| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2021/04327/И |
| Дугаар | 184/ШШ2022/00256 |
| Огноо | 2022-01-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 184/ШШ2022/00256
| 2022 оны өдөр | 01 сар 18 р 184/ШШ2022/00256 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: О овогт Г.Б /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Баянзүрх хотхон дүгээр байр, тоот
Хариуцагч: И овогт Т.Б /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол, цс дугаар байр, тоот
Зээлийн гэрээний үүрэгт 5,500,000 /таван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.Б нь 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Тухайн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах 6а байрны подволд гутал, пүүз зардаг эргэлтийн хөрөнгө болон түрээсийн төлбөрөө төлж чадаагүй байгаа гээд зээлсэн ба зээлсэн мөнгөө Хаан банк 5720484780 тоот дансаар хүлээн авсан. Өдөр бүр 185,000 төгрөгийг буцаан төлөхөөр тохирсон. Гэвч мөнгө зээлж авснаас хойш нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй өнөөдрийг хүрч байна. Иймд Т.Б-с зээлийн үндсэн төлбөр 5,000,000 төгрөг, хүү 500,000 төгрөг нийт 5,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.Б-с 2019 оны 8 дугаар сарын 15-нд 4,950,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлж авсан. Тухайн үед зээлсэн мөнгө нь Г.Б-н Хаан банкин дахь 5027396802 данснаас миний эзэмшлийн Хаан банкны 5720484780 дугаарын данс руу шилжүүлэн хүлээн авсан. Г.Б-н Хаан банкин дахь 5027396802 данс руу миний Хаан банкны 5720484780 дугаарын данснаас 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэл 185,000 төгрөгөөр 6 удаа, нөхөр Н.Н-н Хаан банкны 5076106377 дугаарын данснаас 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 5-ны хооронд 185,000 төгрөгөөр 12 удаа, 370,000 төгрөгөөр 1 удаа тус тус шилжүүлсэн. Одоогоор Г.Бас зээлсэн 4,950,000 төгрөгөөс 3,700,000 төгрөг төлөгдөж 1,250,000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн. Төлөгдөөгүй үлдсэн 1,250,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бусад төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хэрэгт авагдсан баримтуудын тухайд: Нэхэмжлэгчээс 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Г.Б-с Б.Э-д мөнгө зээлдүүлсэн тухай гар бичвэр, нэхэмжлэгчийн Хаан банк дахь 5027396802 тоот дансны хуулга /1 хуудас/, хариуцагчаас Н.Нацагдоржийн эзэмшлийн Хаан банк дахь 5076106377 тоот дансны хуулга, /5 хуудас/, Т.Б-гийн эзэмшлийн 5720484780 тоот дансны хуулга /6 хуудас/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Т.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж, хариуцагч нь гэрээ байгуулсан, мөнгийг авсан тухайд маргахгүй, харин нэхэмжлэлээс 1,250,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө, үлдэх хэсгийг төлсөн тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Т.Б нь 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Г.Б-тэй зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлэх, зээлийн төлбөрийг зээл авсан өдрийн маргааш буюу 2019 оны 8 дугаар сарын 16-наас эхлэн өдрийн 185,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 6,7/
Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Т.Б-гийн Хаан банк дахь 5720484780 тоот дансанд 4,950,000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч нь өөрийн данснаас 1,110,000 төгрөг, нөхөр Н.Н-н Хаан банк дахь 5076106377 тоот данснаас 2,590,000 төгрөг, нийт 3,700,000 төгрөгийг нэхэмжлэгчийн Хаан банк дахь 5027396802 тоот дансанд буцаан төлсөн байна. /хх-ийн 13, 18/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсгүүдэд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх, талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болохоор зохицуулсан.
Зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдүүлэгч нь мөнгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн, харин зээлдэгч нь тохиролцсон хугацаанд буцаан төлөх үүргээ бүрэн билүүлээгүй гэж дүгнэлээ.
Талууд зээлийн гэрээгээр буцаан төлөх хугацаа, хүүгийн хэмжээний тухайд тохиролцсон боловч гэрээний хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дуусах байхад хариуцагч өдөр бүр 185,000 төгрөгөөр буцаан төлсөөр 3,700,000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр гэхэд төлсөн байх тул хүү тооцох боломжгүй байна.
Иймд хариуцагчийн төлөөгүй үлдсэн хэсэг болох 1,250,000 төгрөгөөс 10 хувийн хүү тооцож нийт 1,375,000 төгрөгийг хариуцагч Т.Б-с гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгож, нэхэмжлэлээс 4,125,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Б-гээс 1,375,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгож, нэхэмжлэлээс 4,125,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 36,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ