| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 133/2025/00008/И |
| Дугаар | 001/ХТ2025/00110 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2025/00110
А-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн
2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 305/ШШ2025/00091 дүгээр шийдвэр,
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 215/МА2025/00008 дугаар магадлалтай,
А-ын нэхэмжлэлтэй
М-д холбогдох
... газрыг тус тус Мгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Маргаж буй дээрх газруудын шударга эзэмшигч нь М болохыг тогтоож, газар эзэмших эрхийг шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А нь хариуцагч М-д холбогдуулан ... газрыг тус тус Мгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, дээрх газруудын шударга эзэмшигч нь М болохыг тогтоож, газар эзэмших эрхийг шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 305/ШШ2025/00091 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг баримтлан ... хаваржааг, ... өвөлжөөг эзэмших эрхэд саад учруулж байгаа үйлдлийг зогсоож, газрыг чөлөөлөхийг хариуцагч М-д даалгаж,
Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А-д холбогдуулан гаргасан ... газруудын шударга эзэмшигч нь М болохыг тогтоож газар эзэмших эрхийг Мд шилжүүлэхийг Ад даалгах тухай хариуцагч М-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч Мгийн сөрөг нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Мгаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ад олгож шийдвэрлэжээ.
3. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 215/МА2025/00008 дугаар магадлалаар: Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 305/ШШ2025/00091 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Аын ... өвөлжөөг тус тус Мгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, хууль бусаар эзэмшихгүй байхыг даалгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 512 дугаар зүйлийн 512.2 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт зааснаар Мгийн ... газруудын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, уг газруудыг эзэмшигчээр Мг бүртгэхийг Улсын бүртгэлийн газарт даалгаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, М-ийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт зааснаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Харин анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, хэргийн үйл баримтыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар гэрчийн мэдүүлэгт үндэслэн хэргийн бодит байдалд нийцүүлэн дүгнэж шийдвэр гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлал нь дараах байдлаар үндэслэлгүй байна.
4.1. Нэхэмжлэгч А нь талийгаач Г-тай 2009.07.17-нд гэрлэлтээ бүртгүүлж, нөхөр болох Г нь 2022.03.06 ны өдөр нас барж, Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01-р сарын 1532 дугаар албан тоотоор Г, А нарын бүртгүүлсэн гэрлэлт цуцлаагүй болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд хариуцагч Мгийн гаргасан А нь салаад явсан гэх тайлбар няцаагддаг.
4.2. Г, А нарын дундаас хүү Б төрсөн, одоо 14 настай, эх А нь гэр бүлийхэнтэйгээ ярилцан БНСУлсруу ажил хийхээр явахад хүү эцгийнхээ хамт гэртээ цуг амьдарч байсан. А нь БНСУлсад виз байхгүй ажил хийдэг нөхөр Гг нас барахад Монгол Улсад ирэх боломжгүй байсан. Хүү Б нь эцэг Гг нас барсны дараа нэхэмжлэгч Аын төрсөн эх болох эмээтэйгээ цуг Говь-Алтай аймгийн Халиун сумд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Гг нас барсны дараа түүний амьдарч байсан гэр, эд хогшил, мал хөрөнгийг эгч дүүс нь хуваан авч, хууль бусаар өөрсдийн эзэмшилдээ байлгаж эд хөрөнгийг нь үрэн таран хийсэн байдаг. Түүний гэр, гэрийн эд хогшлыг талийгаач Ггийн эгч болох М.Энхцэцэг эзэмшилдээ байлгаж түүний хүү нь гэрт нь амьдарч байгаа гэдэг, А Г нарын хамтын амьдралын хугацаанд бий болсон нийт 331 толгой малаас нөхрийг нь нас барсны дараа 100 толгой малыг Ад өгч, үлдэгдэл 231 толгой малыг Ггийн нагац дүү болох Энхбаатар өөрийн эзэмшилд байлгадаг, маргаан бүхий өвөлжөө хаваржааг нь хариуцагч М нь өөрийн эзэмшилд байлгаж бүх эд хөрөнгийг нь өөрсдөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж, үрэн таран хийж хууль ёсны өвлөгч нарын эрх ашгийг зөрчиж байгаа тул Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дээр маргаан үүсгэн нэг маргаан нь эцэслэгдэн шийдвэрлэгдэж, бусад маргаан нь хэрэг хянан шийдвэрлэх шатанд явагдаж байна.
4.3. Нэхэмжлэгч А түүний хүү Б нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны өвлөгч юм. Нэхэмжлэгч Аын шүүхэд гаргасан хууль ёсны эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр маргаан бүхий өвөлжөө, хаваржааг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч А нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигч байх шаардлагыг хангасан, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар түүний эзэмших эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардах нөхцөл бүрдсэн, дээрх хуулийн шаардлага хангагдсан байхад давж заалдах шатны шүүх тухайн хуулийн энэ нөхцөл шаардлагад дүгнэлт хийгээгүй.
4.4. Нэхэмжлэгч А нь маргаан бүхий өвөлжөө, хаваржааг хууль ёсны дагуу өвлөн авч, эзэмшлийг олж авсан талаар өвлөх эрхийн гэрчилгээ, гэрээ, өвөлжөө, хаваржаа эзэмших эрхтэй болох Засаг даргын захирамж, гэрээ, гэрчилгээ бусад нотлох баримтыг гаргаж өгсөн байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтыг хэрхэн яаж үгүйсгэж байгаа талаар магадлалд дурдаагүй.
4.5. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар Газрыг энэ хуульд заасан зориулалт хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг хариуцагчийн тайлбараар буюу тухайн өвөлжөө, хаваржааны хууль ёсны эзэмшигч биш гэдгийг ямар нотлох баримтаар хэрхэн үгүйсгэсэн нь тодорхойгүй, харин нөгөө талаас хариуцагчийг ямар эрхийн баримтаар тухайн өвөлжөө, хаваржааны шударга эзэмшигч байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, хэт нэг талыг барьсан дүгнэлт шийдвэр болсон.
4.6. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа хариуцагч М, Г нарын хооронд 6 сая төгрөг шилжүүлсэн дансны хуулгаар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь үхсэн хүн үг хэлэх боломжгүй бөгөөд давж заалдах шатны шүүх тэдний хооронд өвөлжөө, хаваржааг худалдах худалдан авах эрх зүйн харилцаа үүссэн байна гэж хийсвэрээр хэт нэг талыг барьж дүгнэсэн. Ах дүүсийн хооронд мөнгөний өглөг авлага байсан эсэх, ямар зориулалтаар мөнгө шилжүүлэхэд /Хавтаст хэрэгт авагдсан дансны гүйлгээний утга дээр өвөлжөө хаваржааны үнэ гэж зориулалтыг дурдаагүй/, ямар мөнгө байсан болохыг мэдэх боломжгүй. Хэргийн бодит байдалд талийгаач Г нь 2021 оны 7-р сард мөнгө шилжүүлсэн гэх цаг хугацаанд 400 гаруй толгой малтай малчин хүн байсан бөгөөд малтай хүн өвөлжөө, хаваржаагаа зарах үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл өөрийгөө нас барахыг урьдчилан тооцох боломжгүй, мөн өвөлжөө, хаваржааны үнийг зах зээлийн ханшаар бодоход 6 сая төгрөгөөр үнэлэгдэх боломжгүй, мөн хариуцагч М нь тухайн өвөлжөө, хаваржааг хуульд заасан үндэслэл журмаар худалдан авч, хууль ёсоор эзэмшиж байгаа гэдгийг нотолж чадаагүй байхад давж заалдах шатны шүүх тухайн нотлох баримт дээр үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хийсвэрээр таамаглалд үндэслэн шийдвэрлэсэн.
4.7. Давж заалдах шатны шүүх гэрч Хишигсүрэнгийн мэдүүлэг нь талуудын хооронд худалдах худалдан авах хэлэлцээр үүссэн эсэхийг мэдэхгүй тул хэрэгт ач холбогдолтой мэдүүлэг биш байна гэж дүгнэсэн. Гэтэл хариуцагч Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э-ийн хүсэлтээр маргаан бүхий өвөлжөө, хаваржааг Г, М нар нь хоорондоо худалдах талаар хэлэлцээр хийсэн болохыг тухайн үеийн ... сумын газрын даамал Х бөгөөд тухайн гэрчээс хууль сануулж мэдүүлгийг шүүх хуралд авахад тухайн үеийн газрын даамал гэрч Хишигсүрэн нь Г, М нар нь маргаан бүхий өвөлжөө хаваржааг хоорондоо худалдах худалдан авах талаар ирж уулзаж байгаагүй, албан ёсоор хүсэлт өргөдөл гаргаагүй талаар мэдүүлж гэрчилдэг. Гэтэл тухайн гэрчийн мэдүүлгийг давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр үгүйсгэж байгаа нь хэт нэг талыг барьж нотлох баримтыг үнэлсэн.
4.8. Давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хариуцагч М нь 2022-2023 оны газрын төлбөр болох 34,908 төгрөгийг төлсөн нь хууль ёсны эзэмшигч гэдгийг нотолж байна, тухайн өвөлжөө, хаваржааг 2021 оноос хойш эзэмшиж байна гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Г нь 2022 оны 3 сард нас бардаг. Нас барснаас хойш 1 дүгээр ээлжийн хууль ёсны өвлөгч А түүний хүү Г. Б нар тухайн өвийг хүлээн авах талаар хүсэлтийг харьяа нотариатад гаргасан, тухайн үед Ггийн ээж өвлөх хүсэлт гаргаагүй буюу нас барсан, талийгаач Гг нас барснаас хойш 1 жилийн дараа өв нээгдэж нэхэмжлэгч А хүү Г.Б нар маргаан бүхий өвөлжөө, хаваржааг 2023 онд хууль ёсны дагуу өвлөж эзэмшсэн. Өвөлжөө, хаваржаа, бусад эд хөрөнгийн талаар өвлөх хүсэлт гаргахад Ггийн эгч дүүс хэл ам хийж, хөрөнгийг өгөхгүй гэж маргаж байсан бөгөөд тэр үедээ дур мэдэн өөрсдөө газрын төлбөрийг хийсэн байдаг. Аыг газрын төлбөр хийе гэхэд 2023 оных төлөгдсөн байна гэж хэлэн 2024 оныхыг нэхэмжлэгч өөрөө төлсөн байдаг. Хэрэв хариуцагч М нь дүү Гг нас бараагүй байхад тухайн өвөлжөө хаваржааг 2021 онд худалдан авч эзэмшсэн гэж үзэж байгаа бол 2021 оны газрын төлбөр хийсэн баримт хэрэгт байдаггүй. 2022, 2023 он буюу 2 жил газрын төлбөр төлсөн гэдгээр тухайн өвөлжөө хаваржааны шударга эзэмшигч гэж үзэх хууль зүйн бодит үндэслэл байхгүй. Нөгөө талаас хариуцагч 2 жил өвөлжөө, хаваржааны газрын төлбөрийг төлсөн гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч буюу хууль ёсны эзэмшигчээс газрын төлбөрөө нэхэмжлэх эрх нь нээлттэй.
4.9. Мөн сөрөг нэхэмжлэлийн тухайд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байдаг. Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар “Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй буюу А нь маргаан бүхий өвөлжөө, хаваржааны хууль ёсны эзэмшигч болох нь түүний гаргаж өгсөн өвлөх эрхийн гэрээ, гэрчилгээ, газар эзэмших эрхийн захирамж, гэрээ, гэрчилгээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Харин хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Г, М нарын хооронд үүргийн харилцаа үүссэн болох нь тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон. Мгаас Гд 6 сая төгрөг шилжүүлсэн нөхцөл байдал үгүйсгэгдээгүй боловч тэдний хооронд энэ талаар ямар тохиролцоо хэлцэл байгуулагдсан нь тодорхойгүй, хариуцагч тайлбарынхаа үндэслэлийг нотлон тогтоогоогүй тул М нь 6 сая төгрөгийг харилцаагаа тодорхойлон Ааас өвлөн авсан өвийн хэмжээгээр нэхэмжлэх эрхтэй талаар дурдсан байдаг.
Эцэст нь дүгнэхэд давж заалдах шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хууль хэрэглээ болон тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтыг хэргийн бодит байдалд нийцүүлэн үндэслэл бүхий дүгнэж, шийдвэр гаргахгүй, хэт нэг талыг барьсан, иргэдийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн, хууль зөрчсөн шийдвэрүүдийг удаа дараа гаргаж хохироож байгаа нь тус магадлалаар харагдаж байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хууль ёсны эзэмшигчийн эрх ашгийг зөрчсөн давж заалдах шатны шүүхийн магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д-ийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2025.05.29-ний өдрийн 001/ШХТ2025/00557 дугаар тогтоолыг гаргажээ.
ХЯНАВАЛ:
6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7. Нэхэмжлэгч А нь ... газрыг тус тус Мгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардлага гаргаж, үндэслэлээ: “...Маргаж буй өвөлжөө, хаваржааны газрыг нөхөр Г эзэмшиж байсан бөгөөд тэрээр 2022.03.06-ны өдөр зуурдаар нас барсан. Хүү бид хоёр хууль ёсны өвлөгчийн хувьд ... сумын Засаг даргын А/62 дугаар шийдвэрийн дагуу уг өвөлжөө, хаваржааны газруудыг эзэмших болсон. Гэтэл хадам эгч буюу хариуцагч М нь бидний зөвшөөрөлгүйгээр 2023 оноос хойш уг өвөлжөө, хаваржааг хууль бусаар эзэмшиж, бидний эзэмших эрхэд саад болж байна, иймд дээрх газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан...” гэж тайлбарлаж, “...дээрх газрын шударга эзэмшигчээр тогтоолгох, эзэмших эрхийг шилжүүлэх...”-ийг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан,
Хариуцагч тайлбартаа: “...Г нь хариуцагч Мгийн төрсөн дүү. Г 2022 онд нас барсан, нас барах хүртлээ хүүтэйгээ хамт амьдардаг байсан. Хэдийгээр гэрлэлтээ цуцлуулаагүй боловч 2015 оноос хойш эхнэрээсээ тусдаа хүүтэйгээ амьдардаг байсан. Нэхэмжлэгч Аыг 2017 онд Солонгос явснаас хойш Г нь хүүтэйгээ, ээжтэйгээ амьдарч байгаад 2022 онд нас барсан. Нас барахаасаа нэг жилийн өмнө буюу 2021 онд малчны зээлээ төлөх гэсэн юм өвөлжөө, хаваржаагаа зарахаас гэхээр нь хүнд өгч байхаар би авъя гэхэд тэгвэл надад зээл хаах 6 сая төгрөг өгчих гэхээр нь М нь өөрийнхөө данснаас дүүдээ мөнгө шилжүүлж өгснийг дүү нь авч, зээлээ төлсөн байдаг. Ингээд өвөлжөө, хаваржаагаа нэр дээрээ шилжүүлж авч чадаагүй байтал Г нь нас барсан. Өвөлжөө, хаваржааны мөнгийг өгснөөс хойш М газрын татваруудыг төлж байсан. ...Ггийн ээж нь нас барангуут нэхэмжлэгч А өвийн асуудлыг нээлгэж, миний худалдаж авсан өвөлжөө, хаваржааны гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж авсан байсан. Би уг өвөлжөө, хаваржааг дүүгээсээ худалдаж авсан, хууль ёсны эзэмшигч нь учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргаж, улмаар дээрх өвөлжөө, хаваржааны газрын шударга эзэмшигч болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийг шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.
8. Анхан шатны шүүх: “...Нэхэмжлэгч А нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар талийгаачийн эхнэр тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу хууль ёсны өвлөгч, ... сумын Засаг даргын 2023.05.30-ны өдрийн А/62 тоот шийдвэрийг үндэслэн маргаж буй газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар 4 жилийн хугацаагаар Ад эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ олгосон нь бичгийн баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэгч нь дээрх газрын хууль ёсны эзэмшигч мөн болох нь тогтоогдож байна. ...Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт өвийн журмаар шилжих эзэмшил өвлүүлэгчид байсан хэмжээгээр өвлөгчид шилжинэ гэж заасны дагуу талийгаач Ггийн эзэмшлийн дээрх өвөлжөө, хаваржааны зориулалттай газар нь Аын эзэмшилд шилжсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. ...Хэрэгт талийгаач Г, М нарын хооронд худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн талаарх нотлох баримт авагдаагүй буюу өвөлжөө, хаваржааны газрын эзэмших эрхийг худалдах, худалдан авах гэрээ Г, М нарын хооронд байгуулагдсан гэх байдал тогтоогдохгүй байна. ...иймд Мд дээрх газрыг эзэмших эрх үүсээгүй. ...Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч А нь өөрийн эзэмшлийн өвөлжөө, хаваржааг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй тул маргаж буй өвөлжөө, хаваржааны газрыг хариуцагч Мгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэх нь үндэслэлтэй.
Мгийн эзэмшлийн ... тоот депозит данснаас 2021.07.02-ны өдөр А гүйлгээний утгатай 6,000,000 төгрөгийн зарлага гаргаж Г нь 2021.07.02-ны өдөр 6,000,000 төгрөгийн зээл төлсөн болох нь Ггийн зээлийн дансны хуулгаар тогтоогдож байгаа боловч уг 6,000,000 төгрөгөөр өвөлжөө, хаваржааг худалдах, худалдан авах тохиролцоо хийгдсэн болох нь тогтоогдохгүй байна. ...М нь уг өвөлжөө, хаваржааг Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасны дагуу хууль ёсны эзэмшигч буюу Ааас шаардах боломжгүй. Иймд Мгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй. ...Мгаас Гд 6,000,000 төгрөг шилжүүлсэн нөхцөл байдал үгүйсгэгдээгүй, М нь харилцаагаа тодорхойлон 6,000,000 төгрөгийг Ааас өвлөн авсан өвийн хэмжээгээр нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй...” гэж дүгнэсэн,
Давж заалдах шатны шүүх “...анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтыг үнэлэх зарчимд нийцээгүй байна. ...М нь уг өвөлжөө, хаваржааны газрын эзэмших эрхийн үнийг Гд төлж худалдан авсан, 2021 оноос хойш эзэмшиж байгаа, уг газрыг худалдан авсан цагаасаа хойш газрын төлбөрийг төлж байсан нь Газрын төлбөрийн тооцоо нийлсэн тухай актад тусгагдсан 2019-2021 онуудад газрын төлбөр төлөгдөөгүй, 2022-2023 онуудад төлөгдсөн тухай мэдээлэл, Г нь 2022.03.06-ны өдөр нас барсныг 2022.03.16-ны өдөр бүртгэсэн тухай нас барсны бүртгэлийн лавлагаа, төлбөр шилжүүлсэн, банкны зээлийг барагдуулсан зэрэг баримтаар тогтоогдсон байна. ...давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөн өөрчлөх боломжтой, талууд худалдах-худалдан авах хэлцэл хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй. ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт заасны дагуу М нь маргаан бүхий газруудыг эзэмших эрхийг шилжүүлэхийг Ааас шаардах эрхтэй. ...Гэвч уг газар эзэмших эрх нь Аын нэр дээр бүртгэсэн тул уг бүртгэлийг хүчингүй болгож, Мгийн нэр дээр бүртгэл хийхийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл эрхлэх улсын бүртгэлийн байгууллагад даалгаснаар Мгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага бодитойгоор хангагдах боломжтой...” гэж дүгнэжээ.
9. Анхан шатны шүүх хариуцагч нь маргаж буй өвөлжөө, хаваржааны газар эзэмших эрхийг худалдаж авсан нь баримтаар тогтоогдоогүй гэж үзэн хариуцагч нь газрыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж дүгнэж, нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагч газар эзэмших эрхийг худалдаж авсан нь газрын төлбөр төлсөн, газрыг эзэмшиж байсан үйл баримтаар нотлогдож байна гэж дүгнэж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хоёр шатны шүүх нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн, хэргийг зөрүүтэй шийдвэрлэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.
10. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч А нь Гтай 2009.07.17-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн, 2009.08.23-нд хүү Б төрсөн, 2017 оноос нэхэмжлэгч нь БНСУ-д ажиллаж байгаа, 2022.03.06-ны өдөр нөхөр Г нас барсан, гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулаагүй байна.
11. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй, 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж, 528 дугаар зүйлийн 528.2-т энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор ...нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж, 528.1-д өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор ...өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж тус тус зохицуулсан.
Нэхэмжлэгч А нь Ггийн эхнэр тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч.
Тэрээр талийгаачийг нас барснаас хойш нэг жилийн дотор ... аймгийн тойргийн нотариатчид өв хүлээн авах хүсэлт гаргаснаар өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон, улмаар Халиун сумын Засаг даргад хүсэлт гаргасныг үндэслэн Сумын Засаг даргын 2023.05.24-ний өдрийн А/62 тоот захирамжаар Ггийн эзэмшилд бүртгэлтэй маргааны зүйл болсон тус бүр өвөлжөө, хаваржааны зориулалттай хоёр газрын эзэмших эрхийг өвлөгч Ад шилжүүлэн эзэмшүүлж, газрын хэмжээ, байршлыг баталснаар А нь өвийг хүлээн авч, маргаж буй газрын хууль ёсны эзэмшигч болсон нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгчийн өв залгамжлалын талаар хоёр шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн ба энэ талаар зохигч маргаагүй.
12. Нэхэмжлэгч нь өвлөгдсөн эд хөрөнгийн эзэмших эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлсэн боловч нэхэмжлэлд дурдсан ... газрыг тус тус хариуцагч М эзэмшиж байгаатай холбогдуулан хариуцагчийн хууль бус эзэмшлээс дээрх өвөлжөө, хаваржааны зориулалттай хоёр тусдаа газрыг чөлөөлөхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т зааснаар өвийн журмаар шилжих эзэмшил өвлүүлэгчид байсан хэмжээгээр өвлөгчид шилжих тул Ггийн эзэмшилд байсан газар эзэмших эрх тэр хэмжээгээр Ад шилжиж, энэ үндэслэлээр А нь хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмших эрхтэй шударга эзэмшигч болно.
Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй, 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 93 дугаар зүйлийн 93.1-д эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж тус тус зохицуулсан.
Иймд хариуцагчийн эзэмшил хууль бус тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага хангагдах учиртай.
13. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ тус газрын эзэмших эрхийг Ггаас худалдаж авсан гэж маргажээ. Тэрээр тайлбар, татгалзлаа нотолж 2021.07.02-ны өдөр Ггийн дансанд 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн, тухайн мөнгөөр Г нь зээлийн төлбөрөө төлсөн, газар эзэмших эрхийг худалдаж авснаас хойш газрын хураамжийг төлж байсан талаар тайлбарлаж, холбогдох баримтыг хавсаргасан байна.
Давж заалдах шатны шүүх “...Г нь зээлийн төлөлт хийхэд мөнгө хэрэгтэй болсон үндэслэлээр өвөлжөө, хаваржааны газрыг зарна гэсний дагуу М нь гэрээний үүргийн дагуу 6,000,000 төгрөгийг шилжүүлж, улмаар зээлийн төлбөрийг төлсөн нь цаг хугацаа, учир зүйн хувьд тохирч байна, мөн уг газрыг худалдаж авснаас хойш газрын төлбөрийг төлж, хариуцагч газрыг эзэмшиж байгаа нь баримтаар нотлогдсон, дээрх үйл баримтыг нэхэмжлэгч няцаан үгүйсгээгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй...” гэж дүгнэхдээ үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Тухайлбал, маргаж буй үйл баримттай холбогдуулан нотлох баримтыг шинжлэн судалбал:
Хариуцагч М 6,000,000 төгрөгийг өөрийн данснаас авсан, Г мөн өдөр зээлийн төлбөрт 6,000,000 төгрөг төлсөн нь талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэнийг нотолсон баримт гэж дүгнэх боломжгүй бөгөөд анхан шатны шүүхээс “...эдгээр баримтаар талуудын хооронд өвөлжөө, хаваржааны газрыг 6,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах тохиролцоо хийгдсэн болох нь тогтоогдохгүй байна...” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.
Хариуцагч нь дээрх газруудын эзэмших эрхийг 2021.07.02-ны өдөр худалдаж авсан гэж тайлбарлах боловч газрын төлбөрийг газрын эрхийг худалдаж авсан үеэс бус Гг нас барснаас хойш буюу 2022.05.27-ны өдрөөс төлж эхэлсэн нь Хаан банкны Шилжүүлгийн мэдээллээр нотлогдож байх тул газрыг худалдаж авснаас хойш газрын төлбөрийг төлж байсан гэх хариуцагчийн тайлбарыг үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй юм.
Иймд давж заалдах шатны шүүхээс “...хариуцагч М нь Гг нас барснаас хойш газрын төлбөрийг төлж, газрыг эзэмшиж байсан нь талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэнийг нотолно...” гэх дүгнэлт учир дутагдалтай болжээ.
Ийнхүү хариуцагч М нь маргаж буй тус бүр өвөлжөө, хаваржааны зориулалттай хоёр тусдаа газрын эзэмших эрхийг Ггаас худалдаж авсан, худалдах-худалдан авах хэлцэл хийгдсэн тухай нөхцөл байдал тогтоогдоогүй, баримтаар нотлоогүй байхад хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийг тэдгээр газрын шударга эзэмшигчээр тогтоож, улмаар эзэмших эрхийг шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангана.
14. Хариуцагч М маргаж буй газруудыг эзэмших эрхгүй болох нь тогтоогдсон тул түүний эзэмшлийг хууль бус гэж үзэж, тус бүр өвөлжөө, хаваржааны зориулалттай хоёр газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглээгүй байх тул хяналтын шатны шүүхээс шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан, алдааг залруулна.
Ийнхүү давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 215/МА2025/00008 дугаар магадлалыг хүчингүй болгож, Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 305/ШШ2025/00091 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж, 1 гэж дугаарлан, 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Аын нэхэмжлэлийг хангаж, ... газрыг тус тус хариуцагч Мгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, дээрх газруудыг эзэмших шударга эзэмшигчээр тогтоолгох, эзэмших эрхийг шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгуулахыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн 3, 4, 5, 6 дугаар заалтын дугаарыг 2, 3, 4, 5 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэмийн гомдлын заримыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ааас 2025.04.28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД