Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2022/00431

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2022/00431

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 12 дугаар байр, 26 тоот хаягт оршин суух, Цовогт З Э /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамж, өөрийн байранд байрлах, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК /РД:2688352/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2,700,800 төгрөг гаргуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхжаргал нар оролцов. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсний дагуу түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч З.Э нь Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-д холбогдуулан үндэслэлгүй суутгасан 2,700,800 гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад ажиллаж байгаад 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/ тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарахад хамтын гэрээний дагуу эрчим хүчний салбарт ажилласан хугацааны тэтгэмжид 27,008,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Уг тэтгэмжийг миний харилцах дансанд шилжүүлэхдээ үнийн дүнгийн 10 хувийг суутган авсан нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т заасны дагуу татвараас чөлөөлөгдөх орлогоос татвар авч хохироосон учир суутгасан 2,700,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа З.Э нь Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-д 35 жил 2 сар ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2018 оны 8 сарын 31-ний өдрийн Б/ тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ажлаас гарах үед нь байгууллагын Хамтын гэрээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж 27,008,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэж, олгохдоо 10 хувийг суутган авч Баянгол дүүргийн татварын хэлтэс рүү шилжүүлсэн байдаг тул Баянгол дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 8 сарын 31-ний өдрийн Б/ тоот тушаалын хуулбар, З.Э Худалдаа Хөгжлийн банкны  тоот дансны хуулга, хариуцагчаас 2019 оны 4 дүгээр улирлын суутгагчийн хувь хүнд ногдуулсан орлогын албан татварын тайлан, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 8 сарын 31-ний өдрийн Б/тоот тушаалыг хавсралтын хамт шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/ тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарахад хамтын гэрээний дагуу эрчим хүчний салбарт ажилласан хугацааны тэтгэмжид 27,008,000 төгрөг олгохоор шийдвэрлэж, шилжүүлэхдээ үнийн дүнгийн 10 хувийг үндэслэлгүй суутган авсан тул 2,700,800 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэв.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн

3.1 Хувь хүний орлогын албан татварт 10 хувийг суутган авч, Баянгол дүүргийн Татварын хэлтэст шилжүүлсэн тул манайх хариуцахгүй.

3.2 Хамтын гэрээний дагуу олгосон тэтгэмж тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан 3 сарын хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 8 сарын 31-ний өдрийн Б/ тоот тушаал, тушаалын хавсралт, нэхэмжлэгчийн дансны хуулга, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйл, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1 дэх заалтуудыг үндэслэн Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Б/ тоот тушаалаар Түлш дамжуулах цехийн дамжлагын машинч З Э өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, З.Э Эрчим хүчний салбарт ажилласан 35 жил 2 сард ногдох 27,008,000 төгрөгийн нэг удаагийн, халагдсаны 8,004,036 төгрөгийн, нийт 35,012,036 төгрөгийн тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ.

Дээрх тушаалын дагуу 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр З.Э Худалдаа хөгжлийн банк дахь  тоот дансанд 32,311,236 төгрөг шилжүүлсэн байна.

Ийнхүү тэтгэмжийг олгохдоо 2,700,800 төгрөгийг дутуу олгосон байх бөгөөд тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувь суутгасан болох нь талуудын тайлбараар болон хариуцагч байгууллагын 2019 оны суутган татвар төлөгчийн хувь хүнд олгосон орлогод ногдуулан суутгасан татварын тайлангаар тогтоогдлоо.

6. Талуудын маргааны зүйл нь хариуцагч суутган мөнгийг Татварт шилжүүлсэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байна.

7. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж-ийн орлогыг албан татвараас чөлөөлөхөөр заасан.

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д үндсэн цалингийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх, түүний хэлбэр, олгох хугацаа, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшил, нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, олговрын хэмжээ, хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох, өөрчлөх, Ажилтанд олгох хоол, унааны зардал болон бусад нөхөх олговрын хэмжээг тогтоох зэрэг асуудлыг хамтын гэрээгээр зохицуулахаар заасны дагуу Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1 дэх заалтын дагуу өндөр насны тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн хувь хэмжээг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан хэмжээ үндэслэл, хэмжээнээс илүү хэмжээгээр тогтоожээ.

Өөрөөр хэлбэл, хамтын гэрээгээр 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт гарахад зөвхөн тэтгэмж олгохоор бус хөнгөлөлттэй нөхцөлөөр мөн өндөр насны тэтгэвэрт гарахад тэтгэмж олгохоор зохицуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан заавал олгох тэтгэмжийг өргөжүүлсэн зохицуулалт байна.

Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон, энэ талаар талууд маргаагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болоогүй хэдий ч Хамтын гэрээний дагуу олгосон тэтгэмж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтын дагуу олгосон, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасан татвараас чөлөөлөгдөх орлого байна.

Гэтэл хуулиар чөлөөлөгдсөн орлогоос татвар суутган авч, нэхэмжлэгчид хохирол учруулсан байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар хохирлыг арилгах үүрэгтэй.

Хариуцагч байгууллага нь татвараас чөлөөлөгдөх орлогоос албан татвар суутган, татварын байгууллагад шилжүүлсэн байх тул түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт гарч, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс талуудын хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэг Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй, харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарна.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 58,163 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-иас 2,700,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Э олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,163 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 58,163 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Э олгосугай.

                                         

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.



 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ