Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2022/00146

 

 

 

 

2022 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2022/00146

Х аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Х аймгийн М сумын 4 дүгээр багийн 000тоотод оршин суух, Д-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн М сумын 02 дугаар багийн 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, Д аймгийн Д сумын 14 дүгээр багийн 33 дугаар байрны 000 тоотод түр оршин суух, П-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 30ы өдөр 155/2021/01000/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Р.Уртбаяр,

Хариуцагч: П (цахимаар),

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д нь Птой 2017 онд танилцаж үерхэж байгаад 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн билээ. Энэ үеэс эхлэн бид хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад хүү А 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн. Хамт амьдарсан эхний жилүүдэд бид үзэл бодол зан байдлын хувьд таарч тохирохгүй болж 2020 оны 08 дугаар сарын дундуур гэрээсээ яваад одоог болтол бид нартай ирж уулздаггүй, гэртээ ирдэггүй. Одоо болтол хүүхэд бид 2-той холбоо барьдаггүй. Д аймагт хамтран амьдрагчтай болсон. Энэ байдал нь хүүхдийн эрх ашиг хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон учраас цаашид хамтран амьдрах ямарч боломжгүй боллоо. Иймд 2019 оны 6701000000 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би хүү Аыг өөрийн асрамжинд авч, хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлгийг Поос гаргуулж авна. П бид нарын хооронд эд хөрөнгийн талаар ямар ч маргаан байхгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эвлэрэх гэж зөндөө гуйсан мөн хүүхдээ аваад Д аймаг хүртэл очиж байсан. Тэгээд ой гаранхан насны хүүхэдтэйгээ Д аймаг очих газаргүй хээр хонох дөхсөн. Би хартай нь үнэн. П ч өөрөө маш их хартай. Хүүгийн минь хоёр насны ойгоор ээж аав нь ирээд Пийг хамтран амьдрагчтай болсон. Битгий нэг их залгаарай гэснээс хойш би ер нь залгахаа больсон. Цаашид бид хамт амьдрах боломжгүй. Угаас бид гэрлэлтээ бүртгүүлснээс биш хамт амьдарч айл орон болж тусдаа гарч амьдарч байгаагүй. П нь манай гэрт хүү бид хоёртой хэсэгхэн хугацаанд хамт амьдарсан юм. Миний тухайд тэр хүнтэй чат бичилцсэн нь үнэн. Гэхдээ тэр чинь эхнэр хүүхэдтэй хүн юм. Би Мд юнител компанид ажилладаг байсан бөгөөд тэр үед л нэг тийм хүн орж ирээд сайн уу юутай байна гэх зэргээр харьцаж байснаас биш надад тийм асуудал байгаагүй. Би нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Хүүдээ 2020 оны 8 дугаар сард явснаас хойш П нь хүүхдээ ч асууж барихгүй нэг ч удаа хандаагүй ...гэв.

Хариуцагч П шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: П миний бие 1996 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Х аймгийн М суманд төрж өссөн. Би 2018 онд Д гэх эмэгтэйтэй танилцаж үерхэж байгаад гэр бүл болж 2019 оны 09 дугаар сард гэрлэлтээ батлуулж албан ёсны гэр бүл болсон. Бид хамтдаа амьдарч байгаад 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр эхнэр маань амаржиж А гэдэг хүүтэй болсон.

Манай эхнэр болон Д нь маш их хартай болохоор бид хоёрын дунд үерхэж байхаас эхлээд л маргаан их гардаг байсан. Намайг хамт ажилладаг эмэгтэй болгонтой, фэйсбүүк найз эмэгтэй бүртэй хардаж хэрүүл маргаан хийдэг байсан.

Энэ бүх хугацаанд гайгүй болчих байх, ойлголцох байх гэж маш их тэвчиж ирсэн боловч энэ байдал маань улам даамжирч цаашдаа нөхцөл байдал, хэрүүл хийж байгаа байдал хүндэрч байсан учир хэзээ нэгэн өдөр энэ их хэрүүл, маргаан, уур бухимдалаас болж хэн нэгэн маань гэмт хэрэгт холбогдож, хэн нэгэн маань хохирох юм байна гэж үзээд 2020 оны 08 дугаар сард би Х аймгийн Г банкны ахлах теллерын ажлаас гарч Д аймагт амьдрахаар шилжин ирсэн.

Өнгөрсөн хугацаанд миний араас утсаар, фэйсбүүкээр маш их хэрүүл маргаан хийсэн ч бид хамт амьдраагүй 2 дахь жилдээ орж байгаа ба одоо дахин хамт амьдрах ямар нэгэн санаа бодолгүй болсон. Бид дахин гэр бүл болж амьдрах ямар ч боломж байхгүй учир хүсэлтийн дагуу гэр бүлийг цуцалж өгнө үү.

Би өөрийн хүү болох Аын өмнө эцэг хүний хариуцлагаа хүлээж тэтгэмжийг тухай бүрт төлөхөөс ямар нэгэн татгалзах зүйл байхгүй, Д бид хоёрын дунд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй хамт амьдарч байх хугацаанд авсан зээлийг би өөрөө хариуцаж төлж барагдуулсан болно гэжээ.

Хариуцагч П нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Д нь маш их хартай. Би Хд банкинд ажиллаж байсан бөгөөд хамт ажиллаж байсан бүх хүмүүстэй хардана, биед минь хүртэл халдаж байсан. Одоо ч хумсны сорви нь арилаагүй байна. Хэдийгээр хүүхдээ бодоод эвлэрээд хамт амьдарлаа гэхэд хүүхэд минь байнгын хэрүүлтэй газар хэцүү, түүний хүмүүжилд ч сөргөөр нөлөөлөх байх. Намайг өөр хүнтэй хамтран амьдарч байгаа гэжээ. Одоогоор хүнтэй хамтран амьдарсан зүйлгүй. Гэхдээ харьцаатай хүн бол байгаа. Бид цаашдаа хамт амьдрах боломжгүй учир гэрлэлтийг цуцалж өгнө үү Хүүхдийн эхийнх нь асрамжинд үлдээхийг мөн хүүдээ хуульд зааснаар тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна...Д нь намайг 2020 оны 8 дугаар сард наанаас чинь явснаас хойш Анхбаяр гэж хүнтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж хоорондоо харьцсан чат нь хүртэл байсан. Утга нь чи эхнэр хүүхдээ орхиод над дээр ирэх боломжтой юу гэсэн байсан. Одоо устсан учир надад яг баримт болж байхгүй л байна л даа... гэв.

Нэхэмжлэгчээс Дгийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, П, Д нарын гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн “Ургийн овог, эцэг/эх/-ийн нэр, нэр өөрчилсөн тухай” лавлагаа, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл”, Х аймгийн М сумын Дулаан багийн Засаг даргын тодорхойлолт, хүний их эмч Баярхүүгийн Золцолмонгийн тодорхойлолт, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д нь хариуцагч Пид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. 

Нэхэмжлэгч Д, хариуцагч П нар нь 2018 онд танилцан улмаар 2019 оны 12 дугаар сарын 09ий өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2019 оны 12 дугаар сарын 09ий өдөр батлуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын нэхэмжлэл тайлбар, хэрэгт авагдсан №6701000000 дугаар гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр, тэдний дундаас 2019 оны 07 дугаар сарын 05ы өдөр хүү Пийн Ананд төрсөн болох нь 22670101000000 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тус тус тогтоогдлоо.

Хүү А нь эрүүл өсөж бойжиж байгаа талаар их эмч Б.Золцолмонгийн тодорхойлолт хэрэгт авагджээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ,

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно,

Мөн зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж тус тус хуульчилсан байх тул нэхэмжлэгч Д нь нэхэмжлэл гаргах эрхтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэгч, хариуцагч нар нь тус тусдаа амьдарч байгаа, мөн гэрлэгчид нь тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэл уригдсан тал оролцоогүйгээс амжилтгүй болсон, гэрлэгчид нь тусдаа гарч цугтаа амьдарч байгаагүй, эвлэрэн хэлэлцэх хүсэлгүй зэрэг бодит нөхцөл байдлыг харгалзан зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авч авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д нь хүү Аыг өөрийн асрамжинд авах талаар нэхэмжлэл гаргасан бөгөөд тэдний төрсөн цагаасаа эхлэн ээжтэйгээ амьдарч байгаа, хүүхдүүдийн ээждээ ээнэгшин дассан байдал, ээж нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготой зэрэг байдлыг харгалзан, хариуцагч П нь хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй байх тул хүү Аыг эх Дгийн асрамжинд үлдээж эцэг Поос тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ гэж,

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан байна.

Иймд нэхэмжлэгч Д, хариуцагч П нарын гэрлэлтийг цуцалж, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Өөлд Пийн Ад эцэг Д Поос Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй.

Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдав.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Дгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105.537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Поос 105.537 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар П, Д нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Пийн А -г эх Дгийн асрамжинд үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү Өөлд Пийн А-г 11-н настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр П-оос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Дгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105.537 (нэг зуун таван мянга таван зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Поос 105.537 (нэг зуун таван мянга таван зуун гучин долоо) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг П, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д нарт тус тус даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА