Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 128/шш2019/0017

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г ХХК,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын ГХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус акт болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, түүний өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ГХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ГХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газар З*******анд аялал жуулчлалын зориулалтаар 0.9га газар ашиглах эрхтэй болж улмаар 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагаас 2015/604 тоот газар ашиглах гэрчилгээг 5 жилийн хугацаагаар авч, гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байсан.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 тоот тушаалаар манай газар ашиглах эрхийг Усны нөөцийг

бохирдож хомстохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн гэсэн үндэслэлээр цуцалсан болохыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 662 дугаар албан бичгээр мэдсэн.

Дээрх тушаалаар манай газар ашиглах эрхийг цуцлахдаа манай компанид мэдэгдэх ямар ч үйл ажиллагаа хийгээгүй бөгөөд манай газар ашиглах эрхийг зөрчиж цуцалсан учир зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан. Манай компанийн хувьд дээрх газрыг хууль тогтоомжид заасны дагуу ашиглах эрхийг авч гэрээ байгуулан гэрчилгээний дагуу ашиглах эрхтэй байсан бөгөөд тушаалд дурдсан голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 тоот тушаалын ГХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Б******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэрэгт авагдаж, өнөөдрийн шүүх хуралдаан дээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргийг харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр дараах тайлбар, саналыг шүүхэд гаргаж байна.

Нэгдүгээрт Нэхэмжлэл гаргах эрхийн талаар тайлбар хийхэд нэхэмжлэгч ГХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь дараах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/113 дугаар Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлүүлэх тухай тушаалын улмаас нэхэмжлэгч компанийн Дархан цаазат газарт газар ашиглах эрх зөрчигдсөн тул тус компани өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад нийцэж байгаа.

Хариуцагч маргаан бүхий захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд болох ГХХК-д хуульд заасан журмын дагуу мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д "Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна... гэснийг зөрчсөн байна.

ГХХК нь өөрийн газар ашиглах эрхийг дуусгавар болсныг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 662 тоот албан бичгээс олж мэдсэн бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан хугацааг зөрчөөгүй байсан.

2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 тоот тушаалын ГХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заасанд нийцэж байгаа мөн ...маргаан бүхий актыг илт хууль болохыг тогтоолгох... шаардлага гарган өөрчилсөн тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 14.4 дэх хэсэгт заасан хугацаа хамаарахгүй.

Хоёрдугаарт маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн талаар тайлбар хийхэд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар ГХХК-д Баянзүрх дүүргийн нутагт орших дархан цаазат Богдхан уулын З*******анд Аялал жуулчлалын зориулалтаар 0.9 га талбайг ашиглах эрхийг олгосон байна. Уг шийдвэрийг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/ Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаас 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр олгосон Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2015/604 дүгээр гэрчилгээ, Нийслэлийн Баянзүрх дүүргийн засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай байгуулсан Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээний үндсэн дээр Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг дотор байрлах З*******ны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар 0,9 га бүхий газрыг 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд ашиглах эрхтэй болсон. Ийнхүү нэхэмжлэгч нь Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газарт газар ашиглах эрхтэй болсон нь Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт болон 37 дугаар зүйлд заасантай тус тус нийцсэн байна.

ГХХК-ийн хуульд заасан журмын дагуу ашиглах эрхтэй болсон газарт үйл ажиллагаа явуулах үед байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоох ерөнхий үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шинжээч 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гаргаж, тус компанид танилцуулсныг тус компани хүлээн зөвшөөрчээ. Энэхүү ерөнхий үнэлгээний дүнг үндэслэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.3 дахь заалтыг үндэслэн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагыг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ГХХК-д хүргүүлсэн байна.

Тус компани нь энэхүү шаардлагын дагуу Г******* ХХК-иар Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө-г тус тус хийлгэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ерөнхий шинжээч П.Бүнчинжаваар батлуулсан байна.

Эдгээр үйл баримтуудаар нэхэмжлэгч ГХХК нь газар ашиглагчийн хувьд Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гарсан хууль тогтоомжид заасан нөхцөл шаардлагыг бүрэн биелүүлж, хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн болох нь тогтоогдож байна.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд маргаан бүхий захиргааны актын 1 дэх заалтаараа ...Усны нөөцийг бохирдож хомстохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зорчиж буй... гэх үндэслэлээр 24 иргэн, аж ахуй нэгжийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна. Тус заалт болон бусад заалтаар үндэслэл болгож буй заалтын диспозеци нөхцөлүүдийн аль хэсэг нь ямар аж ахуйн нэгжид хамааралтай болохыг ялгаж, зааглаагүй тул эдгээр нөхцөлүүдийг бүгд тухайн 24 иргэн, аж ахуйн нэгжид хамааралтай гэж үзнэ.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар ...захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох... үүрэгтэй ба мөн зүйлийн 24.2 дахь хэсэгт тухайн ажиллагааг явуулах, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргийг шийдвэр гаргаж байгаа захиргааны байгууллага өөрөө хариуцахаар заасан.

Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу газар ашиглагч Туа Хонгор ХХК нь ...голын бургас модыг сүйтгэх..., ...уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулах... зэргээр дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн гэх нөхцөл байдлыг нотолсон баримтыг цуглуулсны үндсэн дээр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэсэн байх ёстой.

Хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нөхцөл байдлыг тодруулсантай холбоотой баримтыг гарган ирүүлэхийг удаа дараа шаардсан боловч ...маргаан бүхий актыг сайтад 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байршуулж, иргэн, хуулийн этгээдэд мэдэгдсэн..., ...Усны тухай хууль тогтоомжийг зөрчсөн ... тухай кадастрын зураг... гэх баримтуудаас өөр ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй. Тэдгээр баримтууд нь ГХХК хууль тогтоомж зөрчсөн гэх үйл баримтыг нотолж чадахгүй байгаа бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн баримт гэж үзэх үндэслэлгүй байна. Түүнчлэн маргаан бүхий захиргааны актын үндэслэлд ...усны нөөцийг бохирдож хомстохоос сэргийлэх... гэсэн нэг нөхцөл заасан нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох хууль зүйн үндэслэл болохгүй.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дуусгавар болгох хоёр үндэслэлийг заасан. Маргаан бүхий захиргааны актын Үндэслэх хэсгийн агуулгаас хариуцагч эдгээр хоёр үндэслэлээс ...тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн... гэх 40.1.2 дахь заалтыг үндэслэл болгожээ гэж ойлгогдож байна.

Хуулийн энэ зохицуулалтын агуулга нь тодорхой хууль зөрчсөн үйлдэл байхыг шаарддаг. Гэтэл маргаан бүхий захиргааны актад ...усны нөөцийг бохирдож хомстохоос сэргийлэх... гэж заасан нь ойлгомжгүй, утга, агуулгын хувьд алдаатай акт болсон байна. Нөгөө талаар уг үндэслэл нь өөрөө нэхэмжлэгч компани ...тусгай хамгаалалтай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн... гэх үндэслэлээр түүний газар ашиглах эрхийг дуусгавар болгоогүй гэж үзэхэд хүргэж байна.

Хариуцагч, ГХХК-ийг ...усны нөөцийг бохирдуулж, хомстуулах... , ...голын бургас модыг сүйтгэх..., ...уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулах... зэргээр дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн гэх нөхцөл тогтоогдоогүй байхад тус компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг зөрчсөн байна гэж үзэж байна. Иймд шүүхэд дараах саналыг гаргаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6 дахь заалтуудыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/113 дугаар Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлүүлэх тухай" маргаан бүхий захиргааны акт нь илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэсэн саналыг гаргаж байна гэв

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ГХХК-ийн сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар олгосон газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 тоот тушаалаар цуцалсан. Газар ашиглах эрхийг цуцлах болсон үндэслэл нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.-д ...Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний онцгой хамгаалалтын бүс тогтооно... гэж заасан. Нэхэмжлэгч компанийн ашиглалтын газар нь голын хамгаалалтын бүсэд багтсан болох нь кадастрын зурагт тодорхой харагдаж байгаа. Тус хуулийн 22.2.1 ...онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно..., 22.6-т...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно..., 22.4-т ...Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно... гэж тус тус заасан. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д ...газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх... гэж заасан байдаг. Дээрх зохицуулалтуудыг баримтлан Барилга хот байгуулалтын сайд, Байгаль орчны сайдын 2015 оны хамтарсан А-230/127 дугаар тушаалаар баталсан Усны сан бүхий газар, эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 431 тоотоор ирсэн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал-ыг үндэслэн ГХХК-ийн 0,9 га газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй болох нь Усны тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Байнгын хороо болон Ерөнхий сайдын үүрэг даалгавар өгөх тухай баримт бичгүүдээр тогтоогдож байна. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл болсон 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/321 дүгээр тушаал нь хууль зөрчсөн тушаал байсан. Тус газарт барилга барихыг усны тухай хуулиар хориглосон. Хэрэв тус газарт барилга баривал байгалийн унаган төрх алдагдана мөн нөхөн сэргээх боломжгүй нөхцөл байдал үүснэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анх Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар[1] ГХХК-д Баянзүрх дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэр З*******анд 0.9 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2015/288 дугаар гэрээг байгуулан, Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2015/604 дүгээр[2] гэрчилгээг олгожээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 12.1, 27.1, 36.1, 40.1.2, 40.2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.6 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.5 дахь хэсэг, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар батлагдсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 431 тоот саналыг тус тус үндэслэн усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан, дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж буй 24 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байх ба /хавсралтын № 9-д/[3] ГХХК, З*******, 0.9 га гэжээ.

Нэхэмжлэгч ГХХК нь маргаан бүхий актын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...газар ашиглах эрхийн хугацаа дуусаагүй байхад, ...усны нөөцийг бохирдуулж, хомсдуулах, бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулах гэх захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр дархан цаазат газрын дэглэм горимыг удаа дараа зөрчсөн гэж газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь илт хууль бус гэх агуулгаар тайлбарладаг ба, харин хариуцагчийн зүгээс ...анх нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон 2015 оны А/321 дүгээр тушаал нь хууль зөрчиж гарсан, тус газарт барилга барихыг усны тухай хуулиар хориглосон ба барилга баривал байгалийн унаган төрх алдагдана, мөн нөхөн сэргээх боломжгүй нөхцөл байдал үүснэ, иймээс газар ашиглах эрхийг дуусгавар болгосон хуульд нийцсэн гэх агуулгаар нэхэмжлэгчийн үндэслэлийг үгүйсгэн маргаж байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа гэх 12 дугаар зүйлийн 1-д газар хагалах, ухах, ... элс хайрга чулуу авах, ... хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх 12 дугаар зүйлийн 5-д энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга, байгууламж барих, 6-д хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах-ыг тус тус хориглоно гэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах гэж;

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно, 22.2.1-д онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, ... хориглоно, 22.6-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно гэж тус тус заасан байна.

Түүнчлэн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах ... зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүс тогтооно гэж заасан ба мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д онцгой болон энгийн хамгаалалтын бүс гэдэгт усны сан бүхий газар, усны эх үүсвэр, рашааны ордыг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг, 3.1.10-т эрүүл ахуйн бүс гэдэгт ус хангамжийн эх үүсвэр болон рашааны ордыг хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг тус тус ойлгохоор хуульчлан томьёолжээ.

Усны тухай хуулийн 22.3-д Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно гэж, мөн зүйлийн 22.4-т Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно гэж заасанд нийцүүлэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А-230/127 дугаар тушаалаар баталсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам-ын 2.5-д Энгийн хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно, 2.5.1-д усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд ..., 2.5.2-т улсын болон аймгийн зэрэглэлтэй хот суурины нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 500 метр хүртэлх зайд, 2.8.2-т хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй барилга, байгууламж барьж ашиглахыг хориглоно гэж тус тус заасан ба шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холболдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор явуулсан үзлэгээр[4] нэхэмжлэгч ГХХК-ийн ашиглах эрхтэй байсан 0.9 га газар нь Туул голоос Богдхаан уулын урдах зам хүртэл 91 метрийн зайд байрлаж байгаа бөгөөд уг газарт барилга байгууламж баригдаагүй болох нь тогтоогдсон ба энэ талаар хэргийн оролцогчдын зүгээс маргаагүй болно.

Дээрхээс дүгнэвэл ГХХК-ийн ашиглах эрхтэй байсан 0.9 га газар нь Усны тухай хууль болон Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам-аар 50 метрээс доошгүй байхаар тогтоосон онцгой хамгаалалтын бүсэд, 100 метрээс доошгүй байхаар тогтоосон эрүүл ахуйн бүсэд, 200 метрээс доошгүй зайд байхаар тогтоосон энгийн хамгаалалтын бүсэд тус тус байрлаж байгаа, түүнчлэн хуулиар барилга байгууламж барихыг хориглосон уг хязгаарлалтын бүсэд Сэрүүн харш амралт, сувиллын газрын төслийг хэрэгжүүлж байгаа буюу хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй барилга, байгууламж барьж ашиглахаар төлөвлөсөн нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Сэрүүн харш амралт, сувиллын газрын төслийн баримт бичгээр[5] тогтоогдож байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй байсан газарт жуулчны баазын зориулалттай барилга байгууламж барих газар ашиглах эрх олгогдох боломжгүй байх тул хариуцагчийн зүгээс ...усны нөөцийг бохирдож хомсдох, ... дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчигдөхөөс сэргийлэн.. нэхэмжлэгч ГХХК-ийн 0.9 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгосон нь үндэслэлтэй, нөгөөтэйгүүр нэгэнт хуулиар хориглосон үйл ажиллагаа буюу аялал жуулчлал, амралтын газар явуулахаар төлөвлөж байгаа нь тогтоогдож байгаа нөхцөлд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж хариуцагчийг буруутгах боломжгүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллагаас захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал авах буюу сонсох ажиллагаа-г явуулах, ингэхдээ тэдгээрт урьдчилан мэдэгдэж, оролцуулах, улмаар сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж баримтжуулсан байхаар заажээ.

Хэдийгээр хариуцагч захиргааны байгууллага нь сонсох ажиллагааг зохих ёсоор хэрэгжүүлээгүй байх боловч энэхүү үндэслэл нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах хангалттай үндэслэл болж чадахгүй, учир нь маргаан бүхий захиргааны акт нь дээрх байдлаар хууль зөрчөөгүй, харин ч хуульд нийцээгүй шийдвэрийнхээ үр дагаврыг зассан нь захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн байх зарчимд тохирсон, хууль ёсны захиргааны акт болно.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай А/113 дугаар тушаал нь холбогдох хууль, журмын заалтыг зөрчөөгүй, уг маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн буюу ...газар ашиглах эрхийг дуусгавар болгох хуульд заасан үндэслэл бүрдээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нь шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай 12 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.2.1, 22.3, 22.4, 22.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ГХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ГХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА