Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 121

 

 

 

                                                                                                                                              

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаа,

хохирогч Ш.Тэгшжаргал,

шүүгдэгч Б.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Б.Батжаргалд холбогдох эрүүгийн 201719000134 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1968 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 49 настай, бүрэн дунд боловсролтой, төмрийн дархан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 1-р байр Мансардны 09 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Монгол овогт Баянцогтын Батжаргал /РД:ХН6802107/ гэв.

 

            Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар /

            Шүүгдэгч Б.Батжаргал нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч Ш.Тэгшсайханыг Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн нутагт 2016 оны 03 дугаар сард хардсаны улмаас зодсон, мөн 2016 оны 05 сард Хан-Уул дүүргийн Нисэхийн морин гэх газарт заамдан авч цохиж зодсон, мөн 2016 оны 06 дугаар сард Баянгол дүүргийн нутагт байрлах Ритм цэнгээнт бүжгийн газар зодсон, мөн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн нутагт байрлах Ритм бүжгийн газарт үснээс зулгааж зодож бие махбодийн болон сэтгэл санааны дарамт учруулсан, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Ар жанчивлан амралтын газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эр эмийн хардалтын улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Батжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Ш.Тэгшжаргалыг байнга зодож сэтгэл санааны болон бие махбодийн дарамт үзүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ хүний гэрт нь яваад оччихсон болохоор миний эр хүн байх ноён нуруу хугарчихсан гэж бодож байна. Учир нь хэрэглээний мөнгө өгч чадахгүй зэрэг асуудлууд байна. Намайг хэрэгт холбогдоход миний зөрчилийн лавлагаа авдаг юм байна лээ тэр дээр миний ямар зөрчил гаргаж байсан талаар бүгд харагддаг юм байна. Тэгвэл миний бүтээж явсан компаний захирал хийж явж байсан талаар нэг ч мэдээлэл байдаггүй юм байна. 2016 оны 02 сарын 03-ны өдөр Ар Жанчивлан амралт сувилалын газарт хардалтаас болоод бид 2 маргалдаад би хохирогчийг 2 удаа алгадсан нь үнэн. Бид 2 хамт бүжигэнд хамт ордог. Би амарч байсан амрагчтай хамт юм ярилцаж байсан чинь хохирогч намайг өөр эмэгтэй хүний мөр дээр гараа тавилаа гэж хардаж уурлаад байсан. Хэрүүл хардалтаас л болсон гэв.

 

Хохирогч Ш.Тэгшсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2015 оны 11 сараас хойш бид 2 хамт амьдарч байгаа. Бид 2 анх танилцахдаа бүжиг нь дээр танилцсан юм. 2016 оны 03 сард бүжгийн тэмцээн болно гэхээр нь орох гэтэл намайг бүжиглүүлэхгүй гээд уурлаад чиний бүжиглэдэг гэж юу байдаг юм гээд байсан. Тэгээд орой унтах гээд өөд өөдөөсөө харсан орон дээр унтах гээд байж байсан чинь намайг цохиод базаад байсан. Тэгсэн чинь манай охин босож ирээд Батжаргал гуай яагаад манай ээжийг зодоод байгаа юм бэ гэсэн. Тэгэхэд нь би охиноосоо үнэхээр их ичсэн. Дараа нь 2016 оны 5 сард Нисэхийн морингийн даваанд машинтай явж байхдаа архи уучихаад машинаа барина гээд уурлаад намайг цохиод базаад байсан. Дараа нь 2016 оны 6 сард гэрт байхад бид 2 зодолдоод намайг хардаад гэр дотор элдэж хөөгөөд миний нүүр лүү цохисон. Батжаргал тэр өдөр гэртээ амарч байсан чинь утас нь дуугараад ангийнхаа хүүхэдтэй яриад нэг хүүхэд нь солонгос явах гэж байгаа юм яриад байсан. Тэр өдөр намайг аймаар зодсон хамаг юм хавтгаараад байж байсан чинь надаас уучлал гуйгаад миний буруу юм байна гэж хэлсэн. Тэгээд би нүүүрнийхээ хөхийг арилтал гэрээсээ гараагүй. Миний нүүр хөхөрсөн байсныг Даариймаа, Гансүх 2 харсан. 2016 оны 11 сарын 20-ныхийг манай охин бас харчихаад гадаадад байдаг манай 2 хүүд хэлчихсэн байсан. Тэрнээс болоод хүүхдүүд утсаар яриад бөөн юм болсон. Тэгээд би хүүхдүүдээ хэлхээ болчихсон. 2016 оны 12 сарын 19-ний өдөр би Ритм бүжгийн клубт бүжгэн дээр очсон. Тэнд ороод удаагүй байсан чинь Батжаргал гаднаас орж ирээд явж байсан тэр үед бид 2 маргалдчихсан тусдаа байсан. Тэгсэн нэг эрэгтэй хүн намайг ирж уриад хамт бүжиглээд зогсож байсан чинь Батжаргал чиглээд ирж байснаа тэр хүнд хандаад наад янхантайгаа битгий бүжиглээч гэсэн. Тэгчихээд буцаад явсан тэгээд бүжиглэж байгаад дахиад зогсож байсан чинь миний дэргэд ирээд толгой дараад янз бүрийн юм яриад байсан. Тэгээд би бүжиглэж байгаад суусан чинь миний дэргэд ирээд намайг алгадсан чинь нэг жоохон хүү ирсэнээ та болиоч гэж хэлсэн. Бид хоёр 2015 оны 11 сараас хойш хамтарч амьдарсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд бид 2 эвлэрсэн” гэв.

 

            Мөн Эрүүгийн 201719000134 дугаартай хэргээс:

 

          хэрэг бүртгэлтэнд гэрч Ч.Ганцэцэгийн “Ш.Тэгшсайхан эгч гэртээ ганцаараа ба сүүлийн 2 жилээс Б.Батжаргал гэх хүнтэй хамт амьдрах болсон. 2017 оны 02 сарын 05-ны үед Ш.Тэгшсайхан эгч Б.Батжаргал ах хоёр Төв аймгийн Жанчивланд хамт амьдарч байх үед Б.Тэгшсайхан эгчийг Б.Батжаргал ах зодсон гээд хоёр нүд нь дээд доод зовхи нь хөхөрчихсөн, хөл гар нь аймаар хөхөрсөн байсан. Ш.Тэгшсайхан эгч надад энэ тухайгаа ярьж харуулсан.” /хх-16-17 тал/

            хэрэг бүртгэлтэнд гэрч О.Дариймаагийн: “2017 оны 02 дугаар сарын эхээр Төв аймгийн Эрдэнэ сум руу тэр хоёр амралтанд яваад Ш.Тэгшсайхан эгч Б.Батжаргалд зодуулчихлаа одоо гайгүй эдгэж байгаа нь энэ гээд хоёр нүд нь хөхөрчихсөн байсан.”гэжээ. /хх-18-19 тал/

           

            - Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №2499 тоот актанд :

1. Ш.Тэгшсайханы биед хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын эрхий хуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-21 тал/,

 

            - Б.Батжаргалыг 2017 оны 02 сарын 17-ны өдөр сэжигтнээр /хх-27-28 тал/, 2017 оны 03 сарын 10-ны өдөр сэжигтнээр дахин байцаасан /хх-29 тал/, 2017 оны 03 сарын 10-ны өдөр яллагдагчаар /хх-34 тал/, 2017 оны 03 сарын 24-ний өдөр яллагдагчаар дахин байцаасан /хх-53 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

            -  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа  /хх-35 тал /,

            -  Б.Батжаргалын захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-38-41 тал/

-  Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-42-43 тал/ зэрэг болно.

 

Шүүхийн эрх зүйн дүгнэлт:

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Батжаргалыг хамтран амьдрагч Ш.Тэгшсайханыг Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн нутагт 2016 оны 03 дугаар сард хардсаны улмаас зодсон, мөн 2016 оны 05 сард Хан-Уул дүүргийн Нисэхийн морин гэх газарт заамдан авч цохиж зодсон, мөн 2016 оны 06 дугаар сард Баянгол дүүргийн нутагт байрлах Ритм цэнгээнт бүжгийн газар зодсон, мөн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн нутагт байрлах Ритм бүжгийн газарт үснээс зулгааж зодсон гэх үйлдлүүдэд нь Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр батлагдаж мөн өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 120 дугаар зүйлд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” буюу Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйлийг Эрүүгийн хуульд нэмсэн байна.

Дээрх хуулийн хэрэгжих хугацааг хууль тогтоогчид 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр  тогтоожээ.

Гэтэл Прокурорын газраас шүүгдэгч Б.Батжаргалыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагаж мөрдөх хугацаанаас өмнөх үйлдэлд буюу 2016 оны 3, 5, 6, 12 дугаар саруудад хамтран амьдрагч Ш.Тэгшсайханыг байнга зодсон дарамталсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байх тул шүүгдэгч Б.Батжаргалыг хамтан амьдрагч Ш.Тэгшсайханыг байнга зодож бие махбодийн болон сэтгэл санааны дарамт учруулсан гэх үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Харин шүүгдэгч Б.Батжаргал нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Ар жанчивлан амралтын газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эр эмийн хардалтын улмаас маргалдаж улмаас хамтран амьдрагч Ш.Тэгшсайханы нүүрэн тус газар нь гараараа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 хохирогч Ш.Тэгшсайхан, гэрч Ч.Ганцэцэг, О.Дариймаа нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №2499 дугаар акт, шүүгдэгч Б.Батжаргалын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Батжаргалын холбогдсон Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Тэгшсайхан нь шүүгдэгч Б.Батжаргалтай сайн дураараа эвлэрсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан хуулийн шаардлагад нийцэж байх тул шүүгдэгч Б.Батжаргалд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Хохирлын талаар:

            Хохирогч Ш.Тэгшсайхан нь шүүгдэгч Б.Батжаргалтай сайн дураараа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.           

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн иргэний бичиг баримтаар хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Батжаргал нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 248 дугаар зүйлийн 248.1.1, 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Батжаргалыг “хамтран амьдрагч Ш.Тэгшсайханыг байнга зодож бие махбодь болон сэтгэл санааны дарамт учруулсан” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Б.Батжаргалд холбогдох үйлдэл холбогдлийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Монгол овогт Баянцогтын Батжаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Б.Батжаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Батжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

           5.Б.Батжаргалд авсан гадагш явж болохгүй баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

           6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Батжаргалд авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.ОТГОНЖАРГАЛ