Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2025/00107

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/04926 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2025/00407 дугаар магадлалтай,

 “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“М” ХХК-д холбогдох

 Гэрээний үүрэгт 1,076,988,552 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагчийн өмгөөлөгч И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 1,076,988,552 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/04926 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дахь хэсэгт зааснаар хариуцагч “М” ХХК-иас 1,028,648,979.6 төгрөгийг гаргуулж, “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 48,339,573 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,542,930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас 5,301,195 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2025/00407 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/04926 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бь хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2, 172.2.4 дахь хэсэгт заасныг үндэслэн гомдол гаргаж байна.

“М” ХХК нь Хан-Уул дүүрэг, 2-р хороо хаягт байрлах барилгын карказ угсралтын болон бетон цутгалтын ажлыг “Б” ХХК-аар гүйцэтгүүлэхээр 2013.05.29-ний өдөр “Үйлчилгээ, оффисын барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэх” гэрээг анх байгуулж ажлын хөлсийг нийт 2,100,000,000 төгрөг байхаар тохиролцсон. Улмаар тус үнийн дүн нь тухайн үеийн зах зээлийн ханшнаас өндөр байсныг гэрээ зурсныхаа хожим мэдсэн тул талууд харилцан тохиролцож 2013.06.01-ний өдрийн 04/13 дугаартай “Үйлчилгээ, оффисын барилгын карказ Угсралтын ажил гүйцэтгэх” гэрээг дахин байгуулсан бөгөөд уг гэрээгээр ажлын нийт хөлсийг 1,600,000,000 төгрөг байхаар тохиролцсон.

4.1. Анхан болон давж заалдах шатны шүүх 2013.06.01-ний өдрийн “Үйлчилгээ, оффисын барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэх” гэрээг халхавч хэлцэл гэж дүгнэсэн тухайд.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл”-ийг Улсын дээд шүүхийн тогтоолд тайлбарлахдаа тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж тайлбарласан байдаг.

Мөн дээд шүүхийг тогтоолд “хүсэл зориг” гэж тодорхой этгээдийн иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох буюу хэлцэл хийх эрмэлзлийг хэлэх бөгөөд уг эрмэлзлийн гадаад илрэлийг “хүсэл зоригийн илэрхийлэл” гэж ойлгодог. Нэг этгээдийн хүсэл зоригийн илэрхийллээр хийгдсэн хэлцэл зөвхөн хуульд зааснаар эсхүл харилцан тохиролцсоноор нөгөө этгээдэд эрх, үүрэг үүсгэдэг. Хэлцэл хийх хүсэлтэй этгээдийн уг эрмэлзлээ илэрхийлсэн байдлыг нөгөө тал ойлгож, утга санааг нь ухамсарласан тохиолдолд “хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан” гэж үздэг гэж тайлбарласан байна.

Энэ нөхцөл байдалд гэрээний нэг хүсэл зоригоо илэрхийлж, нөгөө тал хүлээн авч 2013.06.01-ний өдрийн 1,600,000,000 төгрөгийн гэрээг байгуулсан буюу “Б” ХХК-г төлөөлж захирал Э, “М” ХХК-г төлөөлж захирал Б нар нь тус гэрээнд гарын үсэг зурж, компанийн тамгыг дарснаар үнийг дахин тохирч, өмнөх гэрээг цуцалж, шинэ гэрээ байгуулсан болох нь нотлогдож байна.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, өмнөх гэрээг дуусгавар болсон талаар харилцан тохиролцсон баримт байхгүй гэх үндэслэлээр 1,600,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг 2,100,000,000 төгрөгийн үнэ бүхий гэрээг халхавчлах зорилгоор байгуулсан хүчин төгөлдөр бус гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Мөн хуульд заасан үндэслэл журмын дагуу хүсэл зоригоо илэрхийлж хийсэн хэлцэл байсаар байтал ийнхүү өмнөх гэрээнээс татгалзаагүй гэх нь үндэслэлгүй, талуудын хооронд хийсэн хэлцлийг халхавч гэж үзэх баримтгүй, нэхэмжлэгч тал Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар 2013.06.01-ний өдрийн “Үйлчилгээ, оффисын барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэх” 1,600,000,000 төгрөгийн гэрээг халхавч хэлцэл биш гэдгийг хуулийн дагуу нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, мөн уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах ямар нэгэн нэхэмжлэл болон шаардлага гаргаагүй байхад халхавч хэлцэл гэж дүгнэж буй нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

4.2. Хянавал хэсгийн 6.2-т “...дугаартай захирамжаар барилгын карказ угсралтын ажлын тухай үеийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоох шинжээч томилуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан бөгөөд хариуцагч тал анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэх хүртэл дахин энэ талаар хүсэлт гаргаагүй тул шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж дүгнэхгүй юм” гэж дүгнэсэн тухайд.

Барилгын тухай хуулийн 24-р зүйлийн 24.1-т “Барилга байгууламжийн төсвийн тооцоо хийх, төлөвлөх, батлах, хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална: батлагдсан зураг төсөлд үндэслэсэн байх, барилга байгууламжийн байршил, байгаль, цаг уурын нөхцөл, газар чөлөөлөх асуудлыг тусгасан байх, барилгын үнэ бүрдэл, төсвийн норм, нормативын баримт бичиг, дүрэм, заавар, аргачлалыг удирдлага болгосон байх” гэж, мөн 24.6-т “Барилгын үнэ бүрдлийн дүрэм, төсөв зохиох аргачлалыг барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж тус тус заасны дагуу барилга барих үнэлгээг тогтооход тусгайлан гаргасан дүрэм, журмаар тооцоолж гаргахаар заасан байдаг.

“М” ХХК-ийн зүгээс хариу тайлбараа нотлох үүднээс 2013.06.01-ний өдрийн “Үйлчилгээ, оффисын барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэх” гэрээнд заасан барилгын карказ угсралтын ажлыг тухайн үеийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан ч шүүгч хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэн хүсэлтийг хангаагүй. Нэгдүгээр хавтаст хэргийн 248-р талд 2024.05.29-ны өдрийн 183/Ш322024/12326 дугаартай шүүгчийн захирамж байх ба уг захирамж нь ИХШХШтХ-ийн 170-р зүйлийн 170.1-д заасан гомдол гаргах эрхгүй захирамж юм. Нэгэнт хангахаас татгалзсан, гомдол гаргах эрхгүй захирамж гарсан байхад хүсэлтийг дахин гаргах байсан гэх нь үндэслэлгүй ба анхан шатны шүүх ИХШХШтХ-ийн 172-р зүйлийн 172.2.2.-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна.

4.3. Хянавал хэсгийн 6.1-т “...хариуцагч байгууллага нь шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар гомдол гаргасан боловч энэ үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар бичгээр гарган маргаж, мэтгэлцээний байр суурь илэрхийлээгүй” гэж дүгнэсэн тухайд.

Нэгдүгээр хавтаст хэргийн 16-р талд 2020.07.28-ны өдрийн баримт хэргийн материалд авагдсан байх ба анхан болон давж заалдах шатны шүүх уг баримтыг “санхүүжилтийн тооцоо болохоос тооцоо нийлсэн акт биш юм” гэж дүгнэсэн.

Манай талаас давж заалдах шатны гомдолд хэрэв 2020.07.28-ны өдрийн баримтыг тооцоо нийлсэн акт биш гэж үзвэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил”, 75.2.2-т “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил”, 76-р зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, 76.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан,... үеэс үүснэ”, 79-р зүйлийн 79.1-т “тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж тус тус заасны дагуу шаардах эрх тасалдсан гэж үзэхгүй тул дээрх гэрээнүүдийн үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж маргасан.

2020.07.28-ны өдрийн баримтад хоёр талын нягтлан бодогчид тооцоо нийлэн үйлдсэн баримт юм. Уг баримтад “М” ХХК нэхэмжлэгч компанид ямар нэгэн өр төлбөртэй гэх тэмдэглэл байхгүй, уг баримтад талуудын нягтлан бодогч нар тооцоо нийлсэн хэмээн бичиж гарын үсэг зурсан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.3-т “анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог” гэж заасан байдаг. Шүүх нь уг баримтыг анхан шатны баримт буюу тооцоо нийлсэн акт гэж дүгнээгүй атал сүүлд үнэлж буй баримт нь 2015 оны баримт байхад хөөн хэлэлцэх хугацааны талаар хариуцагч тал гомдол гаргахад хүлээж аваагүй.

Талууд нь хөөн хэлэлцэх хугацааны талаар хэдийд ч маргах эрхтэй байдаг ба шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар бичгээр гарган маргаж, мэтгэлцээний байр суурь илэрхийлээгүй гэх нь ИХШХШтХ-ийн 40-р зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 166-р зүйлийн 166.4-т “давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэснийг тус тус зөрчсөн байна. Энэ нь ИХШХШтХ-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх үндэслэлд хамаарч байгаа болно.

4.4. Хянавал хэсгийн 4.2-т “...2015.02.28-ны тооцоо нийлсэн актууд нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.3, 13-р зүйлийн 13.5 дахь хэсэгт нийцсэн байхаас гадна нотлох баримт үнэлэх зарчим зөрчөөгүй байна” гэж дүгнэсэн тухайд.

Нэгдүгээр хавтаст хэргийн 193-р талд 2015.02.28-ны өдрийн тооцоо нийлсэн акт, 197-р талд 2015.02.28-ны өдрийн тооцоо нийлсэн акт байх ба уг баримтууд дээр хариуцагч талын тамга, гарын үсэг байхгүй. 2015 оны болон 2001 оны Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиудад анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно гэж заасан байхад тамга тэмдгийг харгалзаж үзэлгүйгээр нотлох баримтыг үнэлж хуульд нийцсэн хэмээн дүгнэсэн нь илт үндэслэл муутай байгаа ба мөн ИХШХШтХ-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх үндэслэлд хамаарч байгаа болно.

4.5. Хянавал хэсгийн 4.5-т “..хэргийн 2хх-ийн 17-50 дугаар талд “Б” ХХК- ийн 2013, 2014 оны санхүүгийн тайлан авагдсан байх ба харин талууд гэрээний үлдэгдэл төлбөрийг 2015 онд тооцооны үлдэгдлийн баталгаагаар баталгаажуулснаас гадна санхүүгийн тайланд авлагыг тусгаагүй нь хариуцагч байгууллагын гэрээний үүрэг гүйцэтгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн тухайд.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, 14-р зүйлийн 14.4-т “Нягтлан бодох бүртгэлд дараах зүйлсийг заавал бүртгэнэ: 14.4.2.бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлага”, 8-р зүйлийн 8.4- т “Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна.” гэж тус тус заасан байдаг.

Харин “Б” ХХК-ийн 2013, 2014 оны санхүүгийн тайланд дансны болон бусад авлагад “М” ХХК-аас авах авлага тусгагдаагүй. /2-р XX, 22-р тал болон 39-р тал/. Тусгагдаагүй шалтгаан нь 2014 онд “М” ХХК нь “Б” ХХК-д гэрээтэй холбоотой барагдуулах төлбөр байхгүй гэдгийг нотолж байна.

Аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодох бүртгэл нь үнэн зөв байх зарчимд суурилж, санхүүгийн тайлангаа гаргах үүрэгтэй бөгөөд “Б” ХХК-ийн нягтлан бодогч Х нь байгууллагын ахлах нягтлан бодогчийн хувьд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.2.3-т зааснаар “холбогдох олон улсын стандарт, эрх бүхий төрийн байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, заавар, энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах” үүрэгтэй.

Хэрэв “М” ХХК нь “Б” ХХК-д 2014 онд ямар нэгэн өр төлбөр үлдсэн байсан бол нягтлах бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн жил тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно” гэж заасны дагуу “Б” ХХК нь санхүүгийн тайландаа тусгах байсан.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд даргалагч шүүгч магадлалыг амаар танилцуулахад: “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль нь зөвхөн татварт зориулсан хууль тул” гэж тайлбарласан.

Дээрх хуулийн зорилт нь нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргах, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан байдаг.

“Б” ХХК-ийн нягтлах бодогчоос гэрчийн мэдүүлэг авсан ба уг мэдүүлэгтээ “мөнгөн суурь дээр тулгуурлаад явчихсан учраас хэт их өндөр авлага тавьчихаар санхүүгийн тайлан баланс дээр асуудал үүсдэг” хэмээн мэдүүлсэн.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.1-т “нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь” гэж мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг” хэмээн заасан байх ба “Б” ХХК нь дээр дурдсан заалтуудын алийг нь ч мөрдөлгүй, хууль зөрчиж, татвараас зайлсхийн үйл ажиллагаа явуулж байна. Энэ нөхцөл байдлыг анхан болон давж заалдах шатны шүүх харгалзаж үзэлгүй авлагыг тусгаагүй нь харилцагч байгууллагын гэрээний үүрэг гүйцэтгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний ноцтой зөрчил гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-ийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2025.05.08-ны өдрийн 001/ШХТ2025/00508 дүгээр тогтоолыг гаргажээ.

 ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 7. Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 1,076,988,552 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...“Б” ХХК нь “М” ХХК-тай 2013.05.29-ний өдөр “Үйлчилгээ, оффисын барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд баригдах барилгын В1-9 давхар хүртэл нийт 10 давхар барилгын карказ болон бетон цутгалтын ажлыг гүйцэтгэх, уг ажлын хөлсийг 2,100,000,000 төгрөгөөр тохирч, урьдчилгаа 200,000,000 төгрөг, үлдэгдэл төлбөрийг ажлын гүйцэтгэлийн хуваарийн дагуу олгохоор харилцан тохиролцсон.

Дээрх гэрээний төлбөрт “М” ХХК нь 1,950,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд 2015.01.01, 2015.02.28-ны өдөр тус тус тооцоо нийлэхэд 150,000,000 төгрөгийн төлбөртэй гарсан.

Мөн 2014.05.07-ны өдөр “Үйлчилгээ, оффисын барилгын карказ угсралт, бетон цутгалтын ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ”-г байгуулж, дээрх барилгын 10-12 давхрын карказ болон бетон цутгалтын ажлыг хийж гүйцэтгэхээр, ажлын хөлсийг 347,270 ам.доллар байхаар харилцан тохиролцсон. Тус гэрээний төлбөрийн үлдэгдлийн талаар 2015.01.01, 2015.02.28-ны өдөр тус тус тооцоо нийлэхэд “М” ХХК нь 192,172.81 ам.доллар төлж, 155,097.19 ам.долларын өртэй болохыг баталгаажуулсан.

Дээрх 2 гэрээнд төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн бол алданги төлөхөөр тохирсон тул 2015.03.01-ний өдрөөс 2023.10.06-ны өдрийг хүртэл хугацаанд 2013.05.29-ний өдрийн гэрээний алданги 75,000,000 төгрөг, 2014.05.07-ны өдрийн гэрээний алданги 77,548.6 ам.доллар тооцогдоно.

Мөн захиалагч “М” ХХК-ийн хүсэлтээр техникийн давхарт хийгдсэн нэмэлт ажлыг 14,000 ам.доллараар гүйцэтгэхээр амаар харилцан тохиролцож, ажлыг бүрэн гүйцэтгэсэн ба энэ талаар тооцоо нийлсэн баримтад тусгасан.

Иймд 2013.05.29-ний өдрийн гэрээний төлбөр болон алданги нийт 225,000,000 төгрөг, 2014.05.07-ны өдрийн гэрээний төлбөрийн үлдэгдэл болон алданги нийт 232,645.79 ам.доллар, нэмэлт ажлын хөлс 14,000 ам.доллар, нийт 1,076,988,552 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан,

Хариуцагч хариу тайлбартаа: “...2013.05.29-ний өдрийн гэрээний ажлын хөлс зах зээлийн ханшаас өндөр байсан учир дахин 2013.06.01-ний өдөр 04/13 дугаартай “Үйлчилгээ, оффисын барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, ажлын хөлсийг 1,600,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон.

Дээрх ажлын хөлс 1,600,000,000 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан. Үүнийг 2020.07.28-ны өдрийн гэрээний гүйцэтгэл хийгдсэн санхүүжилтийн тооцооноос харах боломжтой.

Мөн 2014.05.07-ны өдрийн “Үйлчилгээ, оффисын барилгын карказ угсралт, бетон цутгалтын ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ”-ний ажлын хөлс 347,270 ам.долларыг хариуцагч тал бүрэн барагдуулж, Монгол банкны ханшаар бодвол 390,712.63 ам.долларыг төлсөн.

Нэхэмжлэгч нь техникийн давхарт хийгдсэн нэмэлт ажлын хөлсийг 14,000 ам.доллар байхаар амаар харилцан тохиролцсон, ажлыг бүрэн гүйцэт хийсэн гэх боловч уг гэрээгээр ямар ажил тохирсон, гүйцэтгэсэн эсэх талаар нотлох баримт байхгүй, энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй байна.

“М” ХХК нь нийт 2,300,000,000 төгрөгийг төлж, ажил гүйцэтгэх гэрээнүүдийн төлбөрийг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргасан.

7. Анхан шатны шүүх: “...2013.05.29-ний өдрийн гэрээний үнийн дүнг 2,100,000,000 төгрөгөөр тохирсон болох нь 2015.01.01-ний өдрийн тооцоо нийлсэн актаар нотлогдоно. ...гэрээний 1.5.8-д зааснаар үлдэгдэл 150,000,000 төгрөгийн алданги 75,000,000 төгрөг, нийт 225,000,000 төгрөгийг хангах үндэслэлтэй. ...2014.05.07-ны өдөр ам.долларын гэрээ байгуулагдсан, ...гэрээний үлдэгдэл 155,097.19 ам.долларт гэрээний 1.5.7-д зааснаар алданги тооцоход 77,548.6 ам.доллар байх тул нийт 232,645.79 ам.доллар төлнө. ...Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.2-т зааснаар 232,645.79 ам.долларыг нэхэмжлэл гаргах үе буюу 2023.10.12-ны өдрийн Монгол банкны ханш 3,454.39 төгрөгөөр тооцож нийт 803,648,979.6 төгрөгөөр тогтов. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч “М” ХХК-аас 803,648,979.6+225,000,000=1,028,648,979.6 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Б” ХХК-д олгоно. ...“Б” ХХК аман гэрээгээр тохирсон 14,000 ам.доллар шаардах боловч нэхэмжлэлийн энэ шаардлагаа нотлоогүй...” гэж дүгнэсэн.

Давж заалдах шатны шүүх: “.....талуудын 2013.06.01-ний өдөр байгуулсан В1-9 давхар буюу 10 давхар барилгын карказ болон бетон цутгалтын ажлыг 1,600,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохирсон гэрээ хэрэгт /1хх-ийн 65-67/ авагдсан боловч тус гэрээ нь тооцоо нийлсэн баримтуудыг үгүйсгэж чадаагүй тул энэ талаарх шүүхийн дүгнэлт Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт нийцсэн байхаас гадна нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй байна. ...хариуцагч ажлын төлбөрт нийт 2,300,000,000 төгрөг төлсөн болохыг баталгаажуулсан нь 2020.07.28-ны өдрийн тооцооны баримтад тусгасан санхүүжилтийн үнийн дүнтэй тохирч байна. ...Хариуцагч нь 2014.06.10-ны өдрөөс хойш мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэсэн гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй талаарх шүүхийн дүгнэлт зөв, ...анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлж, гэрээний үнэ болон хариуцагч байгууллагын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, ...алдангийн тохиролцоо хууль зөрчөөгүй, ...гадаад валютын ханшийг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцсон нь зөв байна...” гэж дүгнэн, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

8. Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

9. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн талууд 2013.05.29-ний өдөр “Үйлчилгээ, оффисын барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Б” ХХК нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд баригдах Үйлчилгээ, оффисын зориулалттай барилгын В1-9 давхар нийт 10 давхар барилгын карказ угсралтын болон бетон цутгалтын ажлыг цогцоор нь хийж гүйцэтгэх, хариуцагч “М” ХХК нь ажлын хөлсөнд 2,100,000,000 төгрөгийг төлөх үүргийг, мөн 2014.05.07-ны өдөр “Үйлчилгээ, оффисын барилгын карказ угсралт, бетон цутгалтын ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ” байгуулж, барилгын 10-12 давхрын нийт 3,157 м.кв талбайн карказ угсралтын болон бетон цутгалтын ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч нь ажлын хөлс 347,270 ам.долларыг төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Гэрээний дагуу нэхэмжлэгч нь ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн, ажлын хөлсөнд нийт 2,300,000,000 төгрөгийг хүлээн авсан, 2015.01.01-ний өдөр тооцоо нийлсэн актаар эхний гэрээний ажлын үлдэгдэл төлбөр 150,000,000 төгрөг, нэмэлт гэрээний үлдэгдэл төлбөр 155,097.19 ам.доллар болохыг тус тус баталгаажуулсан үйл баримт тогтоогдсон.

Харин нэхэмжлэгчээс захиалагчийн хүсэлтээр техникийн давхарт хийгдсэн нэмэлт ажлыг 14,000 ам.доллараар гүйцэтгэхээр амаар тохиролцож, ажлыг бүрэн гүйцэтгэсэн үндэслэлээр дээрх төлбөрийг гаргуулахаар шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн энэ шаардлага баримтаар нотлогдоогүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгджээ.

10. Зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуулийн шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д тус тус нийцсэн байна.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээхээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зохицуулсан.

Нэхэмжлэгч гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, захиалагч ажлыг хүлээн авсан үйл баримттай зохигч маргаагүй тул хариуцагч ажлын хөлсийг төлөх үүрэгтэй.

Талуудын тооцоо нийлсэн 2015.01.01-ний өдрийн актаар гэрээний үлдэгдэл төлбөрийг харилцан тохиролцож баталгаажуулсан байх тул 2013.05.29-ний өдрийн гэрээний үлдэгдэл төлбөр 150,000,000 төгрөг, 2014.05.07-ны өдрийн гэрээний үлдэгдэл төлбөр 155,097.19 ам.долларыг хариуцагч төлөх үүрэгтэй.

Энэ үндэслэлээр хоёр шатны шүүх гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн байна.

11. Хариуцагчаас “...талууд 2013.05.29-ний өдрийн гэрээгээр ажлын хөлсийг 2,100,000,000 төгрөгөөр тохиролцсон нь тухайн үеийн зах зээлийн үнийн ханшаас өндөр тогтоогдсон байсан тул 2013.06.01-ний өдөр 04/13 дугаартай гэрээ байгуулж, ажлын хөлсийг 1,600,000,000 төгрөгөөр тохиролцсон, ...энэ гэрээ хуульд заасан шаардлага хангасан байхад “халхавч хэлцэл” гэж дүгнэж буй нь үндэслэлгүй, ...шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй...” гэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх 2013.06.01-ний өдрийн гэрээг 2013.05.29-ний өдрийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзээгүй бөгөөд харин нэхэмжлэгчээс 2,100,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг халхавчилж хийсэн гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан 2013.05.29-ний өдрийн гэрээгээр зохигч ажлын хөлсийг 2,100,000,000 төгрөгөөр тохирсон, гэрээний энэ үнийн дүн 2014.05.07-ны өдрийн нэмэлт гэрээгээр тохирсон ажлын хөлсний үнийн дүнтэй нийцэж байгаа, түүнчлэн 2015.01.01-ний өдөр Тооцооны үлдэгдлийг баталгаажуулахдаа гэрээний үнийн дүнг 2,100,000,000 төгрөгөөс тооцож, үлдэгдэл төлбөрийн хэмжээг тогтоосон байна.

Талуудын 2020.07.28-ны өдрийн Талуудын нийт гэрээнүүдийн гүйцэтгэлд хийгдсэн нийт санхүүжилтийн тооцоо гэх баримт нь хариуцагчаас  ажлын хөлсөнд нийт 2,300,000,000 төгрөг төлснийг баталгаажуулсан санхүүжилтийн баримт гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, өөрөөр хэлбэл, тухайн баримтаар талуудын тооцоог харилцан дүгнээгүй болно.

Түүнчлэн талуудын 2015.02.28-ны өдрийн Тооцоо нийлсэн баримтын дор бичигдсэн “...2.1 тэрбумын гэрээ анх хийгдэж, дараа дахин ярилцан 1.6 тэрбум болгосон бөгөөд үнийн зөрүү болох 0.5 тэрбумын НӨАТ-ын тооцоо /45 сая төгрөг/ хийгдэх ёстой байгаа. Үүнийг хэрхэх талаар захирлуудаас шийдвэрийг нь асуух...” гэсэн тайлбар 2015.01.01-ний өдрийн Тооцоо нийлсэн баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй тул дээрх баримтыг үнэлээгүй талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Иймд 2013.05.29-ний өдрийн гэрээгээр тохирсон ажлын хөлс 2,100,000,000 төгрөгийг  2013.06.01-ний өдрийн гэрээгээр 1,600,000,000 төгрөг болгож багасгасан үндэслэлээ хариуцагч нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, дээрх гэрээ нь нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон хэрэгт цугларсан баримтыг үгүйсгэж чадаагүй байна гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй гэж үзнэ.

Дурдсан үндэслэлээр 2013.06.01-ний өдрийн 04/13 дугаартай гэрээ, 2015.02.28-ны өдрийн Тооцоо нийлсэн актыг үнэлээгүй талаарх хариуцагчийн гомдлыг хангахгүй.

12. Түүнчлэн хариуцагчаас “...талууд хөөн хэлэлцэх хугацааны талаар хэдийд ч маргах эрхтэй байдаг, гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар мэтгэлцээний байр суурь илэрхийлээгүй гэх үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн...” гэжээ.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.

Зохигчийн хооронд байгуулагдсан 2013.05.29-ний өдрийн гэрээний 1.5.5-д зааснаар хариуцагч нь сүүлийн санхүүжилтийг барилга хүлээн авсны дараа төлөх үүрэг хүлээсэн байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд баригдсан барилгыг 2016.07.22-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комисс хүлээж авсан.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, 38.7-д нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө гэж мэтгэлцэх зарчим, талуудын үүргийг тус тус зохицуулсан.

Хариуцагч нь нэхэмжлэлийг гардаж авсан 2023.12.19-ний өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн 2024.11.25-ны өдрийн хооронд буюу анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан эхлэх хүртэл, улмаар шүүх хуралдааны зохигч, оролцогч мэтгэлцэх зарчим хэрэгжих явцад хөөн хэлэлцэх хугацааны талаар мэтгэлцээгүй тул шүүх өөрийн санаачилгаар хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийх боломжгүй юм.

Харин шүүх хуралдааны төгсгөлд хариуцагчийн өмгөөлөгчөөс хөөн хэлэлцэх хугацааны талаар хэлсэн тайлбарт зохигч мэтгэлцээгүй тул шүүх талуудын зарчимд үндэслэн шийдвэр гаргасныг буруутгахгүй, дээрх үндэслэлийг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан нөхцөл байдал бий болсон гэж үзэхгүй.

Иймд хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

13. Алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах анзын нэг төрөл бөгөөд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, анзын гэрээг бичгээр хийнэ, хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.4, 232.6-д тус тус зохицуулсан.

Зохигч гэрээгээр хүлээсэн үүргийг хугацаанд нь биелүүлэхгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон байна.

Хариуцагч нь 2014.06.10-наас хойш ажлын хөлсийг төлөөгүй тул нэхэмжлэгчээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд гэрээнд заасан хэмжээгээр алданги тооцоход анзын нийт дүн төлбөрийн 50 хувиас хэтэрсэн тул энэ хэмжээгээр хязгаарлан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

Тухайлбал, 2015.01.01-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаагаар 2013.05.29-ний өдрийн гэрээний үлдэгдэл төлбөр 150,000,000 төгрөг байх тул алдангийг 75,000,000 төгрөгөөр, 2014.05.07-ны өдрийн нэмэлт гэрээний үлдэгдэл төлбөр 155,097.99 ам.доллар тул алдангийг 77,548.6 ам.доллараар тус тус тооцсон нь зөв.

Дээрх хоёр гэрээний үлдэгдэл төлбөрт 50 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцож, хариуцагчаас гаргуулах, ингэхдээ гадаад валютыг нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ханшаар тооцож шийдвэрлэсэн нь шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.

Нэхэмжлэгч нь гадаад валютын ханшийг үүрэг үүссэн үеийн ханшаар тооцож нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д нийцсэн байна.

Анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтыг шийдвэрт 218 дугаар зүйлийн 218.2 гэж алдаатай бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

14. Хариуцагчаас хариу тайлбараа нотлох зорилгоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж зохицуулсан.

Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгчөөс “...барилгын карказ угсралтын тухайн үеийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгох хүсэлт...” гаргажээ.

Нэхэмжлэгч нь зохигчийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөр тооцоог баталгаажуулсан тухайн үеийн баримтыг үндэслэн нэхэмжлэл гаргасан ба ажлын үнэлгээний талаар тооцоо нийлэх үед зохигч маргаагүй байсан тул шүүгч хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ “...хүсэлт нь хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй, өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан гэрээний зах зээлийн үнэ ханшийг тогтоох нь хэрэгт ач холбогдолгүй...” гэж өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх боломжгүй.

15. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, маргааны үйл баримтад холбогдох хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хоёр шатны шүүх хэрэгт хамааралтай баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

16. Дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/04926 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2025/00407 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-ийн гомдлыг хангахгүй орхисугай. 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “М” ХХК-аас 2025.04.04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,301,194.90 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД