Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2021/03397

 

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2021/03397

баатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, шүүгч Э.Амин-Эрдэнэ, шүүгч Д.Уранзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 11 хороо, ******* ******* байр, 38 тоот хаягт оршин суух ******* овгийн ******* ******* /РД:*******/

Хариуцагч: ******* дүүрэг, 16 хороо, ******* ******* тоот хаягт оршин суух овгийн /РД:/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 37 хороо, Содон 115-56 тоот хаягт бүртгэлтэй боловч ******* дүүрэг, 16 хороо, хүрээ хотхон байр, 38 тоот хаягт оршин суух овгийн /РД:/

Гэм хорын хохирол 17 885 805 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 07 сарын 17-18-нд шилжих шөнийн 03.00 цагийн үед ******* дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Яармагийн замд М.гийн өмчлөлийн Toyota Crown маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг М. жолоодож яваад Б.******* миний өмчлөлийн Toyota Harrier маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж дотор нь зорчиж явсан охин Б.Цэлмүүн, хүү Б.Эрмүүн, нөхөр Н.Бямбацогт болон миний биед гэмтэл, тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан. Зам тээврийн ослыг Тээврийн цагдаагийн алба шалгаж, Тээврийн прокурорын газрын Хяналтын прокурорын 2021 оны 08 сарын 16-ны өдрийн 517 дугаар тогтоолоор хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Ослоос болж эмчилгээ, эрүүл мэндийн болон бусад зардал 4 204 800 төгрөг, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр тээврийн хэрэгсэлд 13 681 000 төгрөг нийт 17 885 805 төгрөгийн хохирол учирсан.

Ослын улмаас манай машин удирдах чадваргүй дугуй дээрээ 3-4 эргэж, Яармагийн замын голын дээр гарч зогссон. Тэгээд машинаас гарахад 2 талын урсгалд машин байгаагүй, хэн мөргөсөн нь мэдэгдээгүй, нөхөр маань замын урагшаа гүйж очиход Кроун гэх маркийн машинаас утаа гарсан, машинаас хариуцагч М. гарчихсан байдалтай байсан. Хэсэг хугацааны дараа цагдаа ирж, би хүүхдүүдийн хамт гэмтлийн эмнэлэгт анхан шатны тусламж авч, хэвлийн ЭХО-ны зургаа авхуулсан. Маргааш нь цагдаад ослын тухай мэдүүлэг өгч, машинаа үнэлүүлэхийн тулд 2, 3 засварын газар руу явсан байдаг. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр миний бие, хүүхдүүдэд хөнгөн гэмтэл тогтоогдож, 7 хоног нөхөн сэргээх сувилгаа хийлгэсэн. Учирсан хохирлоос дурдвал Медтравма эмнэлэгт Б.Эрмүүн 120 000 төгрөг, Б.Цэлмүүн 120 000 төгрөг, миний бие 260 000 төгрөг нийт 500 000 төгрөгөөр оношилгоо хийлгэсэн. Мөн Грандмед эмнэлгийн мэдрэлийн эмчид 30 000 төгрөгөөр үзүүлсэн. Ази фарм, Монос эмийн сангаас 240 000 гаран төгрөгөөр эм авсан, Сиднэй консракшн ХХК-аар машиныг хэд хэдэн удаа ачуулахад 220 000 төгрөг болсон. Юу Би авто центрээр 2021 оны 07 сарын 20-ны өдөр 55 000 төгрөгөөр үнэлгээ хийлгэсэн, Ашид билгүүн ХХК-аар автомашины хохирлыг үнэлсэн үнэлгээний зардалд 625 000 төгрөг төлсөн. Мөн бид ослын дараа сувилалд хэвтэж эмчлүүлсэн бөгөөд тус бүр 350 000 төгрөг, 490 000 төгрөг, 350 000 төгрөгийг төлснөөс гадна авах ёстой цалин 272 725 төгрөг нэхэмжилсэн. Нийт 17 885 гэм хор учруулсныг Кроун маркийн машины өмчлөгч М., жолоодож явсан М. нараас ижил тэнцүү хэмжээгээр гаргуулж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь эрүүл мэндэд учирсан хохирол болон бусад зардал 4 204 800 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохирол 13 681 000 төгрөг, нийт 17 885 805 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч М. хүлээн зөвшөөрч, хариуцагч М. хүлээн зөвшөөрөхгүй маргана.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.

2021 оны 07 сарын 18-ны шөнийн 03.01 цагт ******* дүүрэг, 8 хороо, Наадамчдын гудамж, ертөнцийн зүгээр Оргил худалдааны төвийн баруун урд тал, Яармагийн зам дээр Toyota Crown маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М. нь Н.Бямбацогт жолоочтой Toyota Harrier маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг араас нь мөргөж, зам тээврийн осол гаргасан нь Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл-ээр тогтоогдсон. /хэргийн 146-149 тал/

Toyota Crown маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь М. бөгөөд тэрээр өөрөө М.д тээврийн хэрэгслээ шилжүүлсэн буюу томилсон нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлээр нотлогдсон. /хэргийн 26, 155-156, 161-162 тал/

Toyota Harrier маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Б.******* бөгөөд осол гарах үед тээврийн хэрэгслийг Н.Бямбацогт жолоодож, Б.*******, Б.Эрмүүн, Б.Цэлмүүн нар зорчиж явсан. /хэргийн 33, 151, 163-168 тал/

М.ыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 2.94 хувийн согтолтын зэрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1-д зааснаар 400 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. /хэргийн 22, 29 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 сарын 23-ны өдрийн 6498, 6499, 6500 дугаар шинжээчийн дүгнэлтээр зорчигч Б.*******гийн биед хүзүүний зөөлөн эдийн няцрал, Б.Эрмүүний биед зүүн чамархайд гэмтэл, Б.Цэлмүүний биед духанд шарх, зулгаралтын гэмтэл тогтоогдож, хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 07 сарын 19-ний өдрийн хохирлын үнэлгээний тайлангаар Toyota Harrier маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 13 681 000 төгрөгийн хохирол учирчээ. /хэргийн 163-168, 181-182 тал/

Б.*******, Б.Эрмүүн, Б.Цэлмүүн нар зам тээврийн ослын улмаас эмнэлэгт үзүүлж, эм, тариа авсан, сувилалд хэвтэж эмчлүүлсэн нь Дуб ХХК-ийн МED TRAUMA эмнэлэг, Грандмед эмнэлгийн үзлэгийн хуудас, Интенсивкаре сувиллын эмнэлгийн магадалгаа, НӨАТ-ын баримтаар, эд хөрөнгөд хохирол учирсан нь Toyota Harrier маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ, оношилгооны хуудас, НӨАТ төлсөн баримт зэргээр тус тус тогтоогдож байна. /хэргийн 104-130 тал/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлээр гэм хор учруулснаас хариуцлага хүлээх нийтлэг үндэслэлийг зохицуулсан бөгөөд 497.1-т Бусдын ... эрүүл мэнд, ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.

Хуульд заасан бусдын гэдэгт хувь хүн, байгууллагыг, эрүүл мэнд гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн, сайхан байхыг, гэм хор учруулах гэдэгт зөрчлийн улмаас хохирол буй болохыг тус тус ойлгодог. Гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл болон хохирол хооронд шалтгаант холбоо байвал гэм хор учруулснаас хариуцлага хүлээлгэх нөхцөл бүрдэнэ. Энгийнээр тайлбарлавал М.ын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хууль бус үйлдэл болон Б.*******, Б.Эрмүүн, Б.Цэлмүүн нарын эрүүл мэнд, тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой нь тогтоогдвол гэм хор хариуцах үндэслэл буй болно. Хариуцагч М.ын буруутай үйлдлийн улмаас Б.*******, Б.Эрмүүн, Б.Цэлмүүн нарын эрүүл мэнд, тээврийн хэрэгсэлд хохирол учирсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, хариуцагч Б. энэ тухай маргаагүй.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлээр тэврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хор арилгахаар зохицуулж 499.1-д Зорчигч ... тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын ... эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, ... гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, 499.3-т Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй, 499.4-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус заажээ. Тээврийн хэрэгслийг байнга буюу түр хугацаагаар өөрийн эзэмшилдээ байлгаж, замын хөдөлгөөнд оруулж, ашиглаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэх ба М. нь тээврийн хэрэгслийн эзэмшигч болно. Тээврийн хэрэгслийн өмчлөгч М. нь М.д тээврийн хэрэгслээ шилжүүлж, ашиглах бололцоо олгосноос Б.*******д гэм хор учруулсан байх тул тэрээр тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчээс хохирлоо шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн эзэмшигч буюу М. нь Toyota Crown маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлөхөөс гадна тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч М. нь бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, ... сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй, 506 дугаар зүйлийн 506.1-д Арван зургаан нас хүрээгүй бөгөөд цалин, хөлс, орлогогүй иргэний эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг энэ хуулийн 505.1-д зааснаар нөхөн төлнө гэж тус тус заажээ.

Хуулийн 505.1 дэх заалтаар нэхэмжлэгч Б.*******гийн хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотой зардал болон эрүүл мэндийг нь хэвийн байдалд оруулахтай холбоотой зардлыг буруутай этгээдүүдээс гаргуулах үндэстэй бөгөөд шинжээчийн дүгнэлтээр Б.*******гийн биед учруулсан гэмтэл нь хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэж тогтоосон тул тэрээр эрүүл мэндээ хэвийн байдалд оруулахаар эм, тариа худалдан авсан, Интенсивкаре сувилалд сувилуулсан зардлаа хариуцагч нараас шаардах эрхтэй.

Хуулийн 506.1 дэх заалт нь Арван зургаан нас хүрээгүй иргэний эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээдийн хүлээх хариуцлагыг зохицуулсан ба осолд өртсөн Toyota Harrier маркийн тээврийн хэрэгслийн зорчигч, 2012 оны 08 сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй Б.Эрмүүн, 2014 оны 04 сарын 06-ны өдөр төрсөн, эмэгтэй Б.Цэлмүүн нар нь эм, тариа худалдан авсан, Интенсивкаре сувилалд сувилуулсан зардлаа хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч нараар нөхөн төлүүлэх үндэстэй болно.

Шүүх хэрэгт цугларсан баримт, зохигчийн тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан шинжлэн судлаад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 -д зааснаар:

нэхэмжлэгч Б.*******гийн эд хөрөнгөд учирсан хохирол буюу тээврийн хэрэгслийн зардал 13 681 000 төгрөг, Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө үнэлсэн зардал 625 000 төгрөг, UB auto center-ээр оношилгоо хийлгэсэн зардал 55 000 төгрөг, Сиднейконсракшн ХХК-ийн тээврийн хэрэгслийн ачилтын зардал 220 000 төгрөг нийт 14 581 000 төгрөг /13 681 000 + 625 000 + 55 000 + 220 000 = 14 581 000/

Б.*******, Б.Эрмүүн, Б.Цэлмүүн нарын эрүүл мэндэд учирсан хохирол буюу эм, тариа авсан, үзлэг хийлгэсэн, сувилалд сувилуулсан зардал 2 107 540 төгрөг /390 000 +120 000 +120 000 + 16 000 + 30 000 + 232 540 + 9 000 + 350 000 + 350 000 + 490 000 = 2 107 540/ нийт 16 688 540 төгрөгийг /14 581 000 + 2 107 540 = 16 688 540/ хариуцагч М., М. нараас тэнцүү хувиар гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, үлдэх 1 197 265 төгрөгийг /17 885 805 - 16 688 540 = 1 197 540/ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж ирүүлсэн баримтаар 1 197 265 төгрөгийн шаардлага тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн 17 885 805 төгрөг гаргуулах шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 379 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлээс хангаж шийдвэрлэсэн 16 688 540 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 241 392.7 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч М.оос 8 344 270 төгрөг, хариуцагч М.гаас 8 344 270 төгрөг, нийт 16 688 540 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, үлдэх 1 197 265 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 379 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлээс хангаж шийдвэрлэсэн 16 688 540 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 241 392.7 төгрөгөөс 120 696.35 төгрөгийг хариуцагч М.оос, 120 696.35 төгрөгийг хариуцагч М.гаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3.Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 19-ний өдрийн 184/ШТ2021/00221 дүгээр тогтоол нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР

ШҮҮГЧИД Э.АМИН-ЭРДЭНЭ

Д.УРАНЗУЛ