Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2321

 

 

       Д.С, Б.Н нарын  нэхэмжлэлтэй

        иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01827 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.С, Б.Н нарын  нэхэмжлэлтэй, хариуцагч Г банк болон Б.Б-т тус тус холбогдох

 

Гэм хорын хохиролд 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.С миний бие Х.Сүх-Эрдэнэ гэдэг хүнээс орон сууц худалдан авахаар болж урьдчилгаа төлбөрийг төлж үлдэгдлийг нь дараа төлж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэн авахаар тохирч урьдчилгаа 8.000.000 төгрөгөө төлж, уг байранд нүүж орсон. Дараа 12.000.000 төгрөг, 4.000.000 төгрөг нийт 24.000.000 төгрөг төлсөн. Гэтэл Х.Сүх-Эрдэнэ нь миний байрны гэрчилгээг Б.Б гэдэг хүнд шилжүүлэн Голомт банкны Цамбагарав салбараас зээл авч миний байрыг барьцаанд тавьсан байна. Банкны дотоод журмаар зээл олгохдоо уг үл хөдлөх хөрөнгийг заавал очиж үздэг журамтай байтал манай гэрт нэг ч хүн ирж үзээгүй байтал зээл олгосон үйлдлийн зөв бурууг нь шалгуулах шаардлага гаргасан. Ийм учраас Голомт банкинд гомдол гаргаж зээл олгосон үйлдлийн зөв бурууг нь шалгуулах хүсэлт гаргасан. Гэтэл 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Голомт банкнаас утсаар таны гомдлыг бид шалгаж үзээд Цамбагарав салбарын эдийн засагч танай гэрээр очиж үзэлгүй зээл олгосон нь банкны дотоод журам зөрчсөн нь тогтоотогдсон тул бид буруутай этгээдэд арга хэмжээ авахаар болсон гэж мэдэгдсэн. Б.Б өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 10  дугаар байрны 11 тоот 61.34 мкв 2 өрөө байраа 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж 20.000.000 төгрөгийг авсан. Энэхүү хэлцлийг хийж Голомт банкнаас зээл авах эрхгүй байсан. Хэрэв Г банк хотын захад байдаг зах зээлийн ханш нь 80.000.000 төгрөг хүрэхтэй үгүйтэй орон сууцыг зохиомлоор хэт өндрөөр буюу 140.000.000 төгрөгөөр үнэлж 74.000.000 төгрөгийн шуурхай зээл олгосон нь нэхэмжлэгч Д.С түүний нөхөр Б.Нямдаваа, охин Б.Анарцэцэг нарын эрх ашгийг ноцтой хохироогоод байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох гэм хорын хохиролд 1.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн Голомт банк, Б.Б нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г банк өөрийн дотоод журмын дагуу зээлийг судалж олгодог бөгөөд барьцаа хөрөнгийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн лавлагаа зэргийг үндэслэн барьцаанд авч зээл олгох эсэхээ шийдвэрлэдэг. Барьцаа хөрөнгийг заавал очиж үзнэ гэсэн дүрэм журам байхгүй бөгөөд очиж үзээгүй нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчиж барьцаа хөрөнгийн өмчлөгч бус Д.С-гийн эрх ашгийг зөрчин хохирол учруулсан зүйл болохгүй. Мөн Г банк нь иргэнээс ирсэн өргөдөл гомдолд амаар болон бичгээр хариу өгдөг. Бичгээр хариу өгөөгүй нь Д.С-гийн эрх ашгийг зөрчиж хохирол учруулсан зүйл байхгүй бөгөөд нэхэмжлэгчид хохирол учирсан гэх бодитой үндэслэл байхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497.1 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Голомт банк, хариуцагч Б.Б нарт холбогдох гэм хорын хохиролд 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.С, Б.Н нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98.750 төгрөгөөс төлбөл зохих 28.550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.С-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.1.3, 43.1 дэх хэсгийг үндэслэн гэрчээр Х.Сүх-Эрдэнийг оролцуулахаар хүсэлт гаргасан ба шүүх тогтоол гаргаж хүсэлтийг хангасан ч шүүх ажиллагаа хийсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн гэрч Х.Сүх-Эрдэнийг оролцуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлох эрх, үүргийг хязгаарласан үйлдэл гэж үзэж байна. Хариуцагч Б.Б шүүхэд хариу тайлбар өгөөгүй. Шүүх хуралд ч оролцоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дах хэсэгт хариуцагч тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор хуульчилсан, шүүх хурлыг түүний эзгүйд хийхээр заасан байтал шүүх энэхүү заалтыг огт хэрэглээгүй. Иймд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Д.С, Б.Н нар нь хариуцагч Г банк, хариуцагч Б.Б нарт холбогдуулан гэм хорын хохиролд 1 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г банк эс зөвшөөрч маргажээ. 

Нэхэмжлэгч Б.Н нь энэ хэргийн хариуцагч Б.Б-тай 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улмаар урьдчилгаа 20 000 000 төгрөгийг Б.Б-т хүлээлгэн өгсөн тухай баримт хэрэгт авагдсан байх бөгөөд талууд уг гэрээнээс татгалзсан эсэх, 20 000 000 төгрөгийг Б.Б нэхэмжлэгч нарт буцаан өгсөн эсэх нь тодорхой бус байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Хариуцагч Б.Б хариу тайлбар гаргаагүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасан зохицуулалт үйлчлэхээр боловч хэргийн дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулаагүй тохиолдолд гэрээнээс татгалзсанаар талууд өгсөн авснаа буцаах эсхүл нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд хохирол учруулсан эсэхийг дүгнэх боломжгүй байна.

Шүүх банкны ажилтны буруутай үйлдлээс болж өөрт учирсан гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б-т хамааруулан шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд үндэслэлгүй болжээ.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэйн зэрэгцээ мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор гэрч асуулгах хүсэлт гаргах эрхтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сүх-Эрдэнийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШТ2017/00001 дүгээр тогтоолоор хангаж шийдвэрлэсэн ба түүнийг шүүх хуралдаанд ирүүлэх талаар тодорхой ажиллагаа явуулсан боловч “нэхэмжлэгч талаас гэрчийн оршин суух өөр хаягийг шүүхэд гаргаж өгөөгүй” гэж дүгнэж, шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШТ2018/00245 дугаар тогтоолоор гэрчээр асуулгах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн шүүхэд хүсэлт гаргаж нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчсөн байна. 

Гэтэл 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн 182/ШТ2018/00024 дүгээр тогтоолоос үзэхэд  гэрч Х.Сүх-Эрдэнэ шүүх хуралдаанд оролцож байсан талаарх баримт хэрэгт авагдсан байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус зааснаар хүчингүй болгон, дахин шийдвэрлүүлэхээр давж заалдах шатны шүүхийн бүртэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01827 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.С, Б.Н нарын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Э.ЗОЛЗАЯА

                                                   ШҮҮГЧИД                                        Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                           Н.БАТЗОРИГ