Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2323

 

 

 

 

 

 

 

 

 

Н.С ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/02338 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.С ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.П д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 49 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Н.С

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Булгантамир

Хариуцагч: Г.П

Хариуцагчийн өмгөөлөгч: Ч.Лувсанцэрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.С  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.П  нь 2014 онд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна гээд 52 000 000 төгрөг надаас зээлж авсан. Анх мөнгийг бэлнээр хүлээлгэж өгсөн бөгөөд тухайн үед Г.П  өөрийн жолооч болон дүүгийн хамт ирж авсан. Ингээд уг мөнгөнийхөө төлбөрт гар утас болон утасны дугаар зэргийг тооцож өгөөд үлдэгдэл 33 000 000 төгрөгийн тооцоог нийлж, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээг байгуулж, нотариатаар батлуулан баталгаажуулсан. Гэвч үүнээс хойш мөнгөө өгөөгүй. Иймд зээлийн гэрээний 1.2-т заасан үүргээ шударгаар биелүүлээгүй тул мөн гэрээний 2.1-т заасан үндсэн зээл 33 000 000 төгрөг, алданги 16 500 000 төгрөг, нийт 49 500 000 төгрөгийг Г.П аас гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.П аас 49 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.С ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405 450 төгрөгийг, хариуцагч Г.П аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.С ад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.П  давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Миний бие 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны тов дээр гарын үсэг зурахдаа анзаараагүй...шүүгчийн туслах нь надад тайлбарлаж өгөөгүй. 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ч.Лувсанцэрэн гэдэг өмгөөлөгчтэй хууль туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан зөвлөгөө авахад нэхэмжлэл гардан авснаас хойш 14 хоногийн дотор хариу тайлбараа бичгээр өгсний дараа шүүх хуралдаан товлогддог, хариу тайлбараа өгөхдөө нотлох баримтаа хамт өгөх хэрэгтэй гэсэн. Ингээд өмгөөлөгч Ч.Лувсанцэрэн хариу тайлбараа бичиж, нотлох баримтын хамт Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгөхөөр очиход 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хэргийг шийдвэрлэсэн байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх заалтаас үзвэл шүүгч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргасны үндсэн дээр хэргийн оролцогч нарт хурлын товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдэх зохицуулалттай байна. Үүнээс үзвэл надад нэхэмжлэл гардуулахдаа хурлын тов мэдэгдсэн баримтанд гарын үсэг зуруулсан байгаа нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарахаас өмнө хурлын тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулсан байна.  Иймээс миний бие хэргийн нөхцөл байдлын талаар өөрийн тайлбараа өгөх буюу шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдал болсон байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Н.С  нь хариуцагч Г.П д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 33 000 000 төгрөг, алдангид 16 500 000 төгрөг, нийт 49 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шүүх иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагчид мэдэгдэх хуудас хүргүүлэх ажиллагаа явагдаж байсан. Түүнчлэн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагчийг албадан ирүүлэх тухай захирамж гарч, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид гардуулсан байх ба уг өдөр шүүх хуралдааныг товлон зарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох хэргийн оролцогчийн эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй, хариуцагч тал хариу тайлбар ирүүлээгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүх хуралдааны бэлтгэл хангах шүүгчийн ажиллагаа болох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д хэсэгт заасан журмыг зөрчсөн гэж гэж үзнэ.

           

Нөгөө талаар шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд заасантай нийцэхгүй бөгөөд нэгэнт хуулиар тогтоосон журам зөрчигдсөн байна.

 

Анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж маргааны үйл баримт, тэдгээрийн хооронд үүссэн харилцааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/02338 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Г.П аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

           

                             ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН