Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2025/00123

 

ХК, “Э” ХХК-уудын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн

2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 312/ШШ2025/00062 дугаар шийдвэр,

 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 207/МА2025/00031 дүгээр магадлалтай,

 “Т” ХХК, “Э” ХХК-уудын нэхэмжлэлтэй

“Г” ХХК-д холбогдох

Гуравдагч этгээд “Т” ХХК-ийн бие даасан шаардлагатай,

 ... байрлах ЦТП-ийн 2.7.2-2.7.3 дугаар худгийн шугам болон ЦТП-ийн 2.7.3-2.7.4 дүгээр худгийн шугамын хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Ус дулаан хуваарилах төв /2.7/-өөс зүүн тийш салбарлан гарсан ДХ-2 дугаар худгаас ДХ-4 дүгээр худаг хүртэлх 64м урт 3ф159 мм болон 2ф108 мм-ийн гадна дулаан, цэвэр усны шугамын шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгох, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ЦТП-2.7-оос хэрэглэгчдэд хүргэх Ус, Дулаан шугамын нэгдсэн сүлжээ байгуулахтай холбоотой газар эзэмшигч иргэдтэй хийсэн уулзалтын тэмдэглэлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд “Т” ХХК-ийн маргаан бүхий шугам, хоолойн хамтран эзэмшигчээр тогтоолгох тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг

 Хариуцагчийн өмгөөлөгч Г-н хяналтын журмаар гаргасан гомдлоор

 Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, хариуцагчийн өмгөөлөгч Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч “Т” ХХК, “Э” ХХК-ууд нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан ...байрлах ЦТП-ийн 2.7.2-2.7.4 дүгээр худгийн шугамын хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Ус дулаан хувиарлах төв /2.7/-өөс зүүн тийш салбарлан гарсан ДХ-2 дугаар худгаас ДХ-4 дүгээр худаг хүртэлх 64м урт ЗФ159 мм болон 2ф108 мм-ийн гадна дулаан, цэвэр усны шугамын шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгох, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ЦТП-2.7-оос хэрэглэгчдэд хүргэх Ус, Дулаан шугамын нэгдсэн сүлжээ байгуулахтай холбоотой газар эзэмшигч иргэдтэй хийсэн уулзалтын тэмдэглэлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Т” ХХК нь маргаан бүхий шугам, хоолойн хамтран эзэмшигчээр тогтоолгох тухай шаардлагыг тус тус гаргажээ.

 2. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 312/ШШ2025/00062 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1., 91 дүгээр зүйлийн 91.1., 477 дугаар зүйлийн 477.3., 477.4., 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.8.-д заасныг тус тус баримтлан ... байрлах ЦТП-ийн 2.7.2-2.7.3 дугаар худгийн шугам болон ЦТП-ийн 2.7.3-2.7.4 дүгээр худгийн шугамын хамтран эзэмшигч, өмчлөгч нь “Г” ХХК, “Т” ХХК, “Э” ХХК, “Т” ХХК мөн болохыг тогтоож, хариуцагч “Гүн аривжих эрдэнэс” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “ЦТП-2-7-оос хэрэглэгчдэд хүргэх ус, дулаан шугамын нэгдсэн сүлжээ байгуулахтай холбоотой газар эзэмшигч иргэдтэй хийсэн уулзалтын тэмдэглэл”-ийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нарын тус бүр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 140,400 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Г” ХХК-с улсын тэмдэгтийн хураамжаар тус бүр 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК, “Э” ХХК, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Т” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 207/МА2025/00031 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 312/ШШ2025/00062 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, түүний өмгөөлөгч Г нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, түүний өмгөөлөгч Г нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 210,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн өмгөөлөгч Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. “Т” ХХК, “Э” ХХК нарын нэхэмжлэлтэй ЦТП 2.7.2-2.7.3 дугаар худгийн шугам болон ЦТП 2.7.3-2.7.4 дугаар худгийн шугамын хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн тухайд:

“Т” ХХК нь 2022.08.17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ труба өгсөн зарлагын баримтыг хавсаргаж өгсөн байна. Тухайн баримтаар хариуцагч “Г” ХХК-д трубаг өгсөн талаар нотлох гэж оролдсон юм. “Т” ХХК-ийн гаргаж өгсөн зарлагын баримтууд нь /1-р хавтас хэргийн 9-17 тал/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...” гэх хуулийн шаардлагыг хангаагүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй нотлох баримт өгсөн байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг труба өгсөн мэтээр дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гараагүй байна.

Мөн Сангийн сайдын 2017.12.05-ны өдрийн 347 тоот тушаалын хавсралт “Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх заавар”-ын 3-т Зарлагын баримт “НХМаягт БМ-3 Бараа, материалын үнэт зүйлсийг худалдан авагч байгууллагад ачуулах, нэг агуулах, эд хариуцагч, няраваас нөгөөд шилжүүлэх, өөрийн хэрэгцээнээс илүү буюу хэрэгцээнд тохирохгүй зүйлийг худалдан борлуулах, нэгжийн орц норм тогтоогдоогүй материал үнэт зүйлийг үйлдвэрт тавьж олгох, зохих шийдвэрийн дагуу өөр газар шилжүүлэхэд зарлагын баримтыг эд хариуцагч зөвшөөрөл шийдлийг үндэслэн 2 хувь бичиж, 1 хувийг өөртөө авч тайлангийн хугацаанд санхүүгийн албанд, үлдэх хувийг хүлээн авагчид “материал үнэ бүхий зүйлийг гаргах зөвшөөрлийн хамт олгоно” гэж заасныг зөрчсөн нэг талын гарын үсэгтэй баримтыг шүүх үнэлсэн байна. “Э” ХХК нэхэмжлэлдээ шугам хоолойг татахад шаардлагатай мөнгийг гаргаж өгсөн талаар бичдэг. Шүүх хуралдаанд хавтас хэргийн материалыг шинжлэн судлах явцад “Э” ХХК-аас шугам хоолойг татахад шаардлагатай мөнгийг өгсөн гэх нотлох баримт авагдаагүй. Гэтэл анхан шатны шүүх хавтас хэрэгт мөнгө өгсөн гэх нотлох баримт авагдаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй байхад шугам хоолойг татахад мөнгө өгсөн талаар дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Орхон аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024.11.18-ны өдрийн 817 дугаартай албан бичгээр “Э” ХХК-ийн нэр дээр газар эзэмших, ашиглах эрх бүртгэгдээгүй байх бөгөөд өөрийн эзэмшиж байсан газраа 2024 онд иргэн Т.Пүрэвдорж гэх хүнд шилжүүлсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 19 дүгээр зүйл Барилга байгууламж, шугам сүлжээний өмчлөл, 19.1 дэх хэсэгт “Хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж нь төрийн болон орон нутгийн өмчид байна” гэж заасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 24-д “...Тэгвэл мөн хуулийн 3.1.4-д “ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж” гэж гүний болон гадаргын ус ашиглан ус олборлох, цэвэршүүлэх, цуглуулах шугам сүлжээ, усан сан, шахуургын станцыг хэлнэ гэсэн бөгөөд энэ нь усан хангамжийн эх үүсвэртэй хамааралтай байх ба хэрэв тийм бол хариуцагч ч мөн шугам хоолойн асуудлын талаар өмчлөгчөөр тогтоолгох эрхгүй болох юм.” гэжээ. Шүүх дээрх хуулийн 19.1-д заасан зөвхөн барилга байгууламжийн нэр томъёоны тодорхойлолтыг тусгаж өгсөн байх боловч цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээг анхаараагүй юм. “Г” ХХК нь шугам хоолойн өмчлөлийн асуудлаар ямар нэгэн маргаан үүсгээгүй байхад “хариуцагч ч мөн шугам хоолойн асуудлын талаар өмчлөгчөөр тогтоолгох эрхгүй болох юм” гэсэн нь өрөөсгөл ойлголт юм. Дээрх хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгч “Т” ХХК, “Э” ХХК нарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох учиртай.

4.2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Т” ХХК-ийн ЦТП 2.7.2-2.7.3 дугаар худгийн шугам болон ЦТП 2.7.3-2.7.4 дугаар худгийн шугамын хамтран эзэмших эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн тухайд:

Д.Б-аас сангийн шугамын үнэ гэх гүйлгээний утгатай 10,000,000 төгрөгийг 2019.10.14-ний өдөр Э руу шилжүүлсэн байна. Энэ баримтыг үндэслэж шугам хоолойн хамтран эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгодог. Шугам хоолойн барилгын ажил нь 2019.10.01-ний өдөр ашиглалтанд орсон байдаг. Шугам хоолойн барилгын ажил дууссанаас хойш Д.Б нь холбогдож шугамаас холболт хийлгэх талаар ярилцаж, холболт хийж авсны хөлсөнд 10,000,000 төгрөгийг өгсөн юм. Хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл “Т” ХХК нь өөрийн эзэмшлийн газраа “Прогресс цамхаг групп” ХХК руу шилжүүлсэн нь харагддаг. Газар доорх худгийн шугам хоолой нь газраас салгамагц үнэ цэнээ алдах бөгөөд газрын эзэмшигч, өмчлөгч нарын өмчлөлд шилжих боломжгүй юм. Учир нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль болон Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар өмчлөх эрх нь улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр үүсэхээр зохицуулсан бөгөөд газар доорх худгийн шугам хоолойг улсын бүртгэлийн байгууллагад бүртгэх ямар нэгэн зохицуулалт байхгүй бөгөөд шугам хоолойд хувийн хэрэг үүсгэх, өмчлөлийн гэрчилгээ гаргах боломжгүй тул нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарласан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйл “Хэрэглэгчийн эрх, үүрэг”-ийн 15.1.10 дахь хэсэгт “хангагчаас олгосон техникийн нөхцөл, зөвшөөрөл, батлагдсан зураг төслийн дагуу өөрийн эзэмшлийн шугамаас бусад хэрэглэгчийг холбуулах эрхтэй” гэж заасан. Тус хуулийн заалтын дагуу хариуцагч “Г” ХХК нь “Ц” ТӨХК-аас олгосон техникийн нөхцөлтэй, өөрийн эзэмшлийн шугам хоолойноос холболт хийж өгөхийг хүссэн байгууллагад холболт хийж өгсөн юм. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн шугам хоолойнд зориулж өгсөн гэх труба нь өөрийнх нь холболт хийх зориулалтаар өгсөн, өөртөө зориулж гаргасан труба болохоос тухайн маргаан бүхий шугам хоолойнд зориулж өгсөн труба хоолойнууд биш юм. Мөн нэхэмжлэгч “Э” ХХК болон гуравдагч этгээд “Т” ХХК-ийн өгсөн мөнгө нь тухайн үед өөрийн эзэмшиж байсан барилга руу холболт хийлгэхээр өгсөн мөнгө болохоос маргаан бүхий шугам хоолойнд зориулж өгсөн мөнгө биш юм.

Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн өмгөөлөгч Г-ын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2025.06.06-ны өдрийн 001/ШХТ2025/00575 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

7. Нэхэмжлэгч “Т” ХХК, “Э” ХХК-ууд нь “Г” ХХК-д холбогдуулан ... байрлах ЦТП-ийн 2.7.2-2.7.4 дүгээр худгийн шугамын хамтран өмчлөгчөөр тогтоолгох, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Т” ХХК маргаж буй шугамын хамтран эзэмшигчээр тогтоолгох шаардлага гаргасан, хариуцагч нь дээрх шугамын шударга эзэмшигчээр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч нар болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “...2019.09.09-ны өдөр төрийн байгууллагын төлөөлөл болох “У” ОНӨХК-ийн төлөөлөл, Орхон аймгийн ЗДТГ-ын дэргэдэх ГХБХБГ-ын дарга, хувийн өмчит хуулийн этгээдийн төлөөлөл уулзаж, “У” ОНӨХК-ийн 2-р микро 7-р байрны ЦТП-ээс дулаан, цэвэр усны 64м, 5 хос шугам татахаар тохиролцож тэмдэглэл үйлдсэн. Уулзалтын үр дүнд нийт 64м шугам хоолойг гүйцэтгэхээр, үүнээс 29м шугамын зардлыг 5 компани хувааж төлөх (24,020,926) 35м шугамыг 4 компани хувааж (28,990,773) төлөхөөр, ажлыг “Г” ХХК хийж гүйцэтгэхээр болсон. Ингээд тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нар шугам хоолой татахад шаардагдах хөрөнгөө оруулж, хариуцагч “Г” ХХК шугам хоолойг татсан. Гэтэл “Г” ХХК нь уг шугамыг дангаар эзэмшдэг гэх болж, уг шугамыг орон нутагт худалдах асуудал тавьсан бөгөөд түүгээр үл барам хөрш зэргэлдээ шугамыг ашиглаж байгаа хэрэглэгч, дээр дурдсан компаниудын эрх ашгийг зөрчин, хөрөнгө оруулсан мөнгийг эргүүлэн шилжүүлж шугамыг тасална хэмээн сүрдүүлж эхэлсэн тул шугамын хамтран эзэмшигч, өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан. ...сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж тайлбарласан,

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: “...2019.09.09-ний өдрийн уулзалтаар маргаж буй 64м шугам сүлжээг хамтран хөрөнгө оруулж, татахаар харилцан тохиолцсон боловч уулзалтын дараа нэхэмжлэгч нар хөрөнгөө оруулаагүй, ямар нэг арга хэмжээ авахгүй байсан тул манай компанийн хувьд барилгын ажлаа ашиглалтад оруулах шаардлагатай байсан тул шугам хоолой татах шаардлагатай бүх зардлыг гаргаж, шугам хоолойг татсан, иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, харин дээрх 64м шугам хоолойн шударга эзэмшигчээр тогтоолгуулах, улмаар 2019.09.09-ны өдрийн уулзалтын тэмдэглэл хуульд заасан хамтран ажиллах гэрээний шаардлагыг хангаагүй тул  хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна....” гэж маргажээ.

8. Хэдийгээр хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон адил шийдвэр гаргасан боловч маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, шийдвэр, магадлал ойлгомжгүй байх тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

9. Зохигчийн тайлбар зөрүүтэй, хэрэгт цугларсан баримтаар маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзэх дараах үндэслэл тогтоогдлоо. 

9.1. Нэхэмжлэгч нар болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...Компаний үйл ажиллагаа явуулахтай холбоотойгоор “У” ОНӨХК-аас 2-р микро 7-р байрны ЦТП-2.7.2 дахь худгаас ЦТП-2.7.4 дэх худаг хүртэлх 64м дулаан, цэвэр усны шугам татах ажиллагааг 2019.09.09-ний өдрийн уулзалтаас хамтран гүйцэтгэхээр, үүнээс эхний 29м шугамын зардлыг 5 компани /24,020,926/, үлдэх 35м шугамыг 4 компани /28,990,773/ хувааж төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч “Т” ХХК шугам хоолой татахад шаардлагатай 5 төрлийн /3хар, 2 цагаан/ труба төмрийг өгч /20,718,000 төгрөгийн үнэ бүхий/ шугам хоолой татсан, нэхэмжлэгч “Э” ХХК 8,000,000 төгрөгийг хөрөнгө оруулсан, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Т” ХХК 13,540,000 төгрөгийн хөрөнгө оруулсан, хариуцагч “Г” ХХК гүйцэтгэлийн ажлыг хийсэн, ...иймд тус шугам хоолойн хамтран өмчлөгч, эзэмшигчээр тогтоож өгнө үү...” гэж тайлбарласан бол,

Хариуцагч “Г” ХХК: “...2019.09.09-ний өдрийн уулзалтаар дулаан, цэвэр усны шугамыг хамтран татахаар тохиролцсон боловч нэхэмжлэгч нар ямар нэг санаачилга гаргаагүй, ажлаа эхлэхгүй байсан, манай компани барилга байгууламжаа барьж ашиглалтад оруулах шаардлагатай байсан тул өөрийн хөрөнгөөр шугам хоолойн угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн, 64м дулаан, цэвэр усны шугам татах ажиллагаанд 100 гаруй сая төгрөгийн зардал гаргаж, шугам сүлжээг ашиглалтад оруулсан...” гэж маргаж, дээрх үндэслэлээр тус шугам хоолойн шударга эзэмшигчээр тогтоолгох шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022.03.31-ний өдрийн 125 дугаартай “Г” ХХК-д Хариу хүргүүлэх тухай тоотод “Оюут багийн нутаг дэвсгэр МСҮТөвийн урд талд байрлах УДХТөв 2.7-гоос зүүн тийш салбарлан гарсан 2-р хэлхээний шугамын өргөтгөх “Цтанц” ТӨХК-ийн №ЭУ-13/007-А техникийн нөхцөл, батлагдсан ажлын зургийн дагуу одоо байгаа ДХ-2 худгаас танай шинээр хийсэн ДХ-4 худаг хүртэлх 64м урт 3ф159мм болон 2ф108мм-ийн гадна дулаан цэвэр усны шугам угсралтын ажлыг “GG” центр үйлчилгээний барилгын хамт барилга ашиглалтад оруулах комиссын 2019.12.27-ны өдрийн 34/19 дүгээр дүгнэлтээр хүлээж авсан байна” гэжээ.

Дээрх баримтаар маргаж буй гадна дулаан, цэвэр усны 64м шугам ашиглалтад орсон болох нь тогтоогдсон байна.

9.2. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж нь төрийн болон орон нутгийн өмчид байна гэж, 3 дугаар зүйлийн 3.1.4-т ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж гэж гүний болон гадаргын ус ашиглан ус олборлох, цэвэршүүлэх, цуглуулах шугам сүлжээ, усан сан, шахуургын станцыг, 3.1.5-д шугам сүлжээ гэж цэвэр ус дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах байгууламжийг, 3.1.6-д цэвэр ус дамжуулах шугам гэж ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжаас ус дамжуулах төв болон удирдах зангилааны тоолуурын өмнөх хаалт хүртэлх шугам сүлжээг тус тус ойлгоно гэж зохицуулжээ.

Гэтэл нэхэмжлэгч нар нь 64м дулаан, цэвэр усны шугам хоолойн хамтран өмчлөгчөөр, хариуцагч тухайн хоолойн шударга эзэмшигчээр тогтоолгох шаардлага гаргаж байгаа нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн эсэх, хэрэглэгч ямар тохиолдолд тухайн шугамын өмчлөгч, эзэмшигч байж болох талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй буюу маргаж буй дулаан, цэвэр усны шугам нийтийн зориулалттай магистраль шугам эсхүл нэхэмжлэгч, хариуцагч нарын өөрсдийн хэрэгцээг хангах хэрэглээний шугамын аль нь болох нь тодорхойгүй байна.

9.3. Түүнчлэн шугам хоолойн угсралтын ажилд оруулсан гэх хөрөнгө нь баримтаар нотлогдсон эсэх, ямар баримтыг үндэслэн шийдвэр гаргасан болох, нэхэмжлэлд дурдснаар шугам хоолойн ажлын нийт үнийн дүн 53,011,699 /24,020,926+28,990,773/ төгрөгийг хэрхэн тодорхойлсон болон хариуцагчийн тус хоолойн угсралтын ажилд 100 гаруй сая төгрөгийн зардал гаргасан гэх тайлбарыг няцаагаагүй атлаа дээрх шугам хоолойн хамтран өмчлөгч, эзэмшигчээр нэхэмжлэгч, хариуцагч хэн алиныг тогтоосон нь ойлгомжгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, тус шугам хоолойн хамтран өмчлөгч, эсхүл хамтран эзэмшигч байх нь өөр өөр үр дагавартайг анхаараагүй байна.

9.4. Маргааны зүйлийн талаар буюу ... байрлах УДХТөв 2-7-оос зүүн тийш салбарлан гарсан ЦТП-2.7.2 худгаас ЦТП-2.7.4 худаг хүртэлх 64м урт 3ф159мм, 2ф108мм-ийн гадна дулаан, цэвэр усны шугам нь хот суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, шугам сүлжээнд хамаарах эсэхийг мэргэжлийн байгууллагаас тодруулж, тухайн маргаанд төрийн байгууллагын эрх ашиг хөндөгдөж буй эсэх, улмаар эрх бүхий байгууллагыг хэрэгт оролцуулах, холбогдох этгээдээс тайлбар авах шаардлагатай зэргийг тодруулах байжээ.

10. Дээр дурдсан нөхцөл байдал, үйл баримтыг тогтоолгүйгээр хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 312/ШШ2025/00062 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 207/МА2025/00031 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Г” ХХК-аас 2025.05.05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                               ШҮҮГЧИД                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                                      Н.БАЯРМАА

                                                                                                      Д.ЦОЛМОН

                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД