Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 130/ШШ2021/00886              

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар багт оршин суух, А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий  сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Х ХХК-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагчийн өмгөөлөгч З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Үйлдвэрийн ослын улмаас нас барсан ажилтны ар гэрт 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 24 174 059 төгрөг, оршуулгын тэтгэмж 1000 000 төгрөг бүгд 25 174 059 гаргуулах тухай

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О нь Баян-Өлгий аймгийн нүүрсний уурхайн Х- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0000 дугаартай тушаалаар тус уурхайд ажиллаж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр уурхайн талбайд үйлдвэрлэлийн осолд орж нас баржээ.Тус хэргийг Увс аймаг дахь Цагдаагийн газраас шалгаж Увс аймгийн Прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 0000000 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж тухайн хэрэгт А-г амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулжээ.Дараа нь Увс аймгийн Прокурорын газрын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 00000000 дугаартай тогтоолоор тухайн хэрэгт А, Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.Мөн 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Х-ХХК-ийн дэд захирал Ш-гээс иргэний хариуцагчаар мэдүүлэг авахад тэрээр хууль журмын дагуу нэхэмжилсэн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг компанийн зүгээс төлж барагдуулахаа илэрхийлж мэдүүлсэн ба мөн өдөр 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг 2021 оны 07 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А-д гар баримт бичиж өгсөн байна.Увс аймгийн Прокурорын газрын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаартай тогтоолоор тухайн хэргийг Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно” гэж, мөн зүйлийн 97.1.2-т “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа” гэж тус тус хуульчилжээ.Ажил олгогч болох Х ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлбөрийг төлөхөөр болж мэдүүлэг өгч, гар баримт үйлдсэн боловч хэрэг хэрэгсэхгүй болсны дараа нөхөн төлбөр төлөхөөс үндэслэлгүй татгалзаж хуульд заасан үүргээ биелүүлэхгүй иргэн хүнийг хохироож байна.2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Энэ хуулийн 4.1, 5.1, 5.2, 5.3, 6.1, 6.2, 6.3,6.4-т заасны дагуу эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон нь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл шаргах эрхтэй” гэж хуульчилсны дагуу нөхөн төлбөр гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны бүтэн ажилласан сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тогтоох бөгөөд талийгаач О нь ажилгүй болохоос өмнөх 3 сард буюу 2020 оны 10 дугаар сард 571646 төгрөгийн, мөн оны 11 дүгээр сард 619095 төгрөгийн, мөн оны 12 дугаар сард 823764 төгрөгийн цалин хөлс авсан байна.Үүнийг ажилласан 3 сард хуваахад нэг сард 671501 төгрөгийн /571646+619095+823764 =2,014505:3 сар=671501 / төгрөгийн цалин авч байсан байна.Үүнийг 36 сараар тооцвол нийтдээ 24,174,059 /671501 төгрөг х 36 сар =24,174,059 / төгрөгийн нөхөн төлбөр олгох хууль зүйн үндэстэй байна.

2.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 36 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно" гэж, мөн зүйлийн 2-т “Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол оршуулгын тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүйгээр олгоно” гэж тус тус хуульчилжээ.

Талийгаач О нь үйлдвэрлэлийн ослын улмаас нас барах үед 36 сараас доошгүй хугацаагаар тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлөөгүй боловч үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан учир оршуулгын тэтгэмж олгох ёстой байжээ.Гэвч ажил олгогчийн зүгээс хууль, холбогдох журмуудад заасан үүргээ эс биелүүлж үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх акт, дүгнэлт гаргаж өгөөгүйгээс түүний ар гэр оршуулгын тэтгэмжийг авч чадаагүй хохирсон байна.Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 3.8-д “Комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого шарснаас хойш 48 цагийн дотор судлан бүртгэх бөгөөд акт үйлдэн комиссын дарга, гишүүд шарын үсэг зурж, байгууллагын тамга, тэмдэг дарсан байна” гэж, 3.9-т “Ажил олгогч үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэж дууссанаас хойш ажлын 3 өдөрт багтаан холбогдох актыг хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид хүргүүлнэ” гэж, 3.10-т “Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн актыг хөдөлмөрийн хяналтын, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч ажлын 5 хоногт багтаан тус тус хянан баталгаажуулна” гэж, 3.13-т “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судалж бүртгэсэн акт, дүгнэлтийг 4 хувь үйлдэж, харьяа нийгмийн даатгалын хэлтэс, орон нутгийн хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид хүргүүлэх бөгөөд осолдогч буюу түүний гэр бүлд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судалж бүртгэсэн актыг өгнө” гэж тус тус зохицуулсан боловч актыг талийгаачийн ар гэрт одоо хүртэл өгөөгүй байна.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын сангаас олгох'тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйл, Цэргийн/албан хаагчийн тэтгэвэр,тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршуулгын тэтгэмжийн хэмжээг 1 000 000 төгрөг (нэг сая)-өөр шинэчлэн тогтоож, 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж байна.Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас болж оршуулгын тэтгэмжийг авч чадаагүй тул буруутай этгээдээс нэхэмжилж байна.

Иймд энэхүү нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтны ар гэрт олгох 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 24,174, 059 /хорин дөрвөн сая нэг зуун далан дөрвөн мянга тавин есөн/ төгрөг, оршуулгын тэтгэмж 1,000,000 /нэг сая/ төгрөг, 25,174,059 /хорин таван сая нэг зуун далан дөрвөн мянга тавин есөн/ төгрөгийг “Х” ХХК-ийн санхүүгээс гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А-д олгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч З.Кадирхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Кадирхан миний бие “Үйлдвэрийн ослын улмаас нас барсан ажилтны ар гэрт 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 24 174 059 /хорин дөрвөн сая нэг зуун далан дөрвөн мянган тавин есөн/ төгрөг, оршуулгын тэтгэмж 1000 000 /нэг сая/ төгрөг бүгд 25 174 059 /хорин таван сая нэг зуун далан дөрвөн мянган тавин есөн/ гаргуулах тухай” нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакены гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1.“Х” ХХ-ийн ажилтан О нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байршилтай “Х” ХХК-ийн нүүрсний ил уурхайн үйлдвэрийн талбайд 2021 оны 01-р сарын 16-ны өдөр цэвэрлэгээний ажил үүрэг гүйцэтгэж яваад тухайн үйлдвэрийн талбайд “Х” ХХК-ийн эзэмшлийн 55-78 УН улсын дугаартай авто ачигч /ковш/-ийн шанаганд сууж яваад, механик хөдөлгөөний явцад дүүжлэгдэн савлаж, өндрөөс унаж нас барсан байх бөгөөд тухайн үйлдэл хор уршиг нь “Х” ХХК-ийн авто ачигч /ковш/-ийн оператор Ө, талбайн мастер А нарын “гэм буруутай” үйлдлийн улмаас үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүй хохироох” гэмт хэрэг болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдож, Увс аймгийн Прокурорын газрын 2021 оны 06-р сарын 25-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” 0000000 дугаартай тогтоол, Увс аймгийн Прокурорын газрын 2021 оны 07-р сарын 23-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 07 дугаартай тогтоол зэрэг хуулийн хүчин төгөлдөр эрхийн актуудаар батлагдсан байна.Яллагдагч Ө, А нарын гэм буруу тогтоогдсон, талийгаач О нь яллагдагч Ө, А нарын гэмт үйлдлээр нас барсан нь тогтоогдсон боловч 2021 оны 07-р сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай“ Монгол Улсын хуулийн холбогдох заалтаар хэргийг өршөөж хэрэгсэхгүй болгосон байна.Энэ нь гэмт хэрэг үйлдэж, гэм хор учруулсан этгээдүүд болох Ө, А нарыг гэм хорин хохирол төлөхөөс чөлөөлөх үндэслэл биш гэж үзэж байна. Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 508-р зүйлд зааснаар гэм хорын хохирлыг Ө, А нар хариуцах, уг хэрэгт хамтран хариуцагчаар оролцох учиртай гэж үзэх байна.

2.Ажилтан О нь тухайн өдөр уурхайн талбай дотор гар аргаар цэвэрлэгээний ажил хийх зааварчилгаа авч, цэвэрлэгээний ажилд томилогдсон байхад өөрийн чиг үүрэгт хамааралгүй ажил болох авто ачигч /ковш/ механизмын шанаганд суусан, түүнээс болж эрсдэлд учирсан явдалд “Х” ХХК-ийг буруутгах боломжгүй болно.Учир нь талийгаач О нь яллагдагч А, Ө нарын гэмт үйлдлийн улмаас амь насыг алдсан болох нь Увс аймгийн Прокурорын газрын 2021.06.25-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэх, яллагдагчаар татах тухай” 0000000 тоот дугаартай, Увс аймгийн Прокурорын газрын 2021.07.23-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 07 дугаартай тогтоолуудаар батлагдаж байна.

3.Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрийн осол, мэргэжилтнээс шалтгаалсан өвчний тэтгэвэр тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлд өртөхийг үйлдвэрийн осол гэнэ” гэж, мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д “ажлын байрандаа болон бусад газарт ажил үүргээ гүйцэтгэх явцад” гэж заасан байна.

Тухайн үед талийгаач О нь авто ачигч машинаар ажил үүрэг гүйцэтгэх чиг үүрэггүй, гар аргаар цэвэрлэгээний ажил үүрэг гүйцэтгэх чиг үүрэгтэйгээр ажил үүргийн хуваарьтай, талбайн зааварчилгаа авч ажил үүргээ гүйцэтгэж байсан тул дур мэдэн ковшийн шанаганд сууж яваад осолд орсон нь “үйлдвэрийн осол” гэж үзэх боломжгүй байна.Хувь хүмүүс болох А,Ө нарын хууль бус үйлдлээс болж талийгаач О амь насаа алдсан нь Прокурорын газрын тогтоолоор нотлогдсон тул Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч тэтгэвэр тэтгэмж, төлбөр хариуцах боломжгүй болно.

4.Ажилтан О нь дур мэдэн өөр ажил үүрэг гүйцэтгэх явцад осолд орж амь насаа алдсан болох нь хэргийг мөрдөн шалгах явцад эрх бүхий байгууллагаас гаргасан 2021 оны 03-р сарын 22-ны өдрийн “Үйлдвэрийн ослын тухай “ 0000 дугаартай “Шинжээчийн дүгнэлт”-ийн 4 дэх заалтаар давхар батлагдаж байна.

5.Монгол улсын Засгийн газрын 2015 оны 269 дугаар тогтоолоор батлагдсан дүрмийн дагуу орон тооны бус комиссын дүгнэлт гарч байж Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан нөхөн төлбөр олгогдох журамтай. Нэгэнт эрх бүхий комисс шийдвэр гаргаагүй, шинжээчийн дүгнэлт “үйлдвэрийн осол” гэж үзээгүй байх тул “Х” ХХК нь нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй болно.

6.Харин золгүй ослын улмаас хүний алтан амь нас хохирсон, ар гэрийн байдалд хүнд гачигдал учирсан, “Х” ХХК нь ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зохих дэмжлэг үзүүлэх зорилго, чиг үүрэгтэй ажиллаж ирсэн уламжлалыг дагаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсэг болох 12 000 000 /арван хоёр сая/ төгрөг нөхөн олгоход татгалзах зүйлгүй гэдгийг талийгаач О-гийн эцэг А-д илэрхийлсэн байгаа.Нэхэмжлэгч, хариуцагч тал асуудлыг эвлэрлийн журмаар шийдвэрлэх боломжтой гэдгийг санал болгож байна.Тухайн үед “Х” ХХК-ийн зүгээс 2 500 000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийн хэмжээнд мөнгөн тусламж үзүүлж байсан болно.

7.Оршуулгын тэтгэмж авах эрх нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар зохицуулагдаж, даатгуулагчийн тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн хугацаагаар хэмжигдэх тул даатгуулагч О-гийн шимтгэл төлөх хугацаа хүрээгүй явдалд “Х” ХХК-ийн буруутай үйлдэл байхгүй юм. Нэгэнт хуульд заасан болзол хангаагүй учир Нийгмийн даатгалын сангаас оршуулгын тэтгэмж олгоогүй байна гэж харж байна.Тухайн нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэхгүй байна.

Иймд “Х” ХХК-д холбогдох итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-гийн нэхэмжлэлийг нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж, хууль ёсны үндэслэлтэй шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд өнөөдрийн шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар баг Х багт оршин суух А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. А-гийн төлөөлөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан ар гэрт нь олгох ёстой 36 сарын цалинтай тэнцэхүйц нөхөн төлбөр 24174059 төгрөг, оршуулгын тэтгэмж 1000000 төгрөг, нийт 25174059 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг. А хүү О нь Баян-Өлгий аймгийн Нүүрс Х ХХК-ний захирлын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 20/19 дүгээр тушаалаар тухайн байгууллагад ажилд орсон байдаг. Тэгээд ажлаа хийж яваад 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр уурхайн талбайд үйлдвэрийн осолд орж нас барсан байдаг. Энэ хэргийн Увс аймаг дахь Цагдаагийн газар шалгаад А-г тухайн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулсан. Тухайн хэрэгт А, Ө нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан.  Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 2021 оны 7 дугаар сарын 03-ний өдөр Х ХХК-ний захирал Шаймуратаас иргэний хариуцагчаас татаж, иргэний хариуцагчаар мэдүүлэг авсан байдаг. Тухайн үед Шаймурат мэдүүлэг өгөхдөө уг 36 сарын цалинтай тэнцэхүйц төлбөрийг хүлээн зөвшөөрч байна, компани зүгээс уг төлбөрийг төлж өгнө, мөн уг мөнгийг 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төлж өгнө гэсэн баримтаа бичиж өгч байжээ. Тэгээд 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр прокуророос тухайн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэрэгсэхгүй болгожээ. Үүний дараа 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр өнгөрсөн байтал Шаймурат нь хуульд заасан 36 сарын цалинтай тэнцэхүйц нөхөн төлбөрийг олгоогүй. Тиймд өнөөдөр уг мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргасан. О-д тухайн үед цалин олгоход хийснээрээ олгодог байсан байна. 6 сарын хугацаанд цалинжихад янз бүрий цалин авч байсан болохоор 3 сарын дундаж 670501 төгрөгөөр тооцоолоод 36 сарын цалин нийтдээ 24174059 төгрөг гарж байгаа. Талийгаач О  нь нийтдээ 6 сарын хугацаанд ажилласан. Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 36 сараас доошгүй хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол оршуулгын тэтгэмж олгоно гэж заасан байгаа. Мөн хоёрдугаар заалтад даатгуулагч үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүйгээр олгох тухай заасан. Тэгээд энэ дагуу тэтгэмж олгох өгөх тухай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандахад үйлдвэрийн ослын актын гаргаж өгөөгүй. Үүнээс болоод уг тэтгэмжийг авч чадаагүй. Тийм учраас уг оршуулгын зардал хэмээн 1,0 сая төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Иймд шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүхэд гаргасан нас барсны нөхөн төлбөр 36 сарын цалинтай тэнцэхүйц нөхөн төлбөр 24174059 төгрөг, оршуулгын тэтгэмж 1000000 төгрөг, нийт 25174059 төгрөгийг нэхэмжилсэн, Х ХХК-д гүйцэтгэх захирал К-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож байна. хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэх өөрийнхөө байр суурийг дараах байдлаар илэрхийлж байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тухайгаа өөрийнхөө тайлбарт дэлгэрэнгүй тусгасан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр цэвэрлэгээний ажлын үүрэг гүйцэтгэж явсан Х ХК-ний ажилтан О осолд өртөж, Х ХК-ний эзэмшлийн 00000 УН улсын дугаартай авто ачигч ковшийн шанаганд сууж яваад механик хөдөлгөөний улмаас өндрөөс унаж, амь насаа алдсан хэрэг үйлдэлд холбогдсон байна. Энэ хэргийг нутаг дэвсгэрийн харьяаллын хувиар Увс аймгийн Прокурорын газар болон Увс аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгаж Увс аймгийн Прокурорын газраас зохих шийдвэрүүдийг гаргасан байна. Увс аймгийн Прокурорын газраас хэрэг нээж, оператор Ө, талбайн мастер Аскерхан нарыг уг хэрэгт гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний амь насыг болгоомжгүй хохироосон гэмт хэрэгт буруутаж, яллагдагчаар татсан боловч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, Увс аймгийн Прокурорын газрын 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 7 тоот тогтоолоор хүчингүй болсон байна. Эдгээр тогтоолууд юуг харагдуулж байна гэвэл Х ХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал болон Эрүүл ахуйн тухай хуулийг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй гэдгийг харуулж байна. Хоёрдугаар асуудал гэвэл эрх бүхий этгээд, шинжээчийн дүгнэлтээр шүүх хуралдаанд цуглуулсан 4 дэх заалтад ажилтан ажил үүргээ гүйцэтгэж яваад биш, өөрөө дур мэдэн очиж, уг эрсдэлд өртөх боломжийг бий болгосон мэтээр шинжээчийн дүгнэлт гарсан. Өнөөдөр энэ шинжээчийн хүчин төгөлдөр хэвээр байна. Гуравдугаарт Осолд бүртгэх, үйлдвэрийн осолд тооцох тухай Засгийн газрын тогтоол бий. Уг Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан үйлдвэрийн осолд тооцох дүрмийн заалт ёсоор бол комисс дүгнэлт гаргаж үйлдвэрийн ослыг баталгаажуулах учиртай. Үйлдвэрийн осол тогтоосон тухай акт гараагүй байна. Өнөөдөр хавтаст хэрэгт цугларсан хүчин төгөлдөр нотлох баримтуудын хүрээнд хэрэгт хамааралтайгаар нь үнэлэхийн болбол Х ХК-ний гэм буруугийн асуудал тогтоогдоогүй, үйлдвэрийн осолд тооцох боломжгүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан нөхөн төлбөрийн асуудал хөндөгдөх боломжгүй болоод байна. Нэгэнт ажил олгогч, хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажилтны нийгмийн асуудлыг байгууллагын зүгээс хүлээн үүрэг гэснээр нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсэг буюу 12,0 сая төгрөгийг төлж өгөхөө илэрхийлж байна. Үүнийг шүүх төлүүлэх тухай шийдвэрлэхэд хариуцагчийн зүгээс татгалзах зүйл байхгүй. Урьд нь бас 2500000 төгрөгийг бас тусламжийн хэлбэрээр нэхэмжлэгч талд олгож байсан. Оршуулгын тэтгэмжийн 1 сая төгрөгийн хувьд нэгэн үйлдвэрийн осолд тооцогдоогүй учраас ердийн ахуйн журмаар нас барсанд тооцогдсон байна. Энэ нь Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан болзлыг хангасан иргэнд оршуулгын тэтгэмж олгох учиртай. Гэтэл тэр хүний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа хүрээгүй явдал бол ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй. Ийм учраас үүнийг мөн адилхан шүүхээс хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Эцсийн эцэст хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хуулийг үндэслээд хууль ёсны шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А нь Х ХХК-аас үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтны ар гэрт олгох 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 24174059 төгрөг, оршуулгын тэтгэмж 1000000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн байна.

Шүүх  хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ миний хүү болох О  нь Баян-Өлгий аймгийн нүүрсний уурхайн “Х” ХХК-ийн уурхайн талбайд ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд орж нас барсан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд зааснаар Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгох заалтын дагуу 36 сарын нөхөн төлбөр 24174059 төгрөг төгрөгийг гаргуулах, мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2-т Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол оршуулгын тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүйгээр олгоно гэж заасан байх тул оршуулгын тэтгэж гаргуулах гэж тайлбарлажээ.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно: 97.1.2-т үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа гэж заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар талийгаач О  нь үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Увс аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай  213500027 дугаартай тогтоолоор Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг, Х-н уурхай гэх газарт 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр О  нь ковшийн шанаганаас унаж нас барсан гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад ... Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжтэй тул иргэн Ш-гээс гаргасан бүртгэлийн 18 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, мөн Увс аймгийн Прокурорын газрын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 000000 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолоор Хэрэг бүртгэлтийн 213500027 дугаартай хэрэгт А нь 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Х ХХК-ийн уурхайн талбайн мастераар ажиллаж байхдаа Хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Ил уурхайн аюулгүй байдлын дүрмийн 15, 16-р заалтыг зөрчиж, 55-78 УБ улсын дугаартай ачигч/ковш/-ийг жолооч Ө-д гэрлэн болон дуут дохио өгөөгүйн улмаас тус ковшийн шанаганд суусан байсан Х ХХК-ийн ажилтан О ийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэм хэргийг үйлдсэн гэж, Ө нь 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Х ХХК-ийн уурхайн талбайд 00000 УБ улсын дугаартай ачигч /ковш/-ийг жолоодож хөдлөхдөө болгоомжгүй үйлдлийн улмаас тус ковшийн шанаганд суусан байсан Х ХХК-ийн ажилтан О ийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэм хэргийг үйлдсэн гэж тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.

Мөн Увс аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 07 дугаартай тогтоолоор яллагдагч Ө нь сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Ө-т холбогдох 2135000270098 дугаартай эрүүгийн хэргийн Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэж заасан байх ба мөрдөн байцаалтын шатанд Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүнд холбогдох хэргийг тус хуульд зааснаар хэрэгсэхгүй болгосон байна.

Увс аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолын дагуу гаргасан Шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 00000 дугаартай дүгнэлтийн Шинжээчийн хариулт хэсгийн 4-т “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтаар томилогдсон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны ажлын байрны чиг үүрэгт заасны хүрээнд аюулгүйн ажиллагааны зааварчилгааг өгч гарын үсэг зуруулсан ба осол гарах үед ажилтан О  нь ажил олгогчийн томилсон аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Т.Жумахан, талбайн инженер А нарын өгсөн үүрэг даалгаврыг үл ойшоон тухайн үед талбайн цэвэрлэгээнд ашиглаж байсан ачигчийн шанаганд суусан нь өөрийн буруутай үйлдэл болж байна” гэжээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүү ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д “үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгоно гэж заажээ.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд  2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Х ХХК-ийн уурхайн талбайд 0000 УБ улсын дугаартай ачигч /ковш/-ийг жолоодож хөдлөхдөө  болгоомжгүй үйлдлийн улмаас тус ковшийн шанаганд суусан байсан Х ХХК-ийн ажилтан О ийн амь насыг Ө нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэний улмаас талийгаач О  нас барсан болох нь тогтоогдсон, мөн шинжээчийн дүгнэлтээс үзэхэд ажилтан О  нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг зөрчсөний улмаас осолд өртсөн байна үзэх үндэслэлтэй байна. 

Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн Гуравдугаар зүйлийн 3.8-д Комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 48 цагийн дотор судлан бүртгэх бөгөөд акт үйлдэн комиссын дарга, гишүүд гарын үсэг зурж, байгууллагын тамга, тэмдэг дарсан байна. 3.10-т Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн актыг хөдөлмөрийн хяналтын, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч ажлын 5 хоногт багтаан тус тус хянан баталгаажуулна. 3.11-т  Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тусгайлан дүгнэлт гаргана гэж тус тус заасан бөгөөд О  нь үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан тухай акт гараагүй, Хөдөлмөрийн болон эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гараагүй байх ба ажил олгогч буюу хариуцагч Х ХХК нь О  нь үйлдвэрлэлийн ослын улмаас нас бараагүй гэж тайлбарлажээ. Үйлдвэрлэлийн ослын улмаас О ийн амь нас хохирсон гэж үзэх шууд нотлох баримт байхгүй байгаа тул талийгаачийн ар гэрт 36 сарын тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх боломжгүй байна.  Мөн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.2.-т Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд акт, дүгнэлт нөхөн гаргахгүй гэж заажээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ З6 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно”, уг зүйлийн 2-т “Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол оршуулгын тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүйгээр олгоно” гэж тус заасан байх ба талийгаач О ийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа 36 сар хүрээгүй, О  үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан гэж үзэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдоогүй тул оршуулгын зард 1000000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

Харин хариуцагч Х ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа “Золгүй ослын улмаас хүний алтан амь нас хохирсон, ар гэрийн байдалд хүнд гачигдал учирсан, Х ХХК-ийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зохих дэмжлэг үзүүлэх зорилгоор, чиг үүрэгтэй ажиллаж ирсэн уламжлалыг дагаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 12000000 төгрөгийг нөхөн олгоход татгалзах зүйлгүй” гэж дурдсан байх тул уг мөнгийг Х ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч А-д олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс Ш-ын баталгаа гэх баримтыг гаргаж өгсөн ба  баримтад “Миний бие 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр О нас барсан гэх үйлдэлд учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулах болно. 36 сарын цалинтай тэнсэх мөнгийг 2021.07.31 дотор төлж барагдуулна” гэж дурдсан боловч Ш нь ажил олгогчийн төлөөлөх эрхтэй эсэх нь тогтоогдохгүй байгаа, уг баримтаар Х ХХК нь нөхөн төлбөр төлөхөө илэрхийлсэн тухай утга агуулахгүй байгаа тул тухайн баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд хариуцагч Х ХХК-аас 12000000 төгрөгийг гаргуулан А-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 13174000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү нэхэмжлэл нь тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэл байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон                                         

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасныг баримтлан Х ХХК-аас 12000000 төгрөгийг гаргуулан А-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 13174000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Х ХХК-аас 206950 төгрөгийг гаргуулан улсын орлого боолгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Х.МЕЙРАМБЕК