Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 61

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэйгээр

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх,

Улсын яллагч Э.Болор,

Иргэдийн төлөөлөгч Ч.Хишигжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг,

Шүүгдэгч М.Алтансүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ома овогт Мөнхнямын Алтансүхэд холбогдох эрүүгийн 201701000002 тоот хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, компьютер хангамжийн инженер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо Зээлийн 17-52 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Ома овогт Мөнхнямын Алтансүх /РД:ХЕ85081219/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Алтансүх нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотод НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 30,135 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр  хууль бусаар олж авч, хадгалсан. Улмаар уг бодисоо 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын шалган нэвтрүүлэх боомтоор биедээ нууж хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч М.Алтансүх мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “…2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 15 цагт гэрээс гараад ээжийнхээ гэрт очиж усанд ороод оройхон гэрээс нь гарсан. Би ээждээ болон эхнэртээ хэлэхдээ Тэрэлж рүү зураг авалтанд явлаа гэж хэлсэн. … 2016 оны 12 дугаар сарын 24-ний өглөө Замын-Үүдэд очоод бүх Монгол мөнгөө БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт юань болгосон. 8500 орчим юань болсон … Надад 2 сая гаран төгрөг байсан шинэ жил болох гэж байсан учраас шинэ жилийн хүүхдийн хувцаснууд авахаар Бээжин явсан. 12 дугаар сарын 26-ны өдрийн шөнийн 01 цагийн үед Бээжин хотод очоод кофе шоп, интернетээр явсан. Тэгээд би утсан дээрээ хип хоп дуу сонсоод дэлгүүрийн үүдэнд тамхи татаад зогсож байтал нэг хар арьстай залуу ирээд миний сонсож байгаа дууг сонсоё гээд англи хэлээр юм яриад байсан. Би англи хэлэндээ муу учир уг залууг хулгайн эд зүйлээ хямдхан зарах гэж байгаа юм байна гэж бодоод танилцаад юм яриад зогсож байтал хоёулаа жоохон холдоё чамд юм үзүүлье гэхээр нь би хулгайн эд зүйлээ зарах гэж байна гэж бодсон. Тэгээд дагаад явтал нэг хүнгүй газар очоод өөрийгөө Марк гэж танилцуулаад ‘’мөс’’ гэх бодис гаргаж ирээд надад хэлэхдээ нэг хүний 6 сарын хэрэглээ байгаа юм. Чи аваад хэрэглэлдээ гэсэн. Би ярьсаар байгаад 9000 юаньд авах мөс гэх зүйлийг 7000 юаньд авсан. Өөрөө гар жин гаргаж ирээд надад жинлэж өгөхөд 30 грамм жоохон илүү гарч байсан. Тэр хар залуу надад бас жоохон шавар гэх зүйлийг үнэгүй өгсөн. Тэгээд би мөс авчихсан болохоор айгаад гялс хил гарахаа бодсон. Эрээний хил зүгээр өнгөрөөд Замын-Үүдийн хил дээр ирээд штамп дарж өгөөд оруултал бас нэг гаалийн ажилтан билүү хаанахын ажилтан юм над руу дөхөж ирээд чи штамп даруулсан уу? Бичиг баримтаа шалгуул гэхээр нь би өгсөн. Монголын хил нэвтрэх хил хооронд зөөдөг машин руугаа явж байтал араас хилийн шалганы нэг залуу гүйж ирээд Алтансүх мөн үү? Гэсэн. Тэгэхээр нь тийм байна гэтэл дагаад яваарай гээд Замын-Үүдийн цагдаа дээр ирсэн.Тэгээд надад үзлэг хийгээд миний халаасанд байсан мөсийг хурааж авсан. Би мөсөө гялгар уутанд хийгээд өмсөж явсан куртикнийхээ зүүн халаасанд хийсэн байсан. Би мөсөө авсны дараа архи, тамхи зардаг дэлгүүрээс шилэн гаанс худалдаж авсан. Би уг мөс гэх бодисыг хэрэглэх зорилгоор авсан. 2013  онд би Бээжинд явж байгаад нэг удаа хэрэглэж үзэж байсан. Эхнэр өвчтэй миний хувьд жаахан сэтгэл зүйн дарамттай байсан тухайн үед тэгээд ар гэртээ санаа зовохгүй ажил төрөл хийе гэж бодоод авсан. Татчихаар ухаантай болчихдог юм шиг санагддаг, ядардаггүй, нойр хүрэхгүй, хоол унд идэхгүй, ажил хийх эрч хүчтэй болдог юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 90-95/,

- Гэрч Д.Анхбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд М.Алтансүх гэдэг хүн БНХАУ-ын Эрээн хотоос Замын-Үүдийн хилийн боомтоор хар тамхи мансууруулах бодис нэвтрүүлэх гэж байна гэсэн мэдээлэл ирүүлсний дагуу Замын-Үүдийн ирэх чиглэлийн шалган нэвтрүүлэх байранд очсон. Орой 18 цагийн орчимд М.Алтансүх ганцаараа Эрээнээс Замын-Үүдийн шалган руу штамп даруулж нэвтэрч орж ирэх үед хилийн бүс дээр саатуулан шалгасан. Хэлтэст авчиран биед нь мөрдөн байцаагчаар биед нь үзлэг хийлгэхэд 3 хэсэг жижиг гялгар ууттай мансууруулах төрлийн зүйл гарч ирсэн. Жигнэж үзэхэд 31 грамм болж байсан. …Биед нь үзлэг хийхэд тугалган цаас, шилэн гаанс гэх мэт зүйл гарч ирсэн. Өөрийнх нь биеэс буюу халааснаас нь мансууруулах бодис түүнийг хэрэглэх хэрэглүүрүүд гарч ирсэн. …М.Алтансүхийг мэдээллийн дагуу шалгасан учир ямар нэг хүнээс хүлээн аваагүй. Тухайн үед Алтансүх мансууруулах бодис хэрэглэсэн байдалтай, хэл яриа нь ойлгомжгүй, хүүхэн хараа нь өргөссөн, хамрын үзүүр нь шархалсан, хэт их ядарсан байдалтай харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65/,

- Шүүхийн шинжэлгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Цогбаярын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 680 дугаартай “...М.Алтансүх 2016.12.27 гэж хаягласан шээсэнд метамофетамин илэрч байна. Метамофетамин нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцэд багтдаг болно...“ гэсэн дүгнэлт /хх-ийн 69/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн лабораторын эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Ламчингийн 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 686 дугаартай дүгнэлт “...шинжилгээнд ирүүлсэн 1-1, 2-1, 3-1 гэж дугаарласан цагаан талстлаг мөс мэт зүйл болон цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон 6 гэж дугаарласан шилэн гаансанд метамфетамин илэрсэн. Метамфетамин нь 1971 оны НҮБ-ын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 71-74/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 138 дугаартай дүгнэлтэнд:

1. М.Алтансүх нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. М.Алтансүх нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

3. М.Алтансүх нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. М.Алтансүх нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. М.Алтансүх нь  сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. Асуултанд хариулт өгөх боломжгүй.

7. М.Алтансүхэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

8. Мансууруулах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх нэршлүүд нь утга нэгтэй ойлголтууд болно. М.алтансүхэд мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна гэсэн дүгнэлт /хх-ийн 79/

- Хүний биед үзлэг хийж мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгасан тэмдэглэл /хх-ийн 5-10/,

- Эд мөрийн баримт, эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлсэд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эсэхийг багаж ашиглан шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 15/,

- Гаалийн хяналтын хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17/

- М.Алтансүхийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98/, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд М.Алтансүх нь шинэ жилийн хүүхдийн хувцас авахаар 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод очоод Марк гэх хар арьстай залуутай таарч 7000 юаниар НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай “ конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 30,135 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг өөртөө хэрэглэхээр авч, уг бодисоо куртикнийхээ халаасанд хийж 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн үйл баримт болсон байна.

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч М.Алтансүхийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 188 дугаар зүйлийн 188.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч М.Алтансүх нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотоос НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 30,135 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр  хууль бусаар олж авч, хадгалсан, мөн уг бодисоо Дорноговь аймгийн Замын-Үүд сумын шалган нэвтрүүлэх боомтоор биедээ нууж хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн болох нь: шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Д.Анхбаярын “…М.Алтансүх ганцаараа Эрээнээс Замын-Үүдийн шалган руу штамп даруулж нэвтэрч орж ирэх үед хилийн бүс дээр саатуулан шалгасан. Хэлтэст авчран биед нь мөрдөн байцаагчаар үзлэг хийлгэхэд 3 хэсэг жижиг гялгар ууттай, мансууруулах төрлийн зүйл гарч ирсэн. Жигнэж үзэхэд 31 грамм болж байсан. …Биед нь үзлэг хийхэд тугалган цаас, шилэн гаанс мэт зүйл гарч ирсэн. …Өөрийнх нь биеэс буюу халааснаас нь мансууруулах бодис түүнийг хэрэглэх хэрэглүүрүүд гарч  ирсэн. М.Алтансүхийг мэдээллийн дагуу шалгасан учир ямар нэг хүнээс хүлээн аваагүй. Тухайн үед Алтансүх мансууруулах бодис хэрэглэсэн байдалтай, хэл яриа нь ойлгомжгүй, хүүхэн хараа нь өргөссөн, хамрын үзүүр нь шархалсан, хэт их ядарсан байдалтай харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 680 дугаар, 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 686 дугаар дүгнэлтүүд, биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүхээс М.Алтансүхэд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт тогтоогдсон байх ба энэ нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл болно.

Түүнчлэн М.Алтансүхийн эхнэрийн биеийн эрүүл мэндийн хувьд элэгний В вирустай, бамбайн хавдарын улмаас эмнэлгийн хяналтанд байдаг талаар  эмнэлгийн бичиг баримт болон бага насны гурван хүүхэдтэй болох талаараа нотлох баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

Иймд шүүгдэгчид ял оногдуулахдаа дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдал зэрэгт тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч М.Алтансүхэд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.6-д зааснаар чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтов.

Шүүгдэгч М.Алтансүхийн цагдан хоригдсон 3 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, гадаад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №6 гэж дугаарласан шилэн гаанс 1 ширхэг, №7 гэж дугаарласан дотор хэсэг нь хар бор өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, №1 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уутны хамт 10,3 грамм талстлаг бүхий бодис, №2 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уутны хамт 10,3 грамм талстлаг бүхий бодис, №3 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уутны хамт 10,1 грамм талстлаг бүхий бодис зэргийг устгаж, М.Алтансүхийн Е1377673 дугаартай гадаад паспортыг шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ома овогт Мөнхнямын Алтансүхийг мансууруулах  бодисыг  хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх, мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авзсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Мөнхнямын Алтансүхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2-т зааснаар 5 /таван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар  хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар  шүүгдэгч М.Алтансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар 188.2-т зааснаар оногдуулсан 5 /таван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч М.Алтансүхэд биечлэн эдлэх ялыг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч М.Алтансүхэд оногдуулсан 6 /зургаан/ жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эргтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч М.Алтансүхийн цагдан хоригдсон 3 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Алтансүх нь бусдад төлөх төлбөргүй, гадаад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №6 гэж дугаарласан шилэн гаанс 1 ширхэг, №7 гэж дугаарласан дотор хэсэг нь хар бор өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, №1 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уутны хамт 10,3 грамм талстлаг бүхий бодис, №2 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уутны хамт 10,3 грамм бүхий талстлаг бүхий бодис, №3 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уутны хамт 10,1 грамм талстлаг бүхий бодис зэргийг устгаж, М.Алтансүхийн Е1377673 дугаартай гадаад паспортийг шүүгдэгч М.Алтансүхэд буцаан олгосугай.

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Алтансүхэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьсугай.

9. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Э.БОЛОРМАА

ШҮҮГЧИД                       А.ЦЭРЭНХАНД

                                       Б.НАРМАНДАХ