| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 181/2018/01140/и |
| Дугаар | 2322 |
| Огноо | 2018-11-19 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2322
Д.У-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2018/02009 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Д.У-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “ГК” ХХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай үндсэн,
үндэслэлгүйгээр олгосон цалин хөлс 4 550 152.17 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т-ын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, М.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч Д.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2004 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр анх ажилд орсон. Ажиллах явцдаа алдаа дутагдал огт гаргаж байгаагүй, 2014 онд оны шилдэг менежер болж байсан. Гэтэл 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа мэдэгдлийг 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр авсан. Энэ мэдэгдлийн дагуу 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажилласан бөгөөд энэ хугацаанд гүйцэтгэх захирлын зөвшөөрлөөр цахим бүртгэлд бүртгүүлэхгүйгээр ажил үүргээ гүйцэтгэсэн байгаа. Хөдөлмөрийн гэрээг орон тоо хасагдсан үндэслэлээр цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ёстой байхад мэдэгдлийг хугацаанд нь өгөөгүй тул ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байна. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “ГК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уугансайхан, М.Баярманла нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.У нь 2005 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс “Гоби Коул энд Энержи” ХХК-ийн Санхүүгийн ажилтан, 2007 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс “Сүрименежмент” ХХК-д Санхүүгийн асуудал хариуцсан захирал, 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс “Гоби Коул энд Энержи” ХХК-д Санхүүгийн ерөнхий менежер зэрэг албан тушаал хашиж байсан. “ГК” ХХК нь Британийн Виржин арлуудын компанийн бүртгэлтэй Гоби Коул энд Энержи Лимитед компанийн 100 хувийн эзэмшлийн охин компани юм. Түүнчлэн “ГК” ХХК нь Монгол Улсад бүртгэлтэй ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Гоби Коул энд Энержи” ХХК (РД:2862468), “Граунд Просперти” ХХК (РД:5426952). “Мөнхтун Болор” ХХК (РД:5554349)-иудын 100 хувь эзэмшдэг буюу толгой компани юм. Харин “Сүрименежмент” ХХК-ийг дор дурдсан шүүхийн шийдвэрт Мо Мунши болон Д.Уранбилэг нарын нэр дээр бүртгэлтэй компани гэж үзсэн. Эдгээр хувь хүмүүс нь Гоби Коул энд Энержи Лимитед компанид багахан хэмжээний хувьцаа эзэмшдэг болно. Монгол Улсад бүртгэлтэй дээрх таван компанийн хувьд “ГК” ХХК нь бусад дөрвөн компанийн захиргаа удирдлага, хөрөнгө санхүүжилт, бизнесийн бүхий үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг. Британийн Виржин аралд бүртгэлтэй Гоби Коул энд Энержи Лимитед компани нь “ГК” ХХК-ийн үүсгэн байгуулагч толгой компани болохын хувьд Төлөөлөн удирдах зөвлөлөөрөө дамжуулан охин компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, бүтэц зохион байгуулалтыг тогтоох, санхүүгийн төлөвлөлтийг хийх, тайланг хэлэлцэх, санхүүгийн аудит хийх гэх зэрэг бусад үйл ажиллагааг удирдан чиглүүлж зохион байгуулан явуулдаг. Гэтэл 2015 онд Нийслэлийн Прокурорын газраас Гоби Коул энд Энержи Лимитед компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байсан Гоби Коул энд Энержи Лимитед компанийн цөөн хувийн хувьцаа эзэмшигч Австрали болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын иргэн Мухаммед Ибрахим Муншид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд М.И.Мунши нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-д заасан гэмт хэрэгт буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, түүнд 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчээс 31 601 969 000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Чулуунбаатарт олгуулахаар шийдвэрлэсэн. Гэвч Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шийдвэрийн тогтоох хэсэгт: ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгчийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолуудад заасан шүүгдэгч Мохамед Ибрахим Муншигийн Их Британы Виржин арлуудад бүртгэлтэй Гоби Коул энд Энержи Лимитед компани болон Монгол Улсад бүртгэлтэй ГК ХХК-ийн гадаад болон дотоодын хөрөнгө оруулалттай Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт орших Зээгтийн нүүрсний ордын өргөтгөл Асгатын хэсгийн Гоби Коул энд Энержи ХХК-ийн MV-017438 дугаартай тусгай зөвшөөрөл, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Хотгорын нүүрсний ордын Гоби Коул энд Энержи ХХК-ийн MV-12728, MV-017060, MV-017062, MV-017057 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл, мөн Мохамед Ибрахим Мунши болон түүний хамтран амьдрагч Д.Уранбилэг нарын нэр дээр бүртгэлтэй “Зараяа Холдингс” ХХК, “Бумбат Консолидетед” ХХК, “Бумбат Инженеринг энд Констракшн” ХХК, “Бумбат Энержи” ХХК, “Бумбат Ресорсес” ХХК, “Гоби Коул Энд Энержи” ХХК, “Тоаунд Просперити” ХХК, “Сурименежмент” ХХК, “Мөнхтун Болор” ХХК-уудад бүртгэлтэй эд хөрөнгө, тоног төхөөрөмж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг тус тус хязгаарласныг зохих журмын дагуу хохирол, төлбөрт албадан гаргуулахаар Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албан шилжүүлсүгэй гэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3, 3 дугаар зүйлийн 3.3 дах хэсэгт заасны дагуу Компанийн одоогийн гүйцэтгэх удирдлагын зүгээс Б.Чулуунбаатар, М.Мунши, Д.Уранбилэг нарын аль нэгний өмнө үүрэг, хариуцлага хүлээхгүй байх зарчмыг баримтлан Монгол дахь компанийн үйл ажиллагааг зогсоохгүй ажиллуулах зорилгоор боломжит бүхий л арга хэмжээг Гоби Коул энд Энержи Лимитед компанийн ТУЗ-өөс өгсөн чиглэлийн дагуу авч хэрэгжүүлсээр ирсэн. Дээрх нөхцөл байдлын улмаас байгууллагын бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх асуудлыг ТУЗ-өөс үүрэг болгосон бөгөөд Санхүүгийн хэлтэс бүтцийн хувьд Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс болж өөрчлөгдсөн. Санхүүгийн хэлтэс нь дан ганц санхүүгийн үйл ажиллагааг явуулах нь бүтцийн хувьд хэтэрхий том, түүнчлэн тус хэлтэс 5 орон тоотой байх шаардлагагүй бөгөөд тухайн хүмүүсийг санхүүжүүлэх эх үүсвэр хүндрэлтэй байсан. Тийм ч учраас орон тоог хэрхэн цомхтгох боломжийн талаарх тайлангаа бусад газар, хэлтсийн нэгэн адил Д.У2018 оны 1 дүгээр сард бэлтгэн өгч байсан болно. Ингээд Санхүүгийн үйл ажиллагааг хөрөнгө оруулалтын чиглэлийг хамтатган хэрэгжүүлэх, санхүүгийн үйл ажиллагааг мэргэжлийн нягтлан бодогч хариуцан явуулах, санхүү, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хослон явуулахаар тооцоолж зарим албан тушаалыг хасаж бүтцийн хувьд өөрчлөлт оруулж ажиллахаар шийдвэрлэсэн. Д.У-г Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэст авч үлдээх боломжийг судалсан боловч түүний бакалавр зэрэгтэй төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх хууль болон ажлын байрны шаардлагад нийцэхгүй байсан тул түүнд энэ талаар мэдэгдэж, Д.У-ын хөдөлмөрийн гэрээг цуцалж холбогдох хуулийн дагуу тэтгэмжийг олгосон. Орон тоо цомхтгох талаар ажилчдад өмнө мэдэгдэж байсан үйл баримт санхүүгийн хүндрэл үүссэн учир цалин хөлс тавих асуудал хүндэрч 2017 оны 11 дүгээр сард цалин авъя гэж ажилчид шаардлага хүргэж байснаар нотлогдоно. 2017 оны 10 дугаар сар, 2017 оны 11 дүгээр сараас энэ асуудал яригдсан тул гэнэт 2018 оны 2 дугаар сард цомхтгол хийсэн юм байхгүй. Санхүүгийн хэлтсийг хөрөнгө оруулалтын хэлтэстэй нийлүүлсэн. Санхүүгийн 5 орон тоог 2 болгосон. Санхүүгийн хүндрэлийн улмаас цомхон орон тоогоор ажиллахаар төлөөлөн удирдах зөвлөл шийдсэн тул төлөөлөн удирдах зөвлөлийн олгосон эрхийн дагуу ерөнхий захирал тушаал гаргаж бүтцийг баталсан. Д.У нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн биш болохоор цомхтголд орсон. Батлагдсан ажлын байран дээр Д.У ажиллах шаардлага хангахгүй байсан. Д.У-д 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдсэн, мэдэгдлийг тэрээр 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр гардсан байдаг. Хуулийн хугацаанд мэдэгдэл өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч “ГК” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.У-д 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдэл өгч 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн дотор ажлаа дуусган хүлээлгэж өгөх хугацаа тогтоож өгсөн. Гэтэл Д.У 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй. Энэ нь цагийн бүртгэлээр нотлогдоно. Иймд Д.У-д 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажиллаагүй байхад нь нягтлан бодогч буруу ойлгож, ажил хийгээгүй хүнд 4 550 152.17 төгрөгийн цалин олгосон нь үндэслэлгүй тул олгосон энэ цалин хөлсөө буцаан шаардаж байна. Компанийн хувьд буруутай нягтлан бодогчид сахилгын шийтгэл ногдуулсан байгаа тул нэхэмжлэгчээс дээрх төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.У сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Захирал ажил хүлээлгэн өгөх хугацаанд намайг хурууны хээгээр цаг бүртгүүлэх шаардлагагүй гэж хэлсэн. Би Номин гэх миний ажлыг авсан хүнтэй хамт 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр бүтэн ажилласан. Энэ хугацаанд би ажлаа хариуцлагатайгаар хийж хүлээлгэж өгсөн. 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хүүхдээ эмнэлэгт сахиж, гарч ирэнгүүт хадам ээж маань бурхан болж надад гачигдал гарсан байдаг. Нягтлан бодогч зөвхөн төлбөрийн даалгавар бичдэг байхад надад цалин олгосон үндэслэлээр түүнд хариуцлага тооцож байгаа нь үндэслэлгүй. Ажлаа хийсэн тул цалингаа авсан. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11-д заасныг тус тус баримтлан “ГК” ХХК-ийн Санхүүгийн Ерөнхий менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай Д.У-ын нэхэмжлэлийн шаардлагыг, Д.У-аас олгосон цалин хөлс 4.550.152,17 төгрөгийг буцаан гаргуулах тухай “ГК” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Д.У-ын гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, “ГК” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87.753 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Төгсбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Д.У нь тус байгууллагад 2004 онд анх ажилд орсон. Ажилд орсноос хойших 14 жилийн ажилласан туршлагатай хуучин ажилтнуудыг бөөнөөр хомроголон халж байгаа нь ажилчдын Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байгаад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. Шүүх хэргийг "ажилтан бичгээр мэдэгдлийг хүлээн авахаас өмнө энэ тухай мэдсэн улмаар 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс ажилдаа ирсэн явсан цагийг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлээгүй талаар өөрөө тайлбарладаг, бичгээр өгсөн мэдэгдэл нь гэнэтийн мэдээ байгаагүй" гэх үндэслэл заан шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Компани 2018 оны Цагаан сарын баяраар 19-ний өдрийг дуустал нийтээр амарсан бөгөөд миний үйлчлүүлэгч 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цагийн бүртгэлд бүртгүүлж байсан нь хэрэгт авагдсан цагийн бүртгэлээр нотлогдон тогтоогддог атал шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг гуйвуулж шийдвэрлэсэн. “ГК” ХХК нь Монгол Улсад бүртгэлтэй өөрийн 100 хувийн 3 охин компанитай бөгөөд эдгээр компаниудаас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь ганц “Гоби коул энд энержи” ХХК юм. Миний үйлчлүүлэгч Д.У нь “ГК” ХХК болон түүний 3 охин компани, тэдгээрийн харилцан хамааралтай “Зараяа холдингс” ХХК болон бусад компаниудын санхүүгийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг байсан. “ГК” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн НР/01 тоот тушаалаар /хх-ийн 7, 8 хуудас/ “Гоби коул энд энержи” ХХК-тай хөдөлмөрийн гэрээтэй боловч дээрх бүх компаниудад тус тусын чиглэлээр ерөнхий үүрэг гүйцэтгэдэг 9 ажилтныг түүний дотор Д.У-ыг “ГК” ХХК руу шилжүүлсэн ба 2018 онд "бүтэц, зохион байгуулалт өөрчилж буй" гэх нэрийдлээр зарим ажилтнуудыг эргүүлэн “Гоби коул энд энержи” ХХК руу шилжүүлсэн буюу шинээр нэмж ажилтан авчээ. Иймд хэлтэс шинээр байгуулагдсан, орон тоо хасагдсан зэрэг нь үндэслэлгүй. Харин тус нэрийдлээр ажилчдыг дурдсан компаниудад тараан байршуулснаа "Бүтэц, орон тоо өөрчилсөн" гэж нэрлэж буй нь үндэслэлгүй атал шүүх тус үйл баримтыг "Санхүүгийн хэлтсийг татан буулгасан" гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй болсон. Хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн компанийн бүтэц, орон тоотой холбоотой бичиг баримтууд болон тэдний тайлбараас үзэхэд “Гоби коул энд энержи” ХХК-ийн бүтэц орон тоо, “ГК” ХХК-ийн бүтэц орон тоог хооронд нь холин зааг ялгааг нь хариуцагч тал өөрөө ч нарийн гаргаж тайлбарлаж чадахгүй байгаа. Мөн миний үйлчлүүлэгчийн Япон улсад бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан бодит үйл баримтыг илт үгүйсгэн, "мэргэжлийн бус" мэтээр нотлох баримтаас илт зөрүүтэй дүгнэлтийг хийн, түүндээ үндэслэн "ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа" мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Үүнтэй холбоотойгоор Д.У нь 2004 онд Япон улсын Васедагийн их сургуулийг Бизнесийн удирдлагын магистраар төгсөж ирсэн даруйдаа тус компанид ажилд орсон. Компанийн удирдлага Д.У-ыг 2014 онд оны шилдэг ерөнхий менежерээр шалгаруулж, шагнаж байсан үйл баримтыг дурдах нь зүйтэй юм. Шүүх хууль зүйн "татан буулгах", "өөрчлөн байгуулах" гэх ойлголтуудыг ялгаж дүгнэлгүйгээр “ГК” ХХК-ийн ерөнхий захирлын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн СО/01 тоот тушаалын дагуу өмнө байсан хэлтсүүд /Санхүүгийн/-ийг 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс татан буугдсан хэмээн илт нэг талыг барьсан дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийн заалтыг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан тогтоолын 15.2-т заасан байтал шүүх үүнийг зөрчсөн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. “ГК” ХХК-ийн удирдлага миний үйлчлүүлэгчийг ажлаас халахдаа аливаа комисс байгуулж дүгнэлт гаргуулах үйл ажиллагаа огт хийгээгүй болно. Нэхэмжлэгч нь 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр ажлаас халагдах мэдэгдэлийг гардан авч гарын үсэг зурж 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ажлаас халагдсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан мэдэгдэл болон ажлаас чөлөөлөгдсөн тушаалаар нотлогддог. Дээрх нөхцөл байдлаас харахад ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дах хэсэгт зааснаар нэг сарын өмнө мэдэгдэнэ гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Шийдвэрт ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт нийцэхгүй шийдвэр гаргасан боловч нэмэлт хугацаа тогтоосон ч "энэ нь гэнэтийн биш мэдээ байсан" гэх хуульд нийцээгүй, ойлгомжгүй үндэслэлгүй дүгнэлт болжээ. Шүүх Иргэний хуулийн 226.1.1-т заасныг хэрэглэн нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 226.1 дэх хэсэгт "Дараах нөхцөл байдал байвал энэ хуулийн 204.2, 219.2-т үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй" гэж, 226.1.1-т "ямар нэгэн үр дүн гарахааргүй болох нь илт бол" гэж, 219.2 дах хэсэгт "Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч" гэж, 204.2 дах хэсэгт "хууль буюу гэрээнд өөөрөө заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана" гэж тус тус хуульчилсан. Дээрх хуулийн зохицуулалтууд нь хөдөлмөрийн гэрээний харилцааг шийдвэрлэхэд хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дах хэсэгт заасан нэг сарын хугацаанаас хойш нэмэлт хугацаа сунгахтай холбоотой иргэний хуулийн гэрээний ерөнхий зохицуулалт гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс дээрх иргэний хуулийн зохицуулалтыг уг маргааныг шийдвэрлэхэд хэрэглэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 369 дүгээр зүйл нь хөдөлмөрийн гэрээний харилцааг хөдөлмөрийн эрх зүйн тусгай хуулиар зохицуулна гэдгийг тайлбарласан байна. Мөн хуулийн 369.2 дах хэсэгт хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл журмыг хуулиар тогтооно гэсэн тусгай харилцааг зохицуулсан хуулийг нийтлэг хуулиас түрүүлж хэрэглэнэ гэсэн зарчмыг илэрхийлж байна. Иймд дээрх хуулийн зохицуулалтаас харахад иргэний хуулийн 226.1.1-д заасныг үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж тусгай харилцааг зохицуулсан хууль байхад нийтлэг хуулийг хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч Д.У-ын нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан зөрчил гаргаагүй тул давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.
Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч ГК ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч 4 550 152.17 төгрөгийн цалин хөлсийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан хариуцагч ГК ХХК-ийн ерөнхий захирлын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн GD/05 тоот тушаалын талаарх нэхэмжлэлийг шүүхэд 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дэх хэсэгт нийцсэн байна.
Хариуцагч ГК ХХК-ийн ерөнхий захирлын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн GD/05 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч Д.У-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар зохицуулжээ.
Ажил олгогч байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар шийдвэр гаргах эрхтэй хэдий ч уг тушаал, шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо хассан, цөөрүүлсэн нь бодитой байхаас гадна ийнхүү шийдвэрлэсэн талаараа ажилтанд мөн хуулийн 40.5 дах хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаас нэг сарын өмнө мэдэгдсэн байх ёстой.
Хариуцагч “ГК” ХХК-ийн бизнесийн үйл ажиллагааны нөхцөл байдлын улмаас толгой компанийн ТУЗ хэлэлцэн компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж зарим ажлын байр, орон тоог хасах, ажилтны орон тоог цөөрүүлэх чиглэл өгсөнтэй холбогдуулан ерөнхий захирлын шийдвэрээр зарим орон тоог хасах, ажилтны тоог цөөрүүлэх шийдвэр гарсан тухай 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдлийг нэхэмжлэгч Д.У 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 63, 161/
Мэдэгдэл хүргүүлсэн талаарх 2 бичмэл баримт хэрэгт авагдсан бөгөөд хариуцагч талаас гаргасан баримтад “энэхүү мэдэгдлийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр /огноо засвартай/ санхүүгийн хэлтсийн ажилтнуудыг байлцуулан мэдэгдсэн болно. М.Баярманла” гэсэн тэмдэглэл хийгдсэн байх боловч уг тэмдэглэлийг хэзээ хийсэн нь тодорхойгүй, санхүүгийн ажилтнуудыг байлцуулсан болохыг өөр баримтаар нотлоогүй тул уг баримтаар Д.У-д 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй. /хх-ийн 63/
Энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд тодруулахад хариуцагчийн талаас “...байгууллагын ажилчид бүгд байсан.... хурал хийж тэмдэглэл үйлдэгдсэн...” гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа нотолсон баримтыг гаргаж өгөөгүй байна.
Дээрх байдлаас үзэхэд хариуцагч нь Д.У-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар “ажилтны орон тоог цөөрүүлсэн” гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцласан атлаа мөн хуулийн 40.5.-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр өдрийн GD/05 тоот тушаалыг хууль бус гарсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Нөгөө талаар ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаалд орон тоо хасагдсан, эсхүл ажилтны орон тоог цөөрүүлсэн алин болох талаар заагаагүй боловч хариуцагчийн талаас “ажилтны тоог цөөрүүлсэн” гэж тайлбарласан. “ГК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Гоби Коул энд Энержи Лимитед” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор олгосон эрхийн дагуу ерөнхий захирал М.Чойдорж нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Компанийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх тухай GD/01 тоот тушаал гаргасан байдаг ба өмнө 1 менежер 3 ажилтантай байсан Санхүүгийн хэлтсийг татан буулгаж, шинээр Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийг байгуулахдаа 1 менежер, 1 кассын няравтай байхаар баталсан. /хх-ийн 29, 60-62, 152-153/
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “ажилтны тоог цөөрүүлсэн” гэдэгт тухайн албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоо хасагдсан байхыг ойлгох ба энэ нь нотлогдсон байхыг шаардахаас гадна энд ажилтны мэргэжлийн ур чадвар, дадлага туршлага, ажилдаа тэнцэхгүйг тогтоосон дүгнэлтийг шаардахгүй.
Анхан шатны шүүх дээрх байдлыг анхаараагүйгээс гадна “...орон тоо хасагдсан нь бодитой...”, “...ажлын байранд тавигдах шаардлагыг Д.У хангахгүй байгаа...”, “...мэдэгдэл нь Д.У-д гэнэтийн мэдээ байгаагүй...” гэх зэргээр дүгнэсэн нь үндэслэл муутай болсон байхаас гадна хөдөлмөрийн эрх зүйн харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт байхад Иргэний хуулийн зохицуулалтаар тухайн маргааны талаар дүгнэлт хийсэн шүүхийн шийдвэр тусгайлсан зохицуулалт бүхий хуулийг тухайн харилцаанд хэрэглэх хууль хэрэглээний үндсэн зарчимд нийцээгүй байгааг тус тус дурдах нь зүйтэй.
Хэргийн 47-50 дугаар талд авагдсан гадаад хэлээр бичигдсэн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан шаардлага хангахгүй байх боловч энэ талаар талууд маргаагүй, ажилтны мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэх байдал маргааны зүйл биш тул энэ зөрчил нь шүүхийн шийдвэрийн үндэслэлд нөлөөлөх, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэв.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул хангаж, Д.У-ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, нийгмийн даатгалын шимтгэлийн талаарх тодорхойлолтыг үндэслэн түүний сүүлийн 3 сарын цалингийн дундаж болох 4 448 222 төгрөгөөр тооцон ажилгүй байсан 8 сар 3 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 36 206 458 төгрөгийг хариуцагч “ГК” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Д.У-д олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.У-аас ажиллаагүй байж авч байсан цалин хөлс гэж 4 550 152 төгрөг гаргуулах тухай “ГК” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар талууд давж заалдах гомдол гаргаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2018/02009 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Д.У-ыг “ГК” ХХК-ийн Санхүүгийн ерөнхий менежерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “ГК” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 36 206 458 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.У-д олгож, Д.У-аас 4 550 152.17 төгрөгийг буцаан гаргуулах тухай “ГК” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж” гэж тус тус өөрчилж “үлдээж” гэсний дараа улсын тэмдэгтийн хураамжид 338 982 төгрөгийг хариуцагч “ГК” ХХК-иас гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Н.БАТЗОРИГ