Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 1210

 

                                        

 

Б.Г, Л.Тнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Гэрэлбаатар, 

шүүгдэгч Д.Т,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/655 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Тын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Г, Д.Т нарт холбогдох эрүүгийн 1909046270428 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

  

,

 

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэгдүгээр эмнэлэг дотор унтаж байсан хохирогч Н.Тгийн эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 12,104,940 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Д.Т нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Гийн гэмт хэргийн замаар олж авсан хөөргийг мэдсээр байж түүнээс авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                                            

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

Б.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:     

Шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад нийт 12,104,940 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Тыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний авсан, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Гийг 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Тыг 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийн сэжигтнээр баривчлагдсан 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гоос сахлын машин, гар цүнхний үнэ болох 86.940 төгрөгийг, шүүгдэгч Д.Таас хөөрөгний уутны үнэ болох 18.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Х.Түвшинд олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж танилцуулснаар хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Г, Д.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тэдгээрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.  

 

Шүүгдэгч Д.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхнаасаа л өөрийн үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд үнэнээ өчиж, буруугаа хүлээсэн билээ. Гэтэл шүүхийн тогтоолд намайг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ч гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, хор уршгийг арилгаагүй тул тодорхой хугацаагаар нийгмээс тусгаарлах шаардлагатай гэж үзэж 6 сар хорьж, надаас хөөрөгний уутны үнэ болох 18.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Түвшинд олгохоор заажээ.

Мөрдөн байцаагч, шүүгч нар намайг хөөрөгний уут яасан талаар нэг удаа ч асууж, ярьж байгаагүй, уг уутны үнэ 18.000 төгрөгийг төл гэж хэн ч хэлж, шаардаж байгаагүй атлаа гэнэт л шүүх хурлаас 18.000 төгрөгийн хохирол яригдаж, хохирол төлөөгүй тул нийгмээс тусгаарлаж, хорих ял оногдуулсанд би харамсаж байна.

Хэрвээ 18.000 төгрөгийн хохирол төлөгдвөл миний эрх зүйн байдал дээрдэнэ гэдгийг би мэдэж байсан бол төлөх л байсан. Учир нь намайг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулж, хууль зүйн туслалцаа авах боломжгүй байсан. Нөгөө талаар хохирогч Х.Түвшинд хөөрөгний уут, цүнх, сахлын машин зэрэг эд зүйлийг буцааж өгөөгүй байсан ч тэрээр “гомдол саналгүй” гэснийг нь шүүх “ойлгомжгүй” гэж үзсэн нь харин ч ойлгомжгүй байна.

Миний бие эхнэр, 10-18 насны хоёр хүүхэдтэй амьдардаг, хувиараа ажил хөдөлмөр эрхэлж амьдардаг ба миний эхнэр одоогоор жирэмсэн, эмнэлгийн байнгын хяналтанд байдаг.

Иймд миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа болон хохирлын 18.000 төгрөгийг шүүх хурлын дараа хохирогчид төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэв.

 

Прокурор Ц.Гэрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр Б.Г, Д.Т нарын үйлдэл нь нотлогдож байх тул анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

 Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Б.Г, Д.Т нарт холбогдох эрүүгийн 1909046270428 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

 

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэгдүгээр эмнэлэг дотор унтаж байсан хохирогч Н.Тгийн цүнхтэй эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 12,104,940 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Д.Т нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Гийн хулгайлсан хөөргийг түүнээс мэдсээр байж авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч Х.Түвшингийн “...Би 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нэгдүгээр эмнэлэг дотор ээжийгээ сахиж байгаад шөнө ядраад сандал дээр унтаад өгсөн. Тэгээд шөнө 2 цаг 30 минутын үед сэрээд хартал миний цүнх алга болсон байсан. Цүнхэн дотор 4 үе дамжиж ирсэн шүрэн толгойтой, алтан нуухтай, арслан бөмбөгөөр тоглож байгаа дүрс сийлбэртэй, дунд гарын усан болор хөөрөг нэг ширхэг, миний болон эхнэрийн жолооны үнэмлэх, сахлын машин, утасны цэнэглэгч, повэр банк, ажлын газрын түлхүүр, гэрийн түлхүүр, ариун цэврийн хэрэгсэл зэрэг эд зүйл байсан. ...” /хх 16/,

 

гэрч Ц.Ганболдын “...Би 2019 оны 12 сард зүс таних Тулгабаатар гэх залуу уулзаа байна гэхээр нь уулзтал нэг хөөрөг байна, та түр хэдэн төгрөгөөр авчихаач, би хэд хоногоос буцаагаад өгнө гээд гуйгаад байхаар нь би 50,000 төгрөг өгөөд за чи удаахгүй буцааж аваарай гээд явуулсан боловч эргэж ирээгүй алга болсон...” /хх 23/,

 

Б.Гийн яллагдагчаар мэдүүлсэн “2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө тэнэмэл амьдралаар хамт амьдардаг байсан Тулгабаатарын хамтаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нэгдүгээр эмнэлгийн ертөнцийн зүгээр урд талын 12 давхар байрны орцонд унтаж байгаад би шөнө тамхи татахаар гадагш гарч явсан. Хүн амьтны хөдөлгөөн багатай байхаар нь Нэгдүгээр эмнэлэг орж 4 давхарт гарахад коридорын хэсгийн сандал дээр зүс танихгүй эрэгтэй хүн газарт үүрдэг бор өнгийн цүнх тавьчихсан унтаж байхаар нь уг цүнхийг нь аваад тэндээс гарч орцондоо ирэхэд Тулгабаатар ах унтаж байхаар нь түүнд цүнхэн дотор байсан улаан өнгийн ууттай цайвар өнгийн хөөргийг гаргаж үзүүлээд би сая Нэгдүгээр эмнэлгийн коридорын хэсгээс хүн унтаж байхаар нь авчихлаа гэж хэлээд үзүүлсэн. Бид хоёр архи ууж явж байгаад салаад явахад тэр хөөргийг Тулгабаатар аваад явсан...” /хх 36/,

 

Д.Тын яллагдагчаар мэдүүлсэн “...миний тухайд хулгайн замаар олсон эд зүйлийг бусдад дамжуулан зарсан гэх гэмт хэргийг үйлдэхэд ямар нэгэн байдлаар хөндлөнгөөс нөлөөлсөн хүн байхгүй. Ганзориг надад тэр хөөргийг авчирч өгөхдөө Нэгдүгээр эмнэлэг дотор унтаж байсан хүнээс хулгайлаад аваад ирлээ гэдгээ хэлж байсан. Анхандаа бол би энэ хөөргийг бусдад зарж борлуулах гэсэн санаа зорилго байгаагүй. Тухайн үед архи хэрэглэсэн согтуу байх үедээ л мөнгө олох шаардлагатай болоод Ганзоригоос авсан хөөргийг Төв шуудангийн хойд талд үйл ажиллагаа явуулдаг “Монтел” худалдааны төвийн орчимд явж байсан явуулын хүнд 50,000 төгрөгөөр зарчихсан юм...” /хх 47/ гэх мэдүүлгүүд,

 

Х.Түвшин, Х.Мөнхжаргал нарын жолооны үнэмлэхийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 11-12/,

Ц.Ганболдооос хөөргийг хүлээн авсан, Х.Түвшинд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 13-14/,

хулгайлагдсан эд зүйл болох:

“..бөмбөгөөр тоглож байгаа арслангийн сийлбэртэй, шүрэн толгойтой, алтан нуухтай, дунд гарын усан болор хөөрөг 12,000,000 сая төгрөг...” гэсэн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн СБ1-19-1238 тоот дүгнэлт, үнэлгээ /хх 26-27/,

“...Цүнх 39,000 төгрөг, сахлын машин 47,940 төгрөг, хөөрөгний уут 18,000 төгрөг, нийт 104,940 төгрөг...” гэсэн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн СБ1-19-335 тоот үнэлгээ /хх 29-30/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Б.Гийн эмнэлэг дотор унтаж байсан хохирогч Н.Тгийн цүнхтэй эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 12,104,940 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэсэн шинжийг ,

шүүгдэгч Д.Тын “...Б.Гийн бусдаас хулгайлсан хөөрөг /12 сая төрөгнийн үнэлгээтэй/-ийг мэдсээр байж авсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан” гэсэн шинжийг тус тус бүрэн агуулсан байх тул анхан шатны шүүхийн хэргийн талаар хийсэн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Анхан шатны шүүхийн:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ..” гэж заасан ялуудаас Б.Гт хорих ялыг сонгож хэрэглэсэн нь болон оногдуулсан 1 жилийн хорих ялын хэмжээ нь,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан ялуудаас Д.Тт хорих ялыг сонгож, доод хэмжээ болох 6 сарын хугацаагаар оногдуулсан нь тэдний гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдал, удаа дараа ял шийтгүүлсэн боловч засраагүй хувийн байдалд тохирсон байна. Мөн тэдэнд оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж чаджээ.  

Иймд “...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий шүүгдэгч Д.Тын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.  

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/655 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Тын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө шүүгдэгч Д.Т нь 18,000 төгрөгийг хохирогч Н.Тд төлсөн болохыг дурдсугай.   

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                   

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДАРЬСҮРЭН

              ШҮҮГЧ                                                        Ц.ОЧ

              ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ