Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 1205

 

 

Г.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Цогтгэрэл,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч А.Энхтүвшин, Г.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Х.Идэр, Б.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/663 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б болон түүний өмгөөлөгч А.Энхтүвшин, Г.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.Бд холбогдох эрүүгийн 201201040254 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Г.Б нь:

- 2012 оны 2 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 29 дүгээр гудамжны 264 тоотын орчимд өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, онц харгис хэрцгийгээр амь хохирогч Ж.Мын биед олон удаа хутгалж, олон тооны гэмтэл шарх учруулж, түүний эзэмшиж, такси үйлчилгээнд явж байсан 13-25 УБЛ дугаартай “Соната-2” загварын тээврийн хэрэгсэл болон хэрэглэж байсан “Нокиа” загварын БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2 сим карт уншдаг товчлууртай гар утас зэрэг эд зүйлсийг авсан, дээрх аюултай үйлдлийн улмаас амь хохирогч Ж.Мөнхбаатар нь Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2012 оны 2 дугаар сарын 23-ны өдөр нас барсан,

- Б.Бат-Эрдэнэ, Д.Лувсанжамц нартай бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний шөнө Багануур дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны 17 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Нэмүүн Сант-Асар” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газрын хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч 12 ширхэг гар утас, 1 ширхэг зургийн аппарат, 2 ширхэг монетон ээмэг, 3 ширхэг монетон кулон, 4 ширхэг монетон бөгж зэрэг 11,946,450 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,

- ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж “Якут годон якут годон” гэх фэйсбүүк сайтанд “зөвхөн Увсчууддаа шинэ жилийн урамшуулал болгон годон гуталдаа 30 хувийн лизингээр худалдаалж байна, та бүхэн 95775283 дугаараар мэдээлэл авна уу” гэсэн мэдээлэл оруулан хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн С.Таас 650,000 төгрөг, М.Боос 80,000 төгрөг, П.Гээс 40,000 төгрөг, нийт 770,000 төгрөгийг өөрийн “ХААН” банкны 5064817965 дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан, 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр фэйсбүүк зарын группэд “Baaska Aldaraa” гэсэн хаягнаас “Айфүне-Икс” гар утас хямд захиалж өгнө гэх зарыг байршуулж, улмаар зарын дагуу холбогдсон иргэн Н.Бт “...2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр гэхэд захиалсан гар утас ирнэ...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Н.Баар Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 93-22 тоот хаягнаас интернет банкаар 500,000 төгрөгийг өөрийн “ХААН” банкны 5064817965 дугаарын данс руу шилжүүлэн авч залилан бусдад нийт 1,270,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                    

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

Г.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Г.Бг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасан “онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Бг 16 жилийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бгийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бгийн урьд цагдан хоригдсон 257 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бгээс нийт 11,611,393 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Байгалд 7,519,910 төгрөгийг, хохирогч З.Оюун-Эрдэнэд 2,861,483 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ч.Хуланд 80,000 төгрөгийг, хохирогч Н.Болдбаатарт 500,000 төгрөгийг, хохирогч С.Тамжидад 650,000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Г.Б хохирогч М.Бор, П.Ганчимэг нарт төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэг, 00-н цаас 4 ширхэг, кофены уут 1 ширхэг, хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, 0.7 литрийн “Ерөөл” архины шил 1 ширхэг, 0.33 литрийн “Ерөөл” архины шил 1 ширхэг, машины заалны толь 1 ширхэг, машины хаалганы удирдлага 1 ширхэг, арааны речак 1 ширхэг, хаалганы бариулны дотор 3 ширхэг, саарал мөнгөлөг наалт 1 ширхэг, 6 хэсэг бүхий зурагтай наалт 1 ширхэг, борооны хаалт 1 ширхэг, АЗА төлбөр 500 гэх баримт 1 ширхэг, Скайтелийн 500 төгрөгийн нэгжийн карт 1 ширхэг, торгуулийн хуудас 1 ширхэ, номын зарлагын баримт 1 ширхэг, улаан шонхор тамхины хайрцагны тасархай 1 ширхэг, чихрийн цаас 1 ширхэг, 99031088 дугаар бүхий цаас 1 ширхэг, тамхины иш 2 ширхэг, УБ төв буудал 20-тын гэсэн тасалбар 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Б намайг үйлдсэн гэх хэрэг нь 2012 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө болсон байдаг. Би 2012 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс такси дээрэмдсэн хэрэгт шалгагдаж байхдаа цагдан хорих гэж байхад нь хэрэг хам Мөнгөнхуягтай хамт цагдаагаас зугтсан ба тэр үеэс бид хоёрыг орон даяар эрэн сурвалжилсан ба миний хэрэг хам тэр үед зугтаж байх хугацаандаа хүн амины хэрэгт холбогдон баригдсан. Үүнээс болоод бүр илүү эрэн сурвалжилж миний зургийг бүх эргүүлийн цагдаа нарт хэвлүүлэн тараасан байдаг. Би 2012 оны 02 дугаар сарын 22-нд буюу цагаан сарын шинийн 1-нд баригдаж цагдан хоригдсон ба хоригдоод хэд хонож байхад эрүүгийн төлөөлөгч, хошууч Баярсайхан ирж одоо хэлмэгдэж ял авсан хэргийг анх хэлж намайг сэжиглэсэн ба яагаад сэжиглэгдэх болсон шалтгааныг ингэж хэлж байсан.

1. Чи таксигаар гаршсан дээрэмчин. Чиний талаар гэрчүүд хэлж зургийг чинь үзүүлсэн.

2. Гэрч чиний зургийг үзээд чамайг бараг таньсан болохоор хэргээ хүлээчих гэж хэлж байсан. Анх ийм юм болж надаас тайлбар, мэдүүлэг авч би хэрэг болсон шөнө гэх үед нь буюу 2012 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө найз охин Баярмаатай “Валентин” тэмдэглэж хоносноо үнэн зөвөөр мэдүүлсэн байдаг. Би анх хоригдоод 4-5 хонож байхдаа энэ хэрэгт сэжиглэгдсэнээ мэдээд надаас мэдүүлэг авсны дараа намайг Ганц худагт хоригдож байхад анх мэдүүлэг авч Баярмаатай хоносныг дуулаад Баярмааг шууд 72 цагаар хорьж байгаад мэдүүлэг авсан байдаг. Тэр үед Баярмаа надтай хоносон нь Баярмаа, мөн хажуу өрөөний Отгоо /Отгонбаатар/ гэх залуу хоёрын мэдүүлгээр намайг энэ хэрэгт ямар ч хамааралгүй нь нотлогддог ба тийм дүгнэлт гарсан байдаг.

- Баярмаагийн 2012 оны 3 дугаар сарын 12-нд өгсөн мэдүүлгийг би уншиж байсан, ийм мэдүүлэг байгаагүй.

- Отгонбаатар буюу Отгоо гэх залуугийн мэдүүлгийг уншиж байсан ба иймэрхүү утгатай мэдүүлэг байсан, тэр мэдүүлэг хавтаст хэргээс алга болсон байна.

“Манай хажуу өрөөний Бааска гэх залуу нэг хүнтэй өрөөндөө юм яриад инээлдээд байсан. 23 цаг өнгөрсөн байсан” гэж мэдүүлдэг.

1. Баярмаагийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өгсөн мэдүүлэг /2хх-22-25х/ мэдүүлгийнх нь дагуу дарамтлах ямар ч боломж байхгүй. Би Ганц худагт байгаа хүн яаж утсаар ярьж дарамтлах вэ? Мөн надад тэгж муухайгаар дарамтлуулж байсан хүн намайг гээд бүхэл бүтэн 3 жил 6 сар эргэж очих уу? Миний охиныг төрүүлж, надтай гэр бүл гэж хорих ангид очиж 3 хоногийн эргэлт буюу 72 цагийн эргэлтээр улирал болгон очиж хонодог. Мөн аав, ээж нь хүртэл цуг ирж уулздаг байсан. Намайг 2012 оны 10 дугаар сарын 24-нд Чингэлтэй дүүргийн шүүхээр 8 жил хорих ял аваад ялаа эдлэх хугацаанд О.Баярмаа нь 3 жил 6 сар эргэлтээр ирж хоносон. Мөн аав, ээж нь ирж байсан талаарх баримт хавтаст хэрэгт байгаа. Намайг сууллагдахаас 1 жил 6 сарын өмнө Баярмаа гэнэт л салах болсон, өөр хүнтэй суух болсон захиа ирсэн. Түүнээс хойш би суллагдаад охин Энгүүн дээрээ уулзахаар очиход Баярмаа надад “Баярсайхан гэдэг дээр үед намайг шалгаж байсан хүн чинь хурандаа болчихсон байна, надтай ирж уулзсан. Баасанхүүгийн талаар ярьсан мэдүүлгээ өөрчилбөл чамайг цагдаад авъя гэж хэлээд байна” гэж надад хэлж байсан. Миний хувьд хийгээгүй хэрэг болохоор би тоогоогүй. Хамгийн сүүлд 2018 оны 9 дүгээр сарын 01-нд миний охин Энгүүн нэгдүгээр /сургууль/ ангид ороход нь би өөрөө очиж ээж Баярмаатай нь сургуульд нь оруулж өгсөн. Тэр үед Баярмаа надад “Баярсайхан гэдэг хүн яриад хэцүү байна, чамайг шүүх хуралд нь оруулахгүй гээд байх юм” гээд байсан. Би үнэндээ цагдаа нарыг хүнийг ингэж аймаар гүтгэдэг, хуурамч нотлох баримт бүрдүүлдэг гэж үнэхээр бодож байсангүй. Миний эсрэг хуурамч мэдүүлэг өгсөн Баярмаад маш их гомдож байна.

2. Бэхбат гэх гэрч нь 2012 онд энэ хэрэгт шалгагдаж байсан ба тэр үед энэ хэрэг халуун мөрөөрөө байхад намайг зааж таниагүй байдаг. Мөн тэр үед хоригдож байхдаа өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт байгаа. Тэгснээ гэнэт 2019 оны 5 дугаар сарын 20-нд өгсөн мэдүүлэг нь /2хх-21х/ 7 жилийн өмнө таниагүй ямар хүнээс утас авснаа мэдэхгүй гэж 2 удаа мэдүүлэг өгчихөөд яагаад гэнэт 7 жилийн дараа намайг шууд таньж байгаа нь үнэхээр гайхалтай. 2019 оны 5 дугаар сарын 20-нд өгсөн мэдүүлэг нь үл таних залуу, зүс мэддэг санагдаж байна гэх мэдүүлэг. Энэ бүгдийг зохиомлоор миний эсрэг мэдүүлэг авч намайг хийгээгүй хэрэгт минь 100% хэлмэгдүүлж хилс хэрэгт ялласанд маш их гомдолтой байна.

3. Хавтаст хэрэгт хохирогчийг алсан гэх хутга байна. Тэр нь 100% ДНХ-н шинжилгээгээр орж нотолсон байдаг. Хохирогч гэх хүнийг алсан хутга нь мөн гэсэн дүгнэлт байдаг. Хамгийн гол нь хохирогч гэх хүнийг алсан гэх тэр хутган дээр хурууны хээ байгаа ба “алуурчны хурууны хээ” яагаад тэр хурууны хээний эзнийг одоог хүртэл олохгүй байгаа, алуурчныг олохыг хүсэхгүй байна. Зүгээр л урьд нь хэрэгт холбогдож байсан хүмүүсээс хурууны хээний эзнийг шүүж үзээд олдохгүй байна гэх тайлбарыг прокурор хэлж байна. Бүхэл бүтэн 1 хүний амь нас, 1 хүний амьдралыг ингэж шийдэж, хурууны хээний эзэн жинхэнэ алуурчин нь олдохгүй болохоор нь намайг тэр хурууны хээний эзний оронд ял өгсөнд маш их гомдолтой байна. Би хэн нэгэн ял завшигч алуурчны өмнөөс алуурчин гэж цоллуулан ял авсандаа маш их гомдолтой байна. “Монгол Улс бүх ард иргэдийнхээ хурууны хээг авч цахим системд шилжчихээд байхад” хурууны хээний эзэн нь олдохгүй байгаад үнэхээр гайхаж байна. Прокурорын хэлж байгаагаар бол заавал урьд нь хэрэг хийсэн хүн хүн алах ёстой гэсэн дотоод итгэл үнэмшил нь маш их эргэлзэж гутарч байна.

4. Хавтас хэрэгтэй танилцахад талийгаач гэх хүн эмнэлэгт байхдаа ухаан орсон байдаг ба өөрийг нь хэн ингэснийг гэрийнхэндээ мөн хажууд нь байцаагч байхад нь хэлсэн байдаг талаар талийгаачийн ар гэрийн хүн мэдүүлэгтээ хэлсэн байдаг. Тэр үед тэр байцаагч нь талийгаачийн хэлсэн үгийг утсан дээрээ бичиж авчихаад яагаад хавтас хэрэгт хийгээгүй вэ? Талийгаач гэх хүн нь Нямзаяа хаана байна, олоод ир, намайг ийм болгосон хүмүүсийг би Нямзаяа бүгдийг мэднэ гэсэн мэдүүлгийг гэр бүлийнх нь хүний өгсөн мэдүүлэгт байсаар байтал яагаад одоог хүртэл тэр мэдүүлгээр байцаалт явуулахгүй байгаад маш их гайхаж байна.

5. Сувдаагийн дэвтрийг нотлох баримтын шаардлага хангахгүй илт хуурамч болох нь мэдэгдсээр байтал нотлох баримт болгосон.

Тайлбар: Ямар ч хүн дэвтэр, тэмдэглэл хөтлөхдөө 1-рт, 2-рт, 3-рт гэж мөн 2012, 2013, 2014 он гэж эхлэх дэс дугаарын дагуу тэмдэглэл хөтөлдөг ба 2014 оны төдөн сард ингэсэн, тэдэн сард тэгсэн, 2015 оны тэдэн сард ингэсэн, тэгсэн, тэгснээ шууд 2012 он болж хувирах нь үнэхээр гайхмаар. Хадам ээж Сувдаа нь О.Баярмааг эх хүнийхээ зөнгөөр хамгаалж Баярмааг мэдүүлгээсээ буцсанд нь мөн сүүлчийн өгсөн 2 мэдүүлгийг нь үнэн болгох гэсэн санаа ба хуурамч нотлох баримт гэдэг нь илт мэдэгдэж байцаагч М.Батсайхан, О.Баярмаа, Д.Сувдаа нар нь үгсэн тохиролцож өгүүлсэн нь мөн 2хх-22-25 Баярмаа надад дарамтлуулаад хэцүү байсан, цагдаа ч ээжээс мэдүүлэг авахаас нь өмнө ээжид хэлчихсэн байсан гэх мэдүүлэг нь үнэхээр намайг түлхэж байгаа худал мэдүүлэг нь мэдэгдэж байна. Цагдаа ээжээс нь мэдүүлэг авахыг нь Баярмаа яаж хэнээс мэдээд байгаа үнэхээр гайхаж байна.

6. 2012 онд Баасанхүү намайг энэ хэрэгт огт хамаагүйг тэр үед О.Баярмаа, Д.Сувдаа мөн дээрх дурдагдсан хажуу өрөөний залуу буюу Отгоо гэх залуугийн 2012 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө цуг хоносныг мэдүүлсэн мэдүүлгээр буюу 3 хүний мэдүүлгээр хамааралгүй болсон байдаг. Отгоо гэх залуугийн мэдүүлэг яагаад алга болов, мөн яагаад хавтас хэргийн хуудасны дугаарыг “шдрих”-дсэн нь үнэхээр гайхаж байна. Яагаад хавтас хэргийн хуудсыг “шдрихдэж” зассан нь Отгоо гэх залуугийн мэдүүлэг алга болсныг гэрчилж байна.

7. Иймд энэ хэргийн ганц сэжүүр нь би болсон ба Ганболд гэх хүн нь миний эрэн сурвалжлагдаж байсан зургийг заасан гэх бөгөөд үүнээс өөр энэ хэрэгт сэжигтэн байхгүй.

- Хутган дээрх хурууны хээний эзэн олдохгүй болохоор намайг барьж унаад Баярмаагийн мэдүүлгийг ямар нэгэн аргаар өөрчлүүлж чадах л юм бол намайг энэ хэрэгт түлхэж болох боломж байгаа ба 2015 оны Эрүүгийн шинэчилсан хуулиар 2 гэрчтэй бол ямар ч хэрэгт түлхэж болохыг байцаагч олж хараад:

1. Баярмаад Бааскагийн хурууны хээ хутган дээрээс олсон гэж хэлээд чи онц хүнд хүн амины хэрэг нуусан гэж шоронд орох болчихоод байна. Бааскатай хоносон мэдүүлгээсээ буц гэж хэлэн мэдүүлгээсээ буцсан ба одоо ахиад мэдүүлгээсээ буцвал Баярмаа дараа нь хүн гүтгэсэн хэргээр шоронд орох гээд байна гэж миний эмээ болох Сумъяад хэлсэн байдаг. Ингэж мэдүүлгийг нь өөрчлүүлээд ээжээр нь бас дээрх тэмдэглэлээр нь нотлох баримт болгож чадсан байна.

2. Энэ хэрэгт 2012 онд сэжиглэгдээд хоригдож байсан Бэхбатад миний зургийг үзүүлж зааж өгөн таньж олуулан миний эсрэг мэдүүлэг өгүүлж чадсан ба ингээд миний эсрэг 3 гэрчтэй болгоод намайг энэ хэрэгт гүтгэж удсан хүн амины хэргийг илрүүлсэн гэж ажлын үзүүлэлт болгож байна.

3. Би хэн нэгэн ял завшигчийн өмнөөс ял үүрч алуурчин болж 20 жилээр яллуулж, жинхэнэ алуурчин нь одоо ч хүртэл эрх чөлөөтэй явж байгаад, бас хэн нэгэн байцаагчийн цол ахих болзол болж ажлын үзүүлэлт болж байгаадаа үнэхээр их гомдож байна. Иймд эрхэм шүүгч та анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний хилс хэрэгт гүтгэгдэж, яллагдаж ноцтой зөрчигдсөн эрхийг минь сэргээж хийгээгүй хүн амины хэргийг цагаатгаж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгч Г.Ганцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо "...Г.Бд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад шаардлагатай гэрчүүдийг байцаасан, зайлшгүй хийвэл зохих шинжилгээ, эд зүйлийн үнэлгээг хийлгэсэн, чухал ач холбогдол бүхий баримт сэлт гаргуулсан, эд мөрийн баримтыг хураан авсан, шүүгдэгчийн хувийн байдал, амьдралын нөхцөл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна” гэжээ.

Гэтэл бодит байдал дээр миний үйлчлүүлэгчийг онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алсан гэмт хэрэгт буруутгаад байгаа нотлох баримтууд нь бүгд хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтууд нь алга болсон, солигдсон байдаг.

1. Миний үйлчлүүлэгч Г.Баасанхүг гэм буруутай гэж үзсэн гол гэрчийн мэдүүлгүүд бүгд хоорондоо зөрүүтэй. Тухайлбал: Гэрч Баярмаа гурван өөр янзаар илт зөрүүтэй мэдүүлгүүд өгдөг. Хамгийн анх 2012 оны 02 дугаар сарын 29-ний өөр өгсөн мэдүүлэхтээ 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн үед Баасанхүү ээжийн утас руу залгаад гараад ир гээд түүнтэй хамт Налайх явсан гэж мэдүүлдэг. /1хх-71-72 хуудас/ Харин 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн мэдүүлэгтээ “...2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байхад ээжийн 91681899 гэсэн дугаар луу 9995-тай дугаараас залгаад гараад ир гэж хэлсэн.”, “...Баасанхүүгийн хамт суутал Шар хадны тэнд байдаг 805-р ангийн тэнд очоод нэг дотуур байранд орж, би энд байр хөлсөлж байгаа, хааяа ирж хонодог гэж хэлсэн. Тэгээд байранд орсны дараа удаагүй Баасанхүүгийн хамт буцаж гараад гудамжны үзүүрт байдаг хүнсний дэлгүүрт ороод уут боов, ундаа, ширхэгийн тамхи авч буцаад тэр байранд ороод буцаж гараагүй тэндээ хоноод өглөө 14 цаг өнгөрч байхад цуг гараад...”, -...тэгээд Баасанхүүг баригдсаныг мэдээд одоо би үнэн зөв мэдүүлж байна” гэж тус тус мэдүүлдэг. /1хх-106-р хуудас/ мөн 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баасанхүү, Баярмаа нарын хамт хоносон нийтийн байранд очиж мэдүүлгийг газар дээр нь шалгаж тэмдэглэл үйлдсэн /1хх-107-108 хуудас/

Гэтэл гэнэт бүхэл бүтэн 7 жилийн дараа 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлэг өгөхдөө Г.Бтэй 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр цуг хоносон, хоёр дахь шалгалтандаа бэлдээд нэг дэх өдөр шалгалт өгсөн гэж дахин өөр мэдүүлэг өгдөг. /2хх-24-25 хуудас/ Мөн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...2012 оны 02 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө миний санаж байгаагаар 2 сим уншдаг төмөр гэртэй хятад утас байсан” гэж мэдүүлдэг. Харин гэрч Бэхбат нь 2012 оны 02 дугаар сарын 15-нд хохирогчийн гар утсыг зарсан гэж мэдүүлдэг. Үүнээс үзэхэд 2012 оны 02 дугаар сарын 15-нд зарагдсан утсыг 2012 оны 02 дугаар сарын 16-нд яаж О.Баярмаа зарсан байх вэ? Энэхүү мэдүүлгүүдийн зөрүүг гаргуулахаар гэрч О.Баярмаа болон Бэхбат нарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулахаар хүсэлт тавьсан боловч шүүх хүсэлтийг хангаагүй.

Гэрч Сувдаа 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлэхдээ “...2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байх Валентины өдөр гэж байсан. Гэртээ орой 18 цагийн үед хүүхдүүдийн хамт хоолоо хийж байхад миний утас руу танихгүй дугаараас дуудлага орж ирээд авахад Баярмаатай ярья гэж эрэгтэй хүний дуу гарахаар нь Баярмаад утсаа өгч яриулсан. “...гадуур хувцасаа өмсөөд хүнтэй хамт юманд явчихаад ирье, удахгүй гээд гарсан. Тэр шөнөдөө ирээгүй”, “...тэгээд хаашаа явсан юм бэ гэхэд Сансарын хойшоо байшин хөлсөлж байсан. Тэнд очсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би лавлаж асуугаагүй” гэж мэдүүлдэг. /1хх-206 хуудас/ Харин 2019 онд гэнэт бүхэл бүтэн 7 жилийн дараа мэдүүлгээ өөрчилж, тэмдэглэлийн дэвтэр гэх зүйл гаргаж ирсэн нь ихээхэн эргэлзээтэй баримт юм. Уг тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийхдээ мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж хийсэн байдаг.

Гэрч Бэхбатын хувьд мөн 2012 онд хохирогчийн гар утсыг хэнээс авснаа санахгүй байна гэж удаа дараа мэдүүлж байсан мөртлөө гэнэт долоон жилийн дараа хэнээс авснаа санаж, таньж олуулах ажиллагаагаар миний үйлчлүүлэгчийг заасан нь эргэлзээтэй юм. Гэрч Ганболдын тухайд 2012 оны 02 дугаар сарын 16-нд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...гэрлийн шон мөргөсөн машинаас намхан нуруутай, хар куртиктэй залуу гарч ирсэн, ...”Замын гэрэлтүүлэг сайн байсан” гэж мэдүүлдэг. /1хх-60 хуудас/ Харин уг осол болоход дуудлагаар очсон цагдаа замын гэрэлтүүлэг тухайн үед муу байсан талаар мэдүүлдэг. Түүнчлэн Г.Бгийн өндөр 170 см бөгөөд яав ч намхан нуруутай гэх ангилалд орохооргүй хүн юм. Үүнээс гадна 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдөр таньж олуулах ажиллагаа явагдсан тэмдэглэл дээр 2 дугаар дээр Готовын Баасанхүүг бичсэн байна. Харин гэрч Ганболд танихдаа 3 дугаартай залууг гэж таньсан байдаг.

Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэрч нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж, мэдүүлгүүдийн зөрүүг гаргуулахаар шүүх хуралдаанаас хэд хоногийн өмнө хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх уг хүсэлтийг хүлээж авалгүй, яаравчлан шүүх хуралдааныг хийсэн нь шүүгдэгчийн эрх ашгийг зөрчсөн явдал гэж үзэж байна. Учир нь эдгээр эргэлзээтэй, зөрүүтэй мэдүүлгүүдээр шүүх миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон билээ.

2. Хавтаст хэргээс мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлс алга болсон, солигдсон талаар:

2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гэрч О.Баярмаа мэдүүлэхдээ мөрдөгч 2012 оны 2 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө тэр өдөр Баасанхүү та хоёрыг байсныг мэдэх хүн байна уу? гэж асуухад “...байрны эзэн нь гэх 40 гаран насны ах байсан. Хоёр давхартаа амьдардаг гэж байсан. Намайг орж гарч байсныг харж байсан. Бас өглөө нь гадна талын хаалгаа хаагаагүй байна гэж загнаж байсан. Тэр ах л мэдэх байх. Утсыг нь мэдэхгүй, Дараа нь Сүхбаатар дүүргийн мөрдөн байцаагчтай хамт очиж зааж өгч байсан.” /1хх-225/ гэж мэдүүлсэн байдаг. Мөн Г.Б нь мөн анхан шатын шүүх хуралдааны явцад 2012 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө нийтийн байранд хоносныг мэдэх хүн болох Отгонбаатар гэх хүний мэдүүлэг алга болсон. Отгонбаатар нь 2012 оны 02 дугаар сарын 14-ний шөнө нийтийн байранд хоносон талаар мэдүүлсэн байсан бөгөөд тухайн мэдүүлгээр 2012 ондоо Г.Бг сэжиглэхээ больсон байсан талаар мэдүүлсэн.

Үүнээс гадна уг хэргийг эцэслэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой шинжээчийн дүгнэлтүүд бүгд хавтаст хэргээс алга болсон байсан бөгөөд прокурор 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгээс нөхөж авсан байдаг. /6хх-137-149 хуудас/

Мөн 2012 онд эд мөрийн баримтаар хураагдсан /1хх-17-20 хуудас/ хохирогчийн тухайн үед өмсөж явсан хувцас болон миний үйлчлүүлэгчийг уг гэмт хэрэгт буруутгаад байгаа гол үндэслэл болсон хохирогчийн гар утас алга болсон. Прокурор уг эд мөрийн баримтыг хайж хянан шалгах ажиллагаа явуулж байсан боловч 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1 тоот прокурорын тогтоолоор хохирогчийн утас болон гар утасгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэрэг хянан шалгах ажиллагааг зогсоосон байдаг.

2012 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2440 дугаар шинжээчийн дүгнэлтээр /1хх-238/ хэргийн газраас олдсон хар өнгийн малгайд шинжилгээ хийсэн бөгөөд /1хх-239 хуудасны ар талд/ анхан шатын шүүх хуралдаан дээр эд мөрийн баримтуудыг шинжлэн судлахад анх эд мөрийн баримтаар хураагдсан малгай, ШШҮХ-ийн шинжилгээ хийсэн малгай болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргагдсан фото зургийн үзүүлэлтээр /1хх-8 хуудасны ар тал/ харуулсан малгайнаас огт өөр загвартай, өөр өнгөтэй малгайгаар солигдсон байсан. Энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс ч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ч шүүх хуралдаан дээр хэлсэн.

3. Хэрэг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэрч Михлай мэдүүлэхдээ “...тэр залуугийн яриаг сонсоход согтуу нь мэдэгдэж байсан” /1хх-41/ гэж, гэрч Ш.Батсайхан 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлэхдээ “...өнөө өглөө нэр нь үл мэдэгдэх согтуу осголтын байдалтай 50 орчим насны хүзүүндээ баруун, зүүн талдаа тус бүр 2 удаа хутгалагдсан шархнуудтай...” /1хх-20/ гэж тус тус мэдүүлсэн байдаг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч хаана, хэнтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг шалгаж тогтоогоогүй.

Хохирогчийн машинаас авагдсан хурууны хээнүүд хэнийх болох нь одоог хүртэл тогтоогдоогүй. Машинаас авагдсан хурууны хээнүүд хохирогч болон Г.Бгийн хурууны хээ биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. /5хх-183-184/,

2012 оны 02 дугаа рсарын 15-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэсэн мөрдөн байцаагчийн тогтоолд “...Мөнхбаатар нь үл таних хүмүүст дээрэмдүүлж гар утас болон автомашинаа алдаж хүзүү болон цээж, хэвлий хэсэгтээ зүсэгдсэн гэмтэл авсан гэмт хэрэгр эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байх тул...” /1хх-1/ гэж, мөн гэрч Урангоо цагдаад өгсөн гомдолдоо “...Ах маань 4 хоног ухаангүй байж байгаад 5 дахь өдрөө ухаан орсон. Ухаан ороод хэлсэн анхны үг нь “...Заяаг олоод ир” гэж хэлсэн нь хэрэгтэй маш холбоотой санагдсан. Мөн ах маань “...тэднийг олоод ир бүгдийг нь танина” гэж хэлж байсныг өөрийн чихээр сонссон. Ах ухаантай байж байхдаа мөрдөн байцаагч Дамдинжавт үг хэлсэн нь зарим нь бүдэг боловч хэргийн талаар их ярьсан 5 минутын бичлэгийг техник технологийн боломжийг ашиглан хэлсэн үгийг нь тоддорхой болгож тодруулж өгөх боломжийг судалж өгөхийг хүсэж байна” /1хх-245/ гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл хохирогч нэг биш олон хүнд хутгалуулсан болох нь харагдаж байна. Гэтэл энэ асуудлаар огтхон ч шалгаагүй бөгөөд уг хохирогчийн өгсөн мэдүүлгийг 5 минут бичсэн бичлэг ч өнөөдөр байгаа хавтас хэрэгт байхгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан байдаг.

Гэтэл уг хэрэгт авагдсан миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа бүхий л нотлох баримт эргэлзээтэй, хэргийг тал бүрээс нь шалгаагүй, миний үйлчлүүлэгчийг цагаатгах нотлох баримт алга болсон, гэрч Баярмаа удаа дараа тухайн өдөр Г.Бг өөрийн ээж Сувдаа залгасан гэж мэдүүлж байхад цагаатгах талын нотлох баримт болох Сувдаагийн утасны дэлгэрэнгүй хуулийг авч шалгаагүй байдаг.

Уг эрүүгийн хэрэг шүүхэд 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд шилжүүлэх албан тоот бичин хэргийг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд хүргүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийг 15 хоногийн дотор шүүхэд шилжүүлэх эсэхийг шүүгч шийдэх ёстой. Талуун мөн хугацаанд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт өгч болдог. Гэтэл шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарыг урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргах нөхцөл бололцоогоор хангаагүй бөгөөд шүүгч амрах гэж байгаа, шүүгдэгчийн цагдан хорих хугацаа дуусч байгаа болохоор шууд шүүх рүү шилжүүлж, шүүх хуралдаан зарласан гэх тайлбарыг шүүгчийн туслах өгсөн. Ингээд гэм буруугийн хурлыг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр товлож шийдвэрлэж, 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдөр эрүүгийн хариуцлагын хурал болсон.

Үүнээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Бат-Эрдэнэ, Лувсанжамц нартай бүлэглэн уг гэмт хэргийг үйлдсэн гэх эрүүгийн хэргээс Г.Бд холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэсэн бөгөөд хэрэгт авагдсан уг хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр биш бөгөөд хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байсан. Анхан шатны шүүхээс уг эрүүгийн хэргийг шийдвэрлэж нэг хүнд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, Бат-Эрдэнээс хохирогчийн хохирлыг бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэн гэх мэдээлэл байсан. Бат-Эрдэнэ, Лувсанжамц нарт холбогдох шүүхийн тогтоол бичгээр гараагүй байгаа талаар прокурор ч шүүх хуралдааны явцад хэлдэг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүхээс гаргасан дүгнэлтэнд онцгой ач холбогдолтой бүхий л нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг огт заагаагүй, дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна...” гэв.   

 

Шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгч А.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн аихан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна.

Нэг. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай огг нийцээгүй талаар.

1.1 Анхан шатны шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах ноглох баримтуудаар нотлогдоогүй болно. Үүнд: Хэрэг болсон газар, цаг хугацаа: Яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд “2012 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 29 дүгээр гудамжны 264 тоотын орчимд хохирогчийг хутгалсан гэж дүгнэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь, хохирогч 2012 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө үүрийн 5 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 29 дүгээр гудамжны 264 тоотын хаалгыг тогшсон байдаг ба уг гудамжны ойролцоогоос хохирогчийн байж болох малгай, тамхины хайрцаг зэрэг баримтууд олдсоноос яг энэ гудамжны орчим хэрэг үйлдэгдсэн гэдэг нь нотлогдоогүй. Хохирогчийн биед уг 264 тоотын орчим халдсануу, өөр газар халдаад тээврийн хэрэгслээр нь түүнийг зөөвөрлөн ирж 264 тоотын орчим буулгаад явсан уу гэдгийг тогтоож чадаагүй. Өөрөөр хэлбэл талийгч уг 264 тоот хаалгыг тогшисон үйл баримтыг хэрэг болсон газар гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба энэ нь хэрэг болсон газар орон зай, цаг хугацааг шууд нотлох баримт биш гэж үзэж байна.

Хэрэг үйлдсэн зэвсэг: Хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан, шүүх хурлын явцад судлагдсан хар өнгийн хуванцар бариултай хутга нь хохирогчийг хутгалсан хутга мөн эсэх нь эргэлзээтэй байдаг. Учир нь анх 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хэргийн газарт хийсэн үзлэгээр ажлын хэсгийн урт 14см, бариулын урт 12см бүхий нийт урт нь 26 см гэх баримт авагдсан (1хх 29) боловч эд мөрийн баримтаар тооцож аваагүй явж байгаад 7 жилийн дараа ижил төстэй өөр хутгийг эд мөрийн баримтаар (5хх 230) авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Тодруулбал уг долоон жилийн дараа нөхөж бүрдүүлж байгаа хутганы нийт урт нь 25.3 см, үүнээс ажлын хэсэг 13.5см, бариул нь 12 см байгаа нь анх хэргийн газраас олдсон хутганаас өөр богинохон хутга байна. Уг баримтыг яаж үнэлсэн анх хэргийн газарт үзлэг хийгдэх үед бэхжүүлэгдсэн 26 см урт бүхий хутга гэж үнэлэх боломжгүй. Хохирогчтой сүүлд нэг гэрт амьдарч байсан төрсөн дүү нь манайд ийм хар иштэй хутгай байгаагүй талаар шүүх хурлын явцад болон гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэлдэг (2хх 18) мөн уг хутгыг гэрч Нямзаяа таньж бага тэнгэрийн аманд ажиллаж байхдаа миний хоол хийж байсан хутга байна. Гэтэл уг гэрч Нямзаяа гэгч нь хохирогчтой тухайн үед хамгийн сүүлд уулзсан хүн, хохирогч нарын ах дүүсийн мэдүүлгээр хохирогчийг хөнөөсөн байх боломжтой сэжигтэн хэрэг болсон гэх газраас 1 км хүрэхгүй зайд амьдардаг байсан хүн юм. Гэтэл шүүхээс миний үйлчлүүлэгчийг нотлох баримтууд нь илтэд зөрүүтэй, мэдүүлгийн зөрүүг арилгаагүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоогоогүй байтал түүнийг гэм буруутайд тооцон хариуцлага хүлээлгэсэнд гомдолтой байна.

Яллах талын нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлгийн зөрүү:

Хэдийгээр хохирогч олон удаа хутгалуулж үүний улмаас нас барсан үйл баримтын үгүйсгэх боломжгүй ч уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийхдээ хэрэг үйлдсэн байх боломжтой М.Нямзаяа, С.Бэхбат нарын тухайн өдөр хэрэг гарах үед хаана юу хийж байсан талаар үйл баримтыг шалгаж, мухарлах ажиллагааг огт хийгээгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар уг гэмт хэргийг үйлдсэн байх хамгийн өндөр магадлалтай хүн бол М.Нямзаяаг гэж үзэж байгаагаа удаа дараа хэлдэг (1хх 35, 47) ба Нямзаяа ч хэрэг болохын өмнөх өдрүүдэд хамт байсан 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өдөржин цуг байсан хамгийн сүүлд 14-ний оройн 23 цагийн үед хохирогчтой уулзсан, хохирогчийн утас луу удаа дараа нь залгасан, тухайн өдөр өөр хүмүүстэй архи ууснаа мэдүүлж Улаанбаатар зочид буудлын ойролцоо биеэ үнэлсэн, 9 дүгээр дэлгүүрийн ойролцоо буудалд биеэ үнэлсэн гэж мэдүүлсэн уг мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа огт хийгдээгүй, хамгийн гол нь Нямзаяагийн гэрчээр өгсөн мэдүүлэг нь хэргээс алга болсон байдаг. Тодруулбал 1 дүгээр  хавтас хэргийн 68 дугаар хуудсанд “Нямзаяагийн талийгаач хүнд хутгалуулчихлаа гэж охинтойгоо ярьсан гэх мэдүүлгийн дагуу” мөрдөн байцаагч, дэслэгч Н.Алтантуяа ажиллагаа хийсэн байдаг. Эндээс харахад Нямзаяатай хохирогч хутгалуулсныхаа дараа ямар нэг байдлаар уулзсан ба энэ талаар мэдүүлэг өгсний дагуу дэслэгч Н.Алтантуяа ажиллагаа хийж байсан боловч уг мэдүүлэг нь хэргээс алга болсон. Мөн дээр дурдсаны дагуу хохирогчийг хутгалсан гэх хутгыг өөрийнх нь хоол хийж байсан хутга болохыг таньж байсан, хохирогч 7 буудал руу явж М.Нямзаяатай уулзаад ирэх болгондоо гар утас, хувцасаа дээрэмдүүлээд ирдэг байсан гэх мэдүүлэг, Нямзаяагийн биеийн байцаалтад авагдсан 7 буудал орчмын хаяг нь хэрэг болсон гэх газраас 1 км хүрээгүй зайтай байгаа зэргийг огт шалгаагүй нь магадгүй уг гэмт хэргийг үйлдсэн жинхэнэ гэм буруутныг ял завших бололцоог олгож байна.

Гэрч Т.Бэхбатьн талаар: Уг гэрч Т.Бэхбат нь анхнаасаа маш эргэлзээтэй, зөрүүтэй мэдүүлэг өгдөг ба уг мэдүүлгийн зөрүүг гаргах зорилгоор шүүхэд түүнийг гэрчээр оролцуулах хүсэлтийг өмгөөлөгч нарын зүгээс гаргасан боловч хүлээж аваагүй. Бэхбатын эргэлзээтэй зөрүүтэй мэдүүлгүүдээс хэрэг гарах үед амьдарч байсан хаяг нь огт өөрчлөгддөггүй ба уг Сүхбаатар дүүргийн миний захаас хойш Здахь гудамжид байх нийтийн байрны байршил нь хэрэг гарсан гэх Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 29 дүгээр гудамжны 264 тоотоос зүүн тийш 900 орчим метрын зайд байгаа нь мөн хохирогчийн утсыг хэрхэн яаж авсан, тэрээр үнэхээр тэр үед “Монтел” орчим ченж хийдэг байсан эсэх нь эргэлзээтэй ба үнэхээр ченж хийдэг бол хямдхан авсан утсаа Наранзана гэгчид өгч өөртөө ямар ч ашиггүйгээр заруулах болов гэдэг нь сонирхолтой. Т.Бэхбат нь анх 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлэг өгөхдөө “намайг уг гар утас авсныг гэрчлэх хүн байхгүй, би ганцаараа зогсож байгаад хүнээс авсан, эрэгтэй эмэгтэй ямар хүнээс авснаа санахгүй байна” гэдэг (1хх 162), мөн 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гэрчээр дахин мэдүүлэг өгөхдөө ч ямар хүнээс утас авснаа санахгүй байгаа тухайгаа мэдүүлдэг. Ингэж удаа дараа ямар хүнээс утас авсан тэр хүн эрэгтэй, эмэггэй байсныг ч санахгүй байгаагаа хэрэг болсоноос удаагүй байхад мэдүүлж байсанаа 7 жилийн дараа сэжигтнээр тооцогдож цагдан хоригдсоныхоо дараа гэнэт 7 жилийн өмнө хальт уулзсан хүнийхээ дүр төрх, нүүр царайг санаж алдалгүй таних болсон эргэлзээтэй. Эндээс дүгнэлт хийхэд хохирогчийн утас ямар нэг байдлаар Бэхбатад байсан ба хэрэг гарах шөнө хэрэг учрал болсон газраас 900 метрын зайтай амьдарч байсан зэрэг нь эргэлзээгүй нотлогдож байгаа бахэргээс мултрахын тулд 7 жилийн дараа мэдүүлгээ өөрчилж урьдчилан мэдээлэлтэйгээр таних ажиллагаанд орж Г.Бг таньж өөрөө хэргээс мул гарч хоцорсон байх магадлал маш өндөр юм. Энэ мэтчилэн гэрчийн мэдүүлэг хоорондоо эрс зөрүүтэй байхад уг зөрүүг гаргалгүй, энэ талаарх өмгөөлөгчийн хүсэлтийг хангалгүй хэрэгт авагдсан баримтуудыг буруугаар үнэлэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн гүйцэт тогтоогоогүй байж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, миний үйлчлүүлэгчийг бусдын амь насыг онц хэрцгийгээгээр хөнөөсөн гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба шүүхийн шийдвэр, дүгнэлт нь нотлогдохгүйгээр үл барам Эрүүгийн хуулийн үндсэн зарчмаас ухарсан шийдвэр гэж үзэж байна.

1.2. Анхан шатны шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Үүнд: Миний үйлчлүүлэгч нь хэрэг гарах үед Валентины баяраа тэмдэглэж тухайн шөнө найз охинтойгоо өөр газар байсан талаараа удаа дараа үнэн зөвөөр мэдүүлэг өгч ирсэн ба шүүхэд мэдүүлэг өгөхдөө О.Баярмаад валентины баяр гэж монетон зүүлт бэлэглэж байсан, тухайн үед өөр хэргээр эрэн сурвалжлагдсан байсан учир зам мөрөө буруулах, баригдахгүй байх зорилгоор Ж.Мөнхбаатарыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байгаагаа мэдээгүй байхдаа Налайх явсан гэж мэдүүлээрэй гэж хэлж байсан. Баярмаа болон Г.Б нар дундаасаа хүүхэдтэй, хорих ангид ял эдэлж байх хугацаанд О.Баярмаа болон түүний аав, ээж нар хүүхдийнх нь эргэлтээр ирж 72 цагийн хугацаанд хамт байсан баримт хэрэгт авагдсан (2хх 122).

Хэрэг гарснаас хойш 7 жилийн хугацаанд Баярмааг энэ хэрэгт удаа дараа ямар ч шалтгаангүйгээр байнга цагдаагийн газарт дуудаж ямар ч мэдүүлэг ажиллагаа хийлгэлгүйгээр хаалгаа сахиулдаг, худал мэдүүлэг өгсөн гэж цагдан хорих хүртэл арга хэмжээ авч байсан зэрэг нь мэдүүлгээ өөрчлөхөд хүргэсэн байж болох магадлалтай. Учир нь үнэхээр л Г.Б, О.Баярмаа болон түүний ээжийг худал мэдүүлэг өгүүлэхээр дарамталж, заналхийлээд байсан бол дарамтлуулж байгаа хүнийгээ байнга эргэж очин 72 цагаар хамтдаа байх нь логикийн хувьд ямар ч боломжгүй зүйл юм. Гэрч Баярмаагийн анхнаасаа тогтвортой өгч байсан мэдүүлэг 7 жилийн дараа яагаад гэнэт өөрлчөгдөх болов, тухайн үед Валентины өдөр гэж бэлэг сэлт өгч байсан эсэх, дарамтлуулж байсан бол яагаад байнга эргэж тойроод байсан эсэх, 7 жилийн дараа хамт хонохдоо цагаан өнгөтэй 2 симтэй утастай байсан гэж худал мэдүүлэг өгөх болов зэрэг эргэлзээтэй нөхцөл байдлуудыг шүүх анхаарч үзээгүй энэ талаар өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт болон шүүх хурлын явцад өгсөн мэдүүлэгт дүгнэлт өгөөгүй хэт нэг татыг барьж хурлаас өмнө хэргийн материалтай танилцах явцад бий болсон урьдчилсан төрсөн итгэл үнэмшилдээ баригдан бусад зүйлийг анхаараагүй гэж үзэж байна.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх гухай хууль ноцтой зэрчсөн талаар.

Өмгөөлөгч нарын зүгээс шүүх хурал эхлэхийн өмнө илт зөрүүтэй мэдүүлэг өгсөн, олон жилийн дараа мэдүүлгээсээ буцсан уг мэдүүлэг нь яллах талын гол баримт болсон гэрч нар болох О.Баярмаа, Т.Бэхбат, М.Нямзаяа, О.Баярмаагийн ээж болох Д.Сувдаа нарыг гэрчээр оролцуулж хэргийн үнэн зөвөөр шийдвэрлэх, шударгаар мэтгэлцэх, мэдүүлгийн зөрүүг арилгуулах үүднээс шүүх хуралд оролцуулах хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй. Энэ нь шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэж байгаа ба хэрэв эдгээр гэрч нар оролцож мэдүүлэг өгсөн тохиолдолд бидний эргэлзээд байгаа үйл явдал, мэдүүлгүүд, нотлох баримтуудыг нэг мөр шийдэж болох байсан.

Мөн өмгөөлөгч миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Талууд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах” гэж заасны дагуу яллах талын гол баримт болох Г.Бг 2012 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө О.Баярмаатай байгаагүй гэсэн дүгнэлт гаргахад хүргэсэн Д.Сувдаагийн тэмдэглэлийн дэвтэрт хийсэн үзлэгийн тэмдэглэлийг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан.

2 дугаар хавтаст хэргийн 28-29 дүгээр талд дэвтэрт үзлэг хийж тэмдэглэл хөтөлсөн баримт авагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар бүлэгт үзлэг, мөрдөн шалгах туршилт хийх ажиллагааны журмыг зохицуулж өгсөн ба 23.1 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Эд зүйл, баримт бичигт...үзлэг хийхэд эзэмшигчдийг байлцуулна. Эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ” гэж заасан ба 2019 онь 3 дугаар сарын 5-ны өдөр Д.Сувдаагаас хаанаас юм хэний ч юм нэг тэмдэглэлийн дэвтэр хүлээж авсанаас хойш 5 сарын дараа дэвтрийн эзэмшигчийн оролцууулалгүй, хуульд заасны дагуу ингэх боломжгүй байсан бол хөндлөнгийн 2 гэрч оролцуулалгүй үзлэг өөрөө дур мэдэн тайлбарлаж үзлэг хийсэн байдаг. Гэтэл хуульд эд зүйлд үзлэг хийхэд эзэмшигчийг эсхүл хөндлөнгийн гэрч заавал оролцуулах ингэх боломжгүй бол ДУУ-ДҮРСНИЙ БИЧЛЭГ-ийг заавал хийхээр хуульчилсан. Гэтэл уг журмыг зөрчиж ажиллагаа хийсэн ба энэ нь ноцтой зөрчилд тооцогдох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “энэ хуульд заасач үндэслэл журмыг зөрчиж хэрэг авсан мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” баримт байсан. Гэтэл шүүх бүрэлдэхүүн хууль зөрчиж авагдсан нотлох баримтыг хасуулах хүсэлтийг фото зураг авагдсан байгаа гэх үндэслэлээр татгалзсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт үйл явдал мэдээллийн талаар тэмдэглэл үйлдэх аргах хэлбэрийг ойлгомжтойгооор:

- кино ба гэрэл зураг, зураглал,

- дууны,

- дүрсний, дуу-дүрсний бичлэг,

- ул мөрөөс авсан хэв гэх зэргээр маш тодорхой зааглаж тодорхойлж өгсөн. Өөрөөр хэлбэл дүрсний бичлэг болон ДУУ-ДҮРСНИЙ бичлэг ялгаатай ойлголтууд юм. Ингэж ялгаатай зохицуулсан нь тухайн нотлох баримтыг шүүхэд эргэлзээгүй байдлаар үнэлэхэд ач холбогдолтой. Ингэж чадаагүй бол тухайн баримт нотлох баримтын чанараа алдахаар хуульчилж өгсөн байхад уг баримтыг миний үйлчлүүлэгчийн буруутгах гол баримт болгож ашигласанд туйлын гомдолтой байна. Дээр дурдагдсан нөхцөл байдлаас харахад хэрэг болсон газар, үйлдлийн арга, зэвсэг, он цаг хугацааг тогтоож чадаагүй эргэлзээтэй, хэрэгт зайлшгүй шалгах ёстой гэрч, сэжигтэн нарыг шалгаагүй, гэрчийн мэдүүлгүүд илт зөрүүтэй байхад шүүх хурлыг хийн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг цуглуулах журмыг ноцтой зөрчсөн баримтуудад ач холбогдол өгөн дүгнэлт хийсэн ч Г.Бг талийгаач Ч.Мөнхбаатарыг онц харгис хэрцгийгээр хөнөөсөн болохыг шууд нотолж, цагаатгах болон яллах талын баримтуудад бүх талаас үнэн зөвөөр үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй. Иймд Г.Бг Ч.Мөнхбаатарыг алах гэмт хэрэгт буруутгах хангалттай баримт сэлт авагдаагүй, баримтууд эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 663 дугаартай шийтгэх тогтоолын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хэсгийг хүчингүй болгон холбогдох үйлдлийг цагаатгаж өгнө үү...” гэв.

 

Прокурор Г.Цогтгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Бг хүн амины хэрэг, хулгайн хэрэг, залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийтгэх тогтоол гарсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс зөвхөн хүн амины хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар давж заалдах гомдол гаргасан байна. Энэ хэрэгт 8 жилийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. 2012 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө гэмт хэрэг гарсан гэж прокуророос яллагдагчаар татсан. Хэрэг болсон байршлыг хохирогчийн олдсон газар буюу Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 19 дүгээр гудамжны 264 тоотод гэж үзэж байна. Хохирогч нь гэрч Михлайн хаалгыг үүрийн 5 цаг 30 минутад тогшсон байсан. Тэгэхээр олон удаагийн дээрээс доош чиглэсэн хутганы шархтай хүн удаан хол явах боломжгүй гэж үзсэн учраас олдсон газар буюу хаалга тогшсон газрын орчимд гэмт хэрэг үйлдэгдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн. 2012 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Мягмар гариг байсан. Гэрч Баярмаа 2012 онд өгсөн мэдүүлэгтээ валентин тэмдэглэсэн талаар дурдаагүй. Тухайн үедээ 14-ний өдөр уулзсан, Сансар хавиар 2 удаа такси дамжиж 805 дугаар ангийн тэнд нийтийн байранд очсон гэдэг боловч валентин тэмдэглэсэн талаар дурдаагүй. 2019 онд гэрч Баярмаагийн мэдүүлэгт хохирогчийн гар утас байсан уу, харсан уу гэдэг талаар яриад эхлэв. Энэ нь эргэлзээтэй байна, хөтөлсөн шинжтэй байна гэж байна. 2012 онд Баярмаагаас сэжигтнээр болон гэрчээр авсан мэдүүлэгт энэ талаар асуулт байгаагүй. Үүнээс хойш 2019 оныг хүртэл маш олон мөрдөгч солигдож асуухад утас байсныг харсан талаар Баярмаа мэдүүлсэн байсан. Дараа нь гэрч Бэхбат 2012 оны 2 дугаар сарын 15-нд зарсан гэж мэдүүлсэн. Тухайн үед Бэхбатыг сэжигтнээр татаж мэдүүлэг авч, цагдан хорьсон. Энэ үедээ он, сар, өдрөө тодорхой хэлээгүй. Ингээд 2019 онд 17-ны өдөр гар утсыг худалдан авч бусдад зарсан талаараа мэдүүлсэн. 2012 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө хохирогч нас барсан. 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Баярмаа хамт хоносон гэдгээ удаа дараа гэрчээр мэдүүлсэн. “Яагаад худал мэдүүлэг өгсөн бэ” гэхэд “тухайн үед заналхийлэлд өртсөн юм. Миний аав ч гэсэн таксинд явдаг учраас би айгаад тэгж мэдүүлсэн юм” гэж байсан. Мөн 3 жилийн дараа яагаад эргэж очсон юм бэ гэж байна. Хүүхдийг нь тээгээд үлдсэн байсан хүн хүүхдийнхээ эцэг дээр л очсон асуудал болсон. Мөн гэрч Сувдаагийн дэвтрийг 2019 онд хурааж аваад үзлэг хийсэн. Анхан шатны шүүх хуралдаанд уг баримтыг нотлох баримтад тооцох эсэх асуудлаар хэлэлцсэний үр дүнд нотлох баримтаас хасаагүй. Өмгөөлөгч нарын зүгээс хуулийг ноцтой зөрчсөн гээд байгаа боловч аль хуулийг яаж зөрчсөн талаар байхгүй байна. Зүгээр хардсан шинжтэй гомдол гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь  хэсэгт “Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ” гэж заасан. Энэ баримт нь дүрсээр бэхжүүлэгдсэн байна, заавал дуутай байх албагүй гэсэн учраас нотлох баримтаар үнэлсэн. Нийтийн байранд хоносон асуудлын тухайд гэрч Отгонбаатарын мэдүүлэг байсан гэж анхан шатны шүүх хуралдаанд ч мөн ярьдаг. Энэ хэрэгт 2020 оноос эхэлж би хяналт тавьсан. Тэгээд хавтас хэргийн материалтай танилцахад Отгонбаатар гэж хүний мэдүүлэг байгаагүй. Одоог хүртэл шүүгдэгч Г.Б нь би 2012 оны 2 дугаар сарын 14-ны өдрөөс 15-нд шилжих шөнө хоносон гэдэг. Прокурорын зүгээс Баярмаатай хоносон гэдгийг нь хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ 2012 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө хоноогүй, 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө хоносон байна. Гар утас нь “Монтел” төвийн гадна 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдөр зарагдсан байсан. Үүнийг худалдаж авсан хүмүүс болон худалдсан хүмүүс мэдүүлдэг. Мөн гэрч Ганболд нь энэ хэрэгт маш их ач холбогдолтой хүн. Талийгаач 7 буудлаас олдсон. Үүнээс барагцаагаар 30 минутын зайтай Баянгол дүүрэг, Энхбаярын зам дээрээс машин нь эвдэрхий байдалтай олдсон. Хамгийн эхэнд ослын газар очсон гэрч нь Ганболд. Ганболдын гэрийн хаалганаас эвдэрсэн машин хүртэл 2 метр 60 см зайтай. Гэрч Ганболд үүр цайсан байсан тул гарч ирээд машины ослыг харсан байсан. Тэгээд мэдүүлгээ өглөө нь өгсөн. Мэдүүлэхдээ шүүгдэгч Г.Бг шинж тэмдгээр нь дүрсэлсэн байсан. Мөн харвал танина гэж анхны мэдүүлэгтээ хэлсэн байсан. Ингээд зураг таниулахад Г.Бг таньсан. Яагаад гэрч Ганболдын мэдүүлгийг үнэлээд байна гэхээр Ганболд анх мэдүүлэхдээ “хар өнгийн куртиктэй, шар царайтай, хазгайдуу гэмээр аялгатай, 170 см өндөр байсан. Босоо үстэй, бараан өмдтэй, туранхайдуу биетэй залуу ганцаараа бууж ирсэн” гэх мэдүүлэг өгч байсан. Энэ мэдүүлгээ удаа дараа өгч, 2 удаагийн таньж олуулах ажиллагаагаар Г.Бг таньсан. Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэлд жолоочийн эсрэг талын суудлын доор хар иштэй, цус мэт зүйлээр бохирлогдсон хутга байсан. Энэ хутга болон талийгаачийн өмсөж явсан хувцаснуудад шинжилгээ хийсэн. Хавтас хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө прокурорын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Талийгаачийн өмсөж явсан хувцас байхгүй байна гээд 8 жилийн хугацаанд энэ хэргийг шалгасан бүхий л цагдаагийн болон прокурорын байгууллагын архивын өрөөнүүдэд шалгасан. Гэтэл талийгаачийн өмсөж явсан хувцас олдоогүй. Хянан шалгах ажиллагааны хүрээнд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хандаж талийгаачийн хувцсанд тухайн үедээ цусны бүлэг тодорхойлсон, урагдал гэмтлийг тодорхойлсон бүхий л баримтуудыг гаргуулж авсан. Машинаас олдсон гэх хутгыг тухайн цусны дээжтэй харьцуулахад нэг хүний цус байна гэх дүгнэлт гарсан. Гэтэл үүнийг өмгөөлөгч нар гуйвуулж хаанаас хутга гаргаад хавтас хэрэгт хавсаргасан юм бэ гэх зэргээр хууль журмын дагуу авагдсан нотлох баримтыг үгүйсгэж болохгүй. ДНХ-ийн шинжилгээ гэдэг нь 99%-ийн магадлалтай шинжээчийн дүгнэлт. Талийгаач коспитальд хэвтэж байхдаа “Нямзаяа гэдэг хүнийг дууд” гэж хэлсэн гэдэг. Энэ нь хохирогчийн ар гэрийнхний хардалт байсан. Гэрч Михлай мэдүүлэхдээ “би гэрээсээ цагдаа дуудсан. Цагдаагийн ажилтан гэрэл тусгахад тэр хүний цээжин хавьд цус болчихсон байсан. Цагдаагийн ажилтан дээрэмдсэн хүнээ таних уу гэж асуухад үгүй гэж хэлж байсан” гэдэг. Өмгөөлөгч нарын зүгээс Бэхбат, Нямзаяа нарын гэр нь талийгаачийн олдсон газартай ойрхон байсан гээд өөрсдөө Google Map-аас хайсан байсан. Гэтэл хавтас хэрэгт Г.Бг таньж байгаа гэрч нар байна, Г.Бгээс утас нь гарч ирсэн байна, талийгаачийн унаж явсан машинаас Г.Б гарч ирсэн байна. Эдгээр баримтууд нь эргэлзээгүй тогтоогдсон байна. Хавтас хэргийн хүрээнд автомашинаас хурууны хээг бэхжүүлж авсан шинжээчийн дүгнэлтүүд байгаа. Хэдийгээр Г.Бгийн гарын хурууны хээтэй таараагүй боловч эвдэрсэн машин, осол болсон газар дуудлагаар очсон Буянт гэж цагдаагийн хурууны хээ хүртэл гарч ирсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Г.Бд холбогдох эрүүгийн 201201040254 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.     

 

Г.Б нь:

1.  2012 оны 2 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 29 дүгээр гудамжны 264 тоотын орчимд онц харгис хэрцгийгээр амь хохирогч Ж.Мөнхбаатарын биед олон удаа хутгалж, олон тооны гэмтэл шарх учруулж, түүний эзэмшиж, такси үйлчилгээнд явж байсан 13-25 УБЛ дугаартай “Соната-2” загварын тээврийн хэрэгсэл болон хэрэглэж байсан “Нокиа” загварын БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2 сим карт уншдаг товчлууртай гар утас зэрэг эд зүйлсийг авсан, дээрх аюултай үйлдлийн улмаас амь хохирогч Ж.Мөнхбаатар нь Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2012 оны 2 дугаар сарын 23-ны өдөр нас барсан болох нь:

 

гэрч Р.Ганболдын 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн “...2012 оны 02 дугаар сарын 15-ны шөнийн 00 цагийн үед унтаж амарсан. Унтаж байхад “тас” гээд чанга дуу чимээ гарсан. Хашаанд машин ороод ирэв үү гэж бодоод нимгэн хувцас өмсөөд гараад хартал хашааны үүдэнд байх гэрлийн шонг машин мөргөөд машины урд копуд сөхөгдсөн уур манан болсон, хажуунаас нь намхан нуруутай, хар куртиктай залуу жолоочийн сандлаас бууж ирсэн. “Яагаад орчив” гээд асуусан чинь “зүгээр, зүгээр пизда” гээд амандаа уншаад байсан. “Бие чинь зүгээр үү, түргэн дуудах уу” гэхэд “зүгээр, зүгээр пизда” гэж уншиж байгаад “найз нарыгаа дуудна, дүү нь жоохон согтуу байна” гэж хэлсэн. Би нимгэн хувцастай байсан учраас гэр лүүгээ орсон. ...би шон мөргөсөн машин дээр ирж жолоочтой нь уулзчихаад гэртээ ороод цаг харахад 4 цаг 30 минут болж байсан. ....Ер нь тэр залууг харвал барагцаалаад хэлж чадна. ...машинаас бууж ирсэн залуу нүүр ам нь цус болсон байж магадгүй гэж бодоод нүүрийг нь сайн харсан. Тэгтэл нүүр нь цус болоогүй цус харагдахгүй нүүрээ илээд доошоо болоод байсан. ...жолоочийн суудлаас 20 орчим насны 170 см өндөртэй дунд зэргийн биетэй, босоо мөртлөө 2 хажуу хойд хэсгийн үсийг нилээн нимгэлж засуулсан сүүлийн үеийн залуучуудын засалтаар үсээ засуулсан шар царайтай, толгой нь гонзгойдуу хэлбэртэй, онигор биш дунд зэргийн давхраатай нүдтэй, босоо шулуундуу хамартай залуу байсан. ...хар өнгийн богино савхин куртиктай, хөх өнгийн жинсэн өмдтэй, малгайгүй, хар өнгийн гуталтай байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /1хх 60-61/,  

Р.Ганболдын машинаас бууж ирсэн хүн Г.Б болохыг таньж заасан 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /1хх 62-64/,

мөн гэрч Р.Ганболдын машинаас бууж ирсэн хүн Г.Б болохыг таньж заасан 2012 оны 7 дугаа сарын 19-ний өдрийн хүн таньж олуулсан тухай тэмдэглэл /1хх 226-229/,

 

 хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Байгалийн “...өнөөдөр валентины өдөр гадуур хүн их байх халтууранд явж байгаад орой очиж хононо гэсэн. ...хар малгайтай, хар өнгийн гялгар куртиктэй, цэнхэр эрээн ноосон цамцтай, дотортой хар хөх зузаан жинсэн өмдтэй, гар хийцийн бор шаргал өнгийн богино түрийтэй үдээстэй өвлийн гуталтай явж байсан. ...утас нь өөрт нь байгаа болоод л залгасан байх. ...нүүрэн талаас нь харахад цагаан нүүртэй, ар тал нь никель, 2 сим карт ордог тийм утас байсан. ...” /1хх 35-36, 2хх 18, 187-189, 5хх 171-172/,  

 

гэрч Б.Михлайн “...2012 оны 02 дугаар сарын 15-ны шөнө 01 цаг өнгөрч байхад зурагт үзэж байгаад унтсан. Тэгтэл 05:30 минутын үед хашааны төмөр хаалга цохиод байсан. Ганцаараа гартал үл таних залуу газар хэвтчихсэн толгой нь зүүн зүг рүү харсан байсан. Тэр залуу хөлөөрөө манай хаалгыг өшиглөж байсан. Би тэр залуугийн дэргэд очоод юу болсон талаар асуутал “хүнд дээрэмдүүлээд, хутгалуулчихлаа” гэж хэлэхээр нь гэртээ ороод утсаар цагдаа дуудсан. ...цагдаагийн ажилтан гэрэл тусгахад тэр залуугийн цээж хавийн хувцас цус мэт зүйл болчихсон байсан. ...цагдаагийн ажилтан “дээрэмдсэн хүнээ таних уу” гэхэд “үгүй” гэж хэлж байсан...” /1хх 40-42/,

 

гэрч Г.Нацагдоржийн “...Буянбатын хамт Энхбаярын зам дээр шон мөргөсөн машин дээр очтол жолооч нь байгаагүй, хаалга нь онгорхой байсан. ...1325 УБЛ дугаартай ногоон өнгийн “Соната-2” машиныг 1535 дугаартай ачигч машинд ачуулж явуулсан...” /1хх 53/,

 

гэрч Ц.Буянтын “...хажуу хашаанаас нэг 50 орчим насны хүн гарч ирсэн. ...Биднийг очсоны дараа гэрээсээ гарч ирсэн ах хажуугаар явсан хүмүүс хаалга үүдийг нь онгойлгоод байх юм гэж хэлж байсан. Мөн намайг машинд ороход архи согтууруулах ундаа үнэртэж мэдэгдэх юм байгаагүй. Тэр ах “гэртээ байж байхад гадаа түс гэсэн чимээ гарсан, гарч хартал машин шонгийн мод мөргөсөн, дотроос нь нэг согтуу хүн гарч ирээд гуйваад явчихсан” гэж хэлж байсан...” /1хх 57/,

 

гэрч О.Баярмаагийн “...Г.Б надтай утсаар яриад “цагдаа чамтай уулзвал би чамайг очиж аваад 805 дугаар ангийн тэнд нийтийн байранд хоносон, өдрийг нь 02 дугаар сарын 14-ний өдөр гэж хэлээрэй, тэгэхдээ Налайх руу явсан хэд хэдэн машин сольж явсан гэж хэлээрэй, намайг таксины жолооч хутгалж алсан хэрэгт сэжиглээд байна, би тийм хэрэг хийгээгүй чамтай хамт байсан гэвэл итгэнэ, хэрвээ тэгж хэлэхгүй бол танай аав чинь таксинд явдаг биз дээ дэл сул явж байх үед нь янз бүрийн болгочихож чадна шүү, чамайг шоронгоос гарсан хулгайч нараар хүчиндүүлнэ шүү” гэж дарамталсан зүйл ярьж байсан. Тэгээд тун удалгүй цагдаагаас намайг дуудаж мэдүүлэг авахад нь “Налайх руу явсан хэд хэдэн машин сольж байсан, хамт хоносон талаар” хэлсэн. ...Г.Б “02 дугаар сарын 14 шүү” гээд заналхийлээд байхаар нь ямар ч байсан тэр үеэр яалтчгүй хамт хоносон болохоор өмнөх мэдүүлгүүд дээрээ “02 дугаар сарын 14” гээд хэлсэн. ....Тухайн үед Г.Бгийн дарамтанд хэцүү байсан болохоор цагдаа ээжээс мэдүүлэг авахаас өмнө нь “ээж 14-ний өдөр намайг Г.Бтэй хоносон гэж хэлээрэй” гээд хэлчихсэн байсан. ...Ер нь ажиглаад байхад тогтвортой хүн биш огцом ууртай, зүрхний бронктой юм шиг, догшин ширүүн, уурлахаараа зүрх нь савлаад байгаа юм шиг болчихдог байсан. ...хамт хонох үед нүдний шил зүүчихсэн, хар бараан өнгийн өмдтэй байсан. Харин биедээ ямар нэгэн эд зүйлс гээд байхаар зүйл байхгүй, нэг гар утастай л байсан. Өөрийнхөө барьдаг гар утаснаас өөр гар утас барьчихсан байсан. Миний санаж байгаагаар 2 сим уншдаг Хятад төмөр гэртэй гар утас барьж байсан. ...дээшээ сөхөгддөг нэг ёсондоо гүйдэг замтай, шар өнгийн төмөр корпустай 2 сим уншдаг хятад утас байсан...” /2хх 22-25/,

 

гэрч Д.Сувдаагийн “...О.Баярмаа намайг “Г.Б бид хоёр 02 дугаар сарын 14-нд хамт хоносон гэж хэлээрэй” гээд байсан. Тэгэхээр нь би мэдүүлэг өгөхдөө охиныхоо хэлснээр “тэр хоёрыг 02 дугаар сарын 14-нд хамт хоноод О.Баярмаа маргааш нь буюу 02 дугаар сарын 15-ны өдөр гэртээ ирсэн” талаар мэдүүлэг өгсөн. ...2012 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Г.Б над руу утсаар холбогдоод “О.Баярмаатай ярья” гэж хэлээд О.Баярмаа миний утсаар яриад гараад явсан.Тэр шөнөө гэртээ ирээгүй, утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. Маргааш нь надруу өөрөө утасдаад “одоо харьж байна” гэж хэлээд удалгүй гэртээ ирж байсан. ...Би ер нь тэмдэглэлийн дэвтэр дээр зарим нэг зүйлээ тэмдэглэж авдаг. ...дэвтэр дээрх бичигдсэн юмаа уншихад “2012 оны 02 дугаар сарын 16-ны өдөр О.Баярмаа гэрээс гараад алга боллоо” гээд биччихсэн байсан. ... “02 дугаар сарын 16-ны өдөр л Г.Бтэй хамт явсан юм байна, яагаад ...02 дугаар сарын 14 гэж хэлүүлсэн юм болоо” гээд гайхсан. Тэр дэвтэр маань одоо ч гэсэн надад байгаа. ...намайг одоо мэдүүлэг өгөхөд тулган шаардсан хүнлэг бус харьцсан зүйл алга. Би одоо үнэн зөвөөр хэлж байна. ...Г.Бтэй үерхсэнээс хойш ганц 2 удаа хоногоор явдаг, хичээлээ тараад ирэхгүй алга болчихдог байсан...” /2хх 27-28/,

 

гэрч М.Нямзаяагийн “...Мөнхбаатар надаас салаад “бензин олоод халтуур хийнэ” гэж байсан. ...Мөнхбаатар надаас салахад цайвар сааралдуу өнгөтэй, төмөр гэртэй 2 сим ордог Хятад утастай байсан. ...Мөнхбаатар утастайгаа мөн бор шаргал өнгөтэй дэлгэгддэг шинэ түрийвчтэй байсан. Надад 1000 төгрөг өгөхөд би харсан. Мөн түрийвчинд нь банкны виза карт байсан. ...Талийгаачийг өнгөрдөг өдрийн урд өдөр нь 3 билүү 4 залуутай бид нар хамтраад бага тэнгэрийн аманд барилгын дээврийн ажил хийж 20 гаруй хоног байрлаж ажилласан. Тэр үед Ч.Мөнхбаатар гэрээсээ хутга, шөвөг, хоол хийх хэрэгсэл авчирсан байсан. ...миний хоол хийж байсан хар өнгийн иштэй хутгатай төстэй хутга харагдаж байна. ...ямар ч байсан нэг “Нокиа” маркийн гар утас байсан...” /2хх 34-35/ гэх мэдүүлгүүд,

 

амь хохирогчийн гар утсыг Г.Бгээс худалдан авсан гэрч Т.Бэхбатын “...өглөөний 08-10 цагийн үед намайг “Монтел” гар утасны худалдааны төвийн гадна гар утас худалдаж авахаар зогсож байхад үл таних 25-30 орчим насны шаравтар царайтай, өтгөн хөмсөгтэй, туранхай ч биш тарган ч биш дунд зэрэг биетэй залуу надад энэ гар утсыг бас нэг скайтелын нилээн дээр үеийн дэлгэдэг гар утас хамт зарсан. ...надад гар утас зарсан залууг зүс мэддэг байсан. ...Монтел дээр байнга утас зардаг ченж биш. ...тэр залуугийн гадна харагдах байдал нь содон гээд байхаар шинж тэмдэг ажиглагдаагүй. Тэгэхдээ өтгөн хөмсөгтэй, шар царайтай, жоохон монхордуу хамартай, 2 чих нь соотондуу байсан нь содон харагдсан. ...одоо харвал энэ шинж тэмдгээр нь танина...” /2хх 21/,

 

гэрч Т.Бэхбатаар утас зарсан хүн хэн болохыг таниулах зорилгоор таньж олуулах ажиллагаа явуулахад Г.Бг зааж байгаа болохыг бэхжүүлсэн тэмдэглэл /2хх 182-186/,

Б.Бүрэнбаярын “...энэ гар утас ...талийгаач ахын барьж ашиглаж байсан гар утас мөн байна...” /2хх 50/ гэх мэдүүлэг,

 

Ч.Мын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний “...цээжний хөндийд нэвтрэн баруун уушигны дээд дэлбэн, үнхэлцэг, гол судсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хүзүүний баруун хэсгийн ховч бамбайн булчин, бамбайн мембран гэмтээсэн, зүүн хэсгийн улаан хоолойн дээд хэсгийн гадна хальсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийд цус, хий хуралт, үнхэлцгийн хөндийд цус хуралт, хамар, дээд, уруулын салстын цус хуралт, зулгаралт, доод уруулын шарх, баруун гарын 5-р хуруу, зүүн гарын 2-5-р хуруу, баруун шагайн 2 зэргийн хөлдөлт гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн хүзүү, цээжний хатгагдаж зүсэгдсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн, хамар, дээд уруулын зулгарал, цус хуралт нь мохоо зүйлийн, бусад гэмтэл нь нам хэмийн хэсэг газрын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ир үзүүртэй багаж зэвсгийн ажлын хэсгийн урт нь 2 см, өргөн нь 12 см-с доошгүй байна. Талийгаачийн онош зөв тавигдаж эмчилгээ зөв хийгджээ. Талийгаачид хийвэл зохих эмчилгээг цаг хугацаанд нь хийжээ. Талийгаач нь АВО системээр 0/1/ бүлгийн цустай байжээ. Талийгаач нь талийгаачийн цээжний хөндийд нэвтэрч уушиг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх нь амьсгуурс хатгаагаар хүндэрсний улмаас амьсгал, зүрх судасны дутагдлыг гүнзгийрүүлэн үхэлд хүргэжээ” гэх Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 601 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 82-89/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 601 дугаар шинжээчийн дүгнэлтийг хийсэн шинжээч эмч Н.Батзаяагийн “...цээжний хөндийд нэвтэрч уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх нь амьсгуур хатгаагаар хүндэрсний улмаас амьсгал, зүрх судасны дутагдлыг гүнзгийрүүлэн үхэлд хүргэсэн хүнд зэргийн гэмтэл юм. Тийм учраас эмчилгшээ хийсэн ч амь насыг нь аврах боломжгүй. ...Уг гэмтлүүдийн чиглэлээс үзэхэд хутгыг дээрээс доош чиглэлтэй хатгасан байх боломжтой. ...” /1хх 155/,

 

Б.Ундармаагийн “...Тухайн үеийн эмнэлгийн үзлэгийн тэмдэглэл миний гаргасан дүгнэлт, шинжээч Н.Батзаяагийн гаргасан задлан шинжилгээний дүгнэлт зэргийг дахин харахад түүний биед ир үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн 3 шарх гэмтэл тогтоогдсон байна. Тухайлбал хүзүүний зүүн хэсэгт 4 см, цээжний баруун дээд хэсэгт 2-р хавирганы түвшинд 2 см урт, дагуу байрлалтай, ир тал нь доороо, мөр тал нь дээрээ байрласан ир үзүүртэй зүйлээр шарх байна. Харин цээжний баруун хажуу хэсэгт хөндлөн байрлалтай, 13 см урт оёдол тавигдсан мэс заслын шархтай. Цээжний баруун хажуу хэсэгт 7, 8-р хавирганы түвшинд хөхний урд шугамаар 3.5 см урт хөндлөн байрлалтай, зүүн далны шугамаар 7, 8-р хавирганы түвшинд 0.8 см диаметртэй, хэвлийн голын шугамаар хүйсний доод хэсэгт 2.5 см дагуу байрлалтай гуурс тавигдсан оёдол бүхий шархтай байгаа талаар дүгнэлтэд тусгасан байна...” /2хх 193-194/ гэх мэдүүлгүүд,

 

хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 5-10/, зам тээврийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 25-28/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 29-32/, машин хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 33/, автомашин техникийн үнэлгээний тайлан /5хх 199/, гар утасны үнэлгээний тайлан /5хх 202-203/, эд зүйлд үзлэг хийж эд мөрийн баримтаар тооцсон тогтоол зэргээр/5хх 230-231/,

 

2. Б.Б, Д.Л нартай бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний шөнө Багануур дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны 17 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Нэмүүн Сант-Асар” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газрын хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч 12 ширхэг гар утас, 1 ширхэг зургийн аппарат, 2 ширхэг монетон ээмэг, 3 ширхэг монетон кулон, 4 ширхэг монетон бөгж зэрэг 11,946,450 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан болох нь:

 

хохирогч Д.Оийн “... “Нэмүүн Сант-Асар” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт 2017 оны 12 сарын сүүлээр эрэгтэй хүний мөнгөн бүсээ 70.000 төгрөгийн барьцаанд тавьсан. 2018 оны 01 сарын сүүлээр бүсээ авах гээд очтол уг ломбарданд хулгай орсон гэж ярьж байсан. Миний мөнгөн бүс алга болсон байсан. ...4-5 жилийн өмнө Зоос гоёлын үйлдвэрийн Мөнгөн завьяагаас 380.000 төгрөгөөр авч байсан. Одоо бүсээ 380.000 төгрөгөөр үнэлнэ...” /3хх 30/,

 

хохирогч М.Бын “...2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаагаар өөрийн 1 ширхэг их гарын мөнгөн аягаа 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаагаар сунгалт хийлгэсэн. Уг ломбардад “хулгай орсон” гэж ярьж байсан. Миний мөнгөн аяга алга болсон байсан...” /3хх 43/,

 

хохирогч Ш.Лгийн “...2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрийн 3 ширхэг мөнгөн аягийг 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...цагаан сарын өмнөхөн аягаа авах гээд очтол уг ломбарданд “хулгай орж аяганууд маань алга болсон” гэж хэлсэн...” /3хх 40/,

 

хохирогч Б.Дийн “...аппаратыг 2016 оны 09 дүгээр сард “Компьютер ланд”-аас 1.800.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо хуучин зах зээлийн ханшаараа 1.100.000 төгрөг гэж байгаа байх гэж бодож байна...” /3хх 55/,

 

хохирогч Ж.Эын “...2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр аягаа авах гээд ломбард руу очсон чинь “хулгай ороод хулгайд алдагдсан” гэж хэлсэн...” /3хх 55/,

 

хохирогч З.Оийн “...2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ломбарднаасаа 18 цаг 45 минутын үед бүх хаалгаа цоожлоод гарсан. ...2018 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө ломбард дээрээ иртэл хаалга үүд онгорхой хулгайч орсон байсан. Тулгалт хийгээд үзтэл 12 ширхэг гар утас, 1 ширхэг зургийн аппарат, монетон ээмэг 2 ширхэг, монетон кулон 3 ширхэг, монетон бөгж 4 ширхэг, монетон гинж 1 ширхэг,мөнгөн гинж 1 ширхэг, мөнгөн аяга 25 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн халбага 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байна...” /3хх 61-63/,

 

хохирогч Ч.Жийн: “...1 ширхэг мөнгөн аягийг 40.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Би цагаан сарын өмнө аягаа авах гээд очтол уг ломбардад “хулгай орж аяга маань алга болсон” гэж хэлсэн...” /3хх 69/,

 

хохирогч Д.Дийн: “....2 ширхэг мөнгөн аягийг 140.000 төгрөгийн барьцаанд тавьсан. 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр очтол ломбардад хулгай орж аяганууд маань алга болсон байсан...” /3хх 75/,

 

хохирогч Н.Игийн “...2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 1 ширхэг 21.5 см диаметртэй мөнгөн аягаа 200.000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...1.500.000 төгрөгөөр үнэлнэ...” /3хх 81-82/,

 

хохирогч Ж.Угийн “...3 ширхэг мөнгөн аягаа нийлүүлээд 120.000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...хулгай орж мөнгөн аяганууд алга болсон гэж хэлсэн. ... “Нэмүүн сант асар” барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан мөнгөн аягануудыг сүүлд захирал нь гэх эмэгтэй өөр мөнгөн аяганууд орлуулж өгч миний хохирлыг барагдуулсан...” /3хх 91, 4хх 175-176/,

 

хохирогч Б.Бийн “...нийт 9 ширхэг шинэ цагийн мөнгөн аягануудаа нийлүүлээд 580.000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...уг ломбардад хулгай орж манай аяганууд алга болсон...” /3хх 97/,

 

хохирогч Т.Тын “...2018 оны 02 дугаар сарын эхээр уг аягаа авах гээд ломбардан дээр очсон чинь “хулгай орж аягийг чинь алдчихсан, цагдаа дээр уг хэрэг нь шалгагдаж байгаа гэж хэлсэн...” /3хх 106/,

 

гэрч М.Мөнхцэцэгийн “...2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Даваа овогтой Лувсанжамц гэх хүн үйлчлүүлсэн байх. Циркон шигтгээтэй монетон гинж, кулон, цулгуй монет бөгж зэрэг зүйлийг 240.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байна...” /3хх 120-121/,

 

иргэний нэхэмжлэгч Ч.Хулангийн “... “Амазон” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт нягтлан бодогчоор 2010 оноос ажиллаж байна. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр РД:УЮ88122510 гэсэн регистерийн дугаартай Даваагийн Лувсанжамц гэдэг хүн өөрийнхөө энэ нэрээр эмэгтэй 3.6 гр монетон гинж кулоны хос, 1.4 гр монетон бөгж зэргийг 240.000 төгрөгийн барьцаанд 30 хоногоор хугацаатай барьцаанд тавиад явсан. ...одоо манай компанид 240.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байна...” /3хх 113/,

 

Д.Лувсанжамцын гэрчээр мэдүүлсэн “...Б.Бат-Эрдэнэ юу ч хэлэлгүй ганцаараа машинаас буугаад явсан. Тэгээд утас тавьсан ломбардны орц руу орсон. Удалгүй араас нь Г.Б ороод тэр 2 буцаж гарч ирэхдээ хар өнгийн цүнхтэй юм, цэнхэр өнгийн тортой зүйл барьж гарч ирсэн. ...тэр хоёрыг хулгай хийснийг мэдээгүй. ...явах замдаа Бат-Эрдэнэ надад монетон хүзүүний гинж, кулон, бөгж зэрэг зүйлс өгөөд “бичиг баримт байхгүй байна, чи бичиг баримтаараа ломбардад тавиад өгчих” гэхээр нь би Налайх дүүрэг рүү оронгуутаа “Амазон” гэх ломбардад уг эд зүйлсийг 210.000 төгрөгөнд барьцаанд тавьсан. Тэр мөнгөнөөс 20.000 төгрөг аваад Багануур дүүрэг рүү буцсан. Тэгээд тэр 2 “Замын-Үүд явлаа” гээд явсан...” /3хх 118-119, 129/,

Б.Бат-Эрдэнийн яллагдагчаар мэдүүлсэн “...Д.Лувсанжамц, Г.Б нартай Багануур дүүргийн ломбарднаас хулгай хийгээд гурвуулаа цуг яваад Налайх дүүргийн ломбардад Д.Лувсанжамцаар ээмэг бөгж тавиулаад мөнгөтэй болж Замын-Үүд яваад тэнд нэг айлаас нөүтбүүк, пүүз хулгайлсан. ...буцаж хот руу явахдаа Сайншандаар дайрч алт, мөнгөний дарханд хулгай хийгээд сейфийг нь авч яваад замдаа үерийн усны хоолойд эвдсэн. ...Замын-Үүдийн айл руу Д.Лувсанжамц бид хоёр орсон. Г.Б машин дотор нөгөө хоёр хүүхэнтэй байсан...” /4хх 112-115/,

 

хохирогч нарын эд зүйлийг үнэлсэн үнэлгээ /3хх 34, 40, 46, 52, 58, 66, 71-72, 78, 86-87, 94 100, 108/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гар схем зураг /2хх 229-235/,

 

3. Ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж “Якут годон якут годон” гэх фэйсбүүк сайтанд “зөвхөн Увсчууддаа шинэ жилийн урамшуулал болгон годон гуталдаа 30 хувийн лизингээр худалдаалж байна, та бүхэн 95775283 дугаараар мэдээлэл авна уу” гэсэн мэдээлэл оруулан хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн С.Тамжидаас 650,000 төгрөг, М.Бороос 80,000 төгрөг, П.Ганчимэгээс 40,000 төгрөг, нийт 770,000 төгрөгийг өөрийн “ХААН” банкны 5064817965 дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан, 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр фэйсбүүк зарын группэд “Baaska Aldaraa” гэсэн хаягнаас “Айфүне-Икс” гар утас хямд захиалж өгнө гэх зарыг байршуулж, улмаар зарын дагуу холбогдсон иргэн Н.Болдбаатарт “...2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр гэхэд захиалсан гар утас ирнэ...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Н.Болдбаатараар Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 93-22 тоот хаягнаас интернет банкаар 500,000 төгрөгийг өөрийн “ХААН” банкны 5064817965 дугаарын данс руу шилжүүлэн авч залилан бусдад нийт 1,270,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч С.Тын “...2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаангом сумын 4 дүгээр багийн 3-12 тоотод байрлах гэртээ ...фейсбүүк рүү орж байгаад Увс аймгийн нэгдсэн групп рүү ороход “Якут годон якут годон” гэх фейсбүүк хаягнаас “якут годон гутал худалдаа зөвхөн Увсчууддаа шинэ жилийн урамшуулал болгон годон гуталнуудаа 30% лизингээр худалдаалж байна, та бүхэн чатаар болон 95775283 дугаараар мэдээлэл авна уу” гэсэн нийтлэл оруулсан байсан. 95775283 дугаарын утсаар залгаж ярихад үл таних эрэгтэй хүн уг утсыг авч “чатаар холбогдоорой, гутлынхаа зургийг явуулъя” гэсэн. Нилээн хэдэн гутлын зураг миний Сүхбаатар Тамжид гэсэн фейсбүүкийн чатаар ирүүлсний дараа би өөртөө болон нөхөртөө 2 гутал сонгосон. Би сонголтоо хийгээд дахиад уг утас руу залгахад “та 2 гутал авах гэж байгаа бол 1 гутлын үнийг хийсний дараа таны захиалга идэвхждэг, түүний дараа таны байгаа газарт гутлаа хүргэж үлдсэн мөнгөө авдаг” гэж ярьсан. Чатаар 5064817965 тоот дансны дугаар ирсэн. Би өөрийн нөхөр рүүгээ утсаар яриад уг данс руу 650.000 төгрөг шилжүүлчихсэн...” /5хх 35-36/,

 

гэрч Т.Отгонжаргалын “...эхнэр С.Тамжид 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Төрийн банкнаас миний “ХААН” банкны 5819327851 тоот данс руу гуталны үнэ 600.000 төгрөг шилжүүлсэн байсан. Мөн ...50.000 төгрөгийг шилжүүлсэн байсан...” /5хх 48-49/,

 

хохирогч М.Бын “...2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 12:00 өдөр ...фейсбүүк рүү орж байгаад “Увс аймгийн нэгдсэн групп рүү ороход “Якут годон якут годон” гэх фейсбүүк хаягнаас “якут годон гутал худалдаа зөвхөн Увсчууддаа шинэ жилийн урамшуулал болгон годон гуталнуудаа 30% лизингээр худалдаалж байна, та бүхэн чатаар болон 95775283 дугаараар мэдээлэл авна уу” гэсэн нийтлэл оруулсан байсан. ...би түүнд итгээд 200.000 төгрөг шилжүүлэх гэж байгаад “та нар ирж байгаад урьдчилгаагаа авч болохгүй юм уу” гэж асуухад “таны захиалгыг заавал баталгаажуулах шаардлагатай учраас та 40.000 төгрөгийг шилжүүлэх хэрэгтэй тэгэхгүй бол таны захиалга баталгаажихгүй” гэж хэлсэн. Би ажлын газрын сэтгэл зүйч Ганчимэгтэй ярилцаж байгаад хоёулаа тус бүрдээ гутал захиалахаар болж тус бүрдээ 40.000 төгрөгийг нийлүүлэн миний данснаас 80.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 5064817965 тоот данс руу шилжүүлсэн. ...Норжиндулам бид хоёрыг гутал захиалж байгааг мэдээд Ганчимэгийн фейсбүүкнээс годон гуталны зургийг хараад “би бас годон гутал захиалахаар боллоо, чи 40.000 төгрөгийг өөрийнхөө данснаас шилжүүлчих, би чамд цалин орохоор өгье” гэж хэлээд миний данснаас 5064817965 тоот данс руу дахин мөнгө шилжүүлсэн...” /5хх 38-40/,

 

хохирогч П.Гийн “...би 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэн М.Борд гутал захиалахдаа зээлдсэн 40.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо хүртэл захиалсан гутал ирээгүй тухайн хүний утас нь холбогдохгүй фейсбүүкийн хаяг хуурамч хаяг байж байгаад устчихсан...” /5хх 42-43/,

 

Г.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн “...фейсбүүкээр өөрийнхөө годон гутлыг 650.000 төгрөгөөр зарна гээд өөрийнхөө ашигладаг “ХААН” банкны дансаар 650.000 төгрөг авсан. ...Би гутлаа Увс аймаг руу өгч явуулаагүй залилсан үйлдэл байгаа. ...би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...дансаараа авсан хөдлөшгүй баримттай болохоор дахиад хэлэх зүйл байхгүй байна...” /2хх 177, 5хх 124-125/ гэх мэдүүлгүүд,

 

Т.Отгонжаргалын дансны хуулга /5хх 27/,

М.Борын дансны хуулга /5хх 31/,

шүүгдэгч Г.Бгийн 5064817965 дугаартай дансны хуулга /2хх 91-99, 5хх 51-61/,

фейсбүүк хаягт байршуулсан байсан зарын зураг /5хх 26/,

хохирогч Н.Бын “...2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 93-22 тоот гэртээ интернэт фейсбүүкээр “Baaska Aldaraa” гэсэн хаягнаас ““Ай фоне X” гар утсыг хямд захиалж өгнө” гэсэн зарын дагуу ...хүнтэй чатаар холбогдоод урьдчилгаа 500.000 төгрөгийг 5064817965 дугаарын данс руу интернэт банкаар шилжүүлсэн. Тухайн үед “Baaska Aldaraa” гэсэн хаягнаас “2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гэхэд таны захиалсан утас Солонгос Улсаас ирнэ, та 88258500, 95657086 дугаарын утсанд холбогдоод 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэрээгээ хийгээрэй” гээд паспортныхоо зургийг явуулсан...” /6хх 21/,

Г.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн “...2019 оны 02 дугаар сарны 28-ны өдөр Багануур дүүрэгт гэртээ байхдаа интернэт зар дээр ““Айфоне X” гар утас зарна” гэж зар байршуулаад 5064817965 дугаарын өөрийн эзэмшлийн данс руу 500.000 төгрөг шилжүүлж авсан...”/6хх 76-77/ гэх мэдүүлгүүд,

шүүгдэгч Г.Бгийн “ХААН” банкны 5064817965 дугаартай дансны хуулга /6хх 48-50/,

хохирогч Н.Бын “ХААН” банкны 5009685943 дугаартай дансны хуулга /6хх 51/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Г.Бгийн Б.Б, Д.Л нартай бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний шөнө Багануур дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны 17 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Нэмүүн Сант-Асар” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газрын хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч 12 ширхэг гар утас, 1 ширхэг зургийн аппарат, 2 ширхэг монетон ээмэг, 3 ширхэг монетон кулон, 4 ширхэг монетон бөгж зэрэг 11,946,450 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “...Хулгайлах...” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,  хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч үйлдсэн...” гэсэн шинжтэй,

шүүгдэгч Г.Бгийн бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар зохиомол байдлыг бий болгон бусдыг төөрөгдөлд оруулан залилж нийт 2,040.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “...Залилах...” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгө залилсан...” гэсэн  шинжтэй байх тул анхан шатны шүүхийн хэргийн талаар хийсэн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Бгийн 2012 оны 2 дугаар сарын 14-өөс 15-нд өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 29 дүгээр гудамжны 264 тоотын орчимд өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, онц харгис хэрцгийгээр амь хохирогч Ж.Мөнхбаатарын биед олон удаа хутгалж, олон тооны гэмтэл шарх учруулж, түүний эзэмшиж, такси үйлчилгээнд явж байсан 13-25 УБЛ дугаартай “Соната-2” загварын тээврийн хэрэгсэл болон хэрэглэж байсан “Нокиа” загварын БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2 сим карт уншдаг товчлууртай гар утас зэрэг эд зүйлсийг авсан, дээрх үйлдлийн улмаас амь хохирогч Ж.Мөнхбаатар нь Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2012 оны 2 дугаар сарын 23-ны өдөр нас барсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...онц харгис хэрцгийгээр...”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад “...өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;” гэсэн хүндрүүлэх шинжтэй гэж анхан шатны шүүх дүгнэжээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд заасан “Хүнийг санаатай алах” гэмт хэргийн 91.2 дахь хэсгийн 91.2.12-д заасан “онц харгис хэрцгий аргаар;” гэсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “онц харгис хэрцгийгээр;” гэж гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон заасан байх тул тус хүндрүүлэх шинжээр Г.Бгийн “Хүний алах” гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

2015 оны Эрүүгийн хуульд заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт оногдуулах ял нь 2002 оны Эрүүгийн хуулийн “Хүнийг санаатай алах” гэмт хэргийн ялаас багасаж Г.Бгийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул анхан шатны шүүхийн Г.Бгийн  Ж.Мөнхбаатарыг алсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулиар зүйлчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зарчимд нийцжээ.

Харин Г.Бгийн тус үйлдлийг хүндрүүлэн зүйлчилснээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд заасан “Хүнийг санаатай алах” гэмт хэргийн 91.2 дахь хэсгийн 91.2.1-д заасан “шунахай сэдэлтээр;” гэсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “...өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;” гэсэн гэмт хэргийн шинжид шилжүүлж шууд адилтган төсөөтэй хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн хууль ёсны зарчмыг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тодорхой заасан.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу анхан шатны шүүхээс Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “...өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;” хүнийг алсан гэж хүндрүүлэх шинжээр гэм буруутайд тооцсоныг хэрэгсэхгүй болгож, энэ талаархи өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулахаар шийдвэрлэв.

Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Г.Бгийн үйлдсэн гэмт хэргүүдэд оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан төдийгүй, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шимнж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд бүрэн тохирсон байна.

Шүүх Г.Бгийн үйлдлийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг зөв тооцож, хохирлыг Г.Бгээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Иймд Г.Бгийн үйлдсэн “Хүнийг алах” гэмт хэрэг нь нотлогдсон байх тул шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч А.Энхтүвшин, Г.Ганцэцэг нарын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг цагаатгаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/663 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч Д овогт Г.Бг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасан “онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн,...” гэснийг “...Шүүгдэгч Д овогт Г.Бг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “онц харгис хэрцгийгээр хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн,...” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар..” гэснийг  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар..” гэж тус тус өөрчилсүгэй.

 2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б болон түүний өмгөөлөгч А.Энхтүвшин, Г.Ганцэцэг нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Л.ДАРЬСҮРЭН

                                ШҮҮГЧ                                                             Ц.ОЧ

                    ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ