Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 97

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль,

шүүгдэгч Э.Бямбадорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Энхбаатарын Бямбадоржид холбогдох эрүүгийн 201719000014 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шүүн хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол улсын иргэн, 1994 оны 07 сарын 31-ний өдөр төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 22 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт, Төв аймгийн Өндөрширээт сумын 2 дугаар багт суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Тайж овогт Энхбаатарын Бямбадорж /РД:НР94073119/ гэв.

 

            Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Э.Бямбадоржид нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Зуунмод сумын Зүүндэлгэр багийн иргэн Н.Батболдын хашаанаас 0138 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр А.Батбаярын 1 тооны адууг зарж өгнө гээд авч яваад залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд

Шүүгдэгч Э.Бямбадорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Батбаяр ах  намайг 600000 төгрөгөөр ч хамаагүй гүү зараад өгөөч гэсэн. Би гүүг Налайхад зарчихаад 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр мөнгийг нь өгөх ёстой байсан ч би мөнгийг нь үрчихсэн гэв.

 

Хохирогч А.Батбаяр нь хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдр Бямбаа гэдэг хүнтэй уулзаад “надад нэг сувай гүү байгаа юм, зармаар байна” гэтэл Налайх руу аваачаад зарчих, дорхноо зарагддаг юм гэхээр нь хамт явж заръя гэж тохиролцоод 2016 оны 10 сарын 07-ны орой Бямбаа над руу 89442829 гэсэн дугаараас залгаад “одоо аваад явчихъя, би унаатай болчихлоо” гээд миний бүдүүн сувай гүү /12 настай/-г маань Зүүндэлгэрт Батболд гэдэг айлын хашаанаас портер маркийн 01-37 ТӨВ улсын дугаартай, Пүрэвсүрэн гэдэг жолоочтой ачаад явсан. Би тухайн үед өөрөө очоогүй. Батболд руу гар утсаар хэлж ачуулсан ба урд өдөр нь Бямбадорж, Пүрэвсүрэн нар очиж үзсэн байсан юм. Тэгээд зарчихаад мөнгийг нь аваад ирнэ гээд сураггүй алга болсон. Сүүлд нь 20-иад хоногийн дараа би гар утас /99201057/ руу нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр залгахад “одоо данс руу чинь шилжүүллээ” гэж хэлээд утсаа салгаад алга болсон. Адуу өгөхөөс өмнө ээжийнх нь 99786936 дугаарын гар утсаар холбогдож байсан. Батболд өөрөө болон эхнэр Оюунгэрэл нар байсан. Пүрэвсүрэн би мэдэхгүй, танихгүй гээд байгаа. Уг нь найзууд гээд цуг явж байсан юм. Батболд өөрөө болон эхнэр Оюунгэрэл нар байсан. Пүрэвсүрэн би мэдэхгүй, танихгүй гээд байгаа. Уг нь найзууд гээд цуг явж байсан юм. Надад 600 000 төгрөг өгнө гэсэн. Илүү гарсаныг нь өөрсдөө авна гэсэн. Би адуугаа 800000 төгрөгөөр үнэлж байна. Урд гаргасан үнэлгээг зөвшөөрөхгүй дахин үнэлгээ гаргуулна. Гомдолтой байна. Хэргийн материалтай танилцана шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн мэдүүлэг /хх-24 тал/,

Гэрч Ө.Энхтуяа хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: Би Э.Бямбадоржийн төрсөн эх нь байгаа юм. Би Э.Бямбадоржийг 1994 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрүүлсэн. Эцэг Энхбаатар нь 2010 онд нас барсан. Би одоо хаана байгааг нь мэдэхгүй байна гар утасгүй явж байгаа. Очиж болох айлууд гэвэл Өндөрширээт суманд Энхбаатарын Даваасүрэн /98808785/ гэж эгч нь байгаа, нөхрийг нь Батбаяр гэдэг. Ах Энхбаатарын Баасансүрэн /98626323/ Улаанбаатар хотод байдаг. Ах Энхбаатарын Баасандорж нь Тавантолгой хавьцаа айлын мал малладаг. Бямбадорж 2016 оны 10 дугаар сарын эхээр манайд 3 хоночихоод явсан. Хүний адуу авч явсан талаар нь мэдэхгүй байна. Уг нь гайгүй, архи дарс уудаг эсэхийг нь мэдэхгүй байна. Би хадам эгч Нармандахад 3 настай байхад нь өргүүлсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-25 тал/,

            Гэрч Н.Батболд хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: Манай Зүүндэлгэрт байх хашаанд миний найз Батбаяр хээр  зүстэй бүдүүн гүүг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зарна гэж авчирч тавьсан. 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Батбаяр 2 хүн дагуулж ирж адуугаа үзүүлсэн. Намайг 2016 оны 10 дугаар сарын 07-ны орой гэртээ байхад Батбаяр утсаар “өчигдөрийн адууг үздэг хоёр хүн очино, өгөөд явуулаарай” гэж хэлсэн. Тэгээд орой 18 цаг 00 минутын үед Бямбадорж, Пүрэвсүрэн нар 01-38 ТӨВ дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд Батболдын адууг зарж өгнө гээд Налайх явж байна гээд аваад явсан. Аваад явлаа гэж л хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Манай эхнэр Оюунгэрэл байсан” гэсэн мэдүүлэг /хх-28 тал/,

            Гэрч А.Балжинням хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Бямбадоржтой хамт Пүрэвсүрэнгийн машинаар Зүүндэлгэрт байдаг Батбаяр гэдэг хүний хээр зүсмийн сувай гүүг авч яваад Налайх дүүргийн Цайз захад 300000 төгрөгөөр зарсан. Мөнгийг Бямбадорж авсан. Тэндээсээ бид 3 цугтаа Улаанбаатар хот ороод Офицеруудын ордны тэнд байдаг зочид буудалд орж архи уусан. Тэнд бид 3 хоносон. Бямбадорж найз охинтойгоо хоносон. Нэрийг нь мэдэхгүй байна. Маргааш өглөө 12 цагийн үед салцгаасан. Бид 3 Пүрэвсүрэнгийн хөх өнгийн Портер машинтай явсан. Би мэдээгүй. Намайг Төв аймгийн төвд явж байхад /урд өдөр нь Бямбадоржтой цуг ирсэн юм/ Бямбадорж хүний адуу зарах гэж байгаа юм цугтаа явъя гэхээр нь би хүлээж байгаад орой хамт явсан. Би тухайн үед эзэнд нь мөнгийг нь өгөөч гэж хэлсэн. Бямбадорж 2016 оны 10 дугаар сарын 12-ны өмнө эзэнд нь өгчихнө. Би одоо өөр хүнд мөнгө өгөх ёстой гэж хэлсэн. Бямбадорж гаргасан. Пүрэвсүрэн бид 2 мөнгө төгрөг чинь зүгээр үү гэж асуусан. Өөрөө би төлчихнө та хоёр санаа зоволтгүй гэсэн. 100 000 төгрөг үрсэн байх. Бямбадорж л манай нэг ах хүү адуу зараадъя гээд байна Пүрэвсүрэнг хүргээд өг гээд 20 000 төгрөгөнд түлш хийсэн байсан. Ченжийг нь би танихгүй. Бямбадорж өөрөө тэр хүнтэй үүлзсан. Пүрэвсүрэн тийм зүйл яриагүй. Бямбадорж л өөрөө мэдэж байна гээд байсан. Би Бямбаагийнд ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-30 тал/,

            Гэрч Д.Пүрэвсүрэн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр найз Бямбадорж Налайх руу адуу хүргээд өг гэхээр нь хадам аав Чимэдсүрэнгийн 01-38 ТӨВ улсын дугаартай Портер маркийн машинаар Зүүндэлгэрт байдаг Батболдын хашаанаас Батбаяр гэдэг хүний улаан хээр зүсмийн соёолон гүүг ачаад Налайх дүүргийн нядалгааны газарт аваачиж өгсөн. Би тэр талаар нь мэдэхгүй. Налайхын цэргийн ангийн тэнд нядалгааны газар оруулаад 350000 төгрөгөөр зарчихлаа гэж хэлсэн. Надад аймгаас явахад түлш хий гэж 40 000 төгрөг өгсөн. Би Батбаяраас худалдаж авч байгаа юм гэж хэлсэн. Бид хоёроос гадна Балжинням гэдэг залуу явсан. Бид  3 Улаанбаатар хотод Офицеруудын ордны тэнд нэг зочид буудалд 3 эмэгтэйтэй хоносон. Архи уусан. Би мөнгөө үрэх гээд болж байгаа юм уу гэж Бямбадоржоос асуусан. Гэтэл Бямбадорж би адууны эзэнд би мөнгийг нь удахгүй өгчихнө гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-31 тал/,

            Иргэний нэхэмжлэгч З.Чимэдсүрэн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: Манай хүргэн Д.Пүрэвсүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр миний өөрийн эзэмшлийн 01-38 ТӨВ улсын дугаартай Портер маркийн машинаар найз Бямбадоржийн гуйлтаар А.Батбаяр гэдэг хүний адууг Налайх дүүрэгт хүргэж өгсөн ба Бямбадорж нь А.Батбаярыг залилсан гэмт хэрэг үйлджээ. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 01-38 ТӨВ улсун дугаартай Портер маркийн машины битүүмжлэлийг зогсоож өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-129 тал/,

 

            -Хохирогч А.Батбаярын Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-02 тал/,

            -эд зүйлийн үнэлгээ /хх-12 тал/,

            -Зуунмод сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-33 тал/,

            -01-38 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-51 тал/,

            -Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-127 тал/

            -Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-131 тал/,

            -Хөрөнгө битүүмжлэсэн тэмдэглэл /хх-132 тал/,

            -Зуунмод сумын үнэлгээний комиссын Портер маркийн тээврийн хэрэгслийн  үнэлгээ /хх-133 тал/,

            -Хохирогч А.Батбаярын гаргасан хүсэлт /хх-149-150 тал/,

 

            Э.Бямбадоржийг 2017 оны 02 сарын 10-ны өдөр сэжигтнээр /хх-141-142 тал/, 2017 оны 02 сарын 17-ны өдөр яллагдагчаар /хх-145 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

 

            -Э.Бямбадоржийг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд ял шийтгэл үгүй гэх лавлагаа  /хх-38 тал/ зэрэг болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Бямбадорж нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Зуунмод сумын Зүүндэлгэр багийн иргэн Н.Батболдын хашаанаас 0138 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр А.Батбаярын 1 тооны адууг зарж өгнө гээд авч яваад залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.Батбаяр, гэрч Н.Батболд, А.Балжинням, Д.Пүрэвсүрэн нарын мэдүүлэг, Зуунмод сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ/хх-33тал/, шүүгдэгч Э.Бямбадоржийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Э.Бямбадоржийн холбогдсон Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр шүүгдэгч Э.Бямбадоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Хохирогч А.Батбаяр нь шүүгдэгч Э.Бямбадоржтой сайн дураараа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.           

 

         Шүүгдэгч гэрч Д.Пүрэвсүрэн нь шүүгдэгч Э.Бямбадоржийг Налайх руу адуу хүргээд өгөөч гэсэн гуйлтын дагуу өөрийн хадам аав З.Чимэдсүрэнгийн эзэмшлийн 01-38 ТӨВ улсын дугаартай Портер маркийн машинаар Төв аймгийн Зүүндэлгэрт байрлах хохирогч А.Батбаярын гүүг Налайх дүүргийн нядалгааны газарт аваачиж өгсөн нь байна.

          01-38 ТӨВ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэглийн эзэмшигч З.Чимэдсүрэн нь хэрэг учрал гарах үед байгаагүй, тээврийн хэрэгслийг жолоодоогүй түүний хүргэн Д.Пүрэвсүрэн нь 01-38 ТӨВ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэглийг жолоодож явсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг зөөж тээвэрлэж байгааг З.Чимэдсүрэн болон Д.Пүрэвсүрэн нар нь мэдээгүй байх тул 01-38 ТӨВ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг хураах үндэслэлгүй байна.

            Иймд 01-38 ТӨВ улсын дугаартай Портер маркийн хөх өнгийн тээврийн хэрэгсэл битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 01-38 ТӨВ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэглийг хууль ёсны эзэмшигч З.Чимэдсүрэнд нь олгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг хураагдан ирээгүй, шүүгдэгч Э.Бямбадорж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

           

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Тайж овогт Энхбаатарын Бямбадоржийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Э.Бямбадоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          3.Энэ хэрэгт шүүгдэгчийн бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.Бямбадорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

          4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2500000 төгрөгийн үнэ бүхий 01-38 ТӨВ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг  хүчингүй болгож, 01-38 ТӨВ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч З.Чимэдсүрэнд нь буцаан олгосугай.  

 

          5.Э.Бямбадоржид авсан бусдын батлан даалтанд өгөх тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

        6.Шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Э.Бямбадоржид бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.ОТГОНЖАРГАЛ