Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 1208

 

 

С.Нд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:  

                                            

            прокурор О.Пүрэвсүрэн,

            нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 1512 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Тунгалагтуяагийн бичсэн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 50 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн С.Нд холбогдох 1708009460783 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

С.Н нь 2017 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 1-15-а тоотод оршин суух М.Бийн эзэмшлийн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч “автомашины дугуй 9 ширхэг, хайлшин обудь 5 ширхэг, шилэн нүүртэй хөргөгч 1 ширхэг, шахмал модон сандал 6 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, шар эрээн өнгийн ширээ 1 ширхэг аяга тавганы ком 1 ширхэг /нийтийн хоолны зориулалттай/, Эрдэнэт хивс 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3,675,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас:

С.Нн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

...шүүгдэгч С.Н нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар “...миний эхэлж эд зүйлс зөөсөн машин цагаан өнгийн амьжиргаа цагаан машин байсан. Харин дараагийн машин нь цагаан өнгийн Верна автомашин байсан. ...намайг эд зүйлс хулгайлж байгаа талаар жолооч нар мэдээгүй...” гэж мэдүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт түүнээс ямар учраас хулгайн зүйлсийг машинаар зөөвөрлөсөн талаар тодруулахад тэрээр тоо болон овор хэмжээний хувьд би ганцаараа авч явах боломжгүй байсан гэж мэдүүлсэн тул түүний холбогдсон хулгайлах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан эсэхийг мөрдөн шалгах шаардлагатай,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “учрах саадыг арилгах зорилгоор” гэдэг нь гэмт хэргийн хор аюулын хэр хэмжээг ихэсгэх, гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлсээ зөөж тээвэрлэх, хэргийн газраас аль болох богино хугацаанд холдон одох зэрэг зорилгыг өөртөө багтаах өргөн ойлголт юм.

Учир нь учрах саад гэдэг нь нэг талаас олон тооны, эсхүл овор хэмжээ том эд зүйлсийг авч явах буюу хор аюулын хэр хэмжээг ихэсгэхэд хүч дутаж болохуйц учрах саад, нөгөө талаас гэмт үйлдлээ түргэсгэх, эд зүйлсээ зөөвөрлөх, хэргийн газраас богино хугацаанд холдон одох буюу удааширвал гэмт хэргээ төгсгөж чадахгүйд хүрэх учрах саадыг агуулдаг бөгөөд эдгээрийг бүхэлд нь учрах саадыг арилгах зорилгоор гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах тул энэхүү ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэж дүгнээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

            Прокурор А.Тунгалагтуяа бичсэн эсэргүүцэлдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Нн яллагдагчаар, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн “...миний эхэлж эд зүйлс зөөсөн машин цагаан өнгийн амьжиргаа цагаан машин байсан. Харин дараагийн машин нь цагаан өнгийн Верна маркийн автомашин байсан. Тухайн үед улсын дугаарыг харж чадаагүй согтуу байсан болохоор, намайг эд зүйлс хулгайлж байгаа талаар жолооч нар мэдээгүй, гэрээсээ өөрийнхөө эд зүйлсийг авч байна гээд худлаа хэлчихсэн байсан” гэсэн мэдүүлгүүд нь тогтвортой, хавтас хэрэгт авагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бусад баримтуудаар үгүйсгэгддэггүй.

            Гэмт хэрэг 2017 оны 8 сард үйлдэгдсэн, хавтаст хэрэгт тухайн хулгайлсан эд зүйлийг тээвэрлэсэн гэх машин механизмын улсын дугаар, жолоочийн талаарх мэдээлэл байхгүй /С.Н мэдэхгүй, согтуу байсан талаараа удаа дараа мэдүүлдэг/ тул хэрэгт машин механизм ашигласан эсэхийг мөрдөн шалгах шаардлагатай гэж буцаасан шүүгчийн захирамжийн заалтыг биелүүлэх боломжгүй.

            Хавтас хэрэгт авагдсан баримтуудаар С.Нгийн үйлдэлд бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэний дараа буюу дээрх гэмт хэрэг төгссөний дараа хулгайлсан эд зүйлээ тээвэрлэх зорилгоор ашигласан гэж үзнэ.

            Нөгөөтэйгүүр шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо тоо болон овор хэмжээний хувьд ганцаараа авч явах боломжгүй гэж хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, шүүгдэгч С.Нгийн эрх зүйн байдлыг дордуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” заалтыг зөрчсөн байна.

            Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 1512 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “Хэргийн бодит байдалтай нийцээгүй”, “Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн” гэж үзэж шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон эсэргүүцэл бичив...” гэжээ.

 

Прокурор О.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбаргүй...” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “...учрах саадыг арилгах зорилгоор ... машин механизм ашиглаж үйлдсэн...” гэсэн хүндрүүлэх шинж С.Нн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан үйлдэлд байгаа эсэхийг шийдвэрлэх гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

С.Нн яллагдагчаар өгсөн “...төв зам дээр гарч гараа өргөж байгаад жижиг амжиргаа цагаан зогсоогоод жолоочид нь халтууранд явах уу гэж асуухад “хаанаас юу зөөх юм” гэж хэлэхээр нь “гэрээсээ ойр зуурын юм аваад ойрхон Сонгинохайрхан дүүргийн автобусны буудал орно” гэж хэлсэн. ...Маргааш өдөр нь дахин Баярмаагийн байшин руу орж эд зүйл аваад, такси барьж “Хангай” зах орж ... зарсан..., Тухайн үед улсын дугаарыг харж чадаагүй согтуу байсан болохоор, намайг эд зүйлс хулгайлж байгаа талаар жолооч нар мэдээгүй, гэрээсээ өөрийнхөө эд зүйлсийг авч байна гээд худлаа хэлчихсэн байсан...” /хх 145-147/ гэх мэдүүлгээр С.Н нь хулгайлах гэмт хэргийг үйлдэх үедээ машин механизм ашигласан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Иймд С.Нд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагагүй, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримтыг тогтоож, дүгнэлт хийн хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд 1708009460783 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид бичсэн прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 1512 дугаартай захирамжийг хүчингүй болгож, С.Нд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэх хүртэл С.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

                               ШҮҮГЧ                                                           Ц.ОЧ

                               ШҮҮГЧ                                                          Д.ОЧМАНДАХ