| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 181/2023/04752/И |
| Дугаар | 001/ХТ2025/00111 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2025/00111
Б.М-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/00456 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2025/00481 дүгээр магадлалтай
“Э” ХХК-д холбогдох
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/00456 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.М-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2025/00481 дүгээр магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/00456 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М-г хариуцагч “Э” ХХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтний ажлын байранд эгүүлэн тогтоож, хариуцагч “Э” ХХК-аас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 46,479,820 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгож, уг олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч “Э” ХХК-д даалгасугай.” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М-гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Э” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 390,349 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т-ний хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.03.21-ний өдрийн 210/МА2025/00481 дүгээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нь хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлүүдээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасны дагуу гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх “...Б.М нь Дотоод хяналт, эрсдлийн удирдлагын газарт мэргэжилтнээр ажиллаж байсан нь талуудын тайлбар, гэрч Г.Х-ийн мэдүүлэг, "Microsoft teams” программ ашиглан компанийн ажилтан хооронд харилцсан цахим зурвасууд зэрэг баримтаар тогтоогдсон...” мэтээр дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Шүүх ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй, тал бүрээс нь үнэлэлгүй хуулийг зөрүүтэй буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Тухайлбал, Б.М-г Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газарт мэргэжилтнээр ажиллаж байсныг нотлох баримт гээд байгаа "Microsoft teams” программ ашиглан компанийн ажилтан хооронд харилцсан цахим зурвасууд нь ИХШХШТХ-ийн 44-р зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа бөгөөд эдгээр 9 цахим зурвасууд нь хуульд заасны дагуу үзлэг хийлгээгүй, бэхжүүлээгүй, үнэлэх боломжгүй байхад давж заалдах шатны шүүх үнэн зөв эргэлзээгүй нотлох баримт гэж үзэн шийдвэрийнхээ үндэслэлийг болгосон нь хуулийг илт буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Мөн Б.М нь Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газарт мэргэжилтнээр ажиллаж байсан нь талуудын тайлбар, гэрч Г.Х-ийн мэдүүлгээр тогтоогдсон гэсэн нь үндэслэл муутай байна. Гэрч Г.Х мэдүүлэгтээ “тухайн үед манайх том газар мөртлөө 3-4 хүнтэй ажилладаг байсан. Сонгон шалгаруулалтын явцад хуульч заавал байх ёстой гарч байсан. Гэхдээ сонгон шалгаруулалт явагдаагүй. Тухайн үед гүйцэтгэх захирал Н-д манайд хуулийн чиглэлээр ажиллах хүн хэрэгтэй байна гэж хэлж байсан. Тэрнээс болсон эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан 6 сарын 07-ны өдөр Хүний нөөцийн менежер н.Итгэлбат манай өрөөнд орж ирээд танайд хууль эрх зүйн газраас Б.М гэдэг охиныг оруулж болох уу гэхээр нь би “болно, надад хуульч хэрэгтэй байна” гээд зөвшөөрсөн.” гэжээ. Гэрчийн мэдүүлэгт нэхэмжлэгч Б.М-г тухайн газарт шилжүүлэх тухай ярилцсан талаар мэдүүлснээс бус Б.М-г тухайн газарт албан ёсоор ажиллаж байсныг нотлоогүй болно. Мөн Б.М-г өөр албан тушаалд ажиллуулсныг хариуцагч үгүйсгээгүй мэтээр давж заалдах шатны шүүх магадлалдаа дурдсан байна.
“Э” ХХК-ийн бүтэц зохион байгуулалтад Хууль эрх зүйн газар байдаг бөгөөд компанийн хууль эрх зүйн бүхий л асуудлыг хариуцах чиг үүрэгтэй болно. Тиймээс Хууль эрх зүйн газрын мэргэжилтэн компанийн бүх газар хэлтэст шаардлагатай хууль эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд Б.М нь энэ чиг үүргийнхээ хүрээнд Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газарт шаардлагатай зарим хууль, эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой юм. Түүний Хууль зүйн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажил үүргээ гүйцэтгэснийг нь шинээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсч өөр албан тушаалд томилогдсонтой адилтган үзэж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Б.М-г Дотоод хяналт, эрсдлийн удирдлагын газарт мэргэжилтнээр ажиллуулах тушаал гараагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, ажлын байрны тодорхойлолт танилцуулаагүй, Хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс огт өөрчлөгдөөгүй, тэрээр Хууль зүйн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байхад түүнийг “Дотоод хяналт, эрсдлийн удирдлагын газарт мэргэжилтнээр ажиллуулсан нь нотлогдсон” гэж үндэслэлгүй дүгнэлт хийж хуулийг зөрүүтэй, буруу тайлбарлан хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнээгүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу хэрэглэсэн байна. Тухайлбал, Б.М-г Дотоод хяналт, эрсдлийн удирдлагын газрын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад хэлэлцээгүй мэтээр давж заалдах шатны шүүх дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуулийг зөв хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Б.М-г ажлаас чөлөөлсөн компанийн Гүйцэтгэх захирлын 2022.08.02-ны өдрийн Б/212 дугаар тушаалыг үндэслэл бүхий гэж шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байгаа болно. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул уг магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Тухайлбал, нэхэмжлэгч Б.М-тай 2023.02.27-ны өдөр 3 сарын хугацаатай туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус компанийн Хууль эрх зүйн газрын Хууль зүй бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллуулсан бөгөөд 2023.06.02-ны өдрийн Б/171 тоот тушаалаар сунгаж, дахин 2 сарын хугацаатай туршилтаар ажиллуулсан. Түүнчлэн тус компанийн Гүйцэтгэх захирлын 2022.08.02-ны өдрийн Б/212 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78-р зүйлийн 78.1.3-т заасны дагуу түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэл бүхий бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчөөгүй болно. Давж заалдах шатны шүүх Б.М-г туршилтаар ажиллуулах хугацааг 2 сараар сунгасан тухай Гүйцэтгэх захирлын 2023.06.02-ны өдрийн Б/191 дугаар тушаалыг нотлох баримтаар үнэлэлгүй зөвхөн “нэхэмжлэгчийг 2023.06.07-ны өдрөөс эхлэн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газарт мэргэжилтнээр ажиллуулсан” гэсэн ямар ч нотолгоогүй үндэслэлээр нэхэмжлэлийг ханган шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.03.21-ний өдрийн 210/МА2025/00481 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т-ний хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.05.15-ны өдрийн 001/ШХТ2025/00526 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгч Б.М нь “Э” ХХК-д холбогдуулан хөдөлмөрлөх эрхийн маргаан үүсгэж, үндэслэлээ тайлбарлахдаа “ ... тус компанид 2023.02.27-ны өдөр Хууль зүй, бодлого зохицуулалт хариуцсан хуулийн мэргэжилтэн албан тушаалд, 2023.06.07-ны өдрөөс Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын албанд мэргэжилтнээр ажиллаж байсан. Гэтэл “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.08.02-ны өдрийн Б/212 тушаалаар “...туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул Хууль зүй, бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Б.М-тай байгуулсан гэрээг 2023.07.27-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэсэн. Гэтэл би 2023.06.07-ны өдрөөс эхлэн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын албанд мэргэжилтнээр өөр ажил үүрэг гүйцэтгэж байсан, ...туршилтын хугацаатай гэрээг харилцан тохиролцож сунгаагүй, 06 сарын 02-ны өдрөөс жинхлэгдэн ажилласан тул “хугацаа дуусгавар болсон” үндэслэл нь хуульд нийцэхгүй, ...хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулаагүй, мэдэгдээгүй. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан” гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ”... Нэхэмжлэгч нь “Э” ХХК-тай 2023.02.27-ны өдөр туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсныг Гүйцэтгэх захирлын 2023.06.02-ны өдрийн Б/171 тушаалаар сунгаж дахин 2 сарын хугацаагаар туршилтаар ажиллуулахаар тохирсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2023.07.27-ны өдөр дуусгавар болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар туршилтын хугацааны гэрээ дуусгавар болж байгааг мэдэгдэх үүргийг ажил олгогчид хүлээлгээгүй, ... хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж маргасан байна.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Б.М-г Хууль зүй, бодлого зохицуулалт хариуцсан хуулийн мэргэжилтэн ажлын байранд 3 сарын хугацаатай Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан, ...гүйцэтгэх захирлын 2023.08.02-ны өдрийн Б/212 тушаалаар туршилтаар ажиллуулах хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлснийг буруутгахгүй. Нэхэмжлэгч нь 2023.06.07-ны өдрөөс эхлэн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын албанд мэргэжилтнээр жинхлэн ажилласан тул уг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ч баримтаар нотлоогүй. Хөдөлмөрийн гэрээний 3.4 дэх хэсэгт “Туршилтын хугацааны эцэст ажилтантай хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болно” гэж тохиролцсон ба талуудын хооронд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Хугацаатай хөдөлмөрийн гэрээг сунгах, сунгагдсанд тооцох, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах эсэх асуудал нь зохигчийн хүсэл зоригоос хамаарч хэрэгжих тул хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр гаргасан ажил олгогчийн шийдвэрийг хууль зөрчсөн гэх үндэслэлгүй. ...гэрээний хугацааг 2023.05.27-ны өдрөөс 2 сарын хугацаатай сунгасан тухай 2023.06.02-ны өдрийн Б/191 гүйцэтгэх захирлын тушаалыг хариуцагчаас гаргаж өгснийг нэхэмжлэгч уг тушаалыг мэдэгдээгүй, харилцан тохиролцоогүй гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн ч энэхүү нөхцөл нь нэхэмжлэлийг хангах буюу ажил олгогчийн хүсэл зоригоос гадуур хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах хууль зүйн үндэслэл болохгүй” гэсэн агуулгатай дүгнэлт хийжээ.
8. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг хянаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...нэхэмжлэгч нь анх туршилтаар ажиллуулахаар байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан албан тушаалд бус харин сүүлд ажиллаж байсан Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад уг шаардлагыг шийдвэрлээгүй, үүнтэй холбогдуулан дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй, ...гүйцэтгэх захирлын 2023.06.02-ны өдрийн Б/191 тушаалаар Хууль эрх зүйн газрын Хууль зүй, бодлого зохицуулалт хариуцсан хуулийн мэргэжилтэн Б.М-гийн туршилтаар ажиллуулах хугацааг 2023.05.27-ны өдрөөс 2 сарын хугацаатай сунгасан боловч Б.М-г уг албан тушаалд ажиллуулаагүй байх тул дээрх тушаалын үйлчлэл нэхэмжлэгчийн сүүлд ажиллаж байсан Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын мэргэжилтний албан тушаалд хамаарахгүй. Б.М-г компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газарт ажиллаж, цалин хөлс авч байсныг хариуцагч үгүйсгээгүй, улмаар уг албан тушаалд ажиллуулах талаар албан ёсны шийдвэр гараагүй гэж тайлбарласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй байна. Ажил олгогч буюу хариуцагч “Э” ХХК-ийн хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр шаардсан ажлын байр болох Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтний албан тушаалд нэхэмжлэгч Б.М ажиллаж байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон ба хариуцагч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх, ашиг, сонирхлыг зөрчсөн гэж үзнэ” гэсэн агуулгатай дүгнэлт хийж, нэхэмжлэгч Б.М-г түүний эрхэлж байсан хариуцагч “Э” ХХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “Э” ХХК-аас цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 46,479,820 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгож, уг олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч “Э” ХХК-д даалгасан байна.
9. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад зөрүүтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөр өөрөөр шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
10. “Э” ХХК нь Б.М-г тус компанийн Хууль зүй, бодлого зохицуулалт хариуцсан хуулийн мэргэжилтэн ажлын байранд 3 сарын туршилтын хугацаатайгаар ажиллуулахаар харилцан тохиролцож, түүнтэй 2023.02.27-ны өдөр “Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ” байгуулсан, улмаар гүйцэтгэх захирлын 2023.06.02-ны өдрийн Б/191 тушаалаар уг гэрээний хугацааг 2023.05.27-ны өдрөөс эхлэн 2 сарын хугацаатай сунгаж, нэхэмжлэгч нь 2023.06.07-ны өдрөөс эхлэн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын албанд мэргэжилтнээр ажилласан ба харин 2023.08.02-ны өдрийн Б/212 тушаалаар туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр Б.М-тай Хууль зүй, бодлого зохицуулалт хариуцсан хуулийн мэргэжилтэн ажлын байранд байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023.07.27-ны өдрөөр дуусгавар болгож, ажлаас чөлөөлжээ.
11. Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажилтантай үүсгэсэн хөдөлмөрлөх эрхийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй эсэх тухайд талууд маргасан байна.
12. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг хугацаатай болон хугацаагүй байгуулж болох тохиолдлыг нэрлэн заасан бөгөөд ажилтныг туршилтаар ажиллуулах гэрээ нь тодорхой хугацаатай байгуулагдах гэрээ юм. Мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно” гэж, 64.2-т “Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно” гэж зохицуулсан.
13. “Э” ХХК нь нэхэмжлэгч Б.М-г тус компанийн Хууль зүй, бодлого зохицуулалт хариуцсан хуулийн мэргэжилтэн ажлын байранд 3 сарын хугацаатай Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт нийцсэн тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв.
14. “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.08.02-ны өдрийн Б/212 тушаалаар Б.М-г туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, 83 дугаар зүйл, Хөдөлмөрийн гэрээний 2.1.8, 3.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн байна.
15. Анхан шатны шүүх “...талууд Хөдөлмөрийн гэрээний 3.4 дэх хэсэгт Туршилтын хугацааны эцэст ажилтантай хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болно гэж тохиролцсон, ... хугацаатай хөдөлмөрийн гэрээг сунгах, сунгагдсанд тооцох, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах эсэх асуудал нь зохигчийн хүсэл зоригоос хамаарч Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 3.4-т тус тус зааснаар хэрэгжихээр байгаа тул хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг хууль зөрчсөн гэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь маргааны үйл баримт, хэрэгт авагдсан баримт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцсэнгүй.
16. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-д “Туршилтаар ажиллах ажилтанд хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нэгэн адил үйлчилнэ” гэж зохицуулсан. Хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 13.6-д “Туршилтын хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зөрчил дутагдал гаргалгүй ажилласан ажилтны ажил, мэргэжлийн ур чадвар, ажлын хариуцлага, зан байдлын талаар харьяалах нэгжийн удирдлагын саналыг үндэслэн гэрээний хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэнэ. Ажилтныг туршилтын хугацаагаар ажиллуулах гэрээний хугацаа дууссан боловч ажилтан үүргээ гүйцэтгэсээр байгааг сунгагдсанд тооцно” гэж туршилтаар ажиллуулж байгаа нөхцөлд үйлчлэх нөхцөлийг тусгайлан зохицуулсан байна.
Түүнчлэн энэ журмын 22.4.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэл гэж заахын зэрэгцээ 22.7-д “энэхүү журмын 22.3, 22.4.1-22.4.3-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэнэ” гэжээ.
17. Хэргийн баримтаас үзэхэд ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалынхаа үндэслэлд заасан хууль зүйн нөхцөлийг хангасан гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.М-тай анх тохиролцсон туршилтын 3 сарын хугацааг хэрхэн, ямар үндэслэлээр 2 сараар сунгасан тухай болон түүнийг анх гэрээ байгуулсан ажил албан тушаал дээр бус өөр хэлтэст, яагаад өөр албан тушаал дээр ажиллуулж байсан тухайд тодорхой, ойлгомжтой тайлбар хийгээгүй, улмаар тус компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 13.6, 22.7-д заасан нөхцөл хэрхэн хэрэгжсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
18. Талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.4 дэх хэсэгт “Туршилтын хугацааны эцэст ажилтантай хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болно” гэж тохиролцсоноор хугацаагүй гэрээ байгуулагдаагүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй юм. Учир нь, Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар энэ гэрээг цаашид сунгах эсхүл дуусгавар болох эсэх нь ажил олгогчийн эрх хэмжээний асуудал мөн боловч хөдөлмөрийн гэрээний энэ нөхцөл нь туршилтаар ажиллаж байгаа ажилтны мэдэх эрх зөрчигдөх, нөгөөтээгүүр дотоод журмын 13.6-д нийцсэнгүй.
Түүнчлэн талуудын тайлбар, мэтгэлцээн, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.М-гийн хувьд “Э” ХХК нь Хөдөлмөрийн тухай хууль болон дотооддоо дагаж мөрдөх Хөдөлмөрийн дотоод журмаа хэрэгжүүлээгүй, хүний нөөцийн бодлогын хувьд ойлгомжгүй, тодорхойгүй нөхцөл бий болгосон байх тул ажилтныг хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлснийг зөв гэж дүгнэх боломжгүй байна.
19. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-д “хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах” гэж ажил олгогчийн үүргийг хуульчилсан байх тул энэ үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэдгээ хариуцагч байгууллага нотлоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.
20. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг буруутгахгүй. Өөрөөр хэлбэл, “…нэхэмжлэгч Б.М нь тус компанид Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газарт мэргэжилтнээр ажиллаж байсан болох нь баримтаар тогтоогдсон. Б.М-г Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газарт мэргэжилтнээр ажиллуулахаар томилсон тушаал гараагүй, ажил олгогчийн зүгээс түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч уг албан тушаалд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.
21. Давж заалдах шатны шүүх “Хариуцагч “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.06.02-ны өдрийн Б/191 тушаалаар Хууль эрх зүйн газрын Хууль зүй, бодлого зохицуулалт хариуцсан хуулийн мэргэжилтэн Б.М-гийн туршилтаар ажиллуулах хугацааг 2023.05.27-ны өдрөөс 2 сарын хугацаатай сунгасан ч Б.М-г уг албан тушаалд ажиллуулаагүй байх тул дээрх тушаалын үйлчлэл нэхэмжлэгчийн сүүлд ажиллаж байсан Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын мэргэжилтний албан тушаалд хамаарахгүй” гэж дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхгүй.
Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т-ний хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2025/00481 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т-ний хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 390,349 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД