Үүний дагуу хүсэлт гаргаад тусгай зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос авсан. Дахин дамжуулах станц гэдгийг заавал авах шаардлагатай, тэгж байж станцыг холбоно гэсэн заалт байсан. Дахин дамжуулах станц нь тухайн үед 2,000,000 төгрөгийн үнэтэй, олдоц тааруу, олсон байхад дахин дамжуулах станцын радио долгион дамжуулах хэрэгслийг өндөр уул эсхүл өндөр байшинд байрлуулж, тухайн сар бүрийн түрээсийг байрлуулсан байранд өгч байж ашиглах журамтай байсан. Үүнээс гадна харуул хамгаалалтын компани эрхэлж байгаа компани машины станцыг авах ёстой байсан. Тухайн үед 280,000 төгрөгийн тэтгэвэртэй байсан миний хувьд санхүүгийн боломжгүй учир болихоор шийдсэн. Цагдаагийн академийн ахлагч нарын сургалтад 1 хүнийг 120,000 төгрөгөөр сургах, 2-3 хүний гэрчилгээ байх ёстой гэсэн шалтгаануудаас үүдэн больсон. Энэ тухай Харилцаа холбооны зохицуулах хорооны 5 давхарт очиж уулзаад хэлсэн. Таны хүсэлтийг ойлголоо гээд явуулсан. 2016 онд Сүнжин гранд зочид буудалд Харилцаа холбооны зохицуулах хорооноос хагас өдрийн санхүүгийн зөвлөгөөн семинар болж, би өөрийн биеэр оролцсон. Учир нь гэрээтэй байсан. Зөвлөгөөний цайны цагаар санхүүгийн ажилтантай уулзаад ашиглаж чадаагүй, энэ мөнгийг буцааж авч болох уу гэж хэлэхэд болно, та завтай үедээ ажил дээр очоод уулзаарай гэсэн. Би 5 удаа очсон. Миний алдаа дандаа амаар ярилцаж байсан учир баримт байхгүй. Станцын богино долгион нь ашиглагддаг уу, үгүй юу гэдгийг хянадаг инженерүүд байдаг. Бүх байгууллагуудыг долгионыг нь ашиглаж байна уу, үгүй юу, хэдий хүчин чадлаар ашиглаж байна зэргийг хянадаг хүмүүс байдаг юм шиг байсан. 590,000 төгрөг тушаагаад байж байтал 2017 оноос дахин 590,000 төгрөгийн нэхэмжлэх шуудангаар ирсэн. Тэр байгууллага надад үйлчилгээ үзүүлээгүй, би үйлчилгээ аваагүй байхад 1,000,000 гаруй төгрөгөөр хохирч байна. Энэ мэтээр үйлчилгээ үзүүлээгүй байж хүмүүсээс мөнгө нэхэж авдаг нь иргэн хүний хувьд шударга бус гэж боддог гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороо нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан 590,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь тусгай зөвшөөрлийг огт ашиглаагүй тул хураамжийг төлөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Дараах үйл баримт тогтоогдлоо.
Д ХХК-ийн 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан тусгай зөвшөөрөл хүсэх тухай хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос хүлээн авч, Д ХХК-д 106915 тоот радио давтамж ашиглах эрхийн бичгийг 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаатай олгож, 106915 тоот радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээг байгуулжээ.
Талуудын хооронд байгуулсан радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээний хугацаа 2 жил, төлбөрийг Хавсралт 1-ээр тогтоосон хэмжээгээр жил бүрийн 12 дугаар сарын 17-ны дотор багтаан Голомт банкны дансанд төлөхөөр тохиролцжээ.
Радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээний Хавсралт 1-д радио зурвас ашиглалтын төлбөр 90,000 төгрөг, радио нэвтрүүлгийн хүчин чадлын төлбөр 450,000 төгрөг, үйлчилгээний төрөл ангиллын төлбөр 50,000 төгрөг буюу радио давтамж, үйлчилгээний нэг жилд ногдох төлбөр 590,000 төгрөг байхаар тогтоосон байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байна.
Гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч нь радио давтамж ашиглах үйлчилгээг худалдсан байх бөгөөд хариуцагч нь гэрээний дагуу үйлчилгээ худалдан авсны төлбөрт 1,180,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.
Дээрх гэрээ, хавсралтыг үндэслэн хариуцагч Дөл судар ХХК нь 2015 онд 590,000 төгрөгийн төлбөр төлсөн бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 02-наас 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөр болох 590,000 төгрөгийг төлөөгүй байна.
Хариуцагч талаас дээрх төлбөрийг радио давтамжийг ашиглаагүй, өмнө төлсөн төлбөрөө буцаан авах талаар хэд хэдэн удаа очиж уулзсан тул хариуцахгүй гэж маргаж байна.
Гэвч хариуцагч нь гэрээг цуцлах талаар бичгээр санал гаргаагүй, тусгай зөвшөөрлийг ашиглахын тулд өндөр үнийн дүнтэй дамжуулах станц авч, байрлуулах, ажилтан сургах, өөр бусад төхөөөрөмж авах шаардлагатай болсон тул худалдан авч чадаагүй, нэхэмжлэгч байгууллага дээр очихдоо гэрээ цуцлах талаар бус төлсөн төлбөрөө буцаан авах талаар уулзсан боловч холбогдох баримтыг бүрдүүлж ир гэхэд нь дахин очоогүй байна.
Иймд хариуцагч нь худалдан авсан үйлчилгээний төлбөрийг ашигласан эсэхээс үл хамаарч төлөх үүрэгтэй тул хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөрт 590,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь хуулийн дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Д ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 590,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороонд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 18,350 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ