| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2018/0244/З |
| Дугаар | 128/ШШ2020/0673 |
| Огноо | 2020-10-22 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2020/0673
| 2020 оны 10 сарын 22 өдөр | Дугаар 128/ШШ2020/0673 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч У.Бадамсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Г.Б, Д.Т
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Гуравдагч этгээд: “Т” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчны сайдын 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 306 дугаар тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг Г.Б, Д.Т нарын оршин суудаг газартай давхацсан хэсгээр болон мөн Сайдын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/386 дугаар тушаалын иргэн Г.Б, Д.Т нарын оршин суудаг газартай давхацсан хэсгээр тус тус хүчингүй болгуулах, газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах зөвшөөрөл олгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, иргэдийн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б, Д.Т нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...бидний оршин суудаг газартай Байгаль орчны сайдын “Т” ХХК-д 474 тоот газар ашиглах гэрчилгээ олгосон тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг Г.Б, Д.Т нарын оршин суудаг газартай давхацсан хэсгээр хүчингүй болгуулж, газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Ү шүүхэд болон хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлж тодруулсан шаардлага болон тайлбартаа: “Нэхэмжлэгч нар 2005 оноос хойш одоогийн амьдарч байгаа газар дээрээ гэр барьж, тодорхой үл хөдлөх хөрөнгө барьж байгуулан амьдарч байгаа. 2008 оноос эхлэн тухайн газарт хаягжилт хийсэн. 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гараад, уг тэмдэглэлийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны А236 тушаалаар удаан хугацаанд зөвшөөрөлгүй оршин сууж буй иргэдийн газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажлын хэсэг байгуулаад энэ зөвшөөрлийг олгосон. Гэвч миний үйлчлүүлэгчдийн эзэмшиж байсан газарт гэрчилгээжүүлэх ажлыг хийгээгүй. Ингээд удаа дараа хүсэлт гаргаад, энэ ажиллагаа хийгдэхгүйгээр, эс үйлдэхүйгээр газар эзэмших эрхийг олгоогүй. 2005 оноос хойш амьдарч байсан гэдэг нь тухайн хорооны Засаг дарга, хэсгийн ахлагчаар ажиллаж байсан гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Мөн иргэний бүртгэлийн газрыг лавлагаа зэргээр энэ хаягт оршин суудаг нь тогтоогдсон. Хариуцагч тухайн иргэдийг тэр газар оршин сууж байхад нь тогтоолгүйгээр, хэрвээ маргаантай хууль бус асуудал байвал тэр асуудлыг шийдвэрлэлгүйгээр газар эзэмших эрхийг өөр бусад этгээдэд буюу “Т” ХХК-д олгосон.
Үүнтэй холбоотой адилтгах маргаанууд захиргааны хэргийн анхан болон Давж заалдах шатны шүүхээр шийдэгдсэн. Ингээд хариуцагчийг удаан хугацаанд оршин суусан иргэдийг ашиглаж байгаа газрыг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчиж давхардуулан газар олгосон байгаа нь хууль бус байна гэж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг шийдвэрлэсэн байдаг.
2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд А/355 дугаар тушаал гарган, нэлээд хэдэн аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Ингээд 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр дахин тушаал гаргахдаа миний үйлчлүүлэгчдийн ашиглаж буй газартай давхцуулан “Т” ХХК-д 0.46 га газар олгосон. Энэ нь тухайн газар дээр олон жил амьдарсан хүмүүсийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл тоомсорлож, магадгүй “Т” ХХК-ийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхээр илт хууль бус байдлаар шийдвэр гаргаж байна...мөн Байгаль орчны сайдын 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 306 дугаар тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг Г.Б, Д.Т нарын оршин суудаг газартай давхацсан хэсэг сэргэсэн байгаа тул түүнийг мөн хүчингүй болгуулах шаардлагатай...
2008 онд газар эзэмших гэрчилгээг нь юуны өмнө хаягжилт хийе гээд, хаягжилт хийсэн. Тэгэхээр бүртгэл нь 2008 оноос хойш гэж харагдаж байгаа. Бодитоор 2005 оноос хойш амьдарсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Тэгэхээр хэргийн учир нь бодитойгоор тэнд оршин сууж байсан иргэдийн газрыг нэг бол чөлөөлөхгүйгээр, эсхүл асуудлыг шийдэхгүйгээр газар олгосон явдал нь хууль бус шийдвэр байгаа юм. Засгийн газар бол төрийн захиргааны дээд байгууллага. Төрийн захиргааны дээд байгууллагаасаа доошоо бүх шатандаа шийдвэр гаргаад нэхэмжлэгчтэй адил нөхцөл байдалд байгаа иргэдэд газар эзэмших эрхийг нь олгоод явсан. Тэгэхээр энэ бол захиргааны практик. Энэ практик болон хариуцагчийн гаргаж байгаа шийдвэр хоёр зөрж байгаа. Мөн дээд шатныхаа байгууллагын шийдвэрийг үгүйсгээд байна. Мөн адилтгах тохиолдлуудыг олон шатны шүүхээс иргэдийн талд шийдсэн. Дээд шатны захиргааны байгууллагын шийдвэр иргэдийн талд газар эзэмших шийдвэрийг олгохыг даалгаж шийдсэн. Тэгэхээр хариуцагчийн болон гуравдагч этгээдийн гаргаж байгаа тайлбарууд хууль зүйн үндэслэлгүй байна...
Иймд “...Т ХХК-д 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 474 тоот гэрчилгээгээр газар ашиглуулах зөвшөөрөл олгосон Байгаль орчны сайдын 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 306 дугаар тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг болон Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/386 дугаар тушаалыг иргэн Г.Б, Д.Т нарын оршин суудаг газартай давхацсан хэсгээр тус тус хүчингүй болгуулах, газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах зөвшөөрөл олгохыг Байгаль орчин аялал жуулчлалын сайдад даалгуулах...” нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү...” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заасан. Үүний дагуу “Т” ХХК 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 474 дүгээр тушаалаар газар ашиглах эрх авсан. Тухайн үед иргэд газар ашиглах эрхгүй хууль бусаар оршин сууж байсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 35.2-т “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна” гэж заасан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсанаар иргэн Д.Т, Г.Б нар нь 2015 оны, 6 дугаар сарын 20-ны өдөр, 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр, мөн 2018 он, 2019 онд газар ашиглах хүсэлтээ Хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн. Иймд газар ашиглах эрх байхгүй, хууль бусаар оршин суугч иргэн гэж үзэж байгаа.
Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагадаа 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/386 тушаалтай маргаж байна гэсэн. Энэ тушаалаар “Т” ХХК-д 2007 онд газар ашиглах эрх үүссэн. Тэгээд 2019 оны 355 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Ингээд 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/386 дугаар тушаалаар 355 дугаар тушаалыг хүчингүй болгосон. Тэгэхээр 2007 оны тушаал нь өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Иймд 2007 оны газар ашиглах эрх нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа.
Даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Хамгаалалтын захиргааны саналыг үндэслэж шийдвэр гаргана. Түүнээс биш шууд олгох эрх зүйн үндэслэл байхгүй. 2014 он Засгийн газрын тогтоол гараад он удаан жил амьдарсан иргэдийг бүртгэлжүүлэх, гэрчилгээжүүлэх ажлын хэсэг гарсан. Тэр ажлын хэсэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газартай давхцалгүй иргэдийн газрыг олгосон. Д.Т, Г.Б нарын газар нь давхацчихсан байсан. Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас 2015 оны 6 дугаар 20-ны өдөр гаргасан хүсэлт нь авагдчихсан байгаа. Үүгээр хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргаад, 30 хоногийн дотор гомдлыг шийдвэрлэх ёстой. Шийдвэрлээгүй бол эс үйлдэхүйг хууль бус болгохоор дээд шатны захиргааны байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа байгаа. Гэтэл үүнийг хэрэгжүүлээгүй. Ингээд эс үйлдэхгүй тогтоогдохоор байгаа. Иймд “Т” ХХК газар ашиглах эрхтэй. Харин Д.Т, Г.Б нар нь газар ашиглах эрхгүй, хууль бусаар оршин сууж байсан иргэд болох нь тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн иргэний бүртгэлийн газраас лавлагаа ирсэн. 2018 оны хаягийн бүртгэлд авагдсан. Үүнд 2008 оноос хойш оршин суусан гээд тэмдэглэгдсэн. Мөн нэхэмжлэгч нарын өмгөөлөгч 2008 оноос гэж хэлсэн. Гэтэл “Т” ХХК-д 2007 оноос хойш газар ашиглах эрх үүссэн. Хуульд зөвхөн гэрээний үндсэн дээр газрыг ашиглуулна гэж заасан. Иймд хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Д, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх 1994 онд дуудлага худалдаагаар “С” ББХК гэдэг байгууллага тухайн газар дээр байсан хөрөнгийг дуудлагаар 140.000 төгрөгөөр худалдаж авсан. Уг дуудлага худалдаагаар худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийг 2002 онд иргэн Чинбат овогтой Халиунбат руу шилжээд, уг хүнээс 2005 онд шилжээд, “Т” ХХК-д тухайн үед үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарч байсан. Үл хөдлөх гэрчилгээний дугаар нь Ү2206006073 гэж байгаа. Уг үл хөдлөхийг хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаж байдгийн дагуу ойр орчмын газрыг ашиглах хүсэлтээ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2006 онд хүсэлтээ гаргаад 2007 онд 474 тоот гэрчилгээ бүхий газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшиж, ашиглуулахаар “Т” ХХК-д өгсөн.
2008 онд Улсын Их Хурлын сонгууль болон Хан-Уул дүүргийн Засаг дарга н.З тэр хавьд зөвшөөрөлгүй буусан байсан айлуудад бүгдэд нь гэрчилгээ олгосон. Үүнээс болж манай газар ашиглах эрх зөрчигдсөн. Тухайн үеийн 11 дүгээр хорооны Засаг дарга байсан н.Лгийн гэрчийн мэдүүлэгтээ 2005 онд Д.Т, Г.Б нар нь ирсэн гэдэг. Хэн ингэсэн юм бэ гэхээр тухайн үед хаягжилт байгаагүй гээд 2008 онд н.Лгийн зөвшөөрлөөр буулгасан юм шиг зүйл ярьдаг. Хавтаст хэргийн 80 дугаар хуудсанд Г.Б нь 1999 оноос 2008 онд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо гэдэг хаягт амьдарч байгаад 2008 оноос Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд бүртгэгдсэн байдаг. Энэ нь тухайн үеийн Засаг даргын хууль бусаар олгосон гэрчилгээний дагуу бүртгэлжүүлж явсан.
Үүнээс хойш 2012 онд ашиглах эрхийн гэрчилгээ дуусаад, ашиглах эрхийн гэрчилгээг Богдхан уулын хамгаалалтын захиргаанд сунгах хүсэлтээ өгсний дагуу 2017 он хүртэл сунгасан. 2015 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас он удаан жил амьдарсан иргэдэд газар ашиглуулах ажлын хэсэг гараад, тухайн ажлын хэсгийн хурлын тэмдэглэлд инженерийн шугам, сүлжээ, дэд бүтэц бүхий, мөн бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа байгууллагатай давхцалтай бол хууль бусаар оршин сууж байгаа иргэдэд газрыг ашиглах гэрээ, гэрчилгээ олгохгүй гэдэг шийдвэр гарсан. Үүний дагуу ганцхан нэхэмжлэгч нар байгаагүй. Манай газар дээр 4, 5 байсан. Ингээд захиргааны хэргийн шүүхээр шүүгдээд 2018 оны Дээд шүүхийн тогтоолоор анх эзэмшиж байсан 474 тоот гэрчилгээгээр 1 га байсан бол одоо байгаа бодит хэмжээ 0.46 га талбайгаар ашиглаж эхэлсэн. Учир нь маш их хэл амтай байсан тул энэ хүмүүст бид буулт хийж эхэлсэн. Зөвшөөрөлгүй буусан иргэдээс болж “Т” ХХК–ийн газар ашиглах эрх зөрчигдөөд газраа бүтэн хэмжээнд ашиглаж чадахгүй байсаар өдийг хүрсэн. Ингээд 2018 онд гарсан шүүхийн шийдвэрийн дагуу 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр манайд шинээр гэрчилгээ олгогдсон.
Газар ашиглахын тулд зөвхөн гэрчилгээ авдаггүй. Дүүргийн Засаг дарга Богдхан уулын хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газрын удирдлагын газраас гэрчилгээг олгодог. Гэрчилгээг олгохдоо тухайн газарт байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийсэн байхыг шаарддаг. Энэ бүх бичиг баримтыг хийгээд, хууль ёсны дагуу ашиглаад, гэрээгээр хүлээсэн үүргээрээ газрын төлбөрийг 2007 оноос 2016 оны хооронд 100.000.000 гаруй төгрөгийг төлсөн баримт нь хавтаст хэрэгт байгаа. Ингээд байж байхад ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр хэн нэгэн этгээд тэнд буу гэж хэлсний дагуу гэрээ, гэрчилгээгүй амьдраад он удаан жил амьдарсан гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч Д.Т, Г.Б нар нь он удаан жил амьдарсан мэтээр шүүхийг төөрөгдүүлж байгаад харамсаж байна. Манайд аж ахуйн нэгж байгууллагын хувьд тухайн газарт нэлээдгүй хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь шүүхийн үзлэгээр ч нотлогдож байгаа. Нэхэмжлэгч нарын он удаан ажил амьдарсан гэх үндэслэл нь нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдэд газрыг нь олгох нь зүйтэй...” гэв
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Т, Г.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нар тус шүүхэд хандаж “Байгаль орчны сайдын, “Т” ХХК-д 474 тоот газар ашиглах гэрчилгээ олгосон 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 306 дугаар тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг Г.Б, Д.Т нарын оршин суудаг газартай давхацсан хэсгээр хүчингүй болгуулж, газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/386 дугаар тушаалыг иргэн Г.Б, Д.Т нарын оршин суудаг газартай давхацсан хэсгээр хүчингүй болгуулах, газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” гэж нэмэгдүүлсэн, эдгээр үндсэн болон нэмэгдүүлж тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Түүнчлэн нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...тухайн газар олон жил амьдран суусан, оршин суух хаягаа бүртгүүлсэн, газар ашиглах хүсэлтийг гаргасаар байхад...2007 онд “Т” ХХК-д давхардуулан олгосон нь хууль бус...” гэж тодорхойлон маргасныг хариуцагч “...газар ашиглуулах шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана, мөн нэхэмжлэгч нар нь ямар нэгэн зөвшөөрөлгүй, хууль бусаар оршин суусан...” гэж, гуравдагч этгээд “Т” ХХК-ийн зүгээс “...манай компанийн хууль ёсны дагуу ашиглаж буй газарт зөвшөөрөлгүй амьдарч байгаа, шүүхийн маргаанаас болж одоог хүртэл үйл ажиллагаа явуулж чадахгүй байна...” гэж тус тус эс зөвшөөрөн маргаж байна.
Нэг. Байгаль орчны сайдын, “Т” ХХК-д 474 тоот газар ашиглах гэрчилгээ олгосон 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 306 дугаар тушаалыг Г.Б, Д.Т нарын оршин суудаг газартай давхацсан хэсгээр хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, 1994 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Нийслэлийн өмч хувьчлалын комиссын дуудлага худалдаагаар “Бараа түүхий эдийн төв бирж” гэх үл хөдлөх эд хөрөнгийг “С” ББХК худалдан авснаар нийт 1,0 га газрын хамт ашиглаж байгаад иргэн Ч.Хад, Ч.Х нь үл хөдлөх эд хөрөнгөө газрын хамт “Т” ХХК-д шилжүүлсэн, тус компанид Байгаль орчны сайдын 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 306 дугаар тушаалын хавсралтаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших 1,0 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг анх олгож, мөн оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 474 дүгээр тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээг олгосон, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар “Т” ХХК-д анх газар ашиглах эрх олгосон мөн Сайдын 2007 оны 306 дугаар бүхий дээрх тушаалыг хүчингүй болгосон үйл баримтууд тогтоогдож байна.
Түүнчлэн хэрэгт авагдсан, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн 2/2554 дугаар албан бичгээр “Т” ХХК-ийн одоогийн ашиглаж буй 4508 м.кв газартай Д.Тгийн хүсэлт гаргасан гэх 512 м.кв газар нь 399 м.кв, Г.Бийн хүсэлт гаргасан гэх 412 м.кв газар нь 398 м.кв талбайгаар тус тус давхцалтай болохыг тодорхойлсон ба хэргийн оролцогчид “Т” ХХК-д газар ашиглах эрхийг 474 тоот гэрчилгээгээр олгосон, Байгаль орчны сайдын 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 306 дугаар тушаалын холбогдох хэсэгтэй маргасан, дээр дурдсан бусад үйл баримтын тухайд маргаагүй.
Байгаль орчны сайдын 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 306 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, Байгаль орчны сайдын 218 дугаар тушаал, түүний нэмэлтүүдээр батлагдсан “Монгол Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам”-ын 3, 4 дүгээр зүйлийг үндэслэн “улсын тусгай хамгаалалтад авахаас өмнө тухайн газрыг ашиглаж байсан, эсвэл тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хувьчилж авсан...аж ахуйн нэгж байгууллагад Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ олгохыг Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад даалгасан”, уг тушаалыг үндэслэн “Т” ХХК-д Хан-Уул дүүргийн нутагт орших, Зайсангийн аманд орших нийт 1,0 га газар ашиглах эрхийн 474 дүгээр гэрчилгээг 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас олгожээ.
Нэхэмжлэгч нар уг тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...тухайн хаяг дээр он удаан жил амьдарсан..., үл хөдлөх эд хөрөнгийг барьж байгуулсан байхад бидний оршин суудаг газартай давхардуулан “Т” ХХК-д олгосон нь хууль бус...” гэж тодорхойлон маргаж байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа...-нд гаргана”, 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна” гэж, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” шаардлагатайг тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, Байгаль орчны сайд нь өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд, 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 306 дугаар тушаалаар “тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хувьчилж авсан” гэсэн үндэслэлээр 474 дугаар гэрчилгээгээр маргаан бүхий газар ашиглах эрхийг “Т” ХХК-д олгож, ашиглах газрын солбицлыг тогтоосон нь хуульд нийцсэн, энэ тушаалын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тухайлбал, нэхэмжлэгч нар нь он удаан жил тухайн газар дээр бодитойгоор амьдарч байсан гэж маргаж байх боловч нэхэмжлэгч Г.Б нь 2008 оны 6 дугаар сараас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 8 тоот хаягт, нэхэмжлэгч Д.Т нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 8 тоот хаягт бүртгэлтэй болсон нь хаягт бүртгэгдсэний дээр тэднийг газар ашиглах хүсэлт гаргахаас өмнө буюу 2007 оны 10 дугаар сараас эхлэн “Т” ХХК нь уг газрыг хууль ёсоор ашиглах эрхтэй болсон, тус компанийн хүсэлт гаргасан газар нь тухайн үед бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай ямар нэгэн хэмжээгээр давхцал үүсгээгүй байжээ.
Түүнчлэн нэхэмжлэгч нар нь “...энэ хаяг бүхий байршилд үл хөдлөх эд хөрөнгө барьсан...” гэх үндэслэл дурдан маргаж байх боловч шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, түүний хавсралт зургаас үзвэл тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь суурийн цутгалт хийсэн байдалтай харагдах ба нэхэмжлэгч нарын хэн алинд уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүйг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хоёр. “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/386 дугаар тушаалыг иргэн Г.Б, Д.Т нарын оршин суудаг газартай давхацсан хэсгээр хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/386 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны А/355 дугаар тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Байгаль орчны сайдын 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 306 дугаар тушаалаар тус компанид олгосон 1,0 га газраас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны 62 дугаар магадлалын дагуу иргэдийн газар болон нийтийн эзэмшлийн талбай давхцалтай 0,54 га талбайг хасаж, үлдсэн 0,46 га газрын ашиглах эрхийг сэргээж, газар ашиглах эрхийн хугацааг 5 жилээр буюу 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл сунгасан байна.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч уг тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...тус компанид олгосон газар ашиглах эрхэд хамаарах 0,46 га газрын солбицол нь нэхэмжлэгчдийн ашиглаж буй газартай давхацсанаараа тэдний хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн...” гэж тодорхойлон маргасан.
Хэрэгт цугларсан нотлох баримт болох Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 535 тоот албан бичгээс үзвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны А/355 дугаар тушаалаар “Т” ХХК-ын газар ашиглах эрхийг хүчингүй болгосон, “Т” ХХК нь 3 шатны шүүхэд гуравдагч этгээдээр татагдан оролцсон, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн хуралдаанаар нэр бүхий 6 иргэнд газар ашиглах эрх олгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаснаар тус компани нь нэхэмжлэгч иргэдтэй үл маргалдах журмаар ашиглалтын талбайнаас хасуулж, 0.46 га газар ашиглах хүсэлтийг хамгаалалтын захиргаанд ирүүлсэн, Хамгаалалтын захиргаа тус газар нь бусдын зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй тул 0.46 га газар ашиглуулах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлсэн, уг саналыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/386 дугаар тушаалаар “Т” ХХК-ын ашиглах эрх бүхий газраас 0,54 га газрыг хасч, 0.46 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч нарын хүчингүй болгуулахаар маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/386 дугаар тушаал нь “Т” ХХК-ийн өөрийнх гаргасан хүсэлт болон эрх бүхий байгууллага болох Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 535 дугаар саналыг үндэслэн хариуцагч захиргааны байгууллагаас өөрт хуулиар олгосон эрх хэмжээний дотор гаргасан хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт гэж шүүх дүгнэв.
Тодруулбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт зааснаар газар ашиглагч “Т” ХХК нь Хамгаалалтын захиргаанд хүсэлтээ гаргаснаар тус Хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн хариуцагч захиргааны байгууллагаас “Т” ХХК-ийн 0,46 га газар ашиглах эрхийг сэргээсэн, нөгөө талаар энэхүү 0.46 га газартай нэхэмжлэгч нарын хашаа татан амьдарч буй гэх, бүртгэлтэй хаяг бүхий газар тодорхой хэмжээгээр давхцаж байгаа хэдий ч энэ нь нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй, тухайн тохиолдолд нэхэмжлэгч нарын үндэслэж буй эрх, ашиг сонирхлыг хууль ёсны гэж үзэхгүй.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”-оор тус тус заасан.
Хуулийн дээрх заалтуудаас үзвэл хариуцагчийн гаргасан захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд шүүх уг актыг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох ба нэгэнт нэхэмжлэгч нар нь газар ашиглах эрхгүй этгээдүүд болох нь тогтоогдож байх тул шүүх маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох боломжгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Гурав. “Иргэн Г.Б, Д.Т нарт газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах зөвшөөрөл олгохыг Байгаль орчин аялал жуулчлалын сайдад даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хэрэгт цугларсан нотлох баримтууд тухайлбал Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын Иргэний бүртгэлийн лавлагаанаас үзвэл нэхэмжлэгч Г.Б нь 2008 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 8 тоот хаягт, нэхэмжлэгч Д.Т нь 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 8б тоот хаягт бүртгэгдсэн ба түүнчлэн нэхэмжлэгч нар 2012 оны Хүн амын бүртгэлийн шинэчилсэн бүртгэлд дээрх хаягаар бүртгэгдэж улмаар өнөөдрийг хүртэл бүртгэлтэй байгаа нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 13 тоот тодорхойлолт болон Хүн ам өрхийн бүртгэлийн дэвтэр, нэхэмжлэгч иргэдийн тус тусын иргэний үнэмлэх зэргээр тогтоогдсон, эдгээр үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй.
Нэхэмжлэгч Г.Б нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр газар ашиглах гэрчилгээ авах хүсэлт гаргахдаа 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн өргөдлийг кадастрын зургийн хамт хавсаргаж өгсөн, үүний дараа мөн оны 02 дугаар сарын 27-ны өдөр дахин өргөдөл гаргасан, үүний хариуд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 146 тоот албан бичгээр “...өргөдлийн хавсралтад байгаа кадастрын зургийн солбицлын цэг нь дархан цаазат газарт газар ашигладаг “Т” ХХК-ийн ашиглалтын талбайтай давхцалтай байна” гэсэн хариуг,
Нэхэмжлэгч Д.Т нь тус байгууллагад хандаж 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр газар ашиглах гэрчилгээ хүсэж өргөдөл гаргасан, уг өргөдөлдөө 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн болон огноо бичээгүй 2 өргөдлийг кадастрын зураг, эдлэн газрын тоо бүртгэлийн хуудсын хамт хавсаргаж хүргүүлсэн, уг өргөдлийн хариуд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 145 тоот албан бичгээр мөн дээрхтэй ижил хариуг тус тус өгсөн байна.
Үүнээс үзвэл Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан шаардлага хангахгүй буюу “Т” ХХК-ийн ашиглаж буй газартай давхцалтай гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нарын газар ашиглах хүсэлтэд хариу өгсөн хариуцагчийн үйлдэл хууль зүйн үндэслэлтэй байх тул түүнийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Учир нь нэхэмжлэгч нар хамгийн анх газар ашиглах тухай хүсэлтээ 2015 онд гаргасан гэж үзэхэд уг газрыг 2007 оноос эхлэн “Т” ХХК-д ашиглах эрх хууль ёсоор үүссэн байсан нь тогтоогдож байгаа нөхцөлд бусдын газар ашиглах эрхийг зөрчихгүй байх шаардлагын үүднээс нэхэмжлэгч нарт уг газрыг ашиглах эрхийг давхцуулан олгох хууль зүйн боломжгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан газар нь “Т” ХХК-ийн газартай давхцалтай болох нь тогтоогдсон хэдий ч нэхэмжлэгч нарыг хүсэлт гаргахаас өмнө “Т” ХХК нь газар ашиглах хууль ёсны эрхтэй байсан үндэслэлээр нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгоогүй хариуцагчийн үйлдэл үндэслэлтэй тул нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгохыг хариуцагч захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Иймд эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэн Г.Б, Д.Т нараас гаргасан “Байгаль орчны сайдын 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 306 дугаар тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг Г.Б, Д.Т нарын оршин суудаг газартай давхацсан хэсгээр болон мөн Сайдын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/386 дугаар тушаалын иргэн Г.Б, Д.Т нарын оршин суудаг газартай давхацсан хэсгээр тус тус хүчингүй болгуулах, газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах зөвшөөрөл олгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН