| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2021/01357/И |
| Дугаар | 155/ШШ2022/00053 |
| Огноо | 2022-01-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 155/ШШ2022/00053
| 2022 оны 01 сарын 05 өдөр | Дугаар 155/ШШ2022/00053 | Хөвсгөл аймаг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Б сумын И багт оршин суух, Д Цн Л-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн М сумын 0 дугаар багийн 0 тоотод оршин суух, Б Пн Н-д холбогдох,
Хүүхдүүдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 155/2021/01357/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, нэхэмжлэгч Ц.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний төрсөн охин Бяйн Т нь П.Нтой 2015 онд гэр бүл болон ихэр охид Нын Г, Гнарыг 2015 оны 8 дугаар сарын 19-ны өдөр төрүүлээд өсгөж, хүмүүжүүлж байгаад өвчний учир 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нас барсан. П.Н нь охинтой минь амьдарч чадахгүй боллоо гээд салцгаасан. Ингээд охин минь гэртээ ирсэн. Салах болсон шалтгаан нь миний охины олсон юмаар гэр орон, амьдралаа авч явж чадахгүй боллоо гээд охиныг минь нас барахаас 15 хоногийн өмнө хоёр хүүхдээ асарч чадахгүй гээд авчирч орхиод явсан. Одоо би хоёр охиныг нь асран цэцэрлэгт явуулж байна. Н нь надад хоёр охиноо асрамжийн газарт өгнө, эсвэл хүнд өргүүлнэ гэж ярьж байсан.
Иймд 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн 6701000000 бүртгэлийн дугаартай Н овогтой Г, 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн 6701000000 бүртгэлийн дугаартай Н овогтой Г нарт асрамж тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Л шүүх хуралдаанд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие Цийн Л нь танай шүүхэд хандаж хүүхдийн асрамж тогтоолгохоор хүсэлт гаргасан юм. Миний төрсөн охин Бийн Т нь П.Нтой 2015 онд танилцаж гэр бүл болж дундаасаа охин Г, Г нарыг 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрүүлээд өсгөж, хүмүүжүүлж байгаад 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр охин Т өвчнөөр нас барсан юм. Хоёр ихэр охины эцэг П.Н нь охинтой минь амьдарч чадахгүй боллоо гээд энэ хоёр салцгаах юм болоод охин минь гэртээ ирсэн. Н охиныг минь нас барахаас өмнө хоёр хүүхдээ асарч чадахгүй гээд над дээр авчирч орхиод явсан. Н охиныг нас барснаас хойш над руу ярихдаа хоёр охидоо асрамжийн газар өгнө, эсвэл хүнд өргүүлнэ гэхээр нь би охиныхоо хоёр хүүхдийг өөрийн асрамжид авч асран хамгаалахаар шийдэж танай шүүхэд хандаж хүсэлт гаргасан юм. Одоо хоёр охин бидэнтэй хамт амьдарч байна. Би цаашид хоёр охиныг асран тэтгэх үүргийг хүлээж, эцэгтэй нь байнга уулзуулж цэцэрлэг, сургуульд явуулж юугаар ч дутаахгүй өсгөж хүмүүжүүлэх болно. Иймд 2015 оны 8 дугаар сарын 19-ны өдөр төрсөн охин Н.Г, Н.Г нарын асрамж тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин н.Т нь П.Нтой гэрлэж 2015 онд 2 ихэр охин төрүүлсэн. Одоо 2 охиноо өөр дээрээ авъя гэж хүссэн. Охин маань өвчний улмаас нас барсан. Даралт нь харвасан гэсэн, яг ямар өвчний улмаас нас барсныг нь мэдээгүй. Охин маань энд айлын хашаанд байж байгаад би сум руугаа татаж авч айлын хашаанд байлгасан. Тэнд хашаандаа нойлд орох гэж явж байгаад татаж унасан. Тэгээд эмч дуудахад эмч даралт байна, хөдөлгөж болохгүй гэсэн. Аав нь тэжээн тэтгэж чадахгүй асрамжийн газарт өгнө гэсэн. Би миний охины хүүхдүүд учраас би авна гэж өргөдөл бичиж өгсөн. Би нэг хүнтэй албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч хамт амьдраад удаж байгаа бид дундаасаа нэг охинтой юм.Тэгээд хоёр зээ охинтойгоо бид тавуулаа амьдардаг юм.Тэр хүн маань хүүхдүүдэд маань сайн ханддаг. Хоёр охиныг минь хүнд өргүүлнэ, өөрөө өсгөж чадахгүй гээд байсан болохоор би авах нь зөв гэж бодож л хүүхдүүдээ авах гэж байгаа. Бид мал маллан амьдардаг бөгөөд хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт явуулах гээд би сумын төвд өвөлжиж байгаа. Нөхрийн минь биеийн байдал бас сайнгүй байгаа учраас малаа айлаар харуулж байгаа гэв.
Хариуцагч П.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие П.Н нь 2015 онд Бийн Ттай гэр бүл болсон. Бид хоёрын дундаас ихэр охин болох Н.Г, Н.Г нар нь 2015 оны 8 дугаар сарын 19-нд төрсөн юм. Гэтэл эхнэр Б.Т нь өвчний улмаас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэнэт нас барж бидний амьдрал хэцүү байдалд орсон. П.Н би хоёр охиноо бие даан асран хамгаалах боломжгүй, хоёр ихэр охид маань төрсөн цагаасаа эхнэр Тунгалагийн ээж Цйн Л ойр байж, дотно өссөн, мөн талийгаачийг өөд болсноос хойш эмээ дээрээ байгаа юм.
Иймд П.Н би ихэр охин Н.Г, Н.Г нарыг эмээ Цийн Лийн асрамжид өгөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Л нь хариуцагч П.Нд холбогдуулан 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн ихэр охин Н.Г, Н.Г нарын асрамжийг тогтоолгож, өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ.
Хариуцагч П.Н нь ... би ихэр охин Н.Г, Н.Г нарыг эмээ Цйн Лийн асрамжид өгөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна ... " гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
Хэрэгт нэхэмжлэгчээс:
Т-ийн иргэний цахим үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас,
Т -ийн ... Хөвсгөл аймгийн Б суманд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нас барсныг Нас барсны бүртгэлд 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 6701000000-рт бүртгэв. ... гэх бичилттэй Нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас,
Н, Т нарын гэр бүлд 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн Г-ийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар баримт 1 хуудас,
Н, Т нарын гэр бүлд 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн Г-ийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар баримт 1 хуудас,
Хөвсгөл аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Э.Дийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 41 дугаар Тус цэцэрлэгийн Ц.Н багштай бэлтгэл бүлэгт Нын Г, Г нар хамрагддаг болохыг тодорхойлов. гэх албан бичиг,
Хөвсгөл аймгийн Б сумын И багийн засаг дарга С.Пийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Бүрэнтогтох сумын 3 дугаар багийн Д нь ам бүл 3, Их-Уул багт оршин суудаг. Д нь эхнэр Ц.Л, Д.Д нарын хамт тус багт оршин суудаг нь үнэн болно гэх тодорхойлолт,
Хөвсгөл аймгийн Б сумын засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын мэргэжилтэн С.Айн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Тус сумын Их-Уул багийн иргэн Л нь өөрийн төрсөн охин Тийн хоёр ихэр охиныг асран хамгаалагчаар авах хүсэлтэй байгаа тул гэрт нь очиж нөхцөл байдлын үнэлгээ хийж дараах дүгнэлтийг гаргаж байна.
1. Ц.Л нь ам бүл 3, нөхөр Д-тэй 2010 оноос хойш хамтран амьдарч байгаа.
2. Ар гэрийн амьдрал дунд түвшингийн орлоготой, 200 толгой малтай өрх юм.
3. Өөрийн охин Т нь өвчний учраас нас барсан учир охин Г, Г нарыг асран хамгаалагчаар авах хүсэлтэй байна.
4. Гэр бүлийн маргаан байхгүй, хорт зуршилгүй цаашид хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх чавдартай иргэн болохыг тодорхойлов. гэх бичилттэй Хөвсгөл аймгийн Б сумын И багийн иргэн Лийн хүүхэд асран хамгаалагчаар авах тухай ажлын хэсгийн дүгнэлт 1 хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Монгол улсын гэр бүлийн хуулинд хүүхдийн асрамж тогтоох зохицуулалтудыг доорхи байдлаар хуульчилжээ.
Үүнд 1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
Мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д Дараахь хүнийг асран хамгаална:
63.1.1. бага насны /14 нас хүрээгүй / бүтэн өнчин хүүхэд;
63.1.2. эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан хүний бага насны хүүхэд;
63.1.3. эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхэд;
63.1.4. сэтгэцийн өвчний улмаас шүүхээс иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон хүн.
63.2. Бүтэн өнчин ах, эгч, дүү нарт нэг асран хамгаалагч тогтоож болно.
Үүнээс үзвэл гэрлэгчдийн хэн алинд хүүхдийн асрамжлах үүргийг олгох эсэх, мөн хүүхдийн асрамжлах үүрэг бүхий эцэг эх нь ямар нэгэн байдлаар хоёулаа үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд хүүхдийн асрамжийг хэрхэн, хэнд, ямар эрх бүхий байгууллагаас тогтоох асуудлыг хуульчилсан байна.
Дээрхи тохиолдолд 6 настай Н.Г, Н.Г нарын эх Бийн Т нас барсан бөгөөд эцэг Ц.Н нь хүүхдүүдээ асрамжлах үүргээ биелүүлэхгүй, эмэг эх Ц.Л хүүхдүүдийг бодит байдал дээр өөрөө асрамжилж байх бөгөөд энэ үүргийг өөртөө хууль ёсны дагуу үлдээхээр хүсэлт гаргажээ.
Ингэснээр Ц.Л нь охид болох Н.Г, Н.Г нарт төрөөс олгох тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгийг авч өөрсдөд нь зориулан захиран зарцуулах эрхийг олж авах эрх зүйн үр дагавартай байна.
Гэвч Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд өсч хөгжих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хуульд заасны дагуу эвлэлдэн нэгдэх, шаардлага, өргөдөл, гомдол, мэдээлэл гаргаж, түүнийг шийдвэрлүүлэх замаар хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ. гэж хуульчилсан тул Ц.Л нь нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзлээ.
Шүүх Н.Г, Н.Г нарыг эмэг эхдээ ээнэгшин дассан байдал, эмэг эхийн халамж болон тэдний эрүүл, аюулгүй орчинд өсөж, хөгжих бололцоо нөхцөлийг харгалзан, мөн асран хамгаалагчаар тогтоолгох хүсэлт гаргасан Ц.Лийн насны байдал, амьдрал ахуйн бололцоо, ёс суртахууны байдал, одоо хүүхдүүдийг хэрхэн асарч байгаа байдал зэргийг харгалзан хүүхдүүдийг эмэг эх Ц.Лийн асрамжинд үлдээн түүний хүүхдүүдийн асран хамгаалагчаар тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ц.Л нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг төлсөн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар 70.200 ( далан мянга хоёр зуу ) төгрөгийг хариуцагч П.Нс гаргуулж нэхэмжлэгч Ц.Лд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т тус тус зааснаар 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Г, охин Г нарыг Л-гийн асрамжид үлдээн, асран хамгаалагчаар Л-г тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар 70.200 төгрөгийг хариуцагч П.Ноос гаргуулж нэхэмжлэгч Ц.Лд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА