| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
| Хэргийн индекс | 182/2023/03626/И |
| Дугаар | 001/ХТ2025/00126 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2025/00126
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/01211 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 210/МА2025/00632 дугаар магадлалтай,
Д.Э-ын нэхэмжлэлтэй
“М” ХХК-д холбогдох
Даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл 17,118,493 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч С.А-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл 17,118,493 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/01211 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар хариуцагч “М” ХХК-аас 17,118,493 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Э-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243,542 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 243,542 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 210/МА2025/00632 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/01211 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
4.Хариуцагчийн төлөөлөгч С.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4.1.Магадлалын хянах хэсгийн 3.2-т “Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д даатгагч нь “Даатгуулагч нас барсан тохиолдолд түүний эрх, үүргийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид нь шилжүүлэх” үүрэгтэй гэж зааснаар даатгуулагчийн эрх, үүрэг хуулийн дагуу эцэг Д.Э-д шилжихээс гадна нэхэмжлэгч нь даатгалын гэрээний нэг тал болсон байх тул тэрээр даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй. Иймд шаардах эрх өвлөгдсөн эсэх нь тодорхойгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна.
Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д “...эрх өвлөгдөнө” гэж, мөн зүйлийн 515.3-т “Өв залгамжлалыг хуульд зааснаар буюу гэрээслэлээр гүйцэтгэнэ” гэж тус тус заасны дагуу нас барсан зээлдэгчийн эд хөрөнгө болон шаардах эрх хууль ёсны өвлөгчид хуульд заасны дагуу болон гэрээслэлээр өвлөгдөх зохицуулалттай. Гэтэл хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх нь хууль ёсны өвлөгч байна” гэж тус тус заасан байдаг бөгөөд нас барсан зээлдэгч Э.О-ын хууль ёсны өвлөгч хэн эсэх нь тодорхойгүй, хэдэн өвлөгч байгаа эсэх нь тогтоогдоогүй, өвлөх эрхийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй байхад шүүх түүний эцэг Э.О-ыг хууль ёсны өвлөгч гэж шууд тогтоон хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлд заасан хүсэлт гаргасан эсэх, мөн хуулийн 531 дүгээр зүйлд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон эсэх нь тогтоогдоогүй байдаг.
Нэхэмжлэгч нь нас барсан зээлдэгч Э.О-ын зээлийг 100 хувь хариуцна, хамтран зээлдэгчийн хувьд зээлийн төлбөрийг хариуцахгүй гэж маргаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээсээ татгалзсан байхад шүүх нэхэмжлэгчийг даатгалын гэрээний нэг тал тул шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний зөрүү гаргасан гэж үзэж байна.
Нэхэмжлэгч Д.Э нь үүргийн гүйцэтгэлээсээ бүхэлд нь татгалзсан атлаа өөрийн хариуцах зээлийг хариуцагчаар үндэслэлгүй төлүүлснээр барьцааны зүйлээс хэсэгчлэн өмчлөх шаардах эрх үүсэх эсэх, цаашид үүсэх өвлөгдөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг өвлөгч нараас шаардах, хууль ёсны өвлөгч болон хамтран зээлдэгч нарын хооронд үүсэх өвийн маргааныг өвлөх эрхийн гэрчилгээгүй, Э.О-ын шаардах эрх түүнтэй хамтран амьдран суугаа гэр бүлийн гишүүдэд (эхнэр, хүүхдүүд хууль ёсны өвлөгч нар) хамаатай байхад Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д заасан шаардах эрх өвлөгдсөн эсэх нь тодорхойгүй үед шүүх шийдвэрлэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан хаяг нь Б дүүргийн ** дугаар хороо, Б цогцолбор ** дугаар байрны ** тоот байх бөгөөд үндсэн зээлдэгч Э.О-тай хамтран амьдран суудаггүй болох нь тогтоогддог. Зээлийн барьцаа хөрөнгө болох Б дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, У-ийн гудамж ** байр, ** тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ** дугаартай орон сууцыг Э.О нь дангаар өмчилдөг болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогддог бөгөөд Д.Э-ын хувьд өөрийн өмч биш, өвлөх эрхийн гэрчилгээ байхгүй, хэн өвлөсөн, хэдэн өвлөгч байгаа эсэх нь тодорхойгүй зүйл дээр нас барагчийн шаардах эрхийг хэрэгжүүлэх үндэслэлгүй юм. Мөн Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.8-д “хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах даатгуулагчийн эрх нь түүнтэй хамт амьдран суугаа гэр бүлийн гишүүнд хамааралтай бол уг гишүүн санаатай хохирол учруулснаас бусад тохиолдолд түүний зөвшөөрөлгүйгээр шаардах эрхийг шилжүүлж болохгүй” гэж заасны дагуу Э.О-ын өмчлөлийн орон сууцны зээлийг хамтран зээлдэгч Д.Э түүний зөвшөөрөлгүй шаардах эрхгүй, өвийн гэрчилгээ хэрэгт байхгүй, мөн үндсэн зээлдэгчтэй хамтран амьдардаггүй болох нь тус тус тогтоогдож байна.
4.2.Магадлалын хянах хэсгийн 3.3-т “...дээрх маягтыг даатгалын тохиолдол бий болсны дараа буюу 2023.03.01-ний өдөр Д.Эоор бөглүүлж, зээлдэгчийн зээлийн төлбөр хариуцах хувийг 100 хувь гэж тогтоосон нь үндэслэлгүй гэж маргаж, даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан хариуцагчийн тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.
Хариуцагчийн зүгээс нөхөн төлбөр хянах шатанд “Х” ХК-аас үндсэн зээлдэгч Э.О-ыг тухайн зээлийн хариуцах хувийг 100 хувь хариуцахыг нотолсон баримт болон зээлийн судалгаа, орлогын баримт зэргийг ирүүлэхийг шаардсан боловч тийм баримтуудыг ирүүлээгүй, байхгүй гэсэн хариуг өгсөн тул анх зээл авах үеийн зээлдэгч нарын орлого болон даатгалын тохиолдол гарах үеийн зээлдэгч нарын орлогыг судалсан байдаг.
Даатгалын тохиолдол болох үеийн зээлдэгч нарын орлогыг нийгмийн даатгалын лавлагаагаар тооцоолон үзвэл Э.О нь 2021 оны 12 дугаар сараас хойш аливаа эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, эсрэгээр хамтран зээлдэгч Д.Э нь 2021 оноос хойш сар бүр дунджаар 2,800,000 төгрөгийн цалин авч орлого олдог болох нь тогтоогдож байсан тул хариуцагчийн зүгээс анх зээл авах үеийн орлогоор тооцоолол хийн нас барсан зээлдэгчийг зээлийн 61 хувийг хариуцахаар тооцоолж нөхөн төлбөр олгосон байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн хэмжээнд нотлох баримтаа гарган өгч, хариуцагчийн хариу тайлбар татгалзлыг үгүйсгэх нотлох баримт буюу нас барсан зээлдэгч Э.О-ыг зээлийн төлбөрийн 100 хувь хариуцах хэмжээний орлоготой байсан талаарх нэг ч баримт гаргаж өгөөгүй, түүнийг нотлоогүй байдаг.
4.3.Зээлдэгч нар анх ипотекийн зээл авахаас өмнө: 2014.05.19-ний өдөр 21 дугаартай зээлийн гэрээг байгуулан “К” ХХК-аас нас барсан зээлдэгч Э.О 83 сая төгрөгийн энгийн орон сууцны зээл авсан бөгөөд тухайн үед хамтран зээлдэгчээр А.Ө гэж хүн зээл авсан байдаг. 2016.07.05-ны өдөр ЗГ-62 дугаартай ипотекийн зээлийн гэрээг байгуулж уг авсан энгийн орон сууцны зээл нь ипотекийн зээл болон шилжсэн байдаг бөгөөд энэ үед Д.Э буюу нэхэмжлэгч хамтран зээлдэгчээр зээл авсан байдаг. (анхнаасаа хамтран хариуцаж байсан)
2020 онд “К” ХХК дампуурсантай холбогдуулан зээлдэгч нарын зээл “У” ХХК руу шилжсэн бөгөөд 2020.05.12-ны өдөр зээлийн нэмэлт гэрээг байгуулсан. Ингэхдээ “А” ХХК-тай 202610026779 дугаар даатгалын гэрээг байгуулсан бөгөөд зээлдэгч нар зээлийг 50/50 хариуцна гэж гэрээ байгуулан мэдүүлгийн маягтыг бөглөсөн байдаг. (анхнаасаа хамтран хариуцаж байсан) 2022 онд “У” ХХК татан буугдаад тухайн зээл “Х” ХК руу шилжсэн бөгөөд ингэхдээ “М” ХХК-ийг сонгон даатгалын гэрээ байгуулсан боловч банкнаас зээлийн судалгаа хийгээгүй юм.
4.4.Хууль зүйн дүгнэлт: Зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ байгуулагдсан, даатгалын тохиолдлыг талууд маргаагүй, харин амь хохирогч-даатгуулагчид учирсан эрсдэлийн улмаас зээлдүүлэгчийн өмнө хүлээсэн үүргийг бүрэн эсвэл хэсэгчлэн хариуцах талаар маргасан. Хэрэв амь хохирогч-даатгуулагчид учирсан эрсдэлийн улмаас хариуцагч нь зээлдүүлэгч банкны өмнө хүлээх үүргийг бүрэн хариуцах бол нэхэмжлэгч нь зээлдүүлэгчийн өмнө үүрэг хүлээгээгүй, зээлийн гэрээ болон даатгалын гэрээний тал биш юм. Үүнээс дүгнэвэл нэхэмжлэгч бусдын шаардах эрхийг эсвэл өөрийн шаардах эрхийг хэрэгжүүлээд байгааг шүүх ялгаж дүгнээгүй, шаардах эрхийг шалгаагүй гэж үзэж байна. Хэрэв нэхэмжлэгч нь өөрийн зээлдүүлэгч банкны өмнө хүлээсэн үүргийн хэмжээнд шаардах эрхээ хэрэгжүүлсэн бол нэхэмжлэгчид даатгалын тохиолдол үүсээгүй байна. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7-д “Зээлийн гэрээнд зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа этгээдийг хамтран зээлдэгч гэнэ” гэж, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж тус тус заасны дагуу хамтран зээлдэгч тус зээлд үндсэн зээлдэгчийн адил зээлийн төлбөрийг хариуцан төлөх үндэслэлтэй. Мөн Э.О нь зээлийг 100 хувь хариуцах хүсэл сонирхлоо илэрхийлээгүй, банк болон хамтран зээлдэгч нар дур мэдэн зээлийг 100 хувь хариуцах байдлаар тогтоосон нь диспозитив зарчимд нийцэхгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал нь тус тус хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5.Хариуцагчийн төлөөлөгч С.А-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.06.12-ны өдрийн 001/ШХТ2025/00612 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
7.Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан 17,118,493 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “... Э.О, Д.Э болон “Х” ХК-ийн хооронд 2022.11.28-ны өдөр ипотекийн зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг зээлээр Б дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, У гудамж, ** байр ** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ** дугаарт бүртгэлтэй орон сууцыг худалдан авсан. “Х” ХК-иар зуучлуулан “М” ХХК нь Э.О, Д.Э нартай 2022.12.16-ны өдөр ** дугаартай ипотекийн зээлдэгчийн амь даатгалын гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан бөгөөд гэрээнд зааснаар даатгалын зүйл нь даатгуулагчийн амь нас юм. Даатгуулагч Э.О нь 2023.01.01-ний өдөр осгож нас барсан. Ипотекийн зээлдэгчийн амь даатгалын баталгаанд зээлдэгчийн амь насны нөхөн төлбөрийг 100 хувь буюу зээлийн үлдэгдэл 40,605,102 төгрөгөөр төлөхөөр тусгасан. Гэтэл 2023.05.10-ны өдөр 61 хувь буюу 23,486,609.35 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт төлсөн. Энэ асуудлаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад даатгуулагчийн хохирлыг бүрэн барагдуулах ёстой гэж шийдвэрлэсэн. Иймд даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл 17,118,493 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
8.Хариуцагч “М” ХХК нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч “... Даатгалын гэрээнд заасан эрсдэл учирсан тул манай компани нөхөн төлбөр олгох шийдвэрийг гаргаж, даатгалын нөхөн төлбөрийг олгосон. Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4.5-д “Даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан мэдүүлгийн маягтын загварын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна” гэж заасны дагуу ипотекийн даатгалын мэдүүлгийн хуудсыг үндэслэн зээлдэгч буюу Э.О нь зээлийн төлбөрийг 100 хувь хариуцахаар бөглөж, 2023.03.01-ний өдөр хамтран зээлдэгч Д.Э-оор гарын үсэг зуруулсан хуудсыг даатгагчид ирүүлсэн нь даатгалын тохиолдолд гарсны дараа төлбөрийн хариуцах хувийг тогтоож, мэдүүлгийн хуудсыг нөхөн бөглүүлж, хуурамч баримт бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул хуурамч баримтад үндэслэж олговор олгох боломжгүй. Мөн нэхэмжлэгч Д.Э нь даатгалын нөхөн олговрыг шаардах эрхтэй этгээд биш, хууль, журмын дагуу хувь тооцон олговрыг олгосон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ: “...Зохигчийн хооронд байгуулагдсан ипотекийн зээлдэгчийн амь даатгалын баталгаа, даатгалын гэрээнд зааснаар зээлдэгч Э.О-ын амь насны эрсдэл нь даатгалын зүйл байхаар тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “Даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг”, 4.1.6-д “даатгалын нөхөн төлбөр” гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг ойлгохоор хуульд тодорхойлсон.
Талуудын хооронд байгуулсан ипотекийн зээлдэгчийн амь даатгалын гэрээний 7.6-д “Даатгагч нь даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барсан тохиолдолд нөхөн төлбөрийг 100 хувь олгоно” гэж заасан байх ба гэрээний 7 дугаар зүйлд заасан нөхөн төлбөр олгох үндэслэл, нөхцөлд заасан тохиолдлууд нь бусад нөхцөлөөр нас барах болон хөдөлмөрийн чадвараа алдах үеийн зохицуулалт байх тул гэрээний энэ заалтаар даатгалын тохиолдол бий болсон гэж үзэж, нөхөн төлбөрийг бүрэн олгох нь зүйтэй байна. Иргэний хуулийн 443.8-д “Хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах даатгуулагчийн эрх нь түүнтэй хамт амьдран суугаа гэр бүлийн гишүүнд хамааралтай бол уг гишүүн санаатай хохирол учруулснаас бусад тохиолдолд түүний зөвшөөрөлгүйгээр шаардах эрхийг шилжүүлж болохгүй” гэж заасан тул хамтран зээлдэгч Э.О-ын эцэг Д.Э нь тус нэхэмжлэлийг гаргах эрхтэй” гэж дүгнэжээ.
10.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг зөв гэж үзэн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
11.Дээрх байдлаар хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглэх асуудлаар адил дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх боловч “хамтран үүрэг гүйцэтгэгч тус бүрийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэгтэй даатгалын гэрээний дагуу олгогдох нөхөн төлбөрийн хэмжээ хамааралтайг шүүх анхаараагүйгээс гэрээний заалт болон хуулийг буруу тайлбарласан” тухай хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
12.Хэргийн баримтаас үзэхэд Э.О, Д.Э нар нь анх “К” ХХК-тай 2016.07.05-ны өдөр орон сууцны ипотекийн зээлийн гэрээг 20 жилийн хугацаатай байгуулсан, уг гэрээний зээлдүүлэгчийн шаардах эрх 2020.05.12-ны өдрийн гэрээгээр “У” ХХК-д, 2022.11.28-ны өдрийн гэрээгээр “Х” ХК-д тус тус шилжжээ. Дээрх зээлийн гэрээг үндэслэн “М” ХХК нь “Х” ХК-аар зуучлуулан зээлдэгч Э.О, Д.Э нартай 2022.12.16-ны өдөр ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд болон барьцаа хөрөнгийн даатгалын гэрээг тус тус байгуулсан, даатгуулагч нар гэрээнд заасны дагуу даатгалын үнэлгээг зээлийн төлбөрийн үлдэгдэл 40,605,102 төгрөгөөр тогтоож, ногдох хураамжид 52,786 төгрөг төлсөн нь тогтоогдсон байна.
13.Эдгээр үйл баримтад тулгуурлан хоёр шатны шүүх “М” ХХК болон Э.О, Д.Э нарын хооронд даатгалын гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр болохыг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.3-т заасантай нийцүүлэн дүгнэжээ.
14.Даатгалын гэрээний “Ипотекийн зээлдэгчийн амь даатгалын баталгаа” хэсэгт даатгуулагчийг Э.О, Д.Э нар гэж зааж, гэнэтийн ослын улмаас нас барсан эрсдэлийг даатгалын тохиолдол үүссэн гэж үзэхээр, зээлийн төлбөр хариуцах хувь хэсэгт Э.О 100 хувь гэж тусгаж, гэрээнд даатгуулагчийг төлөөлж Д.Э гарын үсэг зурсан байна.
15.Даатгуулагч Э.О 2023.01.01-ний өдөр осгож нас барсан тул даатгалын тохиолдол бий болж, улмаар “Х” ХК-аас 2023.03.07-ны өдөр “М” ХХК-д даатгалын нөхөн төлбөрт зээлийн үлдэгдэл төлбөр нийт 40,605,102 төгрөг төлөхийг хүсч албан бичиг хүргүүлсний дагуу “М” ХХК нь даатгалын нөхөн төлбөрт 23,486,609 төгрөгийг олгожээ.
16.Энэхүү үйл баримтаас үзвэл, даатгагч “М” ХХК нь даатгуулагч Э.О-ын нас барсан шалтгаан нь даатгалын тохиолдол болох тухайд маргаагүй, гагцхүү даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ буюу даатгуулагч Э.О-ын зээлдүүлэгч “Х” ХК-ийн өмнө хүлээсэн үүргийн эрсдэлийг бүрэн хариуцах, мөн нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй этгээд мөн эсэхэд маргасан.
17.Санхүүгийн зохицуулах хорооны 2018.06.06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор баталсан “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын 4.5-д “Даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан мэдүүлгийн маягтын загварын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна.” гэж заасан.
“М” ХХК болон Э.О, Д.Э нарын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 7.6-д “Даатгагч нь даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барсан тохиолдолд нөхөн төлбөрийг 100 хувь олгоно”, 7.8-д “Хамтран зээлдэгчтэй зээлийн хувьд даатгуулагч нас барсан ...тохиолдолд нас барсан зээлдэгчийн зээлийн төлбөрт эзлэх хувиар нөхөн төлбөр олгоно”, 3.3-т “үндсэн зээлдэгчээс гадна хамтран зээлдэгчтэй байвал зээлдэгч тус бүрийн төлбөр хариуцах хувийг банк даатгуулагчтай зөвшилцсөний үндсэн дээр мэдүүлгийн маягт дээр даатгуулагчийн бичсэн хувиар тогтоох ба хэрэв даатгуулагч мэдүүлгийн маягтыг бөглөөгүй бол банк бие даан тогтоож, ипотекийн даатгалын гэрээнд тусгана” гэж тус тус заасан байна.
18.Э.О, Д.Э нар нь “Х” ХК-тай байгуулсан зээлийн гэрээгээр зээлийн үүргийг хамтран хариуцах хамтран зээлдэгч мөн болох нь тогтоогдсон боловч “М” ХХК-ийн даатгалын зуучлагч “Х” ХК нь зуучлалын үүргээ мэргэжлийн түвшинд гүйцэтгэхдээ “Ипотекийн зээлдэгчийн амь даатгалын баталгаа” гэх мэдүүлгийн маягтад Э.О-ын амь насны эрсдэл үүссэн тохиолдолд зээлийн үлдэгдлийн нийт төлбөрөөс хариуцах хувийг 100 хувь гэж бөглөж олгосон, үүнийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй бөгөөд, энэ үйл ажиллагаа нь алдаатай байсан ч уг нөхцөл нь хариуцагчийн татгалзлыг нотлох хууль зүйн үндэслэл болохгүй.
Нэхэмжлэгч талаас Санхүүгийн зохицуулах хороонд хандаж ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын нөхөн төлбөрийг дутуу олгосон тухай өргөдөл гаргасныг тус хорооноос “М” ХХК-д даатгуулагчийн хохирлыг бүрэн барагдуулж, харин гэрээ хийх үед мэргэжлийн алдаа гаргасан даатгалын зуучлагчаас нөхөн төлбөрийн зөрүүг нэхэмжлэх боломжтой тухай албан бичгийг хүргүүлсэн нь хэрэгт авагджээ.
Иймээс нэгэнт гэрээгээр тохиролцсон нөхцөлийг хариуцагч “М” ХХК нь даатгалын зуучлагч “Х” ХК-ийн зуучлалын гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбон тайлбарлаж нөхөн төлбөрийг бүрэн олгохоос татгалзаж буй нь хуульд нийцэхгүй байна.
Дээр дурдсанаар зээлийн төлбөрийн үлдэгдэл 40,605,102 төгрөгийн хэмжээнээс олгогдоогүй зөрүү 17,118,493 төгрөгийг шаардах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.
19.Нэхэмжлэгч Д.Э нь нас барагч Э.О-ын эцэг болохыг зохигч маргаагүй, түүнчлэн тэрээр зээлийн болон даатгалын гэрээний оролцогч байна.
Дээр дурдсанаар Э.О, Д.Э нар нь зээлдүүлэгч “Х” ХК-ийн өмнө зээлийн үүргийг хэсгээр хариуцахаар гэрээгээр тохиролцсон гэх байдал тогтоогдоогүй тул хэн аль нь зээлийн үүргийг бүхэлд нь төлөх үүргийг хүлээнэ. Харин даатгалын гэрээний хувьд даатгуулагч нарын амь нас эрсдсэн үед тооцох зээлийн төлөгдвөл зохих үнийн дүн, олгогдвол зохих даатгалын нөхөн төлбөрийн хувь хэмжээг гэрээний талууд харилцан тохиролцох бөгөөд нэгэнт тохиролцсон бол уг тохиролцоо нь гэрээний талуудын харилцан хүлээх үүрэг болно. Иймд нэхэмжлэгч Д.Э нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч, улмаар даатгалын гэрээний үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд Э.О-ын гэнэтийн ослоос нас барсантай холбоотой зээлийн гэрээний эргэн төлөлтөд үүссэн эрсдэлийг төлүүлэхээр шаардах эрхтэй.
20.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул тэдгээрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/01211 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 210/МА2025/00632 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “М” ХХК-ийн 2025.05.23-ны өдөр төлсөн 243,542 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН