| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2024/0323/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/350 |
| Огноо | 2024-09-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/350
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Г нь 2023 оны 12 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг 16-20 тоотод хохирогч Ч.Оийн эзэмшлийн байшин буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 5 тооны хонины гулууз махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 739800 төгрөгийн хохирол, 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 16-20 тоот байшинд нууцаар хууль бусаар нэвтэрч “Албендазол 10%” нэртэй малын эм 20 ширхгийг хулгайлж 800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн *********дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч С.Г нь 2023 оны 12 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг 16-20 тоотод хохирогч Ч.Оийн эзэмшлийн байшин буюу агуулах байрны зориулалтаар ашигладаг байшинд хууль бусаар нэвтэрч 5 тооны хонины гулууз махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 739.800 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Ч.Оийн эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 16-20 тоот байрлах агуулах байрны зориулалтаар ашигладаг байшинд нууцаар хууль бусаар нэвтэрч “Албендазол 10%” нэртэй малын эм 20 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хулгайлан 800.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Гын өгсөн: “..мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ч.Оийн 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “...Би нөхөр Ванчинбазарын хамт Мөрөн суманд малын эмийн сангийн бизнес эрхлэн амьдардаг иргэн юм. .. малын эм тариаг Улаанбаатар хотоос татан авч сумдын багийн эмч нарт худалддаг. Манай байгууллага малын эм тариагаа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-р багийн 16-20 тоотод байх манай хуучин байшиндаа хадгалж агуулах байрны зориулалтаар ашигладаг юм. Тэгээд өнөөдөр агуулахдаа очоод үзтэл нэг хайрцаг малын туулга буюу “АЛБЕНДАЗОЛ 10%” нэртэй эм алга болсон байсан. Тэгээд би хашааны сахиул Г.Н-ыг сэжиглэж, тэр даруйдаа цагдаад мэдэгдсэн. Би Г.Н-ыг сэжиглэсэн шалтгаан гэвэл манай байшингийн хаалга цоожтой, цонх бүтэн ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй учраас Г.М л түлхүүр тааруулж орсон байх гэж бодож байсан. Би шууд Г.Н-д хандан “чи байшин дотроос 1 хайрцаг малын туулга авсан байна. Тэрийгээ өг гэхэд Г.М согтуу байдалтай, би авсан зараагүй бүтнээрээ байгаа гээд хашаан дотор хураалттай түлээний доороос гаргаж ирсэн. Би яагаад шууд сэжиглэсэн гэхээр 2023 оны 12 сард мөн тэр байшинд хүлгай орж 5 ширхэг хонины мах хулгайд алдагдаад тэрийг Г.М авсан байсан, одоо тэр хэрэг нь Батзориг мөрдөгч дээр шалгагдаж байгаа юм. Ингээд нийтдээ 2 удаа манайх руу орчихож байгаа юм. Манай байшингийн илүү түлхүүр Г.Н-д байхгүй. Г.М эхнэр хүүхдийн хамт 3 жил манай хашаа байшинг сахиж байгаа юм. Хулгайд алдагдсан 1 хайрцаг малын туулга буюу “АЛБЕНДАЗОЛ 10%” нэртэй эм нь 1 ширхэг 40.000 /дөчин мянга/ нэг хайрцагтаа 20 ширхэг байдаг гэхээр нийтдээ 800000 төгрөгийн үнэтэй болно. Г.М надад яаж орсон талаараа яриагүй. Би танай юмыг зараагүй байгаа л гээд байсан. Хэрхэн яаж орсоноо тодорхой яриагүй согтуу байсан. Г.Мынх амьдрах хашаа байхгүй учраас манай хашаанд амьдаръя гэж эхэлж гуйж байсан айл юм. Би хулгайд алдагдсан 20 ширхэг малын туулга буюу “АЛБЕНДАЗОЛ 10%” нэртэй эмээ буцаан авсан, гэхдээ энэ хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгээсээ гэж хүсэж байна. Өөр санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,
Хохирогч Ч.Оийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 27-ны өглөө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 07 дугаар багийн 16-20 тоотод байрлах хашаандаа ирэхэд манай байшингийн урд талын вакум цонх онгорхой байсан. Тэгэхээр нь би гэр лүүгээ явж ороод эд зүйлсээ бүртгэж үзтэл байшинд дотор хураалттай байсан 11 хонины мах байхаас 2 гулууз хонины мах хулгайд алдагдсан байсан. Тэгээд гэрээс гарч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Ийм зүйл болсон. Манайх 2 гэртээ байдаг учир нөхөр бид хоёр орон сууцанд амьдардаг. Харин манай байшинг манай найз С.Г эхнэрийн хүүхдийн хамтаар гэр барьж сахидаг юм. Манай байшингийн урд талд байшингийн хаалганы хажуу талд байдаг вакум цонхыг түлхэж орсон байсан ямар нэгэн хөшиж эвдсэн зүйл байхгүй. Хулгайд алдсан 2 ширхэг гулууз хонины махаа 1 хонины махыг 18 кг гэж бодоод зах зээлийн ханш нь 8000 төгрөгтэй байгаа 1.400.000 төгрөгөөр үнэлээд хоёулаа нийлээд 280.000 төгрөгөөр үнэлж байна. Манай хашааг сахиж байгаа С.Г гэх хүнийг сэжиглэж байна өмнө бас манайд орж авдар дотор байсан архи дарсыг аваад уудаг байсан, тэр болгонд нь би чимээгүй байдаг байсан. Харин сүүлд С.Гын эхнэр Т.Л нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр над руу утсаар яриад манайд нэг хонины мах байна, С.Г надад хэлэхдээ танай хүү Г.Б ахад энэ хонины махыг өгөөрэй гэж үлдээсэн гэж хэлээд байна та ирээд учрыг нь олоорой гэж хэлсэн. Би тухайн үед ажилтай учраас очиж чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 тал/,
Хохирогч Ч.Оийн 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “...Би нөхөртэйгээ хамт байранд байдаг болохоор Г.М гэж айлыг хашаа хороо сахиулах гэж буулгасан манай байшин байнга түгжээтэй байдаг учир С.Г болон түүний хүүхдүүд манайд ордоггүй түлхүүр нь зөвхөн надад байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 63 тал/,
Хохирогч Ч.Оийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: “...Би 5 хонины мах хулгайд алдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 65 тал/,
Хохирогч Ч.Оийн 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “...Манай нөхөр хөдөө утас нь холбогдохгүй байж байгаад сүүлд өөрөө ирээд хөдөө 21 хонь нядлаад 20 хонины мах чам руу явуулсан гэж хэлсэн. Би яг хэчнээн мах ирсэн талаар нарийн ширийн мэдээгүй барагцаалсан тоогоор хэлсэн, сүүлд нөхөртэй уулзахад 20 хонины мах явуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 67 тал/,
Гэрч Ч.В-ын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “...Таны эзэмшлийн 7 дугаар баг 16-20 тоот хашаанд байх байшин дотор байсан малын эм тариануудаас 1 хайрцаг эм хулгайд алдагдсан талаар мэдсэн. Манай эхнэр Оюунцэцэг над руу утсаар залгаад нөгөө Г.М чинь ахиж ороод хайрцаг малын туулга авч явж байгаад баригдсан гэж хэлсэн. Г.М өмнө нь нэг удаа орж тухайн байшин дотор байсан хонины махнаас 5 ширхгийг авч байсан. Би 2024 оны 05 сарын 15, 16-ны үед санагдаж байна малын эм тариа хураадаг байшиндаа очиж байшингаасаа юм авсан. Тэгэхэд янз бүрийн юм мэдэгдээгүй. Тэрнээс 2-3 хоногийн дараа Г.Н-ыг манай байшин руу орж нэг хайрцаг малын туулга авсан байна гэж манай эхнэр надад хэлсэн. Би гүйцэт цоожилсон санагдаж байна. Манай байшин зүүдэг цоожтой, ямар маркийн гэдгийг нь согтуу байсан тул сайн анзаарч харж мэдээгүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,
Гэрч Ч.В-ын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “...Би хөдөөнөөс тухайн үед 21 ширхэг хонины гулууз мах явуулсан тухайн хонины тухайн хонины арьсыг тушааж өгсөн баримт нь байгаа 2023 оны 12 сарын дундуур шиг санагдаж байна. Хөвсгөл аймгийн Мөрөн 07-16-20 тоотод С.Гтай хүнтэй 20 ширхэг хонины гулууз мах гэртээ байшиндаа хураасан. Сүүлд манай эхнэр хулгай орлоо гэж хэлэхэд би очиж бүртгэж үзээд тоолж үзтэл 5 ширхэг хонины гулууз мах алдагдсан байсан. Би хөдөөнөөс 20 ширхэг гулууз мах явуулаад 1 гулууз мах өөрөө авч үлдсэн юм..” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 тал/,
Гэрч Л.Т.Л -ын өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын сүүлээр буюу өдрийг нь яг сайн мэдэхгүй байна. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Шинэ-Мөрөн дээр оёдол хийж байгаад 15 цагийн үед өөрийн гэр болох Мөрөн сумын 07-16-20 тоот ирэхэд гэрт манай нөхөр С.Г нэг мах оруулж ирээд тавьсан байсан. Би энэ хэний мах вэ гэж асуухад хажуу айлын нөхрийнх нь дүү Батсуурь гэж хүн ирж авна гэж хэлсэн. Тэгээд архи уусан байхаар нь гараад явсан гэрээс гараад О.А эгч рүү 2 удаа залгаж хэлсэн. Нөхөр С.Г Батсуурьд мах өгнө гээд гэртээ мах оруулж ирээд тавьсан байна шүү гэж хэлсэн. Ийм зүйл болсон. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. 1 ширхэг гулууз мах байсан. Ч.Оийн гэрээс мах авч байсан талаар мэдэхгүй. Эхлээд аваад ороход С.Г ганцаараа байсан. Дараа нь над руу ярьж хэлсэн. Эхлээд аваад ороход нөхөр С.Г ганцаараа байсан. Дараа нь надад хонины махны талаар ярьж хэлсэн. С.Г архиныхаа мөнгийг олох зорилгоор хулгай хийсэн байхдаа тэрнээс биш гачигдаж дутагдах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 тал/,
Гэрч В.Г өгсөн: “...Сайн танихгүй манай аав ээжийн хашаанд байдаг хүмүүс. Тийм зүйл байхгүй яагаад гэвэл би наад хүний чинь утсыг ч мэдэхгүй миний нэрийг барьж эхнэртэй худлаа ярьсан байна. Би наад С.Г гэдэг хүнд хонины мах аваад хүнд өгөөрэй гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 72 тал/,
Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-924/9807 дугаартай: “...Үнэлэгдэж буй 20 ширхэг “АЛБЕНДАЗОЛ 10%” нэртэй малын эмний зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 05 дугаар сарын байдлаар 800,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...”гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-23 тал/,
Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ТХҮ-923/8625 дугаартай: “...Үнэлэгдэж буй хонины гулууз махны зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 12 дугаар сарын байдлаар 280.800 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 85-87 тал/,
Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-924/9142 дугаартай: “...Үнэлэгдэж буй хонины гулууз махны зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 12 дугаар сарын байдлаар 459.000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 93-95 тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн 1-5 гэж дугаарласан гарын хээний мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн гарын мөрүүд нь Ч.О-ын гарын дардастай тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүд гарын хээний нэгдсэн санд байх эзэнгүй хэргийн газраас илрүүлсэн гарын мөрүүдтэй болон гарын хээний дардаснуудтай тохирохгүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 100-102 тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн Г.Мын гэх гарын хээний дардас нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүд нь Г.Мын гарын дардастай тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүд нь гарын хээний нэгдсэн санд байх эзэнгүй хэргийн газраас илрүүлсэн гарын мөрүүдтэй болон гарын хээний дардаснуудтай тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн С.Гын гарын хээний дардас нь гарын хээний нэгдсэн санд ********дугаараар бүртгэгдсэн Г.Мын гарын дардастай тохирч байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 107-108 тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 28 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн гарын хээний мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн гарын мөрүүд нь Ч.В гарын дардастай тохирохгүй байна..” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 118-122 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 51, 1, 51 тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5,52-55 тал/,
Шүүгдэгч С.Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2024 оны 05 сарын 12-ны өдөр би Оюунцэцэгийн эзэмшлийн байшин руу ороод 1 хайрцагтай дотроо 20 ширхэгтэй малын туулга аваад тэрийгээ буцаагаад өгсөн. Би авсан хайрцагтай юмаа түлээн доогуур нуусан. Тэгээд цагдаа нар ирэнгүүт авсан хайрцагтай юмаа О.Ц-д буцаагаад өгчихсөн. Ер нь бол ийм зүйл болсон. Байшингийн цоож нь зүүлттэй бүрэн гүйцэт цоожлоогүй байсан, тэгэхээр нь би ороод 1 хайрцагтай юм аваад буцаагаад цоожилсон. Би ганцаараа л орсон. Зорилго гээд байх юм байхгүй. Архины халуундаа орчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52, 32 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалснаар нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч С.Г нь 2023 оны 12 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг 16-20 тоотод хохирогч Ч.Оийн эзэмшлийн байшин буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 5 тооны хонины гулууз махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 739800 төгрөгийн хохирол, 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг 16-20 тоот байшинд нууцаар хууль бусаар нэвтэрч “Албендазол 10%” нэртэй малын эм 20 ширхгийг хулгайлж 800000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, бусад бичгийн нотлох баримт зэргээр нотлогдон тогтоогдож байна. Ийм шүүгдэгч С.Гыг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэм буруутайд тооцуулах саналтай байна....” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч С.Г нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ч.О, гэрч Ч.В, Л.Т.Л, В.Г, Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-924/9807 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ТХҮ-923/8625 дугаартай гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-924/9142 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 28 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч С.Г нь 2023 оны 12 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг 16-20 тоотод хохирогч Ч.Оийн эзэмшлийн байшин буюу агуулах байрны зориулалтаар ашигладаг байшинд хууль бусаар нэвтэрч 5 тооны хонины гулууз махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 739.800 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Ч.Оийн эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 16-20 тоот байрлах агуулах байрны зориулалтаар ашигладаг байшинд нууцаар хууль бусаар нэвтэрч “Албендазол 10%” нэртэй малын эм 20 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хулгайлан 800.000 төгрөгийн хохирол гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч С.Гын мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэв.
Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Шүүгдэгч С.Г нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч С.Г нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч С.Гын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, учруулсан хохирлоороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангид заасан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэж заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Гыг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч С.Гын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.О 1.539.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирлын үнэлгээ тогтоосон Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-924/9807 дугаартай дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ТХҮ-923/8625 дугаартай дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-924/9142 дугаартай дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ-923/8517 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдсон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ч.О нь “Би хулгайд алдагдсан 20 ширхэг малын туулга буюу “АЛБЕНДАЗОЛ 10%” нэртэй эмээ буцаан авсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/-д хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч С.Г нь хохирогч Ч.От 800.000 төгрөгийн хохирол төлсөн гэж үзлээ.
Харин хохирогч Ч.Оийн хулгайд алдсан хонины гулууз махны үнэ 739.800 төгрөгийг шүүгдэгч С.Г нь нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч С.Гаас 739.800 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.От олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Гыг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон заасан гэмт хэргийг нэгээс дээш удаа буюу дахин үйлдсэн тохиолдолд тэдгээрийг нийтлэг ба тусгай давталт гэж ангилан үздэг. Эрүүгийн хуулиар тогтоосон хэм хэмжээнээс хамаарч гэмт хэрэг дахин үйлдсэн хүнд холбогдох хэргийг өөр өөрөөр зүйлчлэх боловч гэмт үйлдэл тус бүрийг тус тусад нь зүйлчлэхгүй бөгөөд нийтлэг ба тусгай давталтын шинж нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлан тогтоогдсон тохиолдолд зөвхөн түүгээр нь, үгүй бол ердийн бүрэлдэхүүнээр нь зүйлчлэн шийдвэрлэнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах ...орон байр, ... нэвтэрч” гэж хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан тул шүүгдэгч С.Гын 2 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах ...орон байр, үйл ажиллагаа явуулах зориулалттай ...нэвтэрч” гэсэн шинжээр нь хүндрүүлэн зүйлчилж тухайн зүйл хэсэгт зааснаар шүүгдэгчид нэг удаа ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч С.Гын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт 8 хоног цагдан хоригдсон бөгөөд уг хоногийг хасаж тооцуулах саналтай байна. Мөн хохирогчид 739,800 төгрөгийн хохирол төлбөртэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй..” гэх санал дүгнэлт,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...Ажил хийх юм бол төлбөрийг сарын дотор хийнэ...” гэжээ.
Эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч С.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч С.Г нь 8 хоног цагдан хоригдсон, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.Г-ыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гд оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гын цагдан хоригдсон 8 (найм) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч С.Гаас 739.800 /долоон зуун гучин ес найман зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.От олгосугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Гд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт шүүгдэгч С.Г нь 8 хоног цагдан хоригдсон, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН