Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 1206

 

 

Б.Зт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:  

                                            

            прокурор Г.Эсэн,          

            шүүгдэгч Б.Зын өмгөөлөгч Л.Ган-Очир,

            нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 2020/ШЗ/1422 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Эсэнгийн бичсэн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 45 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Зт холбогдох 1910029160450 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Б.З нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Биби” гэх пабад Э.Быг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож түүний биед “тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дотор булан, баруун шууны цус хуралт, баруун гарын 2 ба 4 дүгээр хурууны зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас:

Б.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж хуульчилсан бөгөөд мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй, өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тогтоож чадаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд зөрүүтэй, шүүгдэгч Б.З нь 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 112 дугаар прокурорын саналыг хүлээн зөвшөөрөхгүй талаар маргаж байх бөгөөд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр байгаа эсэхийг тогтоох шаардлагатай гэж дүгнээд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, шүүгдэгч Б.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

            Прокурор Г.Эсэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн уг захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж гаргасан шийдвэр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдаан даргалагч оролцогч нараас тус хэргийг хянан шийдвэрлэх буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрсөн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар хэлэлцүүлэхэд талуудад санал, хүсэлт, татгалзал байгаа талаар тодруулж, ердийн журмаар хэргийг хэлэлцүүлэхээр тогтож, шүүх хуралдааны ажиллагааг эхлүүлсэн.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар нээлттэйгээр хэлэлцэж, улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлд заасны дагуу улсын яллагч дүгнэлт, өмгөөлөгч нар хууль зүйн дүгнэлтээ хэлж, 35.25 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч эцсийн үгээ шүүхэд хэлж, шүүх шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орсон.

            Ийнхүү шүүх шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орсны дараа гаргах шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана”, 5 дахь хэсэгт “Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана” гэж шүүгчийн гаргах эрх зүйн хэлбэрийн төрлийг хуульчилсан байхад ердийн журмаар хэлэлцсэн шүүх хуралд хялбаршуулсан журам /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг/-аар шийдвэрлэх зохицуулалтыг баримталсан нь хуульд нийцэхгүй байна.

            Мөн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-г тогтоож чадаагүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь хуульд нийцэхгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж гаргасан 1422 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

            Шүүгдэгч Б.Зын өмгөөлөгч Л.Ган-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж  байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

 

            Б.Зыг “...2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Биби” гэх пабад Э.Батжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, түүний биед “тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дотор булан, баруун шууны цус хуралт, баруун гарын 2 ба 4 дүгээр хурууны зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

 

            Анхан шатны шүүхийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана...” гэж зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Тодруулбал, шүүгдэгч Б.З нь “...хохирогч Э.Батжаргалд гэмтэл учруулаагүй...” гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр урьд гаргасан хүсэлтээсээ татгалзсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Мөн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлын талаар заасан ба гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр...”-ийг нотлох ажиллагааг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар хийлгүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй байна.

 

Хохирогч Э.Бд Б.Зт гэмтэл учруулсан эсэх талаар гэрч Б.Эрдэнэбаяр нь “...намайг байх хугацаанд бие биенийгээ цохиж зодсон асуудал байхгүй...” /хх 24/, гэрч Б.Намуулан “...тэр гурван хүн сууж байгаад нэг эрэгтэй нь явлаа гэж хэлсэн чинь хамт байсан эмэгтэй нь явуулахгүй гээд зууралдаад салахгүй байсан ба эмэгтэй нь куртик, гар утсыг нь авчихаад өгөхгүй байсан, тэгтэл эрэгтэй нь гар утсыг нь булааж аваад шидчих шиг болсон. Би тэр эгч дээр очоод та зүгээр үү гэж асуусан чинь хүний үг тоохгүй байсан ба тэр эмэгтэй, эрэгтэй хоёр манай пабаас гарч эмэгтэй нь үүдэнд ганцаараа уйлаад суугаад байсан. Пабад байхдаа нэг нэгнийгээ цохиж зодоогүй. Харин эмэгтэй нь эрэгтэйгээ явуулахгүй гээд зууралдаад байсан юм. ...Батжаргал гэх эмэгтэйн биед манайхаас гарахад шарх сорви байгаагүй...” /хх 8-29/ гэж мэдүүлсэн байхад хохирогч Э.Батжаргал “...Золбаяртай маргалдсан бөгөөд миний хөл рүү нэг удаа өшиглөсөн. ...би гаргахгүй гээд хүрмийг нь өгөхгүй байсан чинь надаас хүрмээ булааж авахдаа миний хамар луу гараараа цохисон. ...” /хх 11/ гэжээ. Шинжээчийн дүгнэлт хийхээр үзлэг хийхэд “...хэсэг газрын үзлэг: хамрын нуруу бага зэрэг хавдартай, эмзэглэлтэй, зүүн нүдний дотор булан, хамрын нуруу хөх ногоон цус хуралттай, баруун шууны гадна доод хэсэгт 3х5см хүрэн улаан, хөн өнгийн цус хуралттай, баруун гарын 4-р хурууны дунд үен дээр 1х1 см, 2-р хурууны арын үений дотор хажуу хэсэгт 0.3х0.3 см улаан хүрэн зулгаралттай...” хх 32/ гэсэн байх тул зохих нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй нотлох нь зүйтэй.  

 

Иймд шүүгдэгч Б.Зт холбогдох эрүүгийн 1910029160450 дугаартай хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Прокуророос шүүгдэгч Б.Зт холбогдох 1910029160450 дугаартай эрүүгийн хэргийн яллах дүгнэлт үйлдэж, хохирогч Э.Батжаргал, шүүгдэгч Б.З нарын хүсэлтийн дагуу 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” 111 дугаартай тогтоол үйлдэж, шүүгдэгч Б.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч анхан шатны шүүх хэргийг хүлээн авч шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулж болно.” гэж заасан хуулийн хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн нь, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацаа хэтэрсэн үндэслэлээр хэргийг ердийн журмаар шийдвэрлэнэ гэж шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх ажиллагааг явуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 2020/ШЗ/1422 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Эсэнгийн бичсэн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 45 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                          

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

                            ШҮҮГЧ                                                             Ц.ОЧ

               ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ