Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2324

 

 

 

 

 

 

 

 

 

Х ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг  даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/2025 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.Э, А.П нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 111 757 670 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Оюунболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Байгалмаа

Хариуцагч нарын өмгөөлөгч: Ж.Оюунболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зээлдэгч А.Э, А.П нар нь 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 206 тоот барьцаат зээлийн гэрээгээр 80 000 000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай өрхийн зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 21/1 байрны 30 тоот 70.85 м.кв, Ү-2203010625 тоот улсын бүртгэлийн дугаартай 4 өрөө орон сууцыг барьцаалуулсан. Зээлдэгч нар үндсэн зээлд 31 638 377 төгрөг, зээлийн хүү 18 182 741 төгрөг нэмэгдүүлсэн хүүд 259 431 төгрөг, нийт 50 080 550 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 03 дугаар сарын 07-ны өдөр дууссан боловч зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй байна. 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн төлбөр гаргуулах, үндсэн зээлийн үлдэгдэл 48 361 622 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 53 844 715 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 9 551 333 төгрөг нийт 111 757 670 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 786 938 төгрөгийн хамт гаргуулах, мөн зээлийн төлбөрөө сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 21/1 байрны 30 тоот 70,85 м.кв Ү-2203010625 тоот улсын бүртгэлийн дугаартай 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хэргийн 14-15 хуудсанд байх баримтаас үзэхэд нэмэгдсэн торгууль хүү гэх мэт хууль бус хураамжийг биднээс авч байсан байна. Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 48 361 622 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 53 844 715 төгрөгийн талаар маргах зүйл байхгүй, харин нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 9 551 333 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа бол 24 сар, энэ хугацаанд л 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүүг тооцох ёстой. Нэхэмжлэгчийн тайлбарласан зээл төлөх хуваарьт сар бүрийн 10-ны дотор л төлөөгүй учир нэмэгдүүлсэн хүүг тооцсон гэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Зээлийн гэрээнд заасан 24 сараар л нэмэгдүүлсэн хүүг тооцох ёстой учир нэмэгдүүлсэн хүү гэх 9 551 333 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм. Хаан банк нь зээлдэгч нараас хуульд заагаагүй торгууль хүү гэж тооцож суутгаж авсан 289 408 төгрөг гаргуулах сөрөг шаардлага нь хангагдах үндэстэй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан гэж үзэж байна. Хаан банкны гүйцэтгэх захирал Веll овогтой John Charles гэж улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн байхад Хаан банкны 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/796 дугаартай итгэмжлэлд John Bell гэсэн нэр бичигдсэн, мөн уг итгэмжлэлд "...дээр дурдсан үйл ажиллагааг бусдаар төлөөлүүлж гүйцэтгүүлэх, тухайн тохиолдол бүрт нийцүүлэн тусгайлсан итгэмжлэл олгох..,"-оор заасан байхад итгэмжлэгдэгч Ж.Хосбаяраас Б.Байгалмаад олгосон 34/797 дугаартай итгэмжлэлд энэ талаар нь тодорхой тусгаагүй байгаа нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэл шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхэд тогтоогдсон тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Зээлдэгч нарын зүгээс 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 50 080 550 төгрөгийг төлж барагдуулсан байдаг. Нэхэмжлэгч Х ХХК  нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлох үүднээс зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгын 1 хуудас баримтыг шүүхэд гарган өгч хэрэгт хавсаргасан байна. Уг хуулгаас харахад зээлдэгч нар нь гэрээнд заагдсан хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс гадна торгууль хүү, нэмэгдүүлсэн торгууль хүү гэх мэт хуулиар зохицуулаагүй, түүнчлэн гэрээнд заагдаагүй хууль бус хураамжийг зээлдэгч нараас суутган авсан байна. Иймд хуульд заагаагүй хураамжийг зээлдэгч нар төлөх үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Тухайлбал, 2013 оны 05 дугаар сарын 15-ны З/Ү-д нэмэгдсэн торгууль 58 561 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 12-ны торгуулийн хүү 20 176 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 11-ний торгуулийн хүү 9 682 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 18-ны 3/Ү-д нэмэгдсэн торгууль хүү 73 885 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 16-ны торгууль хүү 53 054,63 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 30-ны торгууль хүү 10 036 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 09-ний торгууль хүү 5 520 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 24-ны 3/Ү-д нэмэгдсэн торгууль хүү 13 532 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 11-ны 3/Ү-л нэмэгдсэн торгууль хүү 1 450 төгрөг 2014 оны 04 дүгээр сарын 19-ны 3/Ү-д нэмэгдсэн торгууль хүү 43 508 төгрөг, нийт 289 408 төгрөгийг хууль бусаар зээлдэгч нараас авсан байх тул уг мөнгийг нэхэмжлэгч Х ХХК -иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Банк нь хуульд байхгүй торгууль хүү, нэмэгдүүлсэн торгууль хүү гэж тооцож зээлдэгч нараас суутгаж авсан зүйл байхгүй боловч нэмэгдүүлсэн хүүг тооцож төлөлт хийлгэхдээ "торгууль хүү, нэмэгдүүлсэн торгууль хүү" гэж буруу бичиж алдаа гаргасан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэхэд маргах зүйл байхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.Э, А.П нараас нийт 111 757 670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК -д олгож, Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х ХХК -иас 289 408 төгрөгийг гаргуулан А.Э, А.П нарт олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч А.Э, А.П нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд зээлдэгч А.Пүрэвсүрэнгийн өмчлөлийн 000172251 тоот гэрчилгээтэй Ү-2203010625 тоот улсын бүртгэлийн дугаартай Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 21/1 дүгээр байрны 30 тоот хаягт байршилтай, 70.85 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч Х ХХК -ийн /716 738+70.200/ 786 938 төгрөгийг, хариуцагч А.Э, А.П нарын 9 400 төгрөгийг тус тус улсын төсвийн орлого болгож, хариуцагч А.Э, А.П нараас 4 583 516 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК -д, нэхэмжлэгч Х ХХК -иас 9 400 төгрөг гаргуулан хариуцагч А.Э, А.П нарт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд авагдсан "Хаан банкны" Улсын бүртгэлийн гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруусан хэсэгт 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Веll овогтой John Charles-ийг гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэл байна. Гэтэл хэргийн 7 дугаар хуудсанд авагдсан 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/796 дугаартай итгэмжлэлд АНУ-ын иргэн Жон Белл гэдэг иргэнээс МУ-ын иргэн Ж.Хосбаярт итгэмжлэл олгосон байна. Уг итгэмжлэлийг олгож байгаа АНУ иргэн Жон Белл гэж хэн болох ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл хаан банкны улсын бүртгэлийн гэрчилгээн дээр гүйцэтгэх захирал Веll овогтой John Charles гэдэг хүн байгаа итгэмжлэл бол чухал баримт гэтэл энэ итгэмжлэлд АНУ-ын иргэний нэрийг буруу бичсэн үү эсвэл төлөөлөх эрхгүй этгээд Жон Белл гэдэг хүнээс итгэмжлэл өгсөн үү гэдэг нь тодорхой биш байна. Мөн итгэмжлэлд итгэмжлэлээр төлөөлөгч болон төлөөлүүлэгч нар гарын үсэг зурж хуулийн этгээдийн хувьд албан ёсны тамга тэмдгээр баталгаажуулах, иргэний хувьд нотариатаар гэрчлүүлэх шаардлага тавигддаг. Дээрх хүчин төгөлдөр бус итгэмжлэлийг дамжуулан буюу Ж.Хосбаяраас иргэн Б.Байгалмаад олгосон итгэмжлэл нь мөн хууль бус байна. Иймд шүүхэд нэхэмжлэгч Х ХХК -нийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд Б.Байгалмаа нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан ч хүсэлтийг хүлээн авах үндэсгүй гэж ямар учир шалтгаанаар татгалзсан талаарх дүгнэлтийг хийлгүйгээр оролцогчийн эрхийг бүдүүлгээр зөрчсөнөөс гадна, хүчин төгөлдөр бус итгэмжлэлээр гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа нь хууль бус гэж үзэж байна.

Хариуцагч нарын зүгээс нийт төлөгдсөн зээлийн төлбөр болон зээлийн хүүгийн талаар маргаагүй ч нэмэгдүүлсэн хүү банкнаас хуульд заасан хэмжээ, зохицуулалтын дагуу авагдсан эсэхэд маргаж байгаа. Өөрөөр хэлбэл Хаан банкнаас зээлийн нэмэгдүүлсэн хүү хуулиар тогтоосон хэмжээгээр авсан эсэх, тооцооллын хувьд буруу ташаа бодогдож хариуцагч нарыг хохироож байгаа эсэх, авсан зээлээс хэтэрсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. Энэ талаар хэргийн 28 дугаар хуудсанд авагдсан хариуцагчийн тайлбараар нотлогдоно. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлийн хугацааг гэрээний 2.1.6-д зааснаар "зээлийг олгосон өдрөөс эхлэн 24 сарын хугацаатай, зээлийн гэрээний 2.1.5-д зааснаар "... нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна ..." гэж заасан. Нэхэмжлэгч талаас зээл төлөх хуваарь ёсоор зээлийг сар бүрийн 10-ны дотор төлөөгүй учир нэмэгдүүлсэн хүү тооцсон гэж тайлбарлаж, хариуцагч нараас 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцон авч   байгаа нь хууль зөрчиж авч байна. Нэхэмжлэгчийн тооцооллыг зөв гэж дүгнэсэн атлаа хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар үндэслэлийг үгүйсгэсэн няцаасан тайлбар хийгээгүй нь шүүхийн шийдвзр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, талуудын тэгш эрхийн зарчмыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Х ХХК  нь хариуцагч А.Э, А.П нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 48 361 622  төгрөг, зээлийн хүүд 53 844 715 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9 551 333 төгрөг, нийт 111 757 670 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хууль бусаар суутгасан 289 408 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Талуудын хооронд 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр №206 тоот барьцаат зээлийн болон мөн өдрийн БГҮ/206 тоот барьцааны гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нар нь 80 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 27.6 хувийн хүүтэйгээр нэхэмжлэгчээс зээлж, үүргийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулахаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 21/1 дүгээр байрны 30 тоотод байрлах, 70.85 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан дээрх барьцаат болон барьцааны гэрээнүүд, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон, дээрх барьцаат болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан байна. /хх 8-12, 13, 87-90/

 

            Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг зөв тодорхойлж банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ гэж дүгнэн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл, түүний хүүг хугацаанд нь төлөх”, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан зохицуулалтыг зөв хэрэглэн нэхэмжлэгчийн хариуцагчаас үндсэн зээл, зээлийн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхийг зөв тодорхойлжээ.

 

            Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.3.4-т “Зээлдэгч авсан зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө” гэж заасан байх ба хариуцагч нар нь гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зээлийн тооцооллын талаар маргаагүй, харин нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн тооцоолол хэргийн баримтад нийцсэн, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2203010625 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 21/1 дүгээр байрны 30 тоотод байрлах, 70.85 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Мөн хариуцагч нар нь Х ХХК -д холбогдуулан хууль бусаар суутгасан 289 408 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч Х ХХК  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул шүүх нэхэмжлэгч Х ХХК -иас 289 408 төгрөгийг гаргуулж хариуцагч А.П, А.Э нарт олгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Х ХХК -ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулсан хэсэгт Bell овогтой Jonn Charles-г гүйцэтгэх захирлаар томилсныг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр бүртгэж өөрчлөлт оруулсан байх бөгөөд хэргийн 5 дугаар талд авагдсан итгэмжлэл болон итгэмжлэлийн ард авагдсан гадаад паспортыг харьцуулан дүгнэвэл итгэмжлэл олгосон Жон Велл нь нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэхгүй, Х ХХК -ийн эрх баригчаас олгосон итгэмжлэл нь бусдад дамжуулах эрхтэйгээр олгосон нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Түүнчлэн Тусгай активын газрын захирал Ж.Хосбаяр нь Жон Веллээс олгосон итгэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгчийг төлөөлөх эрхийг итгэмжлэлээр Б.Байгалмаад шилжүүлсэн нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Харин шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт хариуцагч өмгөөлөгч Ж.Оюунболдын нэрийг Ж.Отгонболд гэж буруу бичсэнийг зөвтгөх нь зүйтэй.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/2025 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Э, А.П нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 716 738 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

           

                             ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН