Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2022/00493

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 7/1 байрны ******* тоот хаягт оршин суух, Боржигон овогт Ш*******гийн ******* /*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 171А байрны ******* тоот хаягт оршин суух, Жалайр овогт С*******ын******* /*******/-д холбогдох,

Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 7/1 байрны ******* тоот хаягт байрлах орон сууцны үнэ болох 41,513,100 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Ш.******* миний бие 2008 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 5200 ам долларын зээлийн гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлд Баянгол дүүргийн 2 дугаар хороо 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 7/1 байрны ******* тоот орон сууцыг 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн бэлэглэлийн гэрээ байгуулж С.Э*******ийн нэр дээр бүртгүүлсэн.

Ингээд энэ хугацаанд зээлээ төлж дууссан бөгөөд байраа авах гэхэд С.Э******* нь Хас банкинд зээлийн барьцаанд тавьсан байсан. Энэ хугацаанд миний бие өөрийн орон сууцандаа амьдарч байсан бөгөөд байраа авах гэж удаа дараа шаардсан боловч банкны барьцаанд хураалгасан байсан ба миний бие орон сууцандаа амьдарч байхад Хас банкнаас орон сууцыг албадан чөлөөлөх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж шийдвэрлэсэн.

Дээрх бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 сарын 02-ны өдрийн 623 дугаартай магадлалаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл тооцсон.

Одоо энэ орон сууцны өмчлөх эрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу Хас банкинд шилжсэн бөгөөд орон сууцаа бодитоор авах боломжгүй болсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу Баянгол дүүрэг 2 дугаар хороо 2 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамжны 7/1 байрны ******* тоот орон сууцны үнэ болох 41,513,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 сарын 02-ны өдрийн 00623 дугаартай магадлал, Хөрөнгийн үнэлгээний М ХХК-ийн тайлан, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 04-ний өдрийн 02473 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 сарын 05-ны өдрийн 57 дугаар магадлал, орон сууц бэлэглэлийн гэрээ зэрэг баримтыг шүүхэд өгсөн байна.

 

Шүүхэд болон шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч С.Э*******д холбогдуулан Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 7/1 байрны ******* тоот орон сууцны үнэ болох 41,513,100 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хариуцагч тал шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг талуудын хооронд байгуулсан 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон тул энэ гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцны үнэ болох 41,513,100 төгрөгийг буцаан гаргуулна гэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 623 дугаар магадлалаар Ш.******* болон С.Э******* нарын хооронд байгуулагдсан 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 4-7 дугаар тал/

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан.

Нэхэмжлэгчээс бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлэн өгсөн дээрх орон сууцыг хариуцагч С.Э******* нь Зээлийн гэрээний үүрэгт Хас банкны барьцаанд тавьсан байсан бөгөөд өр төлбөртөө Хас банкны өмчлөлд шилжүүлэн өгсөн тул орон сууцыг буцаан гаргуулах боломжгүй болсон. Ингээд хөрөнгийн үнэлгээний газраар үнэлүүлсэн үнэ болох 41,513,100 төгрөгийг нэхэмжилсэн гэж тайлбарлаж байх бөгөөд хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2473 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 57 дугаар магадлал, 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн бэлэглэлийн гэрээ зэрэг бичгийн баримтаар нэхэмжлэгчийн энэ тайлбар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчээс хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн зүйл буюу орон сууцны үнийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгчээс орон сууцны үнийг тогтоолгохоор мэргэжлийн байгууллагад хандсан байх бөгөөд тус орон сууцыг Хөрөнгийн үнэлгээний Мөнх Оргил трейд ХХК-иар үнэлүүлж зах зээлийн хандлагаар 41,513,100 төгрөг болохыг тодорхойлсон байна. /хх-ийн 8-26 дугаар тал/

Хариуцагчаас дээрх үнэлгээний дүн болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулж тайлбар гаргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн тус баримттай танилцсан байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар, эсрэг талын гаргасан тайлбартай холбоотой хариу тайлбар гаргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнэ болох 41,513,100 төгрөгийн хувьд хариуцагчийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

Дурдсан үндэслэлүүдээр хавтаст хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбар, талуудын нотлох үүргийн дагуу дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлага болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 7/1 тоот байрны ******* тоот орон сууцны үнэ болох 41,513,100 төгрөгийг хариуцагч С.Э*******ээс гаргуулан нэхэмжлэгч Ш.Ганбатад олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Э*******ээс 41,513,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******ад олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 365,516 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Э*******ээс 365,516 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА