Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2020/0733

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2020/0733

Улаанбаатар хот

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “Ч” ХХК

Хариуцагч: Хадгаламжийн даатгалын корпорацийн ахлах хянан шалгагч, улсын байцаагч П.С

Гомдлын шаардлага: “Хадгаламжийн даатгалын корпорацийн ахлах хянан шалгагч, улсын байцаагч П.Сын гаргасан 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч П.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нар оролцов.

                                ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “Ч” ХХК-ийн төлөөлөгч Э.Г шүүхэд гаргасан гомдолдоо: “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дараах гомдлыг гаргаж байна.

Хадгаламжийн даатгалын корпорацийн ахлах хянан шалгагч, улсын байцаагч П.Сын 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн ******* тоот Шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана" гэж заасны дагуу шийдвэрт тусгасан хууль зүйл заалтыг тусгахдаа алдаатай тусгасан байгаа нь дээрх хуульд заасан “тогтоогдож буй нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл" гэж заасантай зөрчилдөж байна.

Мөн уг харилцааг зохицуулж буй гол хууль болох Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн зүйл заалтыг бичихдээ алдаатай байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасан илт хууль бус захиргааны акт байх тул илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хадгаламжийн даатгалын корпорацийн эрх бүхий албан тушаалтан болох улсын байцаагч П.С нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.28-т зааснаар өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд “Чингис хаан” банкны мөнгөн хадгаламжийн даатгалын улирлын хураамж болох 2020 оны 1 дүгээр улирлын хураамж 136.900.151 төгрөг, 2020 оны 2 дугаар улирлын хураамж 99.547.117 төгрөг, нийт 236.447.268 төгрөгийг төлөөгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлийн 5-д заасныг үндэслэн №******* дугаар шийтгэлийн хуудсаар Чанд нийт 14.135.040.0 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан.

Ийнхүү Чны гаргасан зөрчилд торгуулийн шийтгэл
оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-
т заасны дагуу шийтгэлийн хуудсанд зохих шаардлагатай мэдээллүүдийг тусган
бөглөж, эрх бүхий албан тушаалтнаар хянан баталгаажуулснаар мөн хуулийн
7.2 дугаар зүйлийн 6-т заасан хугацаа, журмын дагуу танилцуулсан.

Хадгаламжийн даатгалын корпорацийн улсын байцаагч нь холбогдох хууль тогтоомжоор өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн захиргааны акт гаргасныг Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасан “...утга агуулгын илэрхий алдаатай" гэж үзэх эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй, хууль зүйн үндэслэлтэй байх тул Чны гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, зөрчлийн хэргийн баримтууд зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах үндэслэлээр гомдол гаргагч “Ч” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хадгаламжийн даатгалын корпорацийн ахлах хянан шалгагч, улсын байцаагч П.С 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаар бүхий шийтгэлийн хуудсаар “Ч” ХХК-ийг “...хадгаламжийн даатгалын хураамжийг хугацаандаа төлөөгүй...” Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 12.5 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзэж 14,135,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулан, Хадгаламжийн даатгалын корпорацийн хяналт шалгалтын орлогын дансанд төвлөрүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ.

 Зөрчлийн тухай хуульд 11 дүгээр зүйлийн 12.5 дахь хэсэг гэх заалт байхгүй бөгөөд харин 11.12 дугаар зүйлийн 5-д  “Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооноос баталсан хадгаламжийн даатгалын хураамжийн журмын дагуу хуульд заасан хураамжийг төлөөгүй, эсхүл төлбөл зохих хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг гүйцэтгээгүй дүнгээс Монголбанкны бодлогын хүү дээр 5 хувийг нэмсэн хувиар үржүүлсэн дүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Түүнчлэн Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Банкны тухай хуулийн 6.1.1, 6.1.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий банк хадгаламж эзэмшигчийн хадгаламжийг энэ хуульд заасны дагуу хадгаламжийн даатгалд заавал даатгуулж, даатгалын хураамж төлнө”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Банк хадгаламжийн даатгалын хураамж /цаашид “хураамж” гэх/-ийг Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооноос баталсан хадгаламжийн даатгалын хураамжийн журмын дагуу Хадгаламжийн даатгалын корпорацид төлнө”, 13.6-д “Улирлын хураамжийг төлөх хугацааг Хадгаламжийн даатгалын корпорацийн нэхэмжлэлд заана” гэж тус тус заасан байна.

Гомдол гаргагч нь уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн зүйл заалтыг алдаатай бичсэн,...илт хууль бус захиргааны акт...” гэж тодорхойлсныг хариуцагчаас “...хуульд заасны дагуу шийтгэлийн хуудсанд зохих шаардлагатай мэдээллүүдийг тусган бөглөж, эрх бүхий албан тушаалтнаар хянан баталгаажуулсан,...өөрт олгогдсон эрхийн хүрээнд гаргасан...зөрчил гаргасан нь тогтоогдсон” гэж тайлбарлан маргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Хадгаламжийн даатгалын корпорацийн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 1/19 дүгээр “Хураамж нэхэмжлэх тухай” албан бичгээр Чанд хандаж, хадгаламжийн даатгалын 1 дүгээр улирлын хураамж 136,900,151 төгрөгийг 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн дотор шилжүүлэхийг мэдэгдэн, хураамжийн тооцооллыг хавсралтаар хүргүүлсэн байх бөгөөд “Ч” ХХК-иас 2020 оны 02 дугаар сарын 03-ний өдрийн ГЗ/74 дүгээр албан бичгээр мөн улирлын хураамж болох 136,900,151 төгрөгийн үлдэгдэлтэй, төлбөрийн хугацааг сунгаж өгөхийг хүссэн,

Хадгаламжийн даатгалын корпорацийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А-1/******* дугаар албан бичгээр “Ч” ХХК-иас 2 дугаар улирлын даатгалын хураамж 99,547,117 төгрөгийг шилжүүлэхээр нэхэмжилсэн,

Тус корпорацийн ахлах хянан шалгагч, улсын байцаагч П.С нь 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 04/01 дугаар бүхий “Хадгаламжийн даатгалын хураамж саатуулсан тухай” Улсын байцаагчийн акт үйлдэж,  2020 оны 1 дүгээр улирлын хураамж болох 136 900 151 төгрөг, 2 дугаар улирлын хураамж 99 547 117 төгрөг, торгууль 14 135 040 төгрөг, учруулсан хохирол 9,2554,253 төгрөг, нийт 259,836,561 төгрөг төлөгдөөгүй байгааг тэмдэглэн торгуулийн 14 135 040 төгрөгийг Монголбанкны хяналт шалгалтын орлогын дансанд шилжүүлэхийг мэдэгдсэн үйл баримтууд тус тус тогтоогдов.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ ..., зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл...-ийн талаар тусгана" гэж заасан боловч хариуцагч маргаан бүхий  Шийтгэлийн хуудсанд “...Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйл”-ийг зөрчсөн гэсэн нь агуулгын хувьд ойлгомжгүйн дээр Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 12.5 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн, тухайн зүйл заалт хуульд заагдаагүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “захиргааны акт бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” шаардлагад тус тус нийцэхгүй байна гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ”, мөн зүйлийн 11 дэх хэсэгт “Хууль ёсны төлөөлөгч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад төлөөлж байгаа оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ”, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” эрх бүхий албан тушаалтан хууль ёсны төлөөлөгчөөр томилохоор тус тус заасан.

Гэтэл хариуцагчаас зөрчлийг шалган тогтоох ажиллагаа явуулахдаа Улсын байцаагчийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 04/01 тоот акт, болон Улсын байцаагчийн мэдэгдэлд Чны Гүйцэтгэх захирал Э.Г, Санхүү хариуцсан Дэд захирал Э.Х нар танилцаж гарын үсэг зурсан, Улсын байцаагчийн актын тайлбарыг тус банкны Санхүү эрхэлсэн Дэд захирал Э.Х гаргасан зэргээр тухайн хуулийн этгээдийг хэн төлөөлж байгаа нь тодорхойгүй байхад холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилох ажиллагааг хийгээгүй нь дээр дурдсан хуулийн заалтыг зөрчсөн байна.

Нөгөө талаар, хариуцагч нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай 251дүгээр зүйлийн 251.1.2-т “хадгаламжийн даатгалын хураамж төлөлтөд хяналт тавьж, биелэлтийг хангуулах”, 251.1.4-д “хяналт шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэх арга хэмжээ авах” бүрэн эрхтэй хэдий ч уг эрхээ хэрэгжүүлэхдээ хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлэх үүрэгтэй.

Улсын байцаагч П.С нь 2020 оны 8 дугаар сарын 10-нд “...Зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл” үйлдэж, хариуцагч өөрөө хяналт шалгалтын явцад илрүүлсэн гэж тэмдэглэсэн боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...хураамжийн хэлтсийн ажилтнаас энэ талаар гомдол гаргасныг үндэслэн хяналт шалгалт хийсэн” гэж мэдүүлснээс үзвэл тухайн зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг хэрхэн яаж илрүүлсэн нь тодорхойгүй, хяналт шалгалтыг тодорхой удирдамжгүйгээр явуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 1.1-д хуулиар харьяалуулсан зөрчлийг өөрөө илрүүлсэн, эсхүл зөрчлийн тухай гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч...шийдвэрлэх” гэж заасантай нийцэхгүй байна

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр гомдол гаргагчийн шаардлагыг хангаж, Хадгаламжийн даатгалын корпорацийн ахлах хянан шалгагч, улсын байцаагч П.Сын гаргасан 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Гомдол гаргагч “Ч” ХХК-иас итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар томилсон боловч тэрээр шүүх хуралдааны явцад өөрт олгогдсон итгэмжлэлээс татгалзсан ба энэ нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй тул хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Ч” ХХК-ийг төлөөлж Э.Гийн гаргасан гомдлын шаардлагыг хангаж, Хадгаламжийн даатгалын корпорацийн Ахлах хянан шалгагч, улсын байцаагч П.Сын гаргасан 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-н төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 /далан мянга хоёр зуу/-н төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ДУЛАМСҮРЭН