| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2021/01258/И |
| Дугаар | 155/ШШ2022/00002 |
| Огноо | 2021-12-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2022/00002
| 2021 оны 12 сарын 22 өдөр | Дугаар 155/ШШ2022/00002 | Хөвсгөл аймаг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Т сумын 04 дүгээр багт оршин суух, У-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Т сумын 4 дүгээр багт оршин суух, М-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 155/2021/01258/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, нэхэмжлэгч Д.У, хариуцагч А.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.У, А.М бид нар 2017 онд гэр бүл болж, гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Бид 2017 оны 10 сарын 26-ны өдөр охинтой болсон. Одоо охин Х нь 4 настай, ээжийнхээ асрамжинд амьдарч байгаа. Бид санаа сэтгэл таарч тохирохгүй, байнга хэрүүл маргаантай байх болж 2018 онд бид тус тусдаа амьдрах болсон. Бид одоо тус тусдаа амьдрал зохиож гэр бүлтэй болцгоосон тул цаашид бид хамт амьдрах боломжгүй болсон. Эхнэр маань гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа, хүүхдийн асрамж тэтгэлгийн асуудал дээр маргаан байхгүй.
Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, 4 настай охин Хг ээжийнх нь асрамжинд үлдээж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч А.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: Миний бие А.М нь Д.Утай 2017 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. 2017 онд охин Х гарсан. Одоо миний асаргаанд эрүүл саруул өсөж байна. Бид хоёр сэтгэл санаа таарч тохироогүйн улмаас 2018 онд тус тусдаа амьдрах болсон. Бид тус тусын гэр бүлтэй болсон тул гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлгийн хуювд ямар нэг маргаан байхгүй. Бидний тухайд анхнаасаа хамт амьдраагүй. Зөвхөн охиноо эцэг нь өөрийн нэр дээр овоглох гэж гэрлэлтээ бүртгүүлсэн хүмүүс юм. Одоо тус тусдаа амьдралтай болсон. Үерхэж байгаад хүүхэдтэй болоод гэрлэлт бүртгүүлсэн болохоос тусдаа гараад хамт амьдарсан зүйлгүй. Мөн удалгүй таарч тохирохгүй болцгоосон. Энэ хүн маань өөр эхнэр аваад хүүхэдтэй болцгоосон байгаа. Хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй... гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч А.Мид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч Д.У, хариуцагч А.М нар нь 2017 онд танилцан улмаар 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр батлуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын нэхэмжлэл тайлбар, хэрэгт авагдсан №216701000 дугаар гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргээр, хамтын амьдарлын явцад 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр охин Д.Уын Х төрсөн болох нь №216701000000 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тус тус тогтоогдлоо.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ,
Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно,
Мөн зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж тус тус хуульчилсан байх тул нэхэмжлэгч Д.У нь нэхэмжлэл гаргах эрхтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэгч, хариуцагч нар нь тус тусдаа амьдарч байгаа, мөн гэрлэгчид анхнаас тусдаа гарч гэр бүл болон амьдраагүй, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэл амжилтгүй болсон зэрэг бодит нөхцөл байдлыг харгалзан зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авч авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.У нь охин Хг ээжийнх асрамжинд үлдээх талаар нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд түүний төрсөн цагаасаа эхлэн ээжтэйгээ амьдарч байгаа, хүүхдүүдийн ээждээ ээнэгшин дассан байдал, ээж нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготой зэрэг байдлыг харгалзан хариуцагч А.М нь хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй байх тул охин Хг эх А.Мын асрамжинд үлдээж шийдвэрлэлээ.
Зохигч хүүхдийн тэтгэлэг болон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Уын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Маас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар У, М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар Д.Уын Х-г эх Алтанцэцэгийн А.Мын асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигч хүүхдийн тэтгэлэг болон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Уын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72.000 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Маас 72.000 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Э.Хд даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Д.У, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх А.М нарт тус тус даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА