Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2325

 

 

 

 

 

 

 

 

 

 А ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/02049 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ар ХХК -д холбогдох

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1 041 187 865 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Байгальмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Байгальмаа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Хашчулуун

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Түмэнжаргал

Хариуцагчийн өмгөөлөгч: Ш.Оюумаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Асар өргөө” ХХК, Ар ХХК  нарын удирдлагууд 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, Шинэ өргөө орон сууцны хороолол хотхоныг санхүүжүүлж барихаар харилцан тохиролцсон байдаг. Энэ төслийн хүрээнд ерөнхий гүйцэтгэгчээр “Асар өргөө” ХХК ажиллахаар 2013 оны 02 дугаар сарын 28-нд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэтэл барилгын гүйцэтгэл хугацаа хоцорсон гэх үндэслэлээр 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Ар ХХК -иас мэдэгдэл өгөөд тус гэрээг цуцлаж, компанийн ажилчид болон техник хэрэгслийг барилгын талбайгаас гарган орохыг хориглосон байдаг. Ингээд энэ гэрээ цуцлагдсан тул гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны ажилд зарцуулсан хөрөнгөө буюу ажлыг гүйцэтгэх болон материалын зардлаа “Асар өргөө” ХХК гэрээнд заасны дагуу тус компаниас нэхэмжилж арбитрын шүүхэд хандсан. Ингээд арбитрын шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэх хүрээнд шинжээч томилсон, учир нь талууд тооцоон дээрээ санал нийлээгүй тул шинжээчийн дүгнэлтийг үндэслээд арбитрын шийдвэр гарсан. Ар ХХК -иас 5.5 тэрбум төгрөгийг “Асар өргөө” ХХК-д ажлын гүйцэтгэлд өгсөн, “Асар өргөө” ХХК нь 6 653 907 564 төгрөгийг төслийн хүрээнд зарцуулсан гэж арбитр дээр нэхэмжилсэн, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг. Арбитр талуудын гаргасан нэхэмжлэлийг аль алиныг нь хэрэгсэхгүй болгосон. Арбитрын шүүхийн шийдвэрт Хөрөнгийн үнэлгээний төвийн тайланд тусгагдсанаар барилгын ажил, газар шороо, ажил, тээвэр, гадна шугам сүлжээ, гадна тохижилтын ажлуудыг оруулаагүй болохыг тэмдэглэж байна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл гэрээнд тусгагдаагүй зардлуудыг шийдвэрлэх боломжгүй байна гэж тэмдэглээд материалын зардлыг өгөх боломжгүй, учир нь гэрээнд тусгагдаагүй гэдэг байдлаар тэмдэглэж дүгнэсэн байдаг. Ийм учраас “Асар өргөө” ХХК дээрх зардлыг тооцон Ар ХХК -иас гаргуулахаар иргэний хэргийн шүүхэд хандсан байгаа. Одоо бид нар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 1 041 187 865 төгрөгийг Ар ХХК -иас гаргуулах хүсэлтэй байна. Хариуцагч нь уг барилгыг худалдан борлуулж ашиг олсон тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил гүйцэтгэх гэрээнээс гадна хамтран ажиллах гэрээг авч үзээд байгаа нь талуудын хооронд үүссэн ажлын хүрээнд энэ хамтран ажиллах гэрээ огт хэрэгжээгүй болно. Огт хэрэгжээгүй гэрээг авч хэлэлцээд, энэ асуудалд оруулж ирээд байгаа нь манай хувьд хамааралгүй буюу энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Хамтран ажиллах гэрээ нь 2013 оны 04 дүгээр сард байгуулагдсан. Цаг хугацааны хувьд эхлээд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, дараа нь хамтран ажиллах гэрээ байгуулагдсан боловч уг гэрээний нэг ч зүйл заалт хэрэгжээгүй. Арбитрын шийдвэрээр бүх асуудлыг ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой шийдвэрлэсэн. Анх нэхэмжлэгч нь 1.6 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргаж, хэрэг шийдвэрлэгдэх явцад нэхэмжлэлийн үнийн дүнг өсгөж 2.1 тэрбум төгрөг болгосныг арбитрын шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Гэтэл одоо нэхэмжилж байгаа 1.1 тэрбум орчим төгрөг нь тухайн үед арбитрийн хэрэгсэхгүй болгосон 2.1 тэрбум төгрөгт орсон дүн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн байгаа ч арбитрын шийдвэрийг үндэслэсэн, мөн нэхэмжлэлийн үнийн дүнг бууруулсан тооцоолол тодорхой бус байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар Ар ХХК -иас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 1 102 330 088 төгрөг гаргуулахыг хүссэн “Асар өргөө” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Асар өргөө” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 5 669 600 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Асар Өргөө” ХХК нь “Шинэ Өргөө” хорооллын төсөлд барилга угсралтын ажлын хөлсний зардал, материалын зардал, тээвэр, бусад ажлын зардалд нийт 6 653 907 564 төгрөгийг зарцуулсан. Эдгээрээс материалын зардал бетон зуурмаг, помпны зардлаас бусад тээвэр болон бусад ажлын зардлыг харилцан хүлээн зөвшөөрч 1 145 924 620 төгрөгийн үнийн дүн дээр тооцоо нийлсэн. Энэхүү тооцоо нийлсэн актыг нотариатаар баталгаажуулан нэхэмжлэлийн хавсралт 8 дугаар хэсэгт хавсаргасан. Хариуцагч энэхүү тооцоо нийлсэн баримтын хүрээнд маргадаггүй. Хариуцагч нь манай компанийн гүйцэтгэсэн ажлын хөлсний зардал дээр тооцоо нийлдэггүй, хүлээн зөвшөөрдөггүй учраас манай компани Арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргаж, арбитраас 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №183 дугаар шийдвэрээр хэлэлцэж, манай компанийн гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн 46.58 хувь буюу 2 636 891,94 ам.доллар болж байгааг дүгнэсэн. Арбитрын энэхүү шийдвэр ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргааны хүрээнд гарсан эцсийн шийдвэр бөгөөд талууд уг шийдвэрт гомдол гаргаагүй.

Хариуцагч нь материалын зардалд орсон бетон зуурмаг болон помпны зардлыг өнөөдрийг хүртэл манай компанид олгоогүй. Нэхэмжлэлийн хавсралт 5 дугаар хэсэгт заасан бетон зуурмагийн тооцоог манай компани гэрээт байгууллагуудад бүрэн төлж барагдуулсан бөгөөд уг бетон зуурмаг "Шинэ Өргөө" хорооллын барилгад хэрэглэгдэж хариуцагч нь уг барилгыг захиран зарцуулсан. Хариуцагч нь манай компанийн зүгээс төсөлд зарцуулсан зардлыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд үүнийгээ 5 500 000 000 төгрөгийг танай компанид шилжүүлсэн, уг мөнгөн дүнд бүх зардал багтсан гэж маргадаг. Манай компанийн зүгээс уг төсөлд оруулсан материалын зардал болон зарим ажлын зардлыг нэхэмжлэн шүүхэд хандсан бөгөөд материалын зардлыг хариуцагчийн өмнөөс төлөх үүрэг хүлээгээгүй, төслийн хүрээнд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу ашгийн 50 хувийг хүртэнэ гэсэн тохиролцооны дагуу төслийн ажлыг саадгүй, зардал багатай байлгах үүднээс материалын захиалгыг хийж өөрийн хөрөнгөөр төлбөрийг төлж барагдуулсан. Энэхүү нөхцөл байдал нь Иргэний хуулийн 492 дутаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан буцаан шаардах эрхэд хамаарч байна гэж үзэж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Хариуцагчтай маргалдаж байгаа ганцхан шатггаан нь ажил гүйцэтгэх гэрээгээр зохицуулаагүй харилцаа буюу материалыг манай компани хариуцагчийн өмнөөс худалдан авч, барилгад шаардлагатай зарим ажлыг санхүүжилт хүлээлгүй гүйцэтгүүлж ирсэнд байдаг. Энэхүү төслийн санхүүжилтийн маргаан нь маш олон ажил, материалтай холбоотой учраас бид шүүхэд аль болох ойлгомжтой байлгах үүднээс нэхэмжлэлдээ дэлгэрэнгүй тайлбарлан, хэсэг тус бүрээр нь 9 хавсралттайгаар өгсөн.

Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсан байдаг. Анхан шатны шүүх манай компаниас гаргасан шинжээч томилуулах хүсэлтийн гол учир шалтгаан болох "тухайлсан ажил болон материалын зардлыг барилга угсралтын ажлын зурагт үндэслэн мэргэжлийн шинжээчээр тооцож гаргуулах хүсэлтийг хүлээн аваагүй. Бусдын барилгад оруулсан материалын зардлыг төлчихөөд төлбөрийг өгөхгүй байгаа болохоор буцаан нэхэмжилж байна. Энэ тал дээр талууд гэрээ байгуулаагүй. Төслийг хамтран хэрэгжүүлж ашгийг тэнцүү хуваарилна гэж ойлгосон учраас бид тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулсан. Гэрээний харилцаа үүсээгүй ч үүрэг үүсэх тухай ойлголтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч А ХХК  нь хариуцагч Ар ХХК -д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 1 102 330 088 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1 041 187 865 төгрөг болгосныг хариуцагч эс зөвшөөрч, уг маргааныг арбитрын шүүхээр шийдвэрлэсэн гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “Ерөнхий гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх 13/01 тоот гэрээ” байгуулагдаж, захиалагч Ар ХХК  нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Шинэ өргөө төслийн 12 орцтой, 5 давхар, 11 ширхэг цутгамал болон арагт хийцийн барилгыг 410 хоногт гүйцэтгэхээр, гүйцэтгэсэн ажлын хөлсөнд гэрээнд заасан хөлсийг гүйцэтгэгчид төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд уг гэрээний 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар хэрэв талууд гэрээний хавсралтад заагдсан, эвлэрэх хугацаанд маргаантай асуудлыг шийдвэрлэж чадаагүй тохиолдолд арбитраар асуудлаа шийдвэрлүүлэхээр тохиролцсон байна./хх 29/

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 183 дугаартай шийдвэрээр 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу А ХХК -ийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ, захиалагч буюу Ар ХХК -иас шилжүүлсэн ажлын хөлсний талаар дүгнэн шийдвэрлэж, хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх 80-93/

 

Нэхэмжлэгчийн хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх нэхэмжлэлийн шаардлага буюу маргааны зүйл нь дээрх арбитрын шийдвэээр шийдвэрлэгдсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулсан нь буруу болжээ.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн”, 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” гэсэн үндэслэлүүд тогтоогдвол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах журамтай бөгөөд дээрх нөхцөл байдал шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/02049 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Ар ХХК -д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1 041 187 865 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч А ХХК -ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А ХХК -иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 669 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

           

                             ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН