| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2021/01411/И |
| Дугаар | 155/ШШ2022/00131 |
| Огноо | 2022-01-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 155/ШШ2022/00131
Нэхэмжлэгч: Х аймгийн Г сумын 5 дугаар багт оршин суух, Т-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Г сумын 04 дүгээр багт оршин суух, П-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 155/2021/01411/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.Т,
Хариуцагч: П (цахимаар),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Т миний бие 2011 онд Птэй танилцсан. Бид 2012 онд нэг гэрт орж хамтран амьдарч эхэлсэн.
2014 онд хүү П.М, 2018 онд хүү П.М нар төрж, бид 2 хүүхэдтэй ам бүл дөрвүүлээ амьдарч байна. Өдөр бүр хардалт, хэрүүл маргаан, өдөр бүр бухимдалтай хэцүү байсан ч итгэдэг, ойлгодог болохыг хүлээж, тэвчиж уучилсаар 10 жил амьдарлаа. Энэ амьдрах хугацаанд П нь хэд хэдэн удаа зодож байсан билээ. 2020 оны 2 дугаар сард гарч хүрч 7 хоног саатуулагдаж байсан. Түүнээс хойш хэд хэдэн удаа гар хүрч байсан боловч цагдаад мэдэгдээгүй өнгөрүүлсэн. Цаашид 2 хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлнө.
Иймээс цаашид Птэй дахин амьдрах хүсэл байхгүй болсон тул 6701000124 дугаартай гэрлэлт цуцлуулж, П.М, П.М нарыг ээжийнх нь асрамжид үлдээж өгнө үү. Миний бие Пгээс хүүхдийн тэтгэмж нэхэмжлэхгүй болно. Эд хөрөнгийн маргаангүй гэв.
Нэхэмжлэгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х аймгийн Галь суманд 1984 онд төрсөн. Нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Том хүү маань 2008 онд, бага хүү 2018 онд төрсөн. 82 настай аавын хамт амьдардаг. Би 2002 онд Г сумын 10 жилийн сургууль төгсөж, цэцэрлэгийн багшаар сураад М суманд 12 жил ажиллаж байгаад одоо Г сумын цэцэрлэгт ажиллаж байгаа. Би байнгын хардуулж гүтгүүлж амьдарч байгаа. Тийм учраас би 2016 оноос 2021 он хүртэл 4 удаа шүүхэд гэрлэлт цуцлуулахаар хүсэлт өгсөн. Тэр бүртээ Пг, хоёр хүүхдээ бодож буцаадаг байсан. Би өөрийгөө бодсон бол аль эрт салах байсан. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би хоёр хүүхдээ өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.
Хариуцагч П шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Г овогтой П (регистрийн дугаар РД81121710) нь Д овогтой Ттай 10 жил хамт амьдрахдаа удаа дараа гар хүрч байгаагүй. Мөн 2020 оны 02 дугаар сард дугаар сард эхнэр болох Д.Тын ах болох Д.Птой маргалдаж намайг дүүг минь зодсон гэж цагдаа дуудаж өгч улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж 7 хоног саатуулсан. Эхнэр Д.Т байнга намайг гэрээс хөөж, яваад өг, зайлаад өг, орлогогүй гуйлгачин гэж хөөдөг. Мөн Д.Т гэрээс гараад ажилдаа явахдаа утсаа авахгүй, салгачихдаг. Үүнээс болж гэр бүлд хардалт үүсдэг. Өмнөх амьдралаасаа Д.Таас болж би гэр бүлээ салгуулж байсан. Иимээс цаашид Д.Ттай гэр бүлээ цуцлуулах хүсэлгүй байна. Мөн хоёр хүүгээ өнчрүүлмээргүй байна. Цаашид гэр бүлээ элэг бүтэн авч үлдэхийн тулд өөрийн зүгээс шаардагдах бүхий л зүйл дээр анхаарах болно. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч П нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёрын хооронд маргаан болдог нь үнэн. Түвшинжаргал нь ажилдаа явахдаа утсаа авдаггүй, эсвэл ийш тийшээ хүн дагаж явдаг. Тийм зүйлээс болж хэрүүл болдог. Надтай амьдрахдаа миний араас гуйж гүйж байгаад миний амьдралыг үгүй хийсэн. Одоо намайг юу юу ч үгүй болгоод гудманд гаргах гэж байна. Би дахиж хоёр хүүхэд өнчрүүлмээргүй байна. Би энэ хүнтэй хэрүүл маргаан хийх шалтгаан нь хардалтаас болдог. Намайг залгахаар утсаа авдаггүй. Яагаад утсаа аваагүй юм бэ гэхэд “чамд ямар хамаатай юм, зайл...” гэдэг. Намайг найзтайгаа архи уугаад согтуу ирэхэд гэрээс хөөхөд нь би машиндаа унтчихаад өглөө нь хүн тээвэрт явах гээд зогсоол дээр зогсож байхад Түвшинжаргалын ах нь ирээд машин тэрэг хэмх цохиж, миний гуя руу хоёр хутгалаад явсан. Тэгэхэд би эр хүний ноёр нуруу заагаад хуулийн байгууллагад хандалгүй бүгдийг нь уучилж өдийг хүрсэн. Энэ бүхнийг нь би тэвчээд амьдардаг. Хэрүүл хийхээр чи цагаан даавуугаа бэлдэж байгаарай очиж ална гэдэг. Наад хүн чинь албан тушаал ахихаар тэгдэг юм уу чи дуугаа бай, чи муу зайл гэж дээрэлхэж дарамталдаг. Төрсөн ганц эмэгтэй дүүг минь хүртэл ад үздэг. Би тэр хүнтэй харьцахгүй тангарага тасарсан. Дүү минь эгчээ гээд утсаар ярихад нь хүртэл утсаа авахгүй. Одоо ингэх байсан юм бол эртхэн салахгүй яасан юм бэ? Миний амьдралыг үрж, юу ч үгүй болгочихоод, одоо намайг гудманд гаргах гэж байгаад гомдолтой байна. Түвшинжаргал өөртөө огт буруу өгдөггүй. Би өмнө нь сайхан амьралдтай байсан. Энэ хүнтэй амьдраад гэртээ ажилгүй 5, 6 жил гэр сахиж байна. Тэгэхэд чиний тус байгаагүй, би ганцаараа хүүхдүүдээ өсгөсөн гэж ярьдаг. Одоо хоёр хүүхэд том болоод чиний хэрэг байхгүй, явах мөрөөрөө яв гэж хөөж байгаа гэв.
Нэхэмжлэгчээс Д.Тын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, П, Д.Т нарын гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, П.М, П.М нарын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Г сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Х аймгийн Г сумын Г багийн засаг даргын тодорхойлолт, Х аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шийтгэвэрт тус шүүхийн архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл”, Х аймгийн Мөрөн сумын Дулаан багийн Засаг даргын тодорхойлолт, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 155/ШШ2021/00523 дугаар шүүгчийн захирамжид тус шүүхийн архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 155/ШШ2020/01490 дугаар шүүгчийн захирамжид тус шүүхийн архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Пд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч Д.Т, хариуцагч П нар нь 2011 онд танилцан улмаар 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ батлуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын нэхэмжлэл тайлбар, хэрэгт авагдсан №6701000000 дугаар гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр, тэдний дундаас 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүү Пгийн Мөнхбат төрсөн болох нь 6701000000 дугаар, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүү П.М нар төрсөн болох нь 6716000000 дугаар төрсний гэрчилгээнүүдийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тус тус нотлогдлоо.
Хүү П.М, П.М нар нь эрүүл өсөж бойжиж байгаа талаар Х аймгийн Г сумын Эрүүл мэндийн дарга П.Наранцэцэгийн тодорхойлолт (хх-ийн 6 дугаар хуудас) хэрэгт авагджээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ,
Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно,
Мөн зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж тус тус хуульчилсан байх тул нэхэмжлэгч Д.Т нь нэхэмжлэл гаргах эрхтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заажээ.
Хэрэгт авагдсан гэрлэгчид нь тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэлд уригдсан тал оролцоогүйгээс амжилтгүй болсон (хх-ийн 25 дугаар хуудас), Х аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ЗШ/00 дугаар шийтгэврээр хариуцагч Пг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох зөрчил үйлдсэнд тооцож, шийтгэл оногдуулсан (хх-ийн 8-9 дүгээр хуудас), Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 155/ШШ2021/00000 дугаар шүүгчийн захирамж (26-27 дугаар хуудас), Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 155/ШШ2020/00000 дугаар шүүгчийн захирамж (хх-ийн 28-29 дүгээр хуудас) нэхэмжлэгч Т нь удаа дараа шүүхэд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлээсээ татгалзаж байсан зэрэг бодит нөхцөл байдал тогтоогдсон болно.
Иймд гэрлэгчдийн хэн нэгний эрүүл мэнд, амь нас болон хүүхдүүдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй тул шүүх зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авч авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.Т нь хүү П.М, П.М нарыг өөрийн асрамжинд авах талаар нэхэмжлэл гаргасан бөгөөд тэдний төрсөн цагаасаа эхлэн ээжтэйгээ амьдарч байгаа, хүүхдүүдийн ээждээ ээнэгшин дассан байдал, ээж нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготой зэрэг байдлыг харгалзан, хариуцагч П нь хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй байх тул хүү П.М, П.М нарыг эх Д.Тын асрамжинд үлдээж шийдвэрлэв.
Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Тын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Пгээс 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар П, Т нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүү Пгийн М, Пгийн Мнарыг эх Тын асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Пгээс 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг П, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.Т нарт тус тус даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА