Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 120

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

             шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

             улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа,

            хохирогч Д.Дорж-Адъяа,

            шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа,

шүүгдэгч А.Амарбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аюушийн Амарбаясгаланд холбогдох 201619000856 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 03 сарын 29-ний өдөр хүлээн авч 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймгийн Бүрэн сумын Баянцогт баг Дэлгэрийн энгэр гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Төхөм овогт Аюушийн Амарбаясгалан /РД:НК79110210/ гэв.

 

Холбогдсон гэмт хэрэг:/яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

            Шүүгдэгч А.Амарбаясгалан нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн үед Төв аймгийн Бүрэн сумын 3 дугаар багийн нутаг “Дэлгэрэхийн энгэр” гэх газарт өөрийн гэртээ туслах малчин Д.Дорж-Адъяатай нь мах идэж суухдаа “малаа харсангүй архи уулаа гэх” шалтгаанаар маргалдаж байгаад хохирогч Д.Дорж-Адъяа нь түүнийг мөрлөснөөс барьцалдаж аваад давхаралдаж унахдаа Д.Дорж-Адъяагийн бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч А.Амарбаясгалан шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн өдөр бид 2 мах идэж сууж байгаад маргаад 2 биенээ мөрлөж авсан юм. Тэгээд гэрэл унтраад босоод ирсэн чинь хохирогчийн хажуунаас цус гарч байна гэхээр нь харсан чинь хутганы үзүүр орсон байсан” гэв.

 

Хохирогч Д.Дорж-Адъяа шүүхийн хэлэлцүүлэгт: “А.Амарбаясгалан ахыг архи уугаад ороод ирэхээр нь би адуу малдаа явахгүй архи уулаа гээд ууралсан юм. Тэгээд би хажууд нь очих гэж байгаад пөмпөнтэй махандаа орооцолдоод давхаралдаад уначихсан юм тэгээд би унтах гээд босоод ирсэн чинь миний гэдснээс цус гарч байсан юм” гэв.

 

МӨРДӨН БАЙЦААЛТАНД:

Гэрч Ч.Мөнхтуул мөрдөн байцаалтанд: “Би эмнэлэгт дуудлагын хувиартай байсан. Тэгээд орой 22 цаг Дэлгэрэхийн энгэрт цус алдсан хүний дуудлага ирсэн. Тэгээд эм багаж хэрэгсэпээ аваад сувилагч аваад 10 цаг 40 минутийн үед Амарбаясгалангийнд дуудлагаар очсон. Очиход Амарбаясгалан, Дорж-Адъяа нap байсан. Дорж-Адъяа нь амьсгалж чадахгүй байна гээд талаараа хараад хэвтчихсэн биеийн байдал нь хүндэвтэр байсан. Тэгээд анхны тусламж үзүүлээд эмнэлэгт авчирсан. Эмнэлэгт авчираад их эмчийг дуудаад хамтарсан үзлэг хийгээд Төв аймгийн нэгдсэн эмнэлэгийн мэс заслын эмч нарыг дуудаж эмч нар өглөө 8 цагийн үед ирж үзлэг хийгээд хот руу авч явсан. Д.Дорж-Адъяа надтай ярилцаагүй ярьж чадахгүй байсан. Хэвлийн тус газартаа хуггалуулсан гэх бөгөөд цус алдаж байв. Эхнэр Оюунгэрэл нь манай нөхөр Амарбаясгалан хүн хутгалчихлаа гэж байсан. Өөр зүйл яриагүй” гэсэн мэдүүлэг /хх-29 тал/,

 

Гэрч Ц.Оюунгэрэл мөрдөн байцаалтын шатанд: “А.Амарбаясгалангийн гэр бүлийн хүн нь байгаа юм. Бид хоёр ханьлаад 13 жил гаран болж байна. Одоо хоёр хүүхэдтэй. Би 2016 оны 12-р сарын 02-ны өдөр Амарбаясгалан Бүрэн сумын төвд гэртээ ирж хоноод маргааш нь байж байгаад Эрдэнэбат гэдэг ахтай нэг шил архи уусан гээд Эрдэнэбат ахынд байж байхаар нь би очиж аваад сургуулийн хүүхдүүд үдээс хойш тарахаар нь хуүхдүүдээ аваад эмээгийнд нь үлдээгээд Амарбаясгалан бид хоёр хөдөө гэрлүүгээ машинтайгаа явсан юм. Тэгээд орой 20 цаг өнгөрч байхад гэртээ очиход гэрт Дорж-Адъяа байсан тэгээд Доржоо Амарбаясгаланг та адуунд явна гэж хэлчихээд архи уугаад ирдэг нь яаж байгаа юм бэ? гээд уурлаж байсан тэгээд за за морио тавъя гээд гараад жоохон байж байгаад буцаж орж ирээд Амраа чансан мах идээд сууж байсан. Тэгээд би тэр үеэр аргал хамж орж гараад нэг мэдсэн Дорж-Адъяа энд халуу оргиод байна гээд гэдэснийхээ зүүн хэсэгт дараад байж байхаар нь хартал жоохон цус гарсан байсан тэгэхээр нь би сумын төв рүү утсаар түргэн дуудаж эмнэлэгт хүргэгдсэн. Тухайн үед манайд Дорж-Адъяа, Амарбаясгалан бид гурав л байсан. Тэр өмнө нь хонь маланд чи яв. би явъяа гэж л маргалддаг байсан, тэрнээс нэг их айхтар хоорондоо муудалцаж байгаагүй. Би тэрийг сайн мэдэхгүй байна. Намайг орж гарч үед л тийм асуудал болчихсон байсан. Манай хүн даруухан тайван хүн байгаа юм өмнө нь ямар нэг асуудал гаргаж байгаагүй тохьтой томоотой хүн. Дорж-Адъяа нь 10-р сард манайд ирж мал ахуйг элбэлцэж харж өгч байхаар болоод ирсэн хүүхэд. Одоо Дорж-Адъяагийн биеийн байдал сайн байгаа. Эмнэлгээс гараад хадам ээжийндээ байгаа. Эмчилгээний зардал болон бусад эм тарианы мөнгө зэргийг бүгдийг нь бүрэн барагдуулсан байгаа” гэсэн мэдүүлэг /хх-30 тал/,

Гэрч Б.Бадарч мөрдөн байцаалтын шатанд: “Д.Дорж-Адъяа дүү маань зан байдлын хувьд томоотой амьдралын төлөө хүүхэд байгаа юм. 2015 онд А.Амарбаясгалангийн малыг маллаж байгаад түр больсон тэгээд сая 2016 оны хэзээ гэдгийг нь санахгүй байна 10 cap гаргаад байх А.Амарбаясгалангийн малыг маллана гээд явсан. Амарбаясгалан нь манай эхнэрийн дүүгийнх нь нөхөр байгаа юм. миний хүргэн гэсэн үг. А.Амарбаясгалан бид хоёр эгч дүүсийг авч суусан болохоор яг ах дүү шиг байдаг юм. А Амарбаясгалан, Д.Дорж-Адъяа нар манай эхнэр бид хоёроор дамжуулан танилцаж байсан. Тэрнээс хойш 3 жил гаран болж байна. Өмнө нь А.Амарбаясгалан. Д.Дорж-Адъяа нарыг хоорондоо муудалцаж байхыг огт мэдэхгүй юм байна. Ямар нэг өс хонзон өр авлагын асуудал огт байхгүй Д.Дорж-Адъяа өмнө нь нэг жил А.Амарбзясгалангийн малыг нь малалчихаад дахин очиж малыг нь харж өгнө гээд нэг нэгэндээ их л сайн байцгаадаг хүмүүс байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-31 тал/,

Гэрч Ц.Оюунтогос мөрдөн байцаалтын шатанд: “Д.Дорж-Адъяа нь зан байдын хувьд их хурц ширүүн ааш гэнэт гаргаад тэр доороо зүгээр болчихдог их цайлган хүүхэд байгаа юм. Д.Дорж-Адъяа нь 2015 онд А.Амарбаясгалангийн малыг маллаж байгаад түр больсон. Тэгээд сая 2016 оны 10 сар гаргаад байх А.Амарбаясгалангийн малыг маллана гээд явсан. А.Амарбаясгалан нь миний төрсөн дүүтэй суусан миний хүргэн дүү байгаа юм. А.Амарбаясгалан, Д.Дорж-Адъяа нар хоорондоо их сайн харилцаатай байдаг хүмүүс байгаа юм. Өмнө нь барилгын ажил эхэллээ гээд Д.Дорж-Адъяагын хадам аавыг дуудуулаад аваад явсан гэсэн тэгээд сая намар барилагын ажил нь дуусаад хөдөө очиж А Амарбаясгалан ахын хонь малыг хариулж өгье 3 cap хүртэл барилагын ажил эхэлтэл байж байгаад ирье гээд 1 сая төгрөгөөр тохиролцоод очсон байсан. Тэгээд санамсаргүй байдлаас болж нэг нэгнээ гэмтээсэн асуудал гаргасан байна лээ. Ямар нэг өс хонзон өр авлагын асуудал огт байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-32 тал /,

Гэрч М.Эрболд мөрдөн байцаалтын шатанд:  “Би 2016 оны 12-р сарын 03-ны өдөр Төв аймгийн Бүрэн суманд албан өрөөнөдөө байж байх үед шөнө 01 цагийн үед сумын эмнэлэгт хутгалуулсан шархтай хүн ирсэн талаар дуудлага ирсэн юм. тэгээд би сумын эмнэлэгт яваад очтол Д.Дорж-Адъяа хэвлийдээ хутгалуулсан шархтай ирсэн байсан ба Төв аймгийн эмнэлгээс эмч нар ирж үзлэг хийн өвчитөнг Улаанбаатар хот руу авч явсан юм. Тухайн үед эмнэлэг дээр Д.Дорж-Адъяа болон А.Амарбаясгалан түүний эхнэр гурав ирсэн байсан. Би тухайн уед А.Амарбаясгалантай уулзсан ба түүний баруун гарын алга хавьцаа боолттой шархтай байсан. Тухайн үед боосон байсан ба шинэ шарх шиг байсан” гэсэн мэдүүлэг /хх-33 тал/,

Насанд хүрээгүй гэрч А.Шинэхүү мөрдөн байцаалтын шатанд: “2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр би сургуульдаа явчихаад өдөр Баттогтох гэдэг найзындаа очиж сагс тоглож байгаад 15 цаг гээд гэртээ очиход манай ээж аав хөдөө гэрлүүгээ явах гээд зөрөөд гарсан. Тэгээд би эмээгийндээ дүү Баярмагнайгийн хамт үлдсэн юм. Тэгээд орой 22 цаг өнгөрөөд манай ээж над руу ярьж Доржоо ах чинь аавын чинь дээрээс хутган дээр уначихлаа миний хүү хурдан очоод түргэн дуудчих гэж хэлсэн. Тэгээд би гарч чадаагүй ээж өөрөө түргэнд мэдэгдэж хэлсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-85-86 тал/,

Гэрч Ш.Эрдэнэбат мөрдөн байцаалтын шатанд: “Тухайн үед би Амарбаясгалангийн хамт 1 шил Сархад нэртэй 0,5л архи манай гэрт хувааж уусан тэгээд Амарбаясгаланг эхнэр нь ирээд аваад явсан. Өөр хүн бид хоёртой архи уугаагүй “ гэсэн мэдүүлэг /хх-90 тал/,

Гэрч Ц.Жамъяангарав мөрдөн байцаалтын шатанд: “Би тухайн өдөр Төв аймгийн Бүрэн суманд бусдад хутгалуулж хэвлийн хөндий нэвтэрсэн шархтай хүн байна гэсэн дуудлагаар очиж үзлэг хийхэд айлд мал маллаж байгаад айлын эзэнд хутгалуулсан өвчтөн Д.Дорж-Адъяа хэвтэж байсан. Очих үед өвчтөний биеийн байдал хэвийн амин үзүүлэлт хэвийн цус алдаагүй байсан учир хагалгаа хийх шаардлагагүй гэж үзэж цус тогтоох эмчилгээ хийж шархыг нь цэвэрлэж оёж боолт хийж бусад шаардлагатай эмчилгээ хийж Улаанбаатар хот руу цэргийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэж өгсөн. Эмчлүүлэгч өвчтөн Д.Дорж-Адъяа эхлээд танихгүй айлд мал маллах гэж очоод хутгалуулсан гэж ярьж байгаад сүүлдээ хүргэн ахындаа мал маллаж байгаад хутгалуулсан гэж байсан. Ар гэрийн хүмүүс нь юм яриагүй хутгалсан хүргэн ах нь болон түүний эхнэр байсан” гэсэн мэдүүлэг /хх-91 тал/,

Шинжээч Ч.Эрдэмболор мөрдөн байцаалтын шатанд: “Хохирогч Д.Дорж-Адъяагийн биед учирсан гэмтэл нь зүүн талын эгэмний гол шугамаар хүйсний харалдаа хутгалагдсан шархтай байсан ба яллагдагч А.Амарбаясгалан болон Д.Дорж-Адъяагийн  нарын мэдүүлэгт дурдагдсан нөхцөл байдалд үүсэх боломжтой байна. Учир нь яллагдагчийн баруун гарт хутга байсан ба хохирогчийн зүүн эгэмний гол шугамаар хүйсний харалдаа хутгалагдсан байдал нь үндэслэлтэй боломжтой байна” гэсэн мэдүүлэг /хх-92 тал/,

Гэрч Б.Батзолбоо мөрдөн байцаалтын шатанд: “.. Би өвчтөнийг 12 сарын 05-ны өдөр шилжүүлэн авч эмчилгээ хийж шинжилгээг хянан 12 дугаар сарын 09-ний өдөр эмнэлгээс гаргасан юм. Би Д.Дорж-Адъяаг хагалгааны дараа хүлээн авсан учир яг ямар гэмтэл байсныг нь мэдээгүй. Хэвлийн голоор хагалгааны шархтай байсныг эмчилж эдгээн гаргасан юм” гэсэн мэдүүлэг /хх-100 тал/,

Гэрч Н.Ганбат мөрдөн байцаалтын шатанд: “Би Д.Дорж-Адъяа гэх хүнийг танихгүй. Гэхдээ 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хэвлийдээ хутганы шархтай Төв аймгийн түргэн тусламжаар хүргэгдэн ирсэнийг миний бие би хагалгаа хийсэн юм. Яг ямар учраас хутгалуулсанаа нарийн хэлээгүй би учирсан  гэмтэлд анхааралаа хандуулж байсан болохоор юу болсныг нь асуугаагүй. Биеийн байдал нь дунд зэрэг байсан ба учирсан гэмтэл нь шулуун чиглэлтэй хэвлийн зүүн дээд хэсэгт үүссэн байсан. Хутганы ир болон мөр хэсгийг хашаа харсан болохыг огт тодорхойлох боломжгүй байсан. Шархны гүн мөн тодорхойлох боломжгүй байсан ба хэвлийн хэсгийг нэвтэлсэн учраас боломжгүй юм. Гэхдээ дөнгөж хэвлийд нэвтрээд их сэмжийг гэмтээгээд ззогссон шархтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-101-102 тал/,

 

БУСАД БАРИМТ СЭЛТ

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/,

-хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-04 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-05-06 тал/,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл /хх-16 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-17 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-19 тал/,

-эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-22 тал/,

-эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-23 тал/,

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №16395 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /шинжээчийн дүгнэлтэд

1.Д.Дорж-Адъяагийн биед хүйсний зүүн талд хэвлийн хөндий рүү нэвтэрч их сэмж гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-35 тал/,

 

11-29 ТӨВ улсын дугаартай Porter маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-55 тал/,

-Д.Дорж-Адъяагийн өвчний түүх /хх-58-67 тал/,

-хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-73 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-74-75 тал/,

-мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-76, 79 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-77-78, 80 тал/,

-таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-81 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-82 тал/,

-Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №1579 дугаар шинжээчийн дүгнэлтэд

1.Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн бариул дээрээ JinLi гэсэн бичигтэй 25 см урт, ажлын хэсгийн урт 13 см, ажлын хэсгийн үзүүрийн өргөн 0,2 см, дундаж өргөн 1,2 см, угийн өргөн 2,5 см хэмжээтэй 1 ширхэг хутга шинжилгээнд тэнцэж байна.

2.Уг хутга дээр цус илэрсэн.

3.Хутган дээр илэрсэн цусанд шинжилгээ хийхэд дээж хүрэлцэхгүй байна.

4.Дээж хүрэлцэхгүй тул бүлгийн харъяалал тогтоох боломжгүй байна.

5.Хатсан цусанд этилийн спирт тогтоох боломжгүй гэжээ /хх-104 тал/,

 

            -шүүгдэгч А.Амарбаясгаланг 2016 оны 12 сарын 08-ний өдөр сэжигтнээр /хх-42 тал/, 2016 оны 12 сарын 12-ны өдөр сэжигтнээр дахин /хх-42 тал/, 2017 оны 01 дүгээр сарын 03-нд яллагдагчаар /хх-45 тал/, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр яллагдагчаар дахин /хх-93 тал /, байцаасан тэмдэглэлүүд,

 

-Шүүгдэгч А.Амарбаясгалангийн ял шалгах хуудсыг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /хх-47 тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч А.Амарбаясгалан нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн үед Төв аймгийн Бүрэн сумын 3 дугаар багийн нутаг “Дэлгэрэхийн энгэр” гэх газарт өөрийн гэртээ туслах малчин Д.Дорж-Адъяатай нь мах идэж суухдаа “малаа харсангүй архи уулаа гэх” шалтгаанаар маргалдаж байгаад Д.Дорж-Адъяа нь түүнийг мөрлөснөөс барьцалдаж аваад давхаралдаж унахдаа Д.Дорж-Адъяагийн бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл болгоомжгүй учруулсан болох нь: хохирогч Д.Дорж-Адъяагийн мөрдөн байцаалтын шатан болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Мөнхтуул “Би эмнэлэгт дуудлагын хувиартай байсан. Тэгээд орой 22 цаг Дэлгэрэхийн энгэрт цус алдсан хүний дуудлага ирсэн. Тэгээд эм багаж хэрэгспээ аваад сувилагч аваад 10 цаг 40 минутийн үед Амарбаясгалангийнд дуудлагаар очсон. Очиход Амарбаясгалан. Дорж-Адъяа нap байсан. Дорж-Адъяа нь амьсгалж чадахгүй байна гээд талаараа хараад хэвтчихсэн биеийн байдал нь хүндэвтэр байсан. Тэгээд анхны тусламж үзүүлээд эмнэлэгт авчирсан. Эмнэлэгт авчираад их эмчийг дуудаад хамтарсан үзлэг хийгээд Төв аймгийн нэгдсэн эмнэлэгийн мэс заслын эмч нарыг дуудаж эмч нар өглөө 8 цагийн үед ирж үзлэг хийгээд хот руу авч явсан. Д.Дорж-Адъяа надтай ярилцаагүй ярьж чадахгүй байсан. Хэвлийн тус газартаа хутгалуулсан гэх бөгөөд цус алдаж байв. Эхнэр Оюунгэрэл нь манай нөхөр Амарбаясгалан хүн хутгалчихлаа гэж байсан” гэх мэдүүлэг, гэрч Ц.Оюунгэрэлийн “...Тэгээд орой 20 цаг өнгөрч байхад гэртээ очиход гэрт Дорж-Адъяа байсан тэгээд Доржоо Амарбаясгаланг та адуунд явна гэж хэлчихээд архи уугаад ирдэг нь яаж байгаа юм бэ? гээд уурлаж байсан тэгээд за за морио гээд тавъя гээд гараад жоохон байж байгаад буцаж орж ирээд Амраа чансан мах идээд сууж байсан. Тэгээд би тэр үеэр аргал хамж орж гараад нэг мэдсэн Дорж-Адъяа энд халуу оргиод байна гээд гэдэснийхээ зүүн хэсэгт дараад байж байхаар нь хартал жоохон цус гарсан байсан тэгэхээр нь би сумын төв рүү утсаар түргэн дуудаж эмнэлэгт хүргэгдсэн. Тухайн үед манайд Дорж-Адъяа, Амарбасгалан бид гурав л байсан.Тэр өмнө нь хонь маланд чи яв. би явъяа гэж л маргалддаг байсан, тэрнээс нэг их айхтар хоорондоо муудалцаж байгаагүй. Би тэрийг сайн мэдэхгүй байна. Намайг орж гарч үед л тийм асуудал болчихсон байсан” гэх мэдүүлэг,  гэрч М.Эрболдын “Би 2016 оны 12-р сарын 03-ны өдөр Төв аймгийн Бүрэн суманд албан өрөөнөдөө байж байх үед шөнө 01 цагийн үед сумын эмнэлэгт хутгалуулсан шархтай хүн ирсэн талаар дуудлага ирсэн юм. Тэгээд би сумын эмнэлэгт яваад очтол Д.Дорж-Адъяа хэвлийдээ хутгалуулсан шархтай ирсэн байсан ба Төв аймгийн эмнэлгээс эмч нар ирж үзлэг хийн өвчтөнг Улаанбаатар хот руу авч явсан юм. Тухайн үед эмнэлэг дээр Д.Дорж-Адъяа болон А.Амарбаясгалан түүний эхнэр гурав ирсэн байсан. Би тухайн уед А.Амарбаясгалантай уулзсан ба түүний баруун гарын алга хавьцаа боолттой шархтай байсан. Тухайн үед боосон байсан ба шинэ шарх шиг байсан” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч А.Шинэхүүгийн “..Тэгээд орой 22 цаг өнгөрөөд манай ээж над руу ярьж Доржоо ах чинь аавын чинь дээрээс хутган дээр уначихлаа миний хүү хурдан очоод түргэн дуудчих гэж хэлсэн. Тэгээд би гарч чадаагүй ээж өөрөө түргэнд мэдэгдэж хэлсэн байсан” гэх мэдүүлэг, гэрч Ц.Жамъяангаравын “Би тухайн өдөр Төв аймгийн Бүрэн суманд бусдад хутгалуулж хэвлийн хөндий нэвтэрсэн шархтай хүн байна гэсэн дуудлагаар очиж үзлэг хийхэд айлд мал маллаж байгаад айлын эзэнд хутгалуулсан өвчтөн Д.Дорж-Адъяа хэвтэж байсан. Очих үед өвчтөний биеийн байдал хэвийн амин үзүүлэлт хэвийн цус алдаагүй байсан учир хагалгаа хийх шаардлагагүй гэж үзэж цус тогтоох эмчилгээ хийж шархыг нь цэвэрлэж оёж боолт хийж бусад шаардлагатай эмчилгээ хийж Улаанбаатар хот руу цэргийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэж өгсөн. Эмчлүүлэгч өвчтөн Д.Дорж-Адъяа эхлээд танихгүй айлд мал маллах гэж очоод хутгалуулсан гэж ярьж байгаад сүүлдээ хүргэн ахындаа мал маллаж байгаад хутгалуулсан гэж байсан. Ар гэрийн хүмүүс нь юм яриагүй хутгалсан хүргэн ах нь болон түүний эхнэр байсан” гэх мэдүүлэг, шинжээч Ч.Эрдэмболорын “Хохирогч Д.Дорж-Адъяагийн биед учирсан гэмтэл нь зүүн талын эгэмний гол шугамаар хүйсний харалдаа хутгалагдсан шархтай байсан ба яллагдагч А.Амарбаясгалан болон Д.Дорж-Адъяагийн  нарын мэдүүлэгт дурдагдсан нөхцөл байдалд үүсэх боломжтой байна. Учир нь яллагдагчийн баруун гарт хутга байсан ба хохирогчийн зүүн эгэмний гол шугамаар хүйсний харалдаа хутгалагдсан байдал нь үндэслэлтэй боломжтой байна” гэх мэдүүлэг, гэрч Б.Батзолбоогийн “.. Би өвчтөнийг 12 сарын 05-ны өдөр шилжүүлэн авч эмчилгээ хийж шинжилгээг хянан 12 дугаар сарын 09-ний өдөр эмнэлгээс гаргасан юм. Би Д.Дорж-Адъяаг хагалгааны дараа хүлээн авсан учир яг ямар гэмтэл байсныг нь мэдээгүй. Хэвлийн голоор хагалгааны шархтай байсныг эмчилж эдгээн гаргасан юм” гэх мэдүүлэг, гэрч Н.Ганбатын “Би Д.Дорж-Адъяа гэх хүнийг танихгүй. Гэхдээ 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хэвлийдээ хутганы шархтай Төв аймгийн түргэн тусламжаар хүргэгдэн ирсэнийг миний бие би хагалгаа хийсэн юм. Яг ямар учраас хутгалуулсанаа нарийн хэлээгүй би учирсан гэмтэлд анхааралаа хандуулж байсан болохоор юу болсныг нь асуугаагүй. Биеийн байдал нь дунд зэрэг байсан ба учирсан гэмтэл нь шулуун чиглэлтэй хэвлийн зүүн дээд хэсэгт үүссэн байсан. Хутганы ир болон мөр хэсгийг хашаа харсан болохыг огт тодорхойлох боломжгүй байсан. Шархны гүн мөн тодорхойлох боломжгүй байсан ба хэвлийн хэсгийг нэвтэлсэн учраас боломжгүй юм. Гэхдээ дөнгөж хэвлийд нэвтрээд их сэмжийг гэмтээгээд ззогссон шархтай байсан”  гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-04 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-05-06 тал/, эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-22 тал/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-23 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №16395 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-35 тал/, Д.Дорж-Адъяагийн өвчний түүх /хх-58-67 тал/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-73 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-74-75 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-76, 79 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-77-78, 80 тал/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-81 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-82 тал/ болон шүүгдэгч А.Амарбаясгалангийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Амарбаясгаланд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.Амарбаясгаланг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч А.Амарбаясгаланд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 55.1.3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн”, мөн хуулийн 55.1.9 дэх хэсэгт “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч Д.Дорж-Адъаяа нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохирол төлбөргүй байна.

 

Эд мөрийн баримт, битүүмжлэгдсэн эд зүйлийн талаар

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор “LG” маркийн 42 инчийн зурагт битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Амарбаясгалан нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286 , 290, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Төхөм овогт Аюушийн Амарбаясгаланг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Амарбаясгаланг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан А.Амарбаясгаланд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Энэ шүүх хуралдаанаар бусдад гаргуулах хохирол төлбөргүй, иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, ялтан А.Амарбаясгалан нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

  5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А.Амарбаясгалангийн эзэмшилийн “LG” маркийн 42 инчийн зурагт биүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан А.Амарбаясгаланд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан А.Амарбаясгаланд тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

 

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан А.Амарбаясгалан нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг мэдэгдсүгэй.

 

              10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан А.Амарбаясгаланд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ц.ОТГОНЖАРГАЛ