Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2022/00224

 

 

 

 

 

 

 

 

          2022          01               14                                           184/ШШ2022/00224

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б.Л

Хамтран хариуцагч: С.М нарт холбогдох 

 

Зээлийн гэрээний үүрэгт 14,989,581.66 төгрөг гаргуулах тухай шаардлагатай   иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дуламсүрэн, хариуцагч болон хариуцагч С.М-ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л,  түүний  өмгөөлөгч Л.Жавзмаа /үд:0576/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Галмандах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл  болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Зээлдэгч Б.Л, С.М нар нь Улаанбаатар хотын банктай 2017.08.18-ны өдөр ЦЗГ1701/170818 тоот Цалингийн болон барьцааны шинэчилсэн гэрээг байгуулан 11,400,000 төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэй, 42 сарын хугацаатайгаар цалингийн зээлийн зориулалтаар зээлж авсан. Зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020.08.07-ны өдөр дууссан боловч Б.Л, С.М нар нь зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй байна. Б.Л нь зээлийн гэрээний үүргээ  2018.04.06-ны өдрөөс эхлэн зөрчсөн.

 Хариуцагч нь үндсэн зээл болох 11,400,000 төгрөгөөс үндсэн зээлийн төлбөрт 2,782,508.42 төгрөг,  зээлийн хүүнд  2,306,317.47 төгрөгийг төлсөн байна.   Иймд  Үндсэн зээл  8,617,491.58 төгрөг, зээлийн хүү  6,071,536.21 нэмэгдүүлсэн хүү нь 291,053.87 төгрөг, нотариатын зардал 9,500 төгрөг 14,989,581.66 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна.

Б.Л нь цар тахлын нөхцөл байдалтай байсан гэж тайлбарлаж байгаа боловч үүнтэй холбоотой банкны зүгээс зээлийн хүү төлөх хугацааг хойшлуулсан болохоос хүүг чөлөөлөх талаар ямар нэгэн арга хэмжээ хэрэгжүүлээгүй. Банк зээлдэгчийн хүсэлтийг авсны үндсэн дээр төлөлтийг хойшлуулж байсан, зээлдэгч Б.Лгийн зүгээс ийм хүсэлт гаргаагүй.

Нэгэнт зээлийн гэрээ дуусгавар болсон гэрээний хувьд зээлийн хүүг хойшлуулах асуудал яригдахгүй, цар тахалтай холбоотойгоор энэхүү зээлийн гэрээнд ямар нэгэн өөрчлөлт орох боломж байхгүй.

Хэрэв цар тахлын нөхцөл байдалтай холбогдох нийтэд илэрхий хугацааг 2019 оны 11 сарын 08-ны өдрөөс эхлэн тооцоод шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хүртэл тооцох юм бол 3,321,299.33 төгрөг хүүгээс хасагдаж болох байсан байна. Хариуцагч талаас 2013 оны зээлийг 2017 оны зээлээр хаасан гэх тайлбар гаргаж байна. Банк 2013 оны зээлийн талаар нэхэмжлээгүй 2017 оны 8 сарын 18-ны өдрийн гэрээний үүргийг шаардаж байгаа юм.

 Банкны зүгээс зээлдэгчийг зээлээ төлөхгүй гэдгийг нь мэдсээр байж дахин зээл өгч өөртөө эрсдэл учруулах шаардлагагүй. Нэмж зээл олгох асуудлын хувьд тухайн хүний орлого, зээлийн харьцаа өөрчлөгдсөн тохиолдолд олгогддог юм. Хариуцагч Б.Л 2017.02.13-ны өдөр зээл авах тухай хүсэлт гаргасан   байдаг. Тухайн хүсэлтээр Б.Л нь “Улаанбаатар хотын банк” ХХК-аас 9,0 сая төгрөгийн зээлийг хүссэн бөгөөд хүсэлтдээ зээлийн зориулалтыг сургалтын төлбөрт 2 сая төгрөг, зуслангийн зориулалттай газар, байшин авахад ашиглана гэж дурдсан байдаг. Гэрээнд зааснаар хамтран зээлдэгч болон үндсэн зээлдэгч нар адил үүрэг хүлээх учир Б.Л, С.М нар уг зээлийг хамтран төлөх үүрэг хүлээнэ. С.Мыг хариуцагчаас чөлөөлөх боломжгүй гэв.

 

Хариуцагч болон хариуцагч С.М-ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх 2013 онд цалингийн зээл авч байсан бөгөөд дахин зээл авахдаа өмнөх зээлээ хүүтэй нь хамт төлөх байдлаар зээл авч зөрүү мөнгө болох 2,0-4,0 сая төгрөгийг гар дээр авдаг байсан. 2017 онд ч үүний адил 6 сарын хугацаатай зээл аваад буцааж зээлээ хүүтэй нь төлөх байдлаар дахин зээл авч байсан. С.Мыг хамтран зээлдэгчээр оруулсан асуудлын хувьд цалингийн зээл авахад заавал хамтран зээлдэгчтэй байх ёстой гэсэн шаардлага тавьсны дагуу С.Мыг хамтран зээлдэгчээр оруулсан.

          Миний хувьд С.Мыг хариуцагчаас хасах юм бол авсан зээлээ бүгдийг нь төлж барагдуулах болно.

Нэхэмжлэгч 2017.08.18-ны өдрийн цалингийн зээлийн барьцааны шинэчилсэн гэрээний үүрэг шаардаж байгаа, тус гэрээгээр 11,400,000 төгрөгийг   бодит байдалд зээлийн данс нээж Б.Лд шилжүүлчхээд, дараа нь тэр данснаас өөрийн данс руу мөнгө шилжүүлж Б.Лгийн өмнөх зээлүүдийг хаасан байна. 2017.02.13-ны өдрийн зээлийн төлбөр 8,900,000 төгрөг суутган авсан. Хариуцагч 2,500,000 төгрөгийг авсан. Зээлдэгч, зээлдүүлэгч хоёрын үүрэг гэж байдаг бөгөөд “Х” ХХК-ийн зүгээс зээлдэгчийнхээ захиран зарцуулах эрхийг хязгаарласан.  

Нэхэмжлэгч талаас 2017.02.13-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг шаардаагүй, зөвхөн 2017.08.18-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа нь  нэхэмжлэгч тал гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж байна. Гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу гэрээ нь талуудын сайн дурын үндсэн дээр эрх ашгийг нь хамгаалах үүднээс хийгддэг. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь зээлдэгчийн эрх, ашгийг бүрэн хамгаалж хийгдээгүй байна. Б.Лгийн зүгээс 11,400,000 төгрөгийг бүхэлд нь аваад захиран зарцуулах эрх үүсээгүй тул “Х” ХХК-ийг үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэж байна.

Зээлийн гэрээний хугацаа дууссан асуудал дээр нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн даруйд шүүхэд хандаагүй байна.  

 Б.Лг зээлээ төлөхгүй нэг сар өнгөрсөн тохиолдолд зээлийн гэрээг цуцлах ёстой байсан боловч үргэлжлүүлэн хүү тооцсон. Б.Л нь зээлээ төлж чадахгүй үлдэгдэлтэй байхад нэмж зээл олгосон нь буруу байна. Өмнөх зээлээ төлөөгүй хүнээс зээлээ шаардахын оронд нэмж зээл өгөөд, зээлсэн мөнгөөр нь өмнөх зээлийг нь төлсөн үйл баримт тогтоогдож байна. “Х” ХХК-д үндсэн зээлийн үлдэгдэл болох 8,617,491.58 төгрөгийг шаардах эрх 2018.04.06-ны өдөр үүссэн байхад шаардах эрхээ хэрэгжүүлээгүй учир тухайн өдрөөс хойших хүүг шаардах эрхгүй гэж үзэж байна. Хариуцагч Б.Л 2,306,317.47 төгрөгийг хүүд, 2,782,508.42 төгрөгийн үндсэн зээлийн төлбөрт төлсөн байна.  

Хамтран зээлдэгчийн хувьд Б.Л нь албан ёсны гэр бүлтэй, гэр бүлийн хүнтэйгээ 2013 оноос цалингийн зээл авч эхэлсэн бөгөөд тэр зээл нь төлөгдөөгүй явсаар байгаад 2017 онд 8,900,000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн байсан. 2017 онд зээл олгохдоо Б.Л болон түүний эхнэрийн авсан зээлийг хаах зорилгоор зээл олгоход дахин хамтран зээлдэгч шаардлагатай болсон учраас хамтран зээлдэгчээр эхнэрээс нь өөр хүн буюу С.М орж ирсэн байна. Энэ  хүний хувьд зээлийн гэрээнээс бодитоор үр шим хүртээгүй, Б.Лгийн хууль ёсны эхнэр Г зээл авсан байхад дахин зээл олгохдоо хамтран зээлдэгчээр өөр хүн байгааг банк хяналт хийгээгүй байна.

 С.М зээлийн гэрээтэй хамааралгүй тул түүнийг хамтран зээлдэгчээр чөлөөлөхийг хүсэж байна. Мөн Б.Лгийн авсан зээл нь цалингийн зээл учир цалин барьцаалагдсан байдаг. Цалин барьцаалагдсан байхад нэхэмжлэгч талаас Б.Лг ажил орлогогүй учир С.Мыг хариуцагчаас   чөлөөлөхгүй гэж тайлбарлаж байна. Б.Лг хамтран зээлдэгчгүй бол төлбөрийг төлж чадахгүй гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байгаа учир С.Мыг хамтран зээлдэгчээс хасуулаад Б.Лгээр зээлийн төлбөрийг төлүүлэх боломжтой юм. Хариуцагч нь  үндсэн зээлийн үлдэгдэл болох 8,617,491.58 төгрөгийг С.Маас хамааралгүйгээр төлье гэсэн тайлбарыг гаргаж байна. Шүүхээс  зээлийн  хүү  6,362,590.08 төгрөгөөс чөлөөлөх,  эсвэл сүүлийн 2 жил цар тахлын нөхцөл байдал, засгийн газраас гаргасан зээл, зээлийн эргэн төлөлттэй холбоотой шийдвэрүүд болон хариуцагчийн хувийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж өөрийн эрх хэмжээний хүрээнд тодорхой хэмжээнд багасгаж өгнө үү. С.М нь зээлээс үр шим хүртээгүй тул хамтран зээлдэгчээс чөлөөлсөн тохиолдолд үндсэн зээл болон, зээлийн хүүгийн 50 хувийг төлөх саналыг гаргаж байна гэв. 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Б.Л, С.М нарт холбогдуулан 2017.08.18-ны өдрийн цалингийн зээлийн гэрээний үүрэгт 2021 оны 07 сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр  8,617,491,58 төгрөг, үндсэн хүү 6,071,536,21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 291,053,87 төгрөг, нотариатын зардал 9,500 төгрөг нийт 14,989,581.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

Хариуцагч Б.Л нь .... 2017 оны 08 сарын 18-нд авсан зээлээр урьд авч байсан 8,900,000 төгрөгийн зээлийг хүүтэй нь хамт төлөөд үлдэх мөнгийг гар дээрээ авсан. Нэхэмжлэгч тал хамтран зээлдэгч С.Маас татгалзсан тохиолдолд миний бие үндсэн зээл 8,617,491.58 төгрөгийг хүү 6,071,536.21 төгрөгийн 50 хувийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж маргаж байна.  

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Б.Л, С.М нарын хооронд 2017 оны 08 сарын 18-ны өдөр 1701/170818 дугаар цалингийн зээлийн болон барьцааны шинэчилсэн гэрээ байгуулж 11,400,000 төгрөгийг 42 сарын хугацаатай 1,7 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцон талууд харилцан гарын үсэг зурсан байна. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу цалингийн зээлийн  зориулалтаар хариуцагч нарт мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүрэг хүлээсэн  байна.

 Талууд дээрх гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлж гэрээний гол нөхцөл, шаардлагын талаар тохиролцож, гэрээний агуулгыг тодорхойлсон бөгөөд гэрээний 1.7-д  “Энэхүү гэрээг байгуулагдсанаар талуудын хооронд 2017 оны 02 сарын 13-нд байгуулагдсан 1701/170213 тоот ... гэрээг хүчингүй болсонд тооцно” гэжээ. Тэдний хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 42, 196 дугаар зүйлийн 196.1, 451 дүгээр зүйлийн  451.1, 242 дүгээр зүйлийн 242.1-т заасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.                   

Дээрх гэрээний зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зээлийн гэрээнд үргэлжлүүлэн хэвлэсэн бөгөөд эргэн төлөлтийн хуваарийн он сар өдөр нь зээлийн гэрээний он сараас өмнө байгаа ба нэг өдөр байгуулаагүй байна.  /хх 9-10/ дүгээр  тал 

Зээлдэгч нь эргэн төлөх хуваарийн дагуу сар бүр хүүнд 49,742,47 төгрөг,  үндсэн зээлэнд 115,393,24 төгрөг нийт 165,135,70 төгрөг төлөхөөр тохирсон ба эргэн төлөлтийн хуваарийн он сарыг 2017.02.23-ны өдрөөс эхэлж 2020.08.07-нд төлж дуусгахаар тохирсон байна. /хх 10-11 дүгээр тал/   

 

Тэрээр хариуцагч нарыг гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас өмнөх хийсэн зээлийн гэрээг дуусгавар болгох зорилгоор дахин зээлийн гэрээ  байгуулж зээл олгож зээлдэгчийн өрийг төлүүлсэн болох нь: хариуцагчаас шүүх  хуралдаанд “ ... анх Улаанбаатар хотын банкнаас зээл авч байсан, зээлээс 8,900,000 төгрөгийг өрөндөө суутгаж, бэлнээр 2,500,000 төгрөг авсан” гэх тайлбар, хариуцагч Б.Л 2017.02.10-нд нэхэмжлэгч байгууллагад хандан  цалингийн барьцаат зээлийн өргөдөл бичсэн, 2017.02.13-нд цалингийн зээлийн гэрээ байгуулж, 2020.02.07-нд төлж дуусгахаар тохирч зээлийн эргэн төлөлтийн хуваарь хийсэн зэрэг хэрэгт ирүүлсэн баримтуудаар нотлогдож байх тул дээрх үйл баримт тогтоогдсон гэж дүгнэлээ. /хх 12-16 дугаар тал/       

Нэхэмжлэгч “Х” ХХК нь санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 2005.10.20-нд авсан болох нь улсын бүртгэлийн гэрчилгээний   хуулбараар, мөн  “... Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т  заасан дагуу “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож түүний эрх, үүрэг хариуцлагыг “Х” ХХК-д шилжүүлэн   нэгтгэснийг 2020 оны 07 сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгэж тус   “Улаанбаатар хотын банк” ХХК-г улсын бүртгэлээс хассан ...” тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020.09.09-ний өдрийн 6/8053 тоот албан бичиг, мөн   хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт нэмэлт өөрчлөлт орж хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн болохыг бүртгэсэн тухай дээрх баримтаар нэхэмжлэгч  байгууллагын эрх зүйн байдал тус тус тогтоогдож байна. /хх 3.4-87,88 дугаар тал/      

Хариуцагчаас шүүх хуралдаанд “ ... 2017 онд зээл олгохдоо Б.Л болон түүний эхнэрийн авсан зээлийг хаах зорилгоор зээл олгоход дахин хамтран зээлдэгч шаардлагатай болсон учраас хамтран зээлдэгчээр эхнэрээс нь өөр хүн буюу С.М орсон. Түүний хувьд зээлийн гэрээнээс бодитоор үр шим хүртээгүй,  Б.Л нь албан ёсны гэр бүлтэй, ...хамтран зээлдэгчээр өөр хүн орсон байхад банк хяналт тавиагүй байсан” гэж тайлбар гаргаж нотлох баримтаар   А.Гтэй гэрлэсэн байдлаа бүртгүүлсэн лавлагаа ирүүлсэн байгаа нь  хамтран хариуцагчаас С.Мыг чөлөөлөх үндэслэл болохгүй байна. Харин хариуцагч өөрөө банкинд үнэн зөв мэдээлэл өгөөгүй гэж үзэх үндэслэл болж байгаа ба өөрийнхөө эрх зүйн байдлыг дордуулсан тайлбар гэж үзлээ.  /хх 100 дугаар тал/

Хамтран хариуцагч С.М нь Б.Лтэй хамтран 2017 оны 02 сарын 10-нд “Улаанбаатар хотын банк” ХХК-тай цалингийн барьцаат зээлийн  өргөдөл гаргаж байхдаа тухайн үед Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд туслахын ажилтай гэж зээл хүсэх өргөдөлд бичсэн бөгөөд хариуцагч Б.Лг цалингийн зээл авах нөхцөлийг бүрдүүлж хамтран зээлдэгчийн үүргийг хүлээсэн байна. /хх-9-10 дугаар тал/ 

Түүнчлэн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.3-д “Хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчийн эрхийг эдэлж үүргийг хүлээнэ” гэж заасан ба хүлээн  зөвшөөрч харилцан гарын үсэг зурсан байна.  

Иргэний хуулийн  242 дугаар зүйлийн 242.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл   үүрэг гүйцэтгүүлэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэжээ.

Өөрөөр хэлбэл: нэхэмжлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгчээс гэрээний үүргийг  бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй бөгөөд үүргээс чөлөөлөх үндэслэлгүй    болохыг хуулиар зохицуулсан байна. 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 8 сарын  07-нд дууссан байна. Хариуцагч нь 2018 оны 8 сарын 23-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчсөн болох нь талуудын тайлбараар болон түүнийг эрэн сурвалжилсан тухай 2020 оны 06 сарын 09-ний өдрийн шийдвэр, нэхэмжлэгч нь 2021.05.27-нд шүүхэд хандаж байсан ба хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр захирамж гарч байсан болох нь Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, захирамж зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх 17-21 дугаар тал/ 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.3-д “зээлийн гэрээг цуцлах, зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас банкинд учирсан хохирлыг нэхэмжлэх, хохирлоо төлүүлэх эрхтэй”  гэсэн  заалтыг тусгасан байх ба гэрээний  дагуу болон хуульд зааснаар шаардах эрхээ гэрээ зөрчигдөж эхлэх үеэс  хугацаандаа хэрэгжүүлээгүй бөгөөд энэ талаар баримт хэрэгт ирээгүй байна. 

Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-д “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч  түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа  хэтрүүлсэн гэж үзнэ” гэж заажээ.   

Өөрөөр хэлбэл гэрээний үүрэг 2018 оны 8 сард зөрчигдсөн байхад 2020 оны 6 сараас эхлэн шаардах эрхээ хэрэгжүүлсэн нь баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-д зааснаар хүү авах эрхээ тодорхой хэмжээнд алдсан гэж үзлээ. 

Хариуцагч нь сүүлийн 2 жилийн цар тахлын нөхцөл байдлаас хамаарч төлбөр төлөх орлогогүй байсан гэж тайлбарлаж байгаа нь нийтэд илэрхий үйл баримт гэж үзэж 2019 оны 11 сарын 8-аас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааг тооцож 3,321,299,33 төгрөгийн хүүг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар хасаж тооцов.

 Хэрэгт хариуцагч Б.Лгийн “Х” ХХК-ийн 2017 оны 02 сарын 13-ны өдрөөс 2021 оны 11 сарын 16-ны өдөр хүртэлх 36 сарын  зээлийн дансны хуулга, ирүүлсэн ба хэрэгт хамааралгүй гэж үзлээ. /хх  64-72, 78 дугаар тал/  

Хариуцагч нь авсан зээлээ хугацаандаа төлөөгүй ба талуудын хооронд  байгуулсан гэрээнд нэмэгдүүлсэн хүү тооцохоор гэрээний 1.3, 1.5-д зааж  харилцан тохирсон тул  Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, заасныг баримтлан хариуцагч Б.Л, С.М нараас 2017.08.18-ны өдрийн ЦЗГ1701/170818 тоот Цалингийн болон барьцааны шинэчилсэн гэрээний үндсэн зээлийн төлбөрт,  8,617,491.58 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,750,236,88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 291,053.87 төгрөг, нотариатын зардал 9,500 төгрөг нийт 11,668,282.33 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,321,299,33  төгрөгийг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Л, хамтран хариуцагч С.М нараас зээлийн гэрээний үүрэгт 11,668,282.33 /арван нэгэн сая зургаан зуун жаран найман мянга хоёр зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3,321,299.33 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,897.91 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 201,642.5 төгрөгийг хариуцагч Б.Л, С.М нараас гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй  бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ОЮУНЦЭЦЭГ