Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2017/0008

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Баатархүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баярмаа, Ц.Цэцэнхүү, хариуцагч татварын улсын байцаагч П.Долгормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тогосмаа нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 699 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баярмаа, хариуцагч татварын улсын байцаагч П.Долгормаа нарын гаргасан давж заалдах гомдлоор “Таван богд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн улсын ахлах байцаагч Р.Даваа, улсын байцаагч П.Долгормаа нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Таван богд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Манлайбаяр 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:

“...Татварын улсын байцаагчийн 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Татварын ногдуулалт, төлөлтийг шалгах тухай 210131 дүгээр актаар ногдуулсан 645.124.301 төгрөгийн зөрчилд холбогдох 94.869.401 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгох”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 699 дүгээр шийдвэрээр:

“Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.7, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 210131 тоот актаар ногдуулсан нийт 645.124,3 мянган төгрөгийн зөрчилд ногдох 94.869.401 төгрөгийн төлбөрийг 59.569.821 төгрөгөөр багасгаж, 35.299.580 мянган төгрөгөөр тогтоож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баярмаа дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн ахлах байцаагч Р.Даваа, татварын улсын байцаагч П.Долгормаа нар “Улаанбаатар принт” ХХК-ийн 2007-2011 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийгээд 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 210131 дүгээр актаар 1416050,8 мянган төгрөгийн зөрчилд 96100,2 мянган төгрөгийн нөхөн татвар, 2174,0 мянган төгрөгийн хүү, 40321,9 мянган төгрөгийн торгууль, 12641,9 мянган төгрөгийн алданги нийт 151238,0 мянган төгрөгийн зөрчил тогтоосон.

Татварын улсын байцаагчийн 210131 дүгээр акт, Маргаан таслах зөвлөлийн тогтоолын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй 645.124.300 төгрөгийн зөрчилд тавигдсан 94.869.300 төгрөгийн нөхөн татвар, хүү торгууль, алдангийн төлбөр тогтоосныг үндэслэлгүй гэж “Таван богд” ХХК шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.

Энэхүү нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 699 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас “Жаргал констракшн” ХХК, “Мот Метал” ХХК, “Элим техно март” ХХК, “Жиди Тотал” ХХК-иудын ашигласан нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай холбоотойгоор борлуулалтын орлогыг дутуу тооцсон, борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчилд ногдох болон бусдын өмнөөс төлсөн зээлийн хүүгийн зардлыг татвар ногдох орлогоос хасаж тооцсон гэх 395.304.200 төгрөгийн зөрчилд ногдох 56.569.800 төгрөгийн актыг хасаж, “Өнгөт хэвлэл” ХХК-д холбогдох нийт 249.820.100 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 35.299.580 төгрөгийн актыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

Нэг. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй “Өнгөт хэвлэл” ХХК нь “Улаанбаатар принт” ХХК-ийн бүртгэлтэй 08230340, 08230050 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг ашиглан нийт 124.910.050 төгрөгийн борлуулалтыг хийсэн гэж тайлагнасан бөгөөд татварын улсын байцаагч нараас тус компанид дараах хоёр зөрчлийг 249.810.050 төгрөгийн зөрчилд 35.299.580 төгрөгийн нөхөн татвар, хүү, торгууль, алдангийг төлүүлэхээр тогтоосон актыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн билээ.

“Өнгөт хэвлэл” ХХК нь “Улаанбаатар принт” ХХК-ийн нэр дээрх 08230340, 08230050 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамчаар ашиглан “Улаанбаатар принт” ХХК-иас худалдан авалт хийсэн гэж татварт тайлагнасан борлуулалтын зөрчлийг “Улаанбаатар принт” ХХК нь борлуулалтын орлогоо нуун дарагдуулсан гэж үзэж байгаа нь учир дутагдалтай байна.

“Улаанбаатар принт” ХХК нь татварын хяналт шалгалтын 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 210131 дүгээр акт гарсны дараа актыг үл хүлээн зөвшөөрч шат шатанд гомдол гаргаж эхэлсэн.

Эхлээд Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст хандаж 2012 оны 8 дугаар сард гомдол гаргаж шалгуулсан. Гэтэл бидний гаргасан гомдлын дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс тус хэргийг шалгахдаа маргаан бүхий асуудалд холбоотой нэмэгдсэн өртгийн албан татварын падааны өнгөн хувь нь байхгүй гэж мэдүүлсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 03/3163 дугаар албан бичгээр криминалистикийн шинжилгээний объект эх хэв байх ёстой тул шинжилгээ хийх боломжгүй гэсэн хариу өгсөнд үндэслэн.

Иймд нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамчаар үйлдэж татвараас зайлсхийсэн этгээд хэн болохыг тогтоох боломжгүй гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож прокурорын 2013 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 13 дугаар тогтоол гарсан юм. Энэ үед энэхүү маргаантай холбоотой компанид холбогдох асуудлыг 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан тул шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр дээрх тогтоолд гомдол гаргаагүй билээ.  

Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс 201201060699 дугаартай хэргийг шалгахдаа манай компанийн алдагдсан падаануудыг нэр бүхий компаниуд ашиглан татвар ногдох орлогоо бууруулсан, төсөвт төлөх татвараас хассан талаас нь шалгахгүй тухайн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамчаар үйлдсэн этгээдийг тогтоох гэсэн ойлголтоор шалгаж хэрэгсэхгүй болгосон байдаг.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Таван богд” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд шүүхийн шатанд маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий “Улаанбаатар принт” ХХК-иас худалдан авалт хийсэн гэх анхан шатны баримтуудыг нэр бүхий компаниудаас гаргуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж хүсэлт гаргаж байсан. Тухайлбал 2013 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 05/271 дүгээр хүсэлт.

Гэвч “Өнгөт хэвлэл” ХХК-иас 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд ирүүлсэн 30/13 дугаар албан бичгээр “...2011 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн /22.560.000төгрөг/ болон 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн /102.374.050 төгрөг/ тус тус “Улаанбаатар принт” ХХК-иас худалдан авсныг гэрчлэх нэмэгдсэн өртгийн албан татварын падаан мөн анхан шатны санхүүгийн баримтын хуулбарыг нотариатаар батлуулан энэхүү албан бичигт хавсарган хүргүүлж байна” гэсэн боловч тухайн борлуулалттай холбоотойгоор анхан шатны баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байдаг.

Мөн 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2/3508 дугаар албан бичгээр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс “Өнгөт хэвлэл” ХХК-д хүргүүлсэн үзлэг хийж, нотлох баримт гаргуулах тухай албан бичгээр “Өнгөт хэвлэл” ХХК нь “Улаанбаатар принт” ХХК-иас худалдан авсан гэх 102.274.050 төгрөгийн, 22.560.000 төгрөгийн үнэ бүхий худалдан авалт хийсэн бараа материалын анхан шатны баримт, төлбөр төлсөн баримт, харилцах дансны гүйлгээ хийсэн баримт зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт гэж үзэж удаа дараа албан бичгээр хандсан боловч дээрх баримтыг гаргаж ирүүлээгүй байна.

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс томилогдсон шинжээч дүгнэлт гаргахад тус компаниас дээрх баримтуудыг зайлшгүй гаргуулах шаардлагатай байна гэж үзсэн тул тус компанийн 2010-2011 оны санхүүгийн баримтад үзлэг хийж, нотлох баримтыг гаргуулан авах шаардлагатай байна гэжээ.

Энэ дагуу шүүгч Д.Зоригтбаатараас 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “Өнгөт хэвлэл” ХХК-ийн байранд гүйцэтгэх захирал С.Бямбадоржийг байлцуулан үзлэг хийхэд “...“Улаанбаатар принт” ХХК нь нэг ч удаа нэмэгдсэн өртгийн албан татварын падаан өгдөггүй гэсэн байтлаа “Улаанбаатар принт” ХХК-аар “Өнгөт хэвлэл” ХХК нь 10.000.000 төгрөгийн үнэ бүхий даралтын үйлчилгээ үзүүлсэн 2010 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 006782703 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, мөн “Улаанбаатар принт” ХХК-ийн санхүүгийн тамга бүхий бараа ажил үйлчилгээний үнийн дүн бичээгүй 008230342 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг гаргуулан авч 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр компанийн гүйцэтгэх захирал нь холбогдох анхан шатны баримтуудыг гаргаж хүргүүлэхээр тохиролцов” гэсэн тэмдэглэл хавтаст хэрэгт бий.

Гэтэл “Өнгөт хэвлэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбадорж “Улаанбаатар принт” ХХК-иас бараа худалдан авсан санхүүгийн анхан шатны нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээ, ирүүлэхээс зайлсхийсээр байсан. Ийнхүү энэхүү маргааныг шийдвэрлэхэд шаардлагатай санхүүгийн анхан шатны баримтыг “Өнгөт хэвлэл” ХХК-ийн зүгээс гаргаж ирүүлэхгүй байсаар байсан тул 2013 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 05/782 дугаар албан бичигт “Таван богд” ХХК-иас “Өнгөт хэвлэл” ХХК нь “Улаанбаатар принт” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хууль бусаар ашиглаж их хэмжээний борлуулалт тайлагнан нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийлгэсэн зөрчилтэй холбогдуулан тус компанийн 2011 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт оруулан шалгуулах тухай хүсэлтийг Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтэст нэхэмжлэгчийн зүгээс болон шүүхийн зүгээс ч удаа дараа гаргаж байсан.

Шүүгчийн 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 973 дугаар захирамжаар маргаанд холбогдох нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хууль бусаар ашигласан компаниудад татварын шалгалт хийлгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэн хяналт шалгалт хийлгэх тухай хүсэлтийг Татварын ерөнхий газарт хүргүүлсэн.

Гэвч ийнхүү хэргийг түдгэлзүүлснээс хойш нэр бүхий компаниуд болон “Өнгөт хэвлэл” ХХК-д маргаан бүхий падаануудтай холбоотойгоор Татварын ерөнхий газраас 2014 оны 2 дугаар сараас хойш хяналт шалгалт хийгдээгүй явсаар 2015 оны 8 дугаар сард Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсантай холбоотойгоор Сангийн яамны h-2/501 дүгээр албан бичгийг үндэслэн хяналт шалгалтыг зогсоосон.

2013 оны 12 дугаар сараас хойш “Өнгөт хэвлэл” ХХК-ийн санхүүгийн тайланд хяналт шалгалтыг хийлгэх тухай удаа дараагийн хүсэлтүүдэд үндэслэн албан татварын хөөн хэлэлцэх хугацаанд татварын хяналтыг хийх бүрэн боломжтой байсан боловч үндэслэлгүйгээр хяналт шалгалтыг хийхгүй байсан.

Гэтэл Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/1251 дүгээр бичигт “...“Өнгөт хэвлэл” ХХК-ийн татварын хяналт шалгалтыг хийж байна” гэсэн боловч ийнхүү хяналт шалгалтын хариуг гаргаж шүүхэд ирүүлэхгүй цаг хугацааг өнгөрөөсөөр байсан зэрэг нь Татварын ерөнхий газар хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нөхцөл байдлыг тодруулахгүй байх ашиг сонирхолтой байдал харагдаж байна.

Ийнхүү Татварын ерөнхий газраас маргаан бүхий падаануудтай холбоотойгоор татварын хяналт шалгалт хийлгэх тухай хүсэлтийн дагуу хяналт шалгалт хийгээгүй хирнээ “Өнгөт хэвлэл” ХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн татварын байцаагчийн 252559 дүгээр актыг Татварын ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн. Гэтэл энэхүү актыг үндэслэн хэргийг шийдвэрлэснээр “шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаж чадаагүй, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тооцогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн зарчимд харшилсан.

Энэхүү актаар “Өнгөт хэвлэл” ХХК нь баримтаар нотлогдоогүй зардлыг ААНОАТ-ын тайланд тусгаж татвар ногдох орлогоо бууруулсан, хуурамчаар баримт бүрдүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалтын хэсэгт хасалт хийсэн зөрчлүүд тогтоогдсон байгааг анхаарч үзээгүй.

Хоёр. Дээрх нөхцөл байдлаас харахад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж шүүхийн нотлох зарчмыг, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан нөхцөлүүдийг шүүх бүрэн хангаагүй байна.

Шүүхээс тус маргаантай холбоотой анхан шатны баримтуудыг бүрэн цуглуулалгүйгээр тодруулбал “Өнгөт хэвлэл” ХХК-ийн худалдан авалт хийснийг нотлох санхүүгийн анхан шатны баримтуудыг нэхэмжлэгчийн зүгээс гаргуулж хэрэгт авахуулах тухай хүсэлтүүдийг гаргасаар байтал эдгээр ач холбогдол бүхий баримт нотолгоонуудыг хэрэгт аваагүй. Хөндлөнгийн байгууллагаас гаргуулах боломжтой байтал үүнийг гаргуулаагүйгээр “Улаанбаатар принт” ХХК-д тогтоосон зөрчлийг зөвхөн маргаанд эрх ашиг нь хөндөгдөж байгаа нэг талын гэрчийн мэдүүлэгт үндэслэн шийдвэрлэж татварын улсын байцаагчийн актын холбогдох хэсгийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн нь шүүх хуралдаан даргалагч хэргийг тал бүрээс нь бүрэн тогтоох үүргээ хангалттай биелүүлээгүй, нэг талыг баримтлан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймээс 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 399 дүгээр шийдвэрийн “Өнгөт хэвлэл” ХХК-д холбогдох хэсгийг “Улаанбаатар принт” ХХК нь татвар ногдох орлогоо бууруулсан гэдэг байдал тогтоогдохгүй байгаа тул “Таван богд” ХХК-ийн нэхэмжлэлийн “Өнгөт хэвлэл” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох, эсвэл шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг тал бүрээс нь бүрэн тогтоохын тулд “Өнгөт хэвлэл” ХХК-ийн тус компаниас худалдан авсан гэх бараа, ажил үйлчилгээний үнийг төлсөн тухай санхүүгийн анхан шатны баримтуудыг хөндлөнгийн байгууллагаас /харилцагч банкны дансны хуулга/ зэргийг гаргуулах байдлаар хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах ажиллагааг хийлгүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Дөрөв. Хариуцагч Татварын улсын байцаагч П.Долгормаа мөн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...“Улаанбаатар принт” ХХК-ийн “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай байгуулсан 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №ЗГ/217 дугаар зээлийн гэрээний дагуу 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2.0 сая ам.долларыг сарын 1.05 хувийн хүүтэйгээр хүлээн авч 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 1.995.900 ам.долларыг “Таван богд трейд” ХХК-д шилжүүлсэн.

Уг зээлийг “Улаанбаатар принт” ХХК 2011 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Худалдаа хөгжлийн банканд төлөх үед 15.720,0 мянган төгрөгийн валютын ханшийн зөрүүний бодит орлого олсон мөн, зээлийн хүүд 19.137,7 мянган төгрөгийн төлбөр төлсөн. Зээлийг бүхэлд нь “Таван богд трейд” ХХК ашигласан бөгөөд “Улаанбаатар принт” ХХК нь зээлийн хүү, зээл авахтай холбоотой бичиг хэргийн зардлын нийлбэрийг валютын ханшийн зөрүүгийн бодит ашгаас давсан дүнгээр “Таван богд трейд” ХХК-иас нэхэмжлэн авсан байна.

Энэ зээлтэй холбоотой ашиг алдагдлын нөлөөлөл “Улаанбаатар принт” ХХК-д үүсээгүй мөн өөрийн ашиглаагүй зээлийн хүүгийн зардлыг татвар ногдох орлогоос хасч татвар ногдуулах орлогоо бууруулсан. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 699 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэгч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын тухайд:

2011 онд “Улаанбаатар принт” ХХК нь “Өнгөт хэвлэл” ХХК-иас 124.910.050 төгрөгийн борлуулалтын орлого олсон болох нь хангалттай нотлогдоогүй байхад актаар 249.820.100 төгрөгийн зөрчилд 24.982.010 төгрөгийн нөхөн татвар, 9.992.804 төгрөгийн торгууль, 287.293 төгрөгийн алданги, 37.473 төгрөгийн хүү, нийт 35.299.580 төгрөгийн төлбөрийг зөвхөн нэхэмжлэгчийн бүртгэлийн дугаар бүхий 08230340, 08230050 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд үндэслэж ногдуулсан нь хангалтгүй болжээ.

Дээрх төлбөрийг “Өнгөт хэвлэл” ХХК-иас нэхэмжлэгчид хэрхэн төлсөн болох, ямар гэрээ, хэлцэл байгуулж, ямар бараа материал худалдсан авсан болох зэрэг худалдан борлуулалттай холбогдох санхүүгийн анхан шатны ямар ч баримт байхгүй байхад нэхэмжлэгчийг 124.910.050 төгрөгийн борлуулалт хийсэн гэж үзэн уг борлуулалтад ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг тайлагнаж төлөөгүй, мөн энэ хэмжээгээр татвар ногдох орлогоо бууруулсан гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчийн бүртгэлийн дугаар бүхий 08230340, 08230050 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падааны хувиуд “Өнгөт хэвлэл” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтад авагдаж, тус компанийн татварын тайланд тусгагдсан төдийгүй нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийлгэсэн ч нэхэмжлэгчийн тухайд уг борлуулалтыг үгүйсгэж Татварын ерөнхий газарт хүсэлт, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж байсан, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн зүгээс энэ талаар холбогдох татварын байгууллагад удаа дараа хандсан боловч Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсантай холбогдуулан 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх хугацаанд хамаарах зөрчлийн хүрээнд татварын улсын байцаагчийн зүгээс захиргааны акт үйлдээгүй бөгөөд одоо шалгагдаж байгаа хяналт шалгалтыг зогсоох чиглэлийг Сангийн яамнаас Татварын ерөнхий газарт өгсөнтэй холбогдуулан “Өнгөт хэвлэл” ХХК-д хийгдэх хяналт шалгалтын ажиллагааг зогсоосон;

-мөн “Жаргал констракшн” ХХК, “Моть метал” ХХК, “Элимтехно март”, “Жиди тотал” ХХК-иудаас “Улаанбаатар принт” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ашиглан тус компаниас худалдан авалт хийсэн мэтээр хуурамч бичилт хийсэн нь тогтоогдож, эдгээр компаниудтай холбоотой актын холбогдох хэсгийг анхан шатны шүүхээс хүчингүй болгосныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг борлуулалт хийсэн гэж дүгнэхдээ мэдүүлгийг хэрхэн өгөхөөс хамаарч эрх ашиг нь шууд хөндөгдөх “Өнгөт хэвлэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбадоржийн болон гэрч Ч.Саранхүүгийн мэдүүлэгт тус тус үндэслэсэн нь хангалттай бус, өөрөөр хэлбэл нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаас өөрөөр тухайн худалдан авалт, борлуулалтыг нотлох санхүүгийн анхан шатны ямар ч баримт хэрэгт авагдаагүй байхад “…бичгийн нотлох баримтаар няцаагдаж байна” гэх байдлаар актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй.

Гэтэл С.Бямбадоржийн “…манай нягтлан бодогчоор ажиллаж байсан н.Зоригт нь 2013 оны 6 дугаар сарын эхээр тус компаниас 7 сая орчим төгрөг, мөн санхүүгийн шаардлагатай баримтуудын хамт авч яваад ажилдаа ирэлгүй зугтсан, одоо хүртэл сураггүй алга болсон…, манай компанид 2012 оны сүүлээр татварын хяналт шалгалт орох үед “Улаанбаатар принт” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татвартай холбогдох анхан шатны баримтууд байсныг би өөрөө харж байсан…” гэх мэдүүлэг, мөн С.Бямбадоржийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 253559 тоот Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай акт гарах үед буюу 12 дугаар сарын 21-ний өдрийн ярилцлагын тэмдэглэлд “…2011 онд “Улаанбаатар принт” ХХК-иас хэвлэлийн цаас авсан, захиалгаар юм хийлгэсэн, бас даралтын ажил хийлгэсэн, тус компанитай 2007 оноос хойш хамтран ажиллаж байгаа…” гэх тайлбар, “Өнгөт хэвлэл” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст гаргасан 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 416/1816 дугаар албан бичигт “…“Улаанбаатар принт” ХХК-иас 2011 оны 2 дугаар сард 22.560.000 төгрөгийн, 4 дүгээр сард 102.350.000 төгрөгийн худалдан авалт тус тус хийсэн болно” гэснээс үзэхэд эдгээр нь нэхэмжлэгчийг борлуулалт хийснийг нотлох хангалттай баримт болохгүй.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх актаар тус компанийг “Улаанбаатар принт” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ашигласан эсэхийг шалгаж тогтоох боломжгүй, өөрөөр хэлбэл нэмэгдсэн өртгийн албан татварын 2 ширхэг падаан хуурамч биш, гагцхүү уг падаан дээрх бичилт бодитой эсэхийг тухайн үед “Улаанбаатар принт” ХХК-иас тодруулахгүйгээр мэдэх боломжгүй тул тухайн татварын хяналт шалгалтаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай холбоотой зөрчил илрээгүй нь “Улаанбаатар принт” ХХК-ийг борлуулалт хийснийг нотлох нөхцөл байдал болохгүй.

Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “…“Өнгөт хэвлэл” ХХК-ийн худалдан авалттай холбоотой нотлох баримт бүрэн цуглуулаагүй…” гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахыг хүссэн боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүхээс энэ талаар хангалттай ажиллагаа явуулсан, мөн хариуцагчаас зөвхөн 2 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэж нэхэмжлэгчийг “Өнгөт хэвлэл” ХХК-д борлуулалт хийсэн гэж дүгнэсэн, цаашид энэ талаар ямар ч баримт гарч ирэхгүй болох нь тус компанийн гүйцэтгэх захирлын мэдүүлгээр нотлогдох тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй гэж үзлээ.

Иймд актаар тогтоосон “Өнгөт хэвлэл” ХХК-д холбогдох борлуулалтын орлогыг дутуу тооцож, албан татвар ногдох орлогыг бууруулсан, мөн уг борлуулалтын орлогод НӨАТ ногдуулаагүй гэсэн үндэслэлээр нийт 249.820.100 төгрөгийн зөрчилд ногдуулсан 35.299.580 төгрөгийн төлбөрийг дээрх үндэслэлээр хүчингүй болгов.  

2.Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын тухайд:

“Улаанбаатар принт” ХХК-иас 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу Худалдаа хөгжлийн банкнаас мөн сарын 28-ны өдөр 2.0 сая ам.долларыг сарын 1.05 хувийн хүүтэй зээлж, 1 хоногийн дараа буюу 29-ний өдөр 1.995.900 ам.долларыг “Таван богд” ХХК-д шилжүүлж, улмаар 2011 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр буцаан төлөх үед 19.137.700 төгрөгийг зээлийн хүүнд төлжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тухайн үед уг зээлийг элсэн чихэр импортлохоор авсан боловч зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж гэрээ хийгдээгүй, иймд зээлийг толгой компаниас бусад үйл ажиллагаандаа ашигласан” гэх тайлбарыг гаргаснаас үзэхэд дээрх зээлийн хүү нь албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд хамаарахааргүй байна.

Учир нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д зааснаар зээлийн хүү нь татвар ногдох орлогоос хасагдах зардалд хамаарах боловч уг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “…үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхлэх, түүнчлэн эд хөрөнгө худалдан авах зорилгоор авсан зээлийн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно” гэж заасан, иймд уг зээлийг компанийн үндсэн болон туслах ажил, үйлчилгээ эрхлэх зорилгоор авсан гэж дүгнэх боломжгүй.

Түүнчлэн ханшны зөрүүгийн орлого болон зээл авахад гаргасан зардлын дундаас ашиг алдагдлын зөрүү гараагүй гэх нэхэмжлэгчийн тайлбарын тухайд энэ нь санхүүгийн тайлагнал талаасаа нөлөөлөлгүй болсон, өөрөөр хэлбэл зээлийн хүүнд төлсөн төлбөр нь валютын ханшны зөрүүний бодит орлого болох 15.720.000 төгрөг дээр зээл авахад гарсан зардлыг “Таван богд” ХХК-иас нэхэмжилж авснаар тэнцсэн байж болох ч татварын тайланд зээлийн хүүд төлсөн 19.137.700 төгрөгийг татвар ногдох орлогоос хасагдах зардалд тусгасныг зөрчилд тооцож, актаар 1913,8 мянган төгрөгийн нөхөн татвар, 574,1 мянган төгрөгийн торгууль, 365,5 мянган төгрөгийн алданги, нийт 2853,4 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байхад анхан шатны шүүхээс энэ талаарх маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийжээ.

Үндсэндээ “Улаанбаатар принт” ХХК-ийн хувьд анх дээрх зээлийн гэрээг байгуулж, зээл авсан талаар талууд маргаагүй, гагцхүү уг зээлийг ямар зорилгоор авснаас хамаарч зээлийн хүүд төлсөн төлбөр албан татвар ногдох орлогоос хасагдах эсэхийг анхааралгүйгээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг баримтлан энэхүү зөрчилд ногдуулсан нөхөн татвараас бусад торгууль, алдангийг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй.

Гэхдээ актаар тогтоогдсон төлбөрийн дүнд тооцооллын хувьд зөрүү гарсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагчид хамтран нягталж зөвшөөрсөн байх тул /2-р хавтаст хэргийн 67 дахь талд авагдсан/ уг дүнгээс тооцож, 574.131 төгрөгийн торгууль, 44.900 төгрөгийн хүү, нийт 619.031 төгрөгийн төлбөрийг өршөөлд хамруулж шийдвэрлэлээ.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болон тогтоох хэсэгт актад мянганы нарийвчлалаар тооцож гаргасан төлбөрийн дүнг “35.299.580 мянган төгрөг” гэх мэтээр буруу бичсэн, мөн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын аль хэсгийг хангасан, аль хэсгийг хэрэгсэхгүй болгосон талаар огт бичээгүй, хууль хэрэглээний хувьд Татварын ерөнхий хуулийн тухайн маргаанд хамааралгүй ерөнхий заалтыг баримталсан, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангахдаа ямар хуулийн зүйл, заалтыг баримталсан болох нь тодорхойгүй байгааг тус тус тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 699 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.7, 14 дүгээр зүйлийн 14.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан “Таванбогд” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 210131 дүгээр актаар ногдуулсан 625.986.602 төгрөгийн зөрчилд холбогдох 92.336.600 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 19.137.700 төгрөгийн зөрчилд холбогдох 1.913.770 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг тус тус баримтлан актаар ногдуулсан 19.137.700 төгрөгийн зөрчилд холбогдох 574.131 төгрөгийн торгууль, 44.900 төгрөгийн хүүг өршөөн хэлтрүүлж, актаар тогтоогдсон төлбөрийн хэмжээг 92.955.631 төгрөгөөр багасгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.                                                                                 

                                                               ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                           ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

                           ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

                           ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН