| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2021/01286/И |
| Дугаар | 155/ШШ2022/00026 |
| Огноо | 2021-12-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2022/00026
Хэргийн индекс 155/2021/01286/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймаг Мөрөн сумын 14 дүгээр багийн 7 дугаар гудамжны 9 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, БНСУ улс, Сөүл хот, Гандунгү дүүрэг, Саннэ дун хороолол 37-89 дүгээр байрны 102 тоотод оршин суух, регистрийн дугаар РЭ86022509, гадаад паспортын дугаар Е2459339, Эрүүдэн Зоригтын Банзрагчийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймаг Мөрөн сумын 14 дүгээр багийн 7 дугаар гудамжны 9 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, БНСУ улс, Сөүл хот, Янчончу дүүрэг, Жинмүугру хороолол 2-47-3 тоотод оршин суух, регистрийн дугаар РМ86071736, гадаад паспортын дугаар Е2888267, Бэсүд Ганбатын Батпүрэвт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр, нэхэмжлэгч З.Банзрагч /цахим/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Гүнчин-Иш, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Содномдорж, хариуцагч Г.Батпүрэв /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Банзрагч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Зоригт овогтой Банзрагч нь 2007 онд нөхөр Г.Батпүрэвтай танилцаж, үерхэж байгаад 2008 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болсон. 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр охин Б.Мишээл төрсөн. Нөхөр бид 2 тухайн үедээ бие биенээ ойлгож хүндэтгэж хайрладаг байсан. 2015 оноос хойш хувийн зан харьцаанаасаа болж хамт амьдрах боломжгүй болсон. 2015 онд Солонгос улсад ажиллахаар хамт хил гарч ирсэн хэдий ч энд ирээд тус тусдаа амьдарч байгаа. Бид тус тусдаа хамтран амьдрагчтай болсон. бди ярилцаад гэрлэлтээ цуцлуулах шийдэлд хүрсэн. Бидэнд дундын эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй.
Иймд Г.Батпүрэв бид хоёрын гэрлэлтийг цуцалж, охин Б.Мишээлийг эх миний асрамжид үлдээн, эцэг Г.Батпүрэвээс тэтгэлэг гаргуулж өгнө үү. гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Гүнчин-Иш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж оролцож байна. гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч З.Банзрагч нь тус шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан байдаг. Г.Батпүрэвээс гэрлэлтээ цуцлуулах, охин Б.Мишээлийг асрамждаа үлдээж, эцэг Г.Батпүрэвээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хариуцагч Г.Батпүрэв нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэгч З.Банзрагч болон хариуцагч Г.Батпүрэв нар нь тус тусын амьдралтай болсон. Цаашдаа хүүхэдтэй боллоо гэхэд хүүхдийн овгийн асуудал яригдаж, эрх нь зөрчигдөх, хамтран амьдрах боломжгүй болсон учраас гэрлэлтээ цуцлуулах нь зүтэй гэсэн дүгнэлтэд хүрцгээсэн нь тайлбаруудаар нь тогтоогдож байна. Мөн хавтаст хэрэгт бүх материалаа бүрдүүлж өгсөн, шүүхээс охин Б.Мишээлээс хэнтэй амьдрах талаар саналыг асуухад ээж З.Банзрагчтай хамт амьдарна гэж хэлсэн байдаг.
Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж оролцож байна. гэв.
Хариуцагч Г.Батпүрэв шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ганбат овогтой Батпүрэв нь З.Банзрагчийн нэхэмжлэлтэй 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Бид 2015 онд Солонгос улсад ажиллахаар хилээр хамт гарч ирсэн боловч таарамжгүй харилцаанаасаа болоод тус тусдаа амьдарч байгаа. Олон жил тусдаа амьдарч, өөр өөрийн зам мөрийг хөөсөн болохоор эвлэрэх ямар ч боломжгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Б.Мишээлийг маань эхийнх нь асрамжид үлдээж өгнө үү. Би охинтойгоо байнгын харилцаатай байдаг. Охиндоо тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Бид харилцан ярилцаж тохиролцоод шүүхэд хандсан. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөр байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Банзрагч нь хариуцагч Г.Батпүрэвт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2008 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болсныг, 2009 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 65 дугаарт бүртгэсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биенээ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон байна.
Иймд шүүх нэхэмжлэгч З.Банзрагч, хариуцагч Г.Батпүрэв нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Гэрлэгчдийн дундаас 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр охин Бэсүд Батпүрэвийн Мишээл төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Далайн-Элбэрэлт ӨЭМТ-ийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно. гэж заасан ба нэхэмжлэгч З.Банзрагч нь охин Б.Мишээлийг өөрийн асрамжид авахаар шаардахад хариуцагч Г.Батпүрэв хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрсөн, хүүхэд төрсөн цагаасаа эхийнхээ асрамжид байгаа, хүүхдийн насны байдал, хүүхдийн санал зэргийг харгалзан охин Б.Мишээлийг эх З.Банзрагчийн асрамжид үлдээлээ.
Охин Б.Мишээлийг эх З.Банзрагчийн асрамжид үлдээж байгаа нь хүүхэд эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Г.Батпүрэв, эх З.Банзрагч нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ., 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт: Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй., 10 дугаар зүйлийн 10.3 дэх хэсэгт: ... хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй ..., 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: ... хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан байх тул охин Б.Мишээлд сар бүр эцэг Г.Батпүрэвээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно..., гэж мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт: тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг, ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр, гэж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт: Шүүхийн зардлыг ..., нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт: эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх ((650.001-1.300.000 төгрөг (20.150 төгрөг дээр 650.000 төгрөгнөөс давсан үнийн дүнгийн 2.4 хувийг нэмнэ.)) гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт: эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70,200 төгрөг гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Батпүрэвээс 105,537 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.Банзрагчид олголоо.
Гэрлэгчид өөр улсад тус тусдаа амьдраад 6 жил болж байгаа, гэрлэлтээ цуцлуулахаар харилцан тохиролцсон, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, гэрлэгчдэд эвлэрэх хугацаа өгөхгүйгээр гэрлэлтийг цуцалсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар регистрийн дугаар РЭ86022509, Эрүүдэн Зоригтын Банзрагч, регистрийн дугаар РМ86071736, Бэсүд Ганбатын Батпүрэв нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар РЮ12322806, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, охин Бэсүд Батпүрэвийн Мишээлийг эх З.Банзрагчийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар РЮ12322806, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, охин Бэсүд Батпүрэвийн Мишээлийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай, насанд хүрсэн болон хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Батпүрэвээс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Батпүрэвээс 105,537 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.Банзрагчид олгосугай.
5. Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгүүдэд зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах О.Өлзийбуянд даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.3, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хүлээдэг болохыг, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглохыг, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг тус тус мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА