| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2021/02705/И |
| Дугаар | 102/ШШ2022/00270 |
| Огноо | 2022-01-13 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2022/00270
| 2022 оны 01 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2022/00270 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 13 дугаар байр, 6 тоот хаягт оршин суух, О овогт А Б /РД:/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Залуус хотхон, дүгээр байр, тоот хаягт оршин суух, Бор адуу овогт Э Х /РД:/
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Анхжаргал, нэхэмжлэгч А.Б, Э.Х нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Д нь Э.Х холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Бид 2013 онд танилцаж, 2016 оноос хамтран амьдарсан. Бидний хүү Х.П 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн. Хүүгээ төрөхөд эцгээр нь овоглож, төрсний гэрчилгээ авсан. 2019 оны хавраас тусдаа амьдарч байгаа, эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч хариу тайлбартаа эргэж хамт амьдрах боломжгүй, өөр хүнтэй гэр бүл болсон. Хүүхдийн эцэг гэдэгтээ эргэлзэж байсан боловч шинжээчийн дүгнэлтээр эцэг мөн гарсан тул хүүхдийн тэтгэлгийг төлнө гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны тодорхойлолт, Нийслэлийн Ерөнхий боловсролын 20 дугаар сургуулийн тодорхойлолт, Угтахуй ӨЭМТ-ийн тодорхойлолт, хүү Х.П төрсний гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн тоот Э.Х шийтгэх тогтоолыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас орон сууц хөлслөх гэрээ, охин Х.М төрсний гэрчилгээний хуулбарыг гаргаж өгсөн.
Хариуцагчийн хүсэлтээр эцэг тогтоох шинжээчийн дүгнэлтийг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2016-2019 онд хариуцагчтай хамтран амьдарч, 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүү Х.П төрсөн. Төрсөн эцгээс нь хүүдээ тэтгэлэг гаргуулна гэв.
3. Хариуцагч нь шинжээчийн дүгнэлтээр Х.П төрсөн эцэг гэж гарсан тул хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Зохигчийн дундаас 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүү Х.П төрж, эцэг Э.Х овоглосон байна.
6. Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар хариуцагчаар хүүхдээ тэжээн тэтгүүлэхээр шаардах эрхтэй байна.
7. Зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар тохиролцож, гэрээ байгуулаагүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж зааснаар мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар тэтгэлэг тогтоож сар бүр эцэг Э.Х тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтыг баримтлан 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Х.П 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Бор адуу овогт Э Х тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ