| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 142/2024/00969/И |
| Дугаар | 001/ХТ2025/00131 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2025/00131
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2025/00016 дугаар шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 207/МА2025/00032 дугаар магадлалтай,
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
З-т холбогдох
З-ийг 2016 оны 08 дугаар сараас өнөөдрийг хүртэл “М” ХХК-ийн эрх бүхийн албан тушаалтнаар буюу “М” ХХК-д санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа албан тушаалтан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч З-т холбогдуулан Зийг 2016 оны 08 дугаар сараас өнөөдрийг хүртэл “М” ХХК-ийн эрх бүхийн албан тушаалтнаар буюу “М” ХХК-д санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа албан тушаалтан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2025/00016 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1., 9.4.-д заасныг баримтлан З-ийг “М” ХХК-ийн санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа албан тушаалтан болохыг тогтоолгох “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 207/МА2025/00032 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2025/00016 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч С-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4-т тус тус зааснаар хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4.1. Монгол улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14-т “...Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй” гэж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “иргэний эрхийг дараах аргаар хамгаална гэж зааж улмаар 9 төрлийн иргэний эрхийн хамгаалалтын аргыг хуульчилж, 10-т харин хуулиар тогтоосон бусад аргаар хамгаална” гэжээ.
Уг хэрэгт нэхэмжлэгч гэж өөрийгөө тодорхойлж шүүхэд нэхэмжлэл гаргаад буй “Э” ХХК нь дээрх Монгол улсын Үндсэн хуулиар тунхагласан эрх, эрх чөлөөгөө зөрчигдсөн, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхээ хэрхэн зөрчигдсөн тухай нэхэмжлэлдээ огт дурдаагүйгээс гадна Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрхийн хамгаалалтын алиныг ч хүсэж нэхэмжлэл гаргаагүй болно. Ийм байтал уг хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүх дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь илт үндэслэлгүй байгааг анхаарч, хуулийг үзэл баримтлал, суурь зарчмаас нь өөрөөр шийдвэрлээд байгаа 2 шатны шүүхийн дүгнэлтийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4.2. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэр, магадлалд дараах байдлаар нөлөөлж байна.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аливаа шүүх нь хуулиар олгогдсон эрхийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчсөн бол өмнө байдалд нь сэргээх чиг үүрэгтэй оршихоор Монгол Улсын Үндсэн хууль болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л хуульд маш ойлгомжтой тодорхой заасан. Гэтэл нэхэмжлэгч нь ямар нэгэн эрх зөрчигдсөн тухай дурдалгүй харин Зийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргатал үүнийг нь нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж ойлгоод улмаар иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг багагүй хугацаанд явуулсны эцэст анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэх гэх учир битүүлэг дүгнэлтийг хийгээд байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.11, 66 дугаар зүйлийн 66.1, 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтуудыг ноцтой зөрчиж улмаар хэргийг дахин дахин хэлэлцэх үр дагаварт хүргээд байгааг анхаарч хянаж өгнө үү.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар “Э” ХХК-ийн эрх зөрчигдөөгүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд уг нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцүүлснээр ямар нэгэн эрх нь сэргэхгүй, З нь тус компанийн эрхийг зөрчөөгүй, хязгаарлаагүй байхад түүнд холбогдуулж нэхэмжлэл гаргасныг шүүхээс иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзнэ. Тодруулбал, Зт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй төдийгүй, Зийн хувьд ямар үйлдэл, үйл ажиллагаа, эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөд байгааг ч шүүхээс тогтоох боломжгүй болно. Харин “Э” ХХК нь Зийг урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн томилсон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх зорилгоор нэхэмжлэл гаргасныг анхаарахгүй байгааг хянаж өгнө үү.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалтыг анхан болон давж заалдах шатны шүүх анхаараагүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл байх шаардлагыг хангахгүй байна. Учир нь Зийг “М” ХХК-д ажиллаж байсан болохыг, түүнийг уг компаниас чөлөөлсний дараа “Э” ХХК-д ажилд аваагүй болохыг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.25-ны өдрийн 619 дугаартай шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023.10.19-ний өдрийн тогтоолоор нэгэнт шийдвэрлэсэн үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй байхад шүүхээс иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, улмаар шийдвэр, магадлал гаргаад байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн байгааг анхаарч хянаж өгнө үү.
4.3. “Э” ХХК-ийн нэхэмжлэл нь Монгол Улсад анх удаа бусдын ажилласан жилийг тогтоолгох агуулга бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ нь эрх зүйн шинэ ойлголтод хамаарахгүй төдийгүй иргэн хүн өөрийн ажиллаж байсан ажил, албан тушаалын нэрийг тогтоолгох, улмаар ажилласан жилийг тогтоолгох онцгой ажиллагааны төрөлд хамаарах байтал уг хэрэгт Зт холбогдуулан гаргаснаараа хууль хэрэглээг тогтооход нийтлэг ач холбогдолтой гэж үзэж Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд гомдол гаргах үндэслэл боллоо.
Тодруулбал, уг хэрэгт “Э” ХХК нь Зийн ажилласан байдлыг өмнө шүүхээс тогтоосон, үндэслэлгүйгээр ажилд аваагүй ч Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй тухай дүгнэсэн байхад “Э” ХХК нь бусдын ажилласан жил, ажилласан байдлыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан байна. Миний бие шүүхийн цахим мэдээллийн сан, өөрийн боломжит эх сурвалжаар эрдэм шинжилгээ судалгааны хүрээнд авч үзэж судлахад Монгол Улсын хэмжээнд 100 хувь иргэн хүн өөрийн ажилласан жил, ажилласан байдлыг буюу тодорхой төрлийн ажил, албан тушаалд өөрийгөө ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж, ихэнх тохиолдолд уг байдлыг шүүх нөхөн тогтоодог байна. Харин цөөн тохиолдолд энэ төрлийн нэхэмжлэл, хүсэлтийг шүүхээс нотлогдохгүй байгаа буюу үндэслэлгүй гэх агуулгаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэдэг байна. Гэтэл уг хэрэгт Зийг хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн дагуу ажилд авах үүрэг хүлээсэн ажил олгогч байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх шалтгаан эрэлхийлэх явцдаа түүний ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийн байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг анхан болон давж заалдах шатны шүүхээс иргэний хэрэг үүсгэн, багагүй хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, багагүй зардал гаргаж, шүүн таслах ажиллагааны практикт шинэ ойлголт бий болгох гээд байгаа төдийгүй, хууль хэрэглээний хувьд шүүхүүд уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй мэтээр дүгнээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Ийнхүү эрх нь зөрчигдөөгүй, шүүхээс гарах шийдвэр эрхийг нь аль ч тохиолдолд сэргээхгүй нь тодорхой нэхэмжлэлийг шүүх хүлээн аваад улмаар дахин дахин анхан шатны болон давж заалдах журмаар хэлэлцэх нь цаашид шүүн таслах ажиллагааны ачааллыг нэмэгдүүлэх, улмаар дурын ажил олгогч байгууллага ажилтныхаа ажилласан жилийг тогтоолгохоор шүүхэд хандах, үүгээрээ дамжуулан хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх үйл ажиллагаанд шүүхээс дэмжлэг үзүүлэх зэрэг сөрөг үр дагаврыг бий болгохоор болоод байгааг анхаарч хянаж өгнө үү.
Хэдийгээр давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэргийг эцэслэн шийдвэрлэхгүйгээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан ч уг магадлалд дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил нь оролцогчийн эрхтэй холбоотой болохоос нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд өөрчлөлт гарахгүй нь тодорхой, ойлгомжтой байх ба уг шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгоход саад болохгүй гэж үзэхээр байна.
Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г-ийн гаргасан гомдлыг хэлэлцээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2025.06.19-ний өдрийн 001/ШХТ2025/00623 дугаар тогтоолыг гаргажээ.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч З-т холбогдуулан Зийг 2016 оны 08 дугаар сараас өнөөдрийг хүртэл “М” ХХК-ийн эрх бүхийн албан тушаалтнаар буюу “М” ХХК-д санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа албан тушаалтан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...З-ийг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2023.04.25-ны өдрийн 142/2023/00619 тоот шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2023.10.19-ний өдрийн 001/ХТ2023/00195 дугаар тогтоолоор “Ү” ТӨҮГ-ын “Э” ХХК-ийн Санхүүгийн албаны дарга, маркетингийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоосон. Тухайн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газраар хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулах, уг асуудлыг шийдвэрлэх явцад “М” ХХК-д одоог хүртэл Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа талаар мэдлээ. Энэ нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т зааснаар З нь “М” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан байна. Тухайн байгууллагын албан тушаалтан бол манай компанийн эрх ашиг сонирхлын ноцтой зөрчил үүсгэж, байгууллагын эрх ашгийг хохироож байна гэж үзэж байх тул ...нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэж тайлбарласан,
Хариуцагч тайлбартаа: “...З-ийг “Э” ХХК-д ямар ажил албан тушаалд ажиллаж байсныг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023.04.25-ны өдрийн 619 дугаартай шийдвэрээр шийдвэрлэж, уг шийдвэрийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023.10.19-ны өдрийн тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ингэснээр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин тогтоох шаардлагагүй, нөгөө талаар Зээс юу нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тайлбарласан.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо: “...шүүхийн шийдвэрээр Зийг “Ү” ТӨҮГ-ын “Э” ХХК-ийн Санхүү, эдийн засаг, маркетингийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байхад “М” ХХК-д ажиллаж байгааг тогтоолгоно гэж буй нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Зийг “М” ХХК-д ажиллаж байгааг тогтоолгосноор ямар эрх ашиг сонирхол нь сэргэх, мөн хариуцагч нь “Э” ХХК-ийн ямар ашиг сонирхолд хохирол учруулсан, ямар үүргээ биелүүлээгүй талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж чадахгүй байна. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна, 9.4-д Иргэний эрхийг хамгаалах аргыг хуульчилсан бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үйлдэл тогтоогдохгүй байна. Иймд З нь “Э” ХХК-ийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно...” гэж дүгнэсэн.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахдаа: “...Шүүх 2024.07.23-ны өдрийн 4209 дүгээр шүүгчийн захирамжаар хүсэлтийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэхдээ Зийн нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагааг гаргуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан, бусад хүсэлтийг ...тус компанийн санхүүгийн тайлан, ажиллагсдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа нь хэрэгт хамааралгүй гэж дүгнэн хангахаас татгалзаж, гомдол гаргах эрхгүй гэж шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч Зийн нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа, “М” ХХК-ийн санхүүгийн тайлан зэрэг баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, хэрэгт нотолгооны ач холбогдолтой, өөрөө олж авах боломжгүй гэж үзсэн учраас шүүхэд хүсэлт гаргасан байна. Шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй баримтыг шаардан авахаас татгалзах эрхтэй боловч хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай, зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй байгаа баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д хуульчилсан. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд хэрэгт хамааралтай баримт бүрдсэний дараа нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д нийцнэ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан буюу энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй...” гэж дүгнэжээ.
9. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.
10. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтыг үндэслэл болгож, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор зохицуулсан бөгөөд хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, ...тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж зохицуулсан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээр нотлох баримт бүрдүүлэхээр хүсэлт гаргасныг 2024.07.23-ны өдрийн 142/ШЗ2023/04209 дугаартай захирамжаар “М” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа гаргуулах хүсэлтийг хангаж, тус компанийн санхүүгийн тайлан, ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа нь хэрэгт хамааралгүй гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Түүнчлэн хариуцагч З нь тус компанийн ажилтан бөгөөд шүүх “М” ХХК-ийн ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагааг гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Зийн нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагааг гаргуулах хүсэлтэд нэгэн адил хамаарч байх тул дээрх хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлэх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хүлээн авч, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, шаардлагатай гэж үзсэн баримтыг гаргуулахаар хүсэлтийн зарим хэсгийг хангаж, хэрэгт хамааралгүй гэж үзсэн зарим хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг нотлох баримт дутуу бүрдүүлсэн гэж үзэх боломжгүй.
Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7, 167 дугаар зүйлийн 167.1.5-д нийцээгүй гэж үзнэ.
12. Ийнхүү давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын магадлалыг эс зөвшөөрсөн хэсгийг хангаж, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 207/МА2025/00032 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г-оос 2025.06.08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД