Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 114

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Үүрийнтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа,

шүүгдэгч Б.Тугтогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Батдэлгэрийн Тугтогтоход холбогдох эрүүгийн 201719000111  дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шүүн хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 42 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 8 дугаар байрны 99 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 64 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дах хэсэгт зааснаар 5 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан Боржигон овогт Батдэлгэрийн Тугтогтох /РД:ЧК75083111/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:/сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Тугтогтох нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын төвд байрлах аймгийн нэгдсэн эмнэлэг дотор иргэн Солонгоогийн цүнхнээс түрийвчтэй хаан банкны карт иргэний үнэмлэх, энхтуяагийн халааснаас G7 гар утас, Шинэбаярын халааснаас LG маркийн гар утас хулгайлж Солонгоогийн картнаас 920000 төгрөг авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч Б.Тугтогтох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн өдөр эхнэртэйгээ Төв аймагт ирсэн байсан. Тэгээд хадмын утас нь холбогдохгүй байхаар нь эхнэртэйгээ маргалдсан юм. Тэгээд би уурлаад буугаад үлдсэн гадаа хүйтэн болохоор нь эмнэлэгт ороод байж байгаад Солонгоогийн түрүүвчийг нь авчихсан тэгээд дотор нь байсан картнаас нь 900.000 төгрөг уншуулаад авсан. Картны дугаарыг нь төрсөн он сарыг нь хийчихсэн чинь уншчихсан юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна миний буруу гэв.

 

Хохирогч Б.Солонго хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: “Би 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн цахимын бүртгэлийн машины тэнд дугаар авах гээд шаргал өнгийн цүнхээ сугавчлаад зогсож байсан юм. Ингээд цахимаас дугаараа авчихаад шинжилгээ өгөх гээд түрийвчнээсээ мөнгө авах гэсэн чинь цүнхний цахилгаан нь онгойчихсон байхаар нь гайхаад цүнхээ ухсан чинь дотор нь байсан улаан өнгийн түрийвч маань байхгүй байсан юм. Ингэхээр нь цагдаа руу утасдаж хулгайд эд зүйлээ алдсан талаараа мэдэгдсэн байгаа. Тэгэхэд 11 цаг болж байсан ингээд эмнэлэг дээрээс гараад картаа хаалгах гээд банк руу явж байсан чинь миний утсанд түрийвчинд байсан картнаас маань эхлээд 20.000 төгрөг авсан гэсэн мессэж дараа нь 100.000 төгрөг авсан мессэж, дараа нь 800.000 төгрөг авсан мөссэж ирсэн. Намайг картаа хаалгаж амжаагүй байхад миний картнаас нийт 920.000 төгрөг авсан юм. Би картныхаа нууц дугаарыг нөхөр Эрхэмбаярын иргэний цахим үнэмлэхийн төрсөн cap өдрөөр буюу 10-31 гэж хийсэн байсан. Тэр нь алдагдсан болохоор хулгайч уншуулчихсан байх. Би тухайн үед цүнхнийхээ цахилгаанийг хаасан байсан. Би ер нь цүнхээ онгойлгож явдаггүй юм аа. Тухайн үед миний цүнхнээс улаан өнгийн түрийвчнээс маань өөр эд зүйл хулгайд алдагдаагүй юм. Миний түрийвчинд Хаан банкны карт, миний болон манай нөхөр Эрхэмбаярын цахим иргэний үнэмлэх, малын дансны бичиг, Юнитед, Жи мобайлын сим картны үүр, бэлнээр 10.000 төгрөгийн 2 ширхэг, 20.000 төгрөгийн 1 ширхэг, задгайгаар 10.000 төгрөг нийт 50.000 төгрөг байсан. Хаан банкны картанд маань 1.300.000 төгрөг байснаас 920.000 төгрөг нь хулгайд алдагдсан байгаа. Би алдсан түрийвчээ 35.000 төгрөгөөр үнэлнэ, Хаан банкны виза карт захиалахад 3.000 төгрөг, хоёр иргэний үнэмлэх захиалахад 47.000 төгрөг болно гэсэн, замын зардалд 60.000 төгрөг гарсан байгаа. Мөн дээрээс картнаас уншигдсан 920.000 төгрөг, бэлнээр цүнхэнд байсан 50.000 төгрөгөө нэхэмжилнэ. Ингээд нийт 1.120.000 төгрөг нэхэмжилж байна. Хөдөө Баян-Өнжүүл сумаас ирээд биеэ үзүүлэх гэж яваад мөнгөө алдсандаа гомдолтой байна. Хөдөө байдаг болохоор цагаан сарын эд зүйл цуглуулах гээд хадгалж байсан мөнгөнүүд байгаа юм. Хохирлоо хурдан төлүүлэх хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг /хх-36 тал/,

Хохирогч Э.Энхтуяа хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ:” 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өглөөний 09 цагийн үед би Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгийн цахимын очер дээр өөрийн 6 настай хүү Очирдоржийн хамт дугаарт зогсож байгаад цахим очероо аваад нааш цаашаа явж байгаад халааснаасаа утсаа гаргах гэсэн чинь миний хар саарал өнгийн Самсунг Жи 7 маркийн гар утас маань байхгүй байсан юм. Тэгээд тэр хавьд зогсож байсан хүмүүст хэлсэн чинь манай нутгийн Солонго гэдэг эгч бас түрийвч байхгүй байна гээд ингээд дахиад нэг эгч бас утас байхгүй болсон байна гээд цагдаад мэдэгдсэн. Би сандал дээр хүүхэдтэйгээ суусан асуудал байхгүй. Би гар утсаа куртканыхаа зүүн талын халаасанд хийсэн байсан юм. Халаас цахилгаангүй юм. Би гар утсаа 700.000 төгрөгөөр 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр манай нөхөр Наранмандах надад авч өгч байсан. Хайрцаг нь байхгүй юм. Шилэн наалт нь жаахан цуурчихсан өөр ямар нэгэн сэвгүй, хар саарал өнгийн том хэмжээтэй гар утас байгаа. Би гар утсаа олоод авбал гомдол санал байхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-38 тал/, ... Би 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн эмнэлэг дотор явж байгаад G 7 маркийн гар утас алдсан. Тэгээд мэдэгдээд шалгуултал сүүлд нь хулгайч нь баригдаад миний гар утасны хохиролд 700 000 төгрөг барагдуулж өгсөн. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-41 тал/,

Хохирогч А.Шинэбаяр хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: “2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өглөөний 09 цагийн үед би Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгийн буфетны тэнд эмнэлэгт үзүүлэх гээд ээж Туяагийн хамт зогсож байсан юм. Тухайн үед мэдрэлийн хажууд өөрийн цэнхэр өнгийн кэйстэй цагаан өнгийн ЛЖ маркийн гар утсаа гаргаж цаг харж байсан юм. Тэгээд тэнд жаахан байж байгаад 00 өрөөнд гар утсаа гаргах гэсэн чинь байхгүй байсан юм. Ингээд дээш гараад ээждээ хэлээд цахимийн бүртгэл дээр нь очоод камер харах гэсэн чинь камергүй гээд бас өөр хоёр жирэмсэн эмэгтэй хүн гар утас, түрийвчээ алдсан байсан юм. Тухайн үөд миний орчинд тойронд олон хүн байсан юм. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Би гар утсаа куртканыхаа зүүн талын халаасанд хийсэн байсан юм. Халаасныхаа цахилгааны татаагүй байсан юм. Би гар утсаа 180.000 төгрөгөөр нэг жилийн өмнө худалдаж авч байсан. Хайрцаг нь байхгүй, одоо утсаа гар утсаа 180.000 төгрөгөөр үнэлж байна. Цэнхэр өнгийн кэйстэй цагаан өнгийн элдэв гэмтэлгүй ЛЖ маркийн том хэмжээтэй мэдрэгчтэй гар утас байгаа. Хулгайчийг олж хохирлоо төлүүлвэл надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-40 тал/,

Гэрч Г.Дашдаваа хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: Тухайн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нь 1 дэхь өдөр байсан ба би аав Галбаатартай уулзах гээд өөрийн нөхөр Тугтогтохын хамт цагаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатараас 09 цаг өнгөрөөгөөд Төв аймагт орж ирсэн. Аймагт орж ирээд төв замаар нь яваад аав руугаа утсаар ярьсан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгээд нэг шар байшингийн хажууд ирж зогсоод аав руу утасдсан чинь аавын утас нь холбогдохгүй байхаар нь би нөхөртөө өчигдөр утас нь холбогдож байхад нь ирэхгүй яасан юм бэ гээд бид хоёр тэрнээс болоод маргалдсан чинь нөхөр маань надад аавыгаа өөрийгөө олохгүй юу гээд байхаар нь би машинаас нь гарсан чинь нөхөр маань байшин эргээд яваад өгсөн. Тэгээд би хойноос нь харж нилээн удаан зогссон ба нөхрийнхөө хойноос яваад нөгөө шар байшингаа тойроод харсан чинь нөхөр маань өөрөө байхгүй байсан. Тэгэхээр нь хүлээгээд зогсож байсан чинь нөхөр маань цаад талаас нь гараад ирсэн. Ингээд бид хоёр буцаад хот орсон. Хотод ороод нөхөр маань найз Ганзориг руугаа залгаад дуудаад халтууранд явъя гээд байсан ба Нарны хорооллын урдаас Ганзоригийг аваад найзтайгаа бууж уулзаж байснаа ажилтай байна гэнэ ээ гэснээ намайг гэрт 19 дүгээр хороололд буулгаад гадуур ганц хоёр халтуурдлаа гээд яваад өгсөн. Би нөхөртэйгээ муудалцсан байсан болохоор нэг их юм хум яриагүй ээ. Ингээд орой нь нөхөр ирээд байж байгаад надтай юм ярьж байгаад би сая нээрээ Төв аймгаас утас хулгай хийсэн гэж надад хэлсэн юм. Тэгэхээр нь тоглож байна намайг тайвшруулах л гэж байна гэж бодсон. Ингээд маргааш өдөр нь нөхөр маань надад хулгайлсан юм маань баригдсан гэнэ ээ гэж хэлж байсан юм. Тэгэхээр нь би гайхаад чи цагдаад хэлээч ээ гэсэн чинь Ганзориг миний авсан картнаас нь мөнгө авсан чинь баригдсан гэнээ гэхээр нь би түүнд эртхэн очиж хэлээч ээ аваачиж өг гэж хэлсэн чинь Ганзоригийнд нөхөр маань очсон чинь Ганзориг байхгүй байсан гэсэн. Тухайн үед би нөгөө картнаас авсан мөнгийг нь энийгээ аваачиж өг гээд нөхрөөрөө үрүүлэхгүй байж байсан юм. Би Төв аймагт тухайн өдөр аав Галбаатартайгаа уулзах гэж ирсэн. Урьд өмнө нь дандаа аавтайгаа уулзах гэж 2-3 удаа ирсэн. Маргааш нь нөхөр маань надад Ганзориг мөнгө уншуулаад баригдсан гэхээр нь би нөхөрийнхөө хулгай хийсэн талаар нь мэдсэн.Би Төв аймгийн Цагдаагийн газарт 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр цагдаагаас дуудахаар нь ирсэн юм. Угаасаа нөхөр маань Ганзоригийг олоод очно гэж хэлж байсан болохоор нь цагдаад хэлээгүй юм” гэсэн мэдүүлэг /хх-42 тал/,

Гэрч Ч.Ганзориг хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 12 цагийн үед би эгчийнхээ хүүхэд Гэрэлмаагийн гэрт Нарны хороололд байж байсан чинь утас дуугарахаар нь авсан чинь манай найз Тугтогтох над руу яриад гэртээ ойрхон байна уу? Танайхтай ойрхон байна урд зам дээрээ гараад ир гэхээр нь за гээд хувцсаа өмсөөд Нарны хорооллын урд зам дээр гараад ирсэн чинь Тугтогтох цагаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд машинаасаа гарч ирээд картнаас мөнгө аваад ирээч гэхээр нь тэгье тэгье гээд Тугтогтохын өгсөн Хаан банкны картыг нь аваад Нарны хороолол доторхи ATM рүү орж Тугтогтохын картнаас нь эхлээд 200.000 төгрөг авах гэсэн чинь 20.000 төгрөг дарагдаад тэгээд гарч ирсэн 20.000 төгрөгийг нь аваад дахиад 100.000 төгрөг аваад дахиад 800.000 төгрөг авсан. Ингээд Тугтогтоход нөгөө 920.000 төгрөгөө өгсөн чинь надад Тугтогтох 260.000 төгрөг өгсөн юм. Ингээд би Тугтохоос салаад гэртээ ороод хоол идчихээд 160.000 төгрөгийг нь аваад дэлгүүрийн өрөө дараад таньдаг Хуягаа гэдэг хүн тааралдаад 1 шил архи гудамжинд хувааж уусан. Дараа нь 13 дугаар хороололд байх найзалдаг Туул гэдэг хүүхнийдээ 13-н бааранд ороод пиво уугаад сууж байсан чинь орой 21 цагийн үед утас дуугарахаар нь авсан чинь дүү Гэрэлмаа маань над руу яриад таныг цагдаа асуугаад яваад байна ш дээ та хүний мөнгө картнаас нь авсан байна гэхээр нь тийм ээ тийм ах нь авчихсан юм аа ах нь архи уучихлаа гээд нөгөө найз хүүхэндээ би явлаа гэж хэлээл Гачууртайд байх багийн найз Очироогийндоо ороод 3 хоног уусан ба дүүгийндээ гэртээ ирээд 3 хоног бас хэвтсэн тэгээд тамхи татах гээд орцондоо гарсан чинь Төв аймгийн цагдаа нарт баригдсан. Би тухайн үед хулгайн карт гэдгийг нь мэдээгүй дүүгийн карт байгаа мөнгийг нь авчих л гэж хэлсэн. Хулгайн карт гэдгийг нь цагдаагаас ярилаа гэхээр нь л мэдсэн. Хаанахын цагдаа гэж байна гэсэн чинь дүү нар хаанахын цагдаа нар болохыг нь мэдэхгүй байсан. Тухайн үед надад картыг гадаа өгсөн байгаа. Надад иргэний үнэмлэх үзүүлээд дүүгийнх гэж хэлээд төрсөн он сараар нь хийчих гэж хэлсэн. Яг тэр төрсөн он сарыг нь хийсэн юм. Би Тугтогтохын дүүг нь танихгүй ээ. Би яагаад Тугтогтох надаар мөнгө авахуулсан талаар нь асуугаагүй. Би нэрийг нь ч уншаагүй он сарыг нь 12 дугаар сарын 31-н гэж харсан оныг нь хараагүй нэг эмэгтэй хүний зураг л байсан.Би Тугтогтохоос мөнгө байна уу гэсэн чинь 260.000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-44-45 тал/,

Гэрч С.Туяа хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: Би 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өглөөний 09 цагийн үед би өөрийн охин Шинэбаярын хамт шинжилгээ өгөх гээд Төв аймгийн Нэгдсэн эмлэгийн буфетны тэнд явж байсан юм. Тухайн үед охин маань цагаан өнгийн цэнхэр кэйстэй гар утастай явсан ба 00 орчихоод ирье гэж гарч яваад утсаа алдчихлаа гээд гараад ирэхээр нь бид хоёр цахим дээр очсон чинь охиноос маань гадна 2 хүн түрийвч утсаа алдсан байсан. Тухайн өдөр маш их хүнтэй байсан болохоор ямар ямар хүмүүс байсан эсэхийг нь санахгүй байна. Сэжиглэж байгаа хүн байхгүй байна. Охин маань жилйин өмнө гар утсаа 180.000 төгрөгөөр Тэдигээс худалдаж авч байсан” гэсэн мэдүүлэг /хх-46 тал/,

Гэрч Л.Нямсүрэн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: Би Норовпэлжээ овогтой Галбаатар гэдэг хүнтэй Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байх Олон Улсын нисэх буудлын дулааны цахилгаан станцын кэмпэд ажиллаж байхдаа танилцаад дотно харьцаатай болсон юм. Тэгээд одоо Галбаатар нь манайд ирж надтай цуг байдаг бас би хааяа хагас бүтэн сайн өдөр хотод гэрт нь очиж хувцас хунарыг нь угааж өгдөг юм. Дашдаваа нь охин нь байгаа юм. Тухайн өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Галбаатар манайд байсан тухайн өдөр нь 1 дэхь өдөр байсан юм. Тухайн үед Галбаатар надад ирэхээ охиндоо хэлсэн гэж ярьж байсан юм. Харин охиноо ирнэ гэж ярьж байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Тухайн үед Галбаатар нь 95695532 дугаарын утастай байсан 23-ны өдөр тэр дугаараа барьж байсан, тухайн өдөр утсаа манайд цэнэглэж байсан санагдаж байна. Хэдэн цагийн үед гэдгийг нь санахгүй байна, өдөр л санагдаж байна” гэсэн мэдүүлэг /хх-47 тал/,

Гэрч Н.Галбаатар хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: Би тухайн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Дивизийн байранд өөрийн уулздаг эмэгтэй Нямсүрэнгийндээ байсан юм. Тухайн өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 23 нд манай охин надад ирж тамхи тариа хотоос дөхүүлэх ёстой байсан боловч миний утасны цэнэг дуусаад охин маань залгаад байхад утсаа цэнэглээд орхичихсон байсан болохоор утсаа аваагүй юм. Тэгээд тэр өдөр уулзаж чадаагүй юм. Тухайн үед би 95635532 дугаарын утастайгаа байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-48 тал/,

Гэрч Б.Оюунцэцэг хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: Би энэ хэрэг асуудлыг ерөөсөө мэдээгүй. Сая таныг хэлэхэд мэдлээ. Би тусдаа амьдардаг, тусдаа амьдралтай болхоор дүүгийнхээ энэ хэсэг асуудлыг мэдэхгүй байсан. Энэ Тоёото прүсс маркийн 43-15 УНУ улсын дугаартай цагаан өнгийн автомашин бол миний өөрийн машин юм. Би энэ машиныг 2016 оны Э5-р сард 11 сая төгрөгөөр худалдаж авсан. Манай ажил гэр ойрхон байдаг болхоор би едөр бүр машин унах шаардлага гардаггүй. Тэгээд дүү маань ажилгүй, надаас машинаа өгчих таксийнд явья гэхээр нь би машинаа өгдөг юм. Тугтогтох хааяа ирээд машин аваад явдаг. Ер нь энэ машиныг авснаас хойш хааяа гуйхаар нь би өгдөг байсан. Би машинаа 10 сая төгрөгеөр үнэлнэ” гэсэн мэдүүлэг /хх-85 тал/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-6 тал/,

-илтгэх хуудас /хх-13 тал/,

-Төв аймгийн Цагдаагийн газарт Ч.Ганзоригийн гаргасан өргөдөл /хх-24 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-50 тал/,

-Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тодорхойлолт /хх-84 тал/,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-86, 93 тал/,

-хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-87, 94 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-88 тал/,

-43-15УНУ тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-95 тал/

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-96 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-98 тал/,

-хохирлын мөнгө хүлээлцсэн тэмдэглэл /хх-99-101 тал/,

-мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-103 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-104-106 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-110 тал/,

 

-шүүгдэгч Б.Тугтогтохын ял шийтгэлийн хуудсанд шалгахад “урьд Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 64 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дах хэсэгт зааснаар 5 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан” гэжээ. /хх-83 тал/,

-шүүгдэгч Б.Тугтогтохыг 2017 оны 02 сарын 08-ны өдөр сэжигтнээр /хх-67-68 тал/, 2017 оны 03 сарын 13-ны өдөр яллагдагчаар /хх-71-72 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Тугтогтох нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын төвд байрлах аймгийн нэгдсэн эмнэлэг дотор иргэн Солонгоогийн цүнхнээс түрийвчтэй хаан банкны карт иргэний үнэмлэх, энхтуяагийн халааснаас G7 гар утас, Шинэбаярын халааснаас LG маркийн гар утас хулгайлж Солонгоогийн картнаас 920000 төгрөг авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Солонго, Э.Энхтуяа, А.Шинэбаяр, гэрч Г.Дашдаваа, Ч.Ганзориг, С.Туяа нарыг мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ/хх-50тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, шүүгдэгч Б.Тугтогтохын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Тугтогтох нь Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 64 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дах хэсэгт зааснаар 5 сар баривчлах ялаар шийтгэгдэж байсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дах хэсэгт хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүйд тооцохоор заасан байх бөгөөд Б.Тугтогтох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар буюу хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн байна. Иймд шүүгдэгч Б.Тугтогтохын ялтай байдал арилсан гэж үзэх үндэслэлтэй  байх тул шүүгдэгч Б.Тугтогтохыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Солонго, Э.Энхтуяа, А.Шинэбаяр нар нь “шүүгдэгч Б.Тугтогтохтой сайн дураар эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүгдэгч Б.Тугтогтохын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар  хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт  хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч Б.Тугтогтоход холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна

 

Хохирлын талаар:

Хохирогч Б.Солонго, Э.Энхтуяа, А.Шинэбаяр нар нь шүүгдэгч Б.Тугтогтохтой сайн дураараа эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

      

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Тугтогтох нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298, 248 дугаар зүйлийн 248.1.2  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Батдэлгэрийн Тугтогтохыг бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Б.Тугтогтоход холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Тугтогтох нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

              4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Sharp маркийн 21 инчийн зурагт битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн, Тоёото Прүсс маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгосгай.

 

           4.Б.Тугтогтоход авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

           5.Шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Тугтогтоход бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.ОТГОНЖАРГАЛ